Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2018/04483/И |
Дугаар | 001/ХТ2022/00061 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 001/ХТ2022/00061
Б.Туяамаагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00482 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 813 дугаар магадлалтай,
Б.Туяамаагийн нэхэмжлэлтэй,
Б.Саранзулд холбогдох
2014 оны 10 сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Б.Саранзулын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Туяамаагийн нэр дээр шилжүүлэн бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Б.Туяамаагийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Туяамаа нь хариуцагч Б.Саранзулд холбогдуулан 2014 оны 10 сарын 22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Б.Саранзулын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Туяамаагийн нэр дээр шилжүүлэн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Б.Саранзул нь Б.Туяамаагийн эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00482 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Туяамаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Саранзулд холбогдох, 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 23 байр 64 тоот орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаар бүртгэлтэй, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, гэрчилгээг Б.Туяамаагийн нэр дээр шилжүүлэн бичилт хийхийг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 23 байр 64 тоот орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаар бүртгэлтэй, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б.Туяамаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 813 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00482 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.10-ны өдрийн 102/ШШ2020/00482 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 813 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч миний бие давж заалдах журмаар гомдол гаргасан боловч Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдлоо гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Туяамаа нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар Б.Саранзулын нэр дээр шилжсэн гэдгийг 2017 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэгдсэний дараа анх мэдсэн байдаг юм. Улмаар 2017 оны 10 сараас эхлэн Б.Туяамаа нь Б.Саранзулд холбогдуулан 2014.10.22-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Б.Саранзулын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Туяамаагийн нэр дээр шилжүүлэн бичилт хийхийг даалгах үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Маргаан бүхий орон сууц худалдах, худалдан авах гэрээг 2014.10.22-ны өдөр Б.Туяамаа, Б.Саранзул нарын хооронд хийсэн гэрээ байдаг бөгөөд энэ гэрээнд худалдагч гэх Б.Туяамаа нь огт гарын үсэг зураагүй, нотариат дээр огт очоогүй гэж маргадаг. Энэ гэрээнд худалдагч гэх нэрийн доор Б.Туяамаагийн гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь миний гарын үсэгтэй их төстэй зурсан байна, мөн Б.Туяамаа гэх уншигдах бүтэцтэй гарын үсгийн урд үл уншигдах гарын үсгээс бүтсэн үл тайлагдах гарын үсгийг хуурамчаар зурсан байна. Миний бие гарын үсгээ зөвхөн Б.Туяамаа гэж уншигдах хэлбэрээр зурдаг, үл уншигдах хэлбэрээр зурсан гарын үсэг болон гэрээнд уншигдах бүтцээс бүтсэн гарын үсгийг хэн нэгэн этгээд зурсан гэж хэлдэг юм. Шүүхийн шинжилгээгээр маргаан бүхий гэрээнд Б.Туяамаа гэх нэрэн дээр зурагдсан гарын үсгийн шинжилгээг удаа дараа хийсэн бөгөөд уншигдах бүтцээр зурагдсан Б.Туяамаа гэх гарын үсгийн хэв хэлбэр Б.Туяамаагийн гарын үсэгтэй тохирч байна гэх, үл уншигдах бүтцээс бүтсэн гарын үсгийн хэв Б.Туяамаагийн гэх гарын үсгийн хэв хэлбэртэй тохирохгүй байна гэсэн дүгнэлтүүд гарсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж Б.Туяамаагийн гарын үсгийн хэв хэлбэртэй тохирч байна гэсэн дүгнэлтийг гол нотлох баримт болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Зах зээл дээр 67 сая төгрөгөөр худалдаж авсан байрыг 5 хан сая төгрөгөөр худалдсан гэх гэрээ хүчин төгөлдөр гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ... хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ... хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна гэж заасан байхад энэ хуулийг хэрэглэлгүйгээр хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Б.Туяамаа болон Б.Саранзул нарын хооронд байгуулагдсан гэх 2014.10.22-ны орон сууц худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны өмчлөгч Б.Туяамаа гарын үсгээ зураагүй гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.04.23-ны өдрийн 2617 дугаар кримналистикийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдсоор байхад энэ дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай огт харьцуулахгүйгээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ. Худалдагч гэх Б.Туяамаа нь маргаан бүхий гэрээнд гарын үсгээ зураагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарна гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлалгүйгээр хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй шийдвэр, магадлал гаргасан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Б.Туяамаа нь Б.Саранзулд холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн болохыг тогтоолгох, Б.Саранзулын өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулан, гэрчилгээг Б.Туяамаагийн нэр дээр шилжүүлэн бичилт хийлгэхийг эрх бүхий байгууллагад даалгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Б.Туяамаагийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Туяамаагийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүрэг, 12 хороо, 6 бичил хороолол, 23 байр 64 тоот орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаар бүртгэлтэй, 18 м.кв талбайтай нэг өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Б.Туяамаагийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
7. Нэхэмжлэгч ...өөрийн өмчлөлийн орон сууцаа бусдад огт худалдаагүй байхад өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар хуурамч гарын үсэг зурж миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн... гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлсон, хэргийн баримтаас үзэхэд тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ гэрээг баримтаар гаргаж өгөөгүй байна.
8. 2014.10.22-ны өдрийн гэрээг нэг талаас худалдагч Б.Туяамаа, нөгөө талаас худалдан авагч Б.Саранзул нар байгуулж, худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 23 дугаар байр, 64 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч нь худалдагч талд 5,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээх нөхцлийг харилцан тохиролцсон, гэрээнд орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөн талаар тусгагдсан байх бөгөөд гэрээний хуулбар хувь хавтаст хэргийн 107 дахь талд авагдсан, Монголын Нотариатчдын танхимын архивын хуулбар үнэн гэсэн дардастай байна.
9. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байх нь зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй буюу 2014.10.22-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ-г байгуулах болсон талуудын хүсэл зориг ойлгомжгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн үр дагавар үүссэн эсэх, эсхүл зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн хөрөнгөөр хаасан эсэх нь тодорхой бус байна.
10. Шүүх ...Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 23 дугаар байр, 64 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205017834 дугаарт бүртгэлтэй, 18 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч нь худалдагч талд 5,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээх тухай гэрээний дагуу ...5,000,000 төгрөгөөр ийм хэмжээний байрыг зарах боломжгүй гэсэн тайлбарыг хариуцагч хэрхэн, ямар баримтаар няцаасан тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн байна.
11. Шүүхээс шинжээч Х.Баярмааг гэрчээр асуулгах хүсэлтийг хангасан ч захирамж хэрэгжих боломжгүй болсон байх тул гэрээ болон нотариатын бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсгийн талаар дахин шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь учир дутагдалтай юм.
12. Хавтаст хэргийн 41-60 дахь талд авагдсан баримтууд хуулбар хувь байх боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангаагүй байна.
13. Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00482 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 813 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН