| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 114/2025/0004/З/Т |
| Дугаар | 221/МА2025/0372 |
| Огноо | 2025-06-04 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0372
Б.Л-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 114/ШШ2025/0013 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Б.Л , түүний өмгөөлөгч Б.Ц нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Л
Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Л
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 114/2025/0004/З/Т
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 114/ШШ2025/0013 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.4, 48.3-д заасныг тус тус баримтлан “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 313 дугаар захирамжийн Б.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Б.Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.
2.1. “Нэхэмжлэгч Б.Л нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргад холбогдуулан Дархан-Уул аймгийн Хонгор сумын засаг даргын 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 313 дугаартай захирамжийн Б.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын тамгын газарт иргэн Б.Л-д газар эзэмшүүлэх хүсэлт гаргасны дагуу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Л-д тус сумын *-р баг *-н амралтын зүүн талд 11073 м.кв газрыг зуслангийн зориулалттайгаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр газар эзэмшүүлэх 04507-2019/013** дугаар гэрээ байгуулж иргэний газар эзэмших эрхийн 0000432** дугаар гэрчилгээ олгосон. Хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 313 дугаар захирамжаар нэхэмжлэгчид холбогдох газрыг хүчингүй болгохдоо иргэн Б.Л-д огт мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй, гаргасан нь хууль бус юм.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааний шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн тусгай зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлаагүй. Мөн 26 дугаар зүйлд заасан журмын дагуу тухайн захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломжийг огт олгоогүй.
2.3. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй хууль зөрчсөн үйлдэл болохыг Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У хүлээн зөвшөөрсөн. Захиргааны байгууллага аливаа шийдвэрээ хуульд заасан журмын дагуу эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдэх, актыг гаргасан байгууллага түүний мэдэгдсэн хугацааг нотлох үүргээ хүлээснээр Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд тусгайлан зохицуулсны дагуу Хонгор сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У хөөн хэлэлцэх хугацаа дуусаныг шүүх хурал дээр хүлээн зөвшөөрсөн.
2.4. Дархан-Уул аймгийн засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/863 дугаар албан бичгийг биелүүлээгүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар 5 жилийн хугацаа өнгөрч 5 жил 1 сар 9 хоногийн дараа 313 дугаар заирамжийг гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У хүлээн зөвшөөрснийг шүүх анхаарч үзээгүй. Захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан өмнө гарсан шийдвэрээ /хууль бус/ өөрөө хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлах, эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг 48.2-д тодорхой заасан ба захиргааны актыг гаргахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэснээс бусад тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор заасан уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлах ёстой гэж үзэж байна.
2.5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Б.А-т ял өгсөн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасан заалт нь шүүгдэгч Б.А-т холбоотой болохоос иргэн Б.Л-д ямарч хамааралгүй. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.5-д зааснаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Миний бие захиргааний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэх гаргасан болохоос эрүүгийн хэрэгт ямар нэгэн холбогдогчоор татагдаагүй зөвхөн гэрчийн мэдүүлэг өгсөн.
2.6. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.5-д дурдсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус хэсэгт нэхэмжлэгч Б.Л нь тухайн үед Шарын гол сумын Засаг даргаар ажиллаж байсан мэтээр дурдсан бөгөөд тухайн шийдвэр гарах үед Шарын гол сумын Засаг даргаар Д.А гэсэн хүн ажиллаж байсан. Мөн /одоо ч газрын дуудлага худалдааны үнийг төлөх хүсэл зорилго байхгүй/ гэх үндэслэл нь иргэн Б.Л-г гүтгэж буй үйлдэл юм. Б.Л нь эвлэрэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч хариуцагчаас тодорхой санал хэлээгүй явсаар өдий хүрсэн байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно” гэснийг зөрчин 5 жил 1 сар 9 хоног өнгөрсөн учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн 114/ШШ2025/0013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Л д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Л нь “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 313 дугаар захирамжийн Б.Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
3. Уг маргаан бүхий захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч М.Лхамсүрэнд зуслангийн зориулалтаар 11073 м.кв газрыг *-н амралтын зүүн талын хэсэгт эзэмшүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар захирамжаа хүчингүй болгожээ.
4. Анхан шатны шүүх “Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолоор “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.А нь нэхэмжлэгч Б.Л-д газар эзэмшүүлэх эрх олгохдоо Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчсөн, өөрийн гаргасан 2018 оны 178 дугаар захирамжийг хүчингүй болгож хор уршгийг арилгасан” талаар дүгнэсэн байх бөгөөд уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаснаа шүүх хуралдаанаас өмнө татгалзсаныг ... хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэснээр дээрх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 3.4.4-д заасны дагуу нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон 178 дугаар захирамж газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж эзэмшүүлсэн үйл баримт нь тус тогтоолоор тогтоогдож байна ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
5. Давж заалдах гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулав.
5.1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.4-д “Иргэнд энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнд багтаан эзэмшүүлэх газрын дээд хэмжээ, байршлыг хүн амын нягтрал, газрын нөөцийг харгалзан тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож болно.”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.
5.2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Л-д хуулиар зөвшөөрөгдсөн 0,07 га газраас илүү хэмжээтэй газрыг гэр бүлийн хэрэгцээнд зориулж эзэмшүүлсэн байх ба ингэхдээ дээрх хуульд заасан журмыг зөрчсөн болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 477 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон.
5.3. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргаас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 313 дугаар захирамжаар 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 178 дугаар захирамжийн хууль зөрчсөн хэсгийг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг хэрэгжүүлж, Газрын тухай хуульд заасан иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж болохоор заасан хэмжээнээс илүү эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосныг хууль зөрсөн гэж үзэх үндэслэлгүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.
Учир нь Газрын тухай хуульд заасны дагуу Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд зуслангийн зориулалтаар иргэдэд эзэмшүүлэхээр тусгагдсан байх бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан 0,07 га хэмжээнээс илүүгээр гэр бүлийн хэрэгцээнд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заагаагүй тул түүнээс илүү хэмжээгээр 11073 м.кв-ыг нэг иргэн буюу нэхэмжлэгчид эзэмшүүлсэн нь уг хуулийн заалтыг болон мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.-д заасан “... газар эзэмшүүлэх ашиглуулахад шударга ёс, тэгш байдлын хангах” зарчмыг зөрчсөн, бусад иргэн, хуулийн этгээдийн гэр бүлийн хэрэгцээнд зохих журмаар эзэмших боломжтой 0,07 га газрыг нэхэмжлэгч нэг иргэнд эдлүүлж хууль бусаар давуу эрх олгосныг хүчингүй болгосон Засаг даргын захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл шүүхээр хамгаалуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол нэхэмжлэгчид үүсээгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
6. Харин анхан шатны шүүх газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа газартаа зуны сууц барьж ашиглаж байгаа нөхцөл байдалтай холбоотой “итгэл хамгаалах” зарчмыг хангах үндэслэл байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул Газрын тухай хуулийн дээрх заалтад заасан 0,07 га буюу 700 м.кв газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх боломжтой, нэхэмжлэгч М.Л нь тухайн газар дээр зуны сууц /шовгор/ барьж зуслангийн зориулалтаар ашиглаж байсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4.1.8-д заасан “хууль ёсны итгэл хамгаалах” зарчмын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий захирамжийн М.Л-д 0,07 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчдоос нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Эвлэрэн хэлэлцэх хүсэлт ирүүлснийг тус шүүх “хуульд харшилсан” гэж үзэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
7.1. Талууд маргаж буй асуудлаар эвлэрэх хүсэлт гаргаж, 2025.05.28-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн “Эвлэрлийн гэрээ”-ний 1-д “... нэхэмжлэгч Б.Л 11,073 м.кв газрынхаа 7,573 м.кв талбайг хасуулж, үлдсэн 3,500 м.кв газрын 500 м.кв газрыг үнэгүй олгож, 3,000 м.кв газрыг дуудлага худалдааны 1 м.кв-ын анхны үнэ болох 700 төгрөгөөр тооцож, нийт 2,100,000 төгрөгийг төрийн сангийн дансанд төлөхөөр тохиролцлоо ...” гэжээ.
7.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан.
7.3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн ... 29.1-д заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн ... газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд 29.1-д 0,07 га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж болохоор заасан байхад Засаг дарга нь анхнаасааа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгоогүй атлаа 3000 м.кв газрыг дуудлага худалдааны үнийг шууд төлүүлсний үндсэн дээр газрыг эзэмшүүлэхээр зөвшөөрсөн нь Шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн Засаг даргын гэм буруутай үйлдлээс ялгаагүй, хуульд байхгүй бүрэн эрх буюу дуудлага худалдаа зохион байгуулаагүй атлаа дуудлага худалдааны төлбөрийг нөхөн төлүүлэхээр тохиролцсоныг шүүх зөвшөөрч, хуульд харшилсан эвлэрлийн гэрээг баталгажуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэнтэй холбоотой хэргийг бүхэлд нь хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 114/ШШ2025/0013 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 313 дугаар захирамжийн Б.Л д холбогдох хэсгийг 700 м.кв газрын хэмжээгээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Л , өмгөөлөгч Б.Ц нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ