Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 636

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/03434 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Дгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “РТҮС”УТҮ газарт холбогдох

 

  Захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээ газарт ахлах нягтлан бодогчоор томилуулах, цалингийн зөрүүг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “РТҮС”УТҮ газрын Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн үндэсний сүлжээний газарт 2002 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 19 тоот тушаалаар нягтлан бодогчоор ажиллаж, 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 35А тоот тушаалаар ахлах нягтлан бодогчоор одоог хүртэл ажиллаж ирсэн. Тус Говь-Алтай аймгийн Радио телевизийн үндэсний сүлжээний газрын даргаар Б.Ариунтуяа нь 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр томилогдон ажиллаж эхэлсэн. Тэрээр “ажлаа өг, та ажиллахгүй” гэж шахаж дарамтлах болсон. 2017 оны 6 дугаар сарын эхээр намайг ажлаасаа халагд гэсэн. Тэгээд би халагдахгүй гэхэд намайг нярав хий гэсэн. Би “... яахаараа нярав хийдэг юм бэ, үгүй” гэхэд тэрээр “...чамайг дээш нь хэлж байгаад ажлаас чинь халуулна, харин өөрийн хүсэлтээр гэж бичээд ажлаа өгвөл яахав нярав хийлгэнэ” гэж хэлсэн. Тухайн үед шахалтанд орж нярав ч гэсэн хийж байгаад шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар шийдээд зөвшөөрсөн. Гэтэл надаар бичүүлж авсан хүсэлт гэх зүйлээ дээд газарт явуулж нягтлангийн ажлаас чөлөөлсөн. Одоо миний бие шахалтын улмаас өөр аргагүй болж няравын ажлыг хийж байгаа бөгөөд нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн. 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр даргын зөвлөлийн хурлыг хуралдуулж, уг хурлаар н.Чулуунбаатар дарга болон намайг авч хэлэлцсэн. Уг хурлаас н.Чулуунбаатарын цалингийн 20 хувийг хасч, харин намайг ажлаас халах шийдвэр гаргасан. Гэвч Н.Энхсайхан гэж мэргэжилтэн надад “... чамайг ажлаас халсан нь эргэлзээтэй байгаа учраас н.Цагаанхүү захиралтай уулз” гэсэн. Би н.Цагаанхүү захиралтай уулзаад “... ажлаасаа халагдмааргүй байна” гэж хэлсэн. Н.Цагаанхүү захирал маргааш нь намайг дуудаад н.Эрдэнэбаатар даргатай уулз гэсэн. Н.Эрдэнэбаатар даргатай уулзахад тэрээр “... чамайг эргүүлж нягтлангаар авахгүй, няравын ажлыг хий гэсэн, хийхгүй бол халагдахаас өөр арга байхгүй” гэж хэлсэн. Би тухайн үед ажлаас халагд гэсэн үгийг сонсоод шууд дарамтад орсон. Хэрвээ ажилгүй болчихвол би зээлээ төлж чадахгүй, бас хүүхэд маань оюутан болох гэж байсан учраас би дарамт шахалтад орж, нягтлангийн цалинг маань бууруулахгүйгээр нярав бол гэснийг зөвшөөрч нярав болсон. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр санхүүгийн албаны даргатай уулзахад тэрээр “... санхүүгийн талын асуудал чинь чамайг ажлаас халах үндэслэл биш. Харин өргөх бичиг дээр гарын үсэг зурсан учраас чамайг буруутгаж ажлаас халсан” гэж хэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 12-ны н.Энхсайхан мэргэжилтэн яриад өөрийн хүсэлтээр албан тушаал буурсан тухай хүсэлтээ бичиж өг гэсэн. Би өгөхгүй гэхэд тэрээр “... тэгвэл чи ажлаа чөлөөлж өг” гэсэн. Ингээд би аргагүй эрхэнд дарамт шахалтад орж хүсэлтийг бичиж өгсөн. Одоо би “Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ”-ын Говь-Алтай аймаг дахь салбарт нярваар ажиллаж байгаа. Анх тохиролцохдоо цалинг маань бууруулахгүй гэсэн. Гэтэл цалинг маань бууруулсанд гомдолтой байна. Би санхүүгийн тал дээр зөрчил гаргасан нь үнэн. Би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгууллагад учруулсан хохиролд 1 412 982 төгрөг төлсөн. Мөн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Х.Д би “РТҮС”УТҮГ-т хандаж “...Миний бие Хоролсүрэн овогтой Дуламсүрэн нь 2002 оноос хойш 15 дахь жилдээ ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа. Одоо намайг няравын албан тушаалд томилж өгнө үү” гэж өөрийн гараар бичсэн, уг баримтыг ажил олгогч тал 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан эсэх тал дээр маргахгүй. Иймээс 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “РТҮС”УТҮ газрын даргын Б-138 тоот ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Д нь Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээний газарт 2002 оноос эхлэн нягтлан бодогч, 2009 оноос ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. Х.Д нь 2016 оны ээлжийн амралтыг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал биеэр эдлэн амарч 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ажилдаа орох байтал 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажил нэг сар гаруйн хугацаанд ажил тасалсан, /албан ёсны чөлөө, зөвшөөрөлгүй/, мөн тус салбарын ажилчдын 2016 оны 10, 11, 12 дугаар сарын цалин, үр дүнгийн нэмэгдлийг ямар ч цагийн бүртгэл, тооцоогүй урьдчилан бодож гаргасан, өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийгөө ажилласан байдалтайгаар ажлын цагийн бүртгэл, тооцоог зориуд илт хуурамчаар үйлдэн гаргаж цалин, үр дүнгийн нэмэгдэлийг өөрийгөө ажилласан байдлаар гарган авч байгууллагад 1 366 982 төгрөгийн хохирол учруулснаа нуун дарагдуулан ажиллаж байсан нь байгууллагын хяналт /хөндлөнгийн хяналт шалгалт/ шалгалтаар тус тус тогтоогдсон болно. Энэ асуудлын дагуу тус газрын даргын зөвлөлийн хуралд Х.Д /Г.Чулуунбаатар нарыг/-г оролцуулах тухай 2017 оны 265 тоот албан бичгийг Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газарт хүргүүлсэн. “РТҮС”улсын төсөвт үйлдвэрийн газрын даргын зөвлөл 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 04 дүгээр хуралдаанаар Х.Дг холбогдох хууль тогтоомж зөрчсөн тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Х.Дд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах, мөн байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн. Х.Д нь тус газрыг даргын зөвлөлийн хуралд оролцож удирдлагын гаргасан шийдвэрийг биеэр сонсон, улмаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн тус газрын захиралд хандан өргөдөл гаргаж уг өргөдөлдөө “... би ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаа одоо намайг няравын албан тушаалд томилж өгнө үү ...” гэсэн утга бүхий өргөдлийн дагуу байгууллагын удирдлага Х.Дгийн хүсэлтийг нь хүлээн авч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу өөрийнх нь хүсэлтээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 дүгээр “ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас нь чөлөөлж, Говь-Алтай аймгийн Радио телевизийн сүлжээний газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн ажилд томилох тухай Б/10 дугаар тушаалаар тус газрын няравын ажилд томилж өргөдлийг шийдвэрлэсэн. Мөн Х.Д нь байгууллагад учруулсан хохирлыг өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд Х.Дгийн хүсэлтийн дагуу “РТҮС”улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын ажлаас чөлөөлөх тухай 2017 оны Б/131 дүгээр тушаал нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “РТҮС”УТҮГ-ын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот “ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн станцын ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах тухай Х.Дгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч Х.Дг ажлаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлэн ажиллуулах тухай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаал гаргахдаа хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байхад шүүх ажил олгогчийг зөвтгөж шийдвэр гаргасанд гомдолтой байна. “РТҮС”УТУГ-ын захирлын зөвлөлийн хурлын шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийг шат дараалсан хэлбэрээр хэрэглэх атал шууд ажлаас халах шийтгэл оногдуулсан. Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрт хөдөлмөрийн дотоод журмын зүйл заалтыг дурдаагүй. Тухайн үед Х.Дгийн гаргасан зөрчил нь түүнийг ажлаас халах үндэслэл болсон зөрчилд тооцогдохоор тухайн үед мөрдөгдөж байсан дотоод журамд заагаагүй. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 2.3-ыг удирдлага болгон тушаал гаргасан боловч уг журмын 2.3-д “...ерөнхий нягтлан бодогч нарыг Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн саналыг үндэслэн үйлдвэрийн газрын захирал томилж, чөлөөлнө” гэж заасан байхад уг заалтыг зөв хэрэглээгүй. Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-ийг удирдлага болгосон боловч уг заалтыг нарийвчлан зохицуулсан 39 дүгээр зүйлийг огт хэрэглээгүй. Уг тушаалд Х.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний зүйл, заалтыг огт хэрэглээгүй. Шүүхээс Х.Дгийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь хууль
зүйн үндэслэлгүй. Шүүх хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж дүгнэж байгаа бол Х.Дтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.1, 4.1.1, 4.2 дахь заалтууд болон хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцсэн бодитой шийдвэр гаргах боломжийг хязгаарласан. Шүүх тушаалын талаар бодит дүгнэлт бүрэн хийгээгүй, тушаал яагаад хуульд нийцсэн талаар тайлбарлаагүй. Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэртээ огт тусгаагүй. Ажлаас чөлөөлснийг нь хуульд нийцсэн гэж үзээд байна уу, өөр ажилд шилжүүлснийг хуульд нийцсэн гэж үзэж байгаа нь шийдвэрээс огт харагдахгүй байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг удирдлага болгоод нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03434 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Х.Д нь хариуцагч “РТҮС”УТҮ газарт холбогдуулан тус газрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Говь-Алтай аймаг дахь Радио телевизийн сүлжээ газарт ахлах нягтлан бодогчоор томилуулах, цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажилтан Х.Д нь 2014 оны 10 сарын 01-ний өдрөөс Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮ газрын Говь-Алтай аймгийн Радио телевизийн станцийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна. /хх-ийн  6-7 дугаар тал/

 

Ажил олгогч Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮ газрын захирлын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/131 тоот тушаалаар ажилтан Х.Дгээс гаргасан хүсэлтийг үндэслэж Говь-Алтай аймгийн Радио телевизийн станцийн ахлах нягтлан бодогчийн албан тушаалаас 2017 оны 7 сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, уг өдрөөс тус газарт няравын албан тушаалд томилсон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 8 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр бус байгууллагаас үзүүлсэн шахалтын улмаас бичсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан ба няравын ажилд томилогдсон талаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, гэрч Г.Чулуунбаатарын мэдүүлгээр нэхэмжлэгч нь бусдад дарамтлуулж нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт бичсэн үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/03434 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ