Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Жамъяндорж /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-т холбогдох эрүүгийн 2330000640057 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, 2 хүүхдийн хамт  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар баг Ч-ын ........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хүртэл хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан оногдуулсан 3 жилийн ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, Я овогт Г-ийн А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Д сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Б” зочид буудлын өрөөнөөс хохирогч П.Э-гийн “Samsung S20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийг хохирол, хохирогч П.Д “Samsung A20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 859,000 төгрөгийн хохирол, нийт 1,819,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах мэдүүлэг, нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ганцхан өрөөтэй буудал байсан. Түгжээтэй хаалга байгаагүй. Би хаалгаар чигээрээ ороход шууд өөдөөс харсан хаалгатай өрөө байсан.”  гэв.     

Эрүүгийн 2330000640057 дугаартай хэргээс:

  • Шүүгдэгч Г.А-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “Д сум руу мал мах авахаар явахдаа замдаа шуурганд саатаад нэлээн оройтож Д сумын төв рүү орсон. Тэгээд сумын төвд байдаг нэрийг нь мэдэхгүй буудал руу ороод сул өрөө байгаа эсэхийг үзэх гээд орсон. Тэгсэн нэг өрөөний хаалга нээлттэй, өрөөнд хэдэн хүмүүс унтаж байсан. Нэг хүнийх нь хажууд утас асаалттай, кино үзэж байгаа юм шиг дуугараад байхаар нь утсыг нь мэдэгдэлгүйгээр авсан. Мөн хажуу талын хүний утас нь  хажууд нь байхаар нь аваад буудлаас гарсан.” гэх / хх 76-77 дугаар хуудас /,

- Хохирогч П.Э-гийн “2023 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрөөд эхнээсээ босож эхэлсэн. Тэгээд би 08 цагийн үед сэрээд дэрнийхээ хажууд тавьж унтсан утсаа хайхад утас алга болсон байсан. Мөн цуг үүдэнд унтаж байсан манай найз Д-ы гар утас алга болсон байсан. Тэгэхээр нь буудлын ажилчид нь тооцооноос мурина гэж бодоод утас барьцаанд авсан юм болов уу гэж бодоод буудлын эзэн рүү утасдаж утас алга болсон талаар хэлэхэд манайх мэдэхгүй гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх / хх 7-8 дугаар хуудас /,

- Хохирогч П.Д “Тэгээд маргааш өглөө нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 13-ний өглөө 07 цаг өнгөрөөд эхнээсээ босож эхэлсэн. Тэгээд би 08 цагийн үед сэрээд хэвтэж байхад үүдэнд хажууд цуг унтсан найз Э-гийн “утас алга боллоо” гэхээр нь би бас босоод утсаа хайхад дэрнийхээ хажууд тавиад унтсан утас бас алга болсон байсан. Тэгээд залгаад үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх / хх 12-13 дугаар хуудас /,

- Гэрч А.С-ы “А-тай сүүлд уулзаад 2 ширхэг гар утсыг “Б” зочид буудлаас  хулгайлсан гэдгийг мэдсэн.” / хх 24-25 дугаар хуудас/, 

- Гэрч Ч.Б-ын “Бид хэд шөнө хоол захиалж идээд 01 цаг 30 минутын үед бөөндөө унтсан. “Шилийн богд” уулнаас буцах замд 7 цаг гаруй цасан шуурган дунд явсан болохоор их ядраад нам унтсан. Үүрээр хэдэн цагийн үед гэдгийг сайн мэдэхгүй байна нэг сэрэхэд Д-ы орны хажууд толгойн талд нь хар хувцастай хүн цаашаа хараад зогсож байсан. Тухайн үед манайхны нэг нь гарч бие засах гэж байгаа юм байлгүй гэж бодоод тоохгүй унтсан. Өглөө сэрээд утас алга болсон талаар бөөндөө ярилцахад өрөөнөөс шөнө хэн ч гараагүй байсан.” гэх / хх 27 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ц-ын “Тэгээд өглөө 07:01 цаг өнгөрч байх үед эхнэр залгаад эхнэртэйгээ яриад орондоо хэвтэж байсан. Тэгтэл манай хэд 08 цаг өнгөрөөд нэг нэгээрээ сэрж утсаа хайгаад бөөндөө боссон. Намайг сэрэхэд өрөөний доторх модон хаалга нь хаалттай, мөн гаднах хаалга бас хаалттай байсан. Манай хэдээс шөнө Б, Э хоёроос өөр хальт сэрсэн хүн байгаагүй. Өрөөнөөс гарсан хүн огт байгаагүй.” гэх / хх 29 дүгээр хуудас/,

- Гэрч Ч.Б-ын “Би 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Одкон” хотхоны хажууд орой 18 цагийн орчимд ганцаараа явж байхад таньдаг дүү болох А надтай таарсан. Тэгсэн А “ахаа дүүд нь мөнгөний хэрэг гараад байна, та нэг гар утас худалдаж авахгүй биз хямдхан өгнө” гэхээр нь би утсыг нь сонирхоод үзэхэд “А-23” маркийн цагаан өнгөтэй хар дэлгэцтэй гар утас байсан. Тэгсэн А “ахаа танд 150,000 төгрөгт өгнө” гэхээр нь би “150,000 төгрөг байхгүй байна, бэлэн 50,000 төгрөг байна, дараа үлдэгдэл мөнгийг нь өгье” гэж хэлээд тухайн гар утсыг худалдаж авсан юм.”

“Надад тухайн утсыг зарснаас хойш хэд хоногийн дараа төвд таараад А “үлдэгдэл мөнгөө авъя” гэхээр нь би “наад утас чинь гацаад байна” гэж хэлээд тухайн гар утсыг А-т буцаагаад өгсөн байгаа.” гэх / хх 40-41 дүгээр хуудас /,

- Шүүгдэгч Г.А-аас “Samsung А-23” загварын цагаан өнгөтэй, хар дэлгэцтэй гар утсыг эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл / хх 42 дугаар хуудас /,

- Хохирогч П.Д-д “Samsung А-23” загварын цагаан өнгөтэй, хар дэлгэцтэй гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 43 дугаар хуудас /,

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2301022 дугаартай “Samsung A23” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 859,000 төгрөг, “Samsung A20” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 960,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт / хх 49-58 дугаар хуудас/,

  • Шүүгдэгч Г.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эрүүгийн хариуцлага хүлээж байсан шийтгэх тогтоолын хуулбар / хх 79-86, 106-108 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.А-ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх 90-91, 101 дүгээр хуудас/,
  • Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ....... дугаар багийн Засаг даргын 2023 оны .... дугаар сарын ....-ний өдрийн 1/.... дугаартай “ам бүл, оршин суух хаяг”-ын тодорхойлолт / хх 99 дүгээр хуудас /,
  • Сүхбаатар аймгийн Прокурорын газрын  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай “Эд зүйл баримт бичгийг хэрэгт тусгай тухай” тогтоол, шатахуун худалдан баримт  / хх 103-104 дүгээр хуудас / зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2023 оны 01 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Д сумын .... дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Б” зочид буудлын өрөөнөөс хохирогч П.Э-гийн “Samsung S20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 960,000 төгрөгийг хохирол, хохирогч П.Д “Samsung A20” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 859,000 төгрөгийн хохирол, нийт 1,819,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч П.Э, П.Д, гэрч А.С, Ч.Б, Д.Ц, Ч.Б нарын мэдүүлэг, Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл, Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хүлээлгэн өгсөн мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2301022 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.2. Эрх зүйн дүгнэлт:

1.2.1. Хулгайлах гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр далд, нууц аргаар авахыг ойлгохоор хуульчилжээ.

Тодруулбал, шүүгдэгч Г.А нь “Б” зочид буудлын өрөөнд амарч байсан хохирогч П.Э, П.Д нарын гар утсыг тэдгээрт мэдэгдэлгүйгээр, унтаж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авснаар хулгайлах гэмт хэрэг төгсөж, уг үйлдлийн улмаас хохирогч нарын өмчлөх эрхэд хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

1.2.2. Шүүгдэгч Г.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрхэд санаатай хохирол учруулан гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

1.2.3. Прокуророос шүүгдэгч Г.А-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Шүүхээс шүүгдэгч Г.А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   2.2. Шүүгдэгч Г.А-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “Шүүгдэгч Г.А нь хохирогч П.Э-гийн хохирлыг төлөөгүй боловч төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзаж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажлыг  400 цагаар хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд прокурорын шатанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хохирогчийн зүгээс гар утас ирж авахтай холбогдуулан гаргасан гарсан зардал нийт 261,100 төгрөгийг төлүүлэх, мөн хохирогч П.Э-д 960,000 төгрөгийн хохирлыг гаргуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “Улсын яллагчийн зүгээс 400 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэх санал гаргаж байна. Г.А-ын хувьд иргэн  П.Э-д 960,000 төгрөгийн гар утасны төлбөрийг төлөөгүй байгаа боловч үүнийг шүүхийн шатанд төлөхөө илэрхийлж байна. Мөн хохирогчтой холбогдож 14 хоногийн дотор төлөхөө илэрхийлсэн байгаа. Ийм учраас улсын яллагчийн оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасаж өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх хуулийн зохицуулалт байдаг. Иймд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэж хүсэж байна. Г.А нь ам бүл тавуулаа амьдардаг. Аав, ээж, хоёр охинтойгоо хамт амьдардаг. Эхнэр нь хоёр жилийн өмнө хаяад явсан. Гэвч иргэний шүүхээр гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа учир ам бүлийн тодорхойлолт дээр ам бүл 5 гэж гардаг. Улсын яллагчийн зүгээс замын зардалтай холбогдуулан 261,100 төгрөгийг төлүүлэх санал гаргаж байна. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж байгаа тул шүүгдэгч төлөхөө илэрхийлж байгаа. Энэ төлбөрийг төлөх нь зүйтэй гэсэн прокурорын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

 2.3. Шүүхээс шүүгдэгч Г.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа, урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

3. Хохирол, хор уршгийн талаар

3.1. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.А нь хохирогч П.Э, П.Д эд хөрөнгөд санаатай хохирол учруулсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоос П.Д “Samsung A20” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч П.Э-гийн “Samsung A23” загварын гар утасны хохирлыг нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.2. Хохирогч П.Э, П.Д нарыг эрүүгийн хэргийн нотлох баримттай танилцуулах зорилгоор мөрдөгчийн зүгээс Говьсүмбэр аймгаас Сүхбаатар аймаг руу дуудан ирүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирогч нар нь Говьсүмбэр аймгаас Сүхбаатар аймагт ирэх, Сүхбаатар аймгаас Говьсүмбэр аймаг руу буцах унааны зардалд нийт 261,078 төгрөгийг зарцуулсныг гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд тооцон шүүгдэгчээс гаргуулж, хохирогч нарт хувь тэнцүүлэн тооцож олгох үндэслэлтэй  гэж үзлээ. 

4. Бусад асуудлаар

4.1. Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Я овогт Г-ийн А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.А-т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Д хулгайд алдагдсан гар утсыг биет байдлаар буцаан олгосон болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-аас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 960,000 төгрөг, замын зардал 130,539 төгрөг, нийт 1,090,539 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .... дугаар багийн “.......”-ийн .... тоотод оршин суух Н овогт П-ийн Э

замын зардал 130,539 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .... дугаар багийн “Б” гэх газарт оршин суух Б овогт П-ы Д нарт тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АЛТАННАВЧ