Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 124/ШШ2021/0052

 

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би иргэн Ч.Ө-ийн “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Өргөжих миний бие АУИС-ийн хүний их эмчээр төгсөж ирээд 2000 онд Увс аймгийн Өмнөговь сумын Эрүүл мэндийн төвд хүүхдийн эмч, дотрын эмч, эмэгтэйчүүдийн эмч, ЭМТ-ийн дарга зэрэг ажлыг нэр төртэйгөөр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл сумын удирдлага 2021.07.26-ны өдөр Б/28 тоот тушаалаар ЭМТ-ийн үүрэгт ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сумын Засаг дарга захирамждаа МУҮҮНДНТУТХуулийн 29.2-т, мөн хуулийн 31.1.8, Эрүүл мэндийн тухай хуулийн 11.3, Төрийн албаны тухай хуулийн 4.3, 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтуудыг үндэслэж ажлаас чөлөөлж байгаад нь гомдолтой байна. Миний бие ажиллах хугацаандаа зөрчил гаргаж байгаагүй, тогтвор суурьшилтай ажиллаж ирсэн. Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр танай шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ө нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.Ө нь өөрийн үндсэн мэргэжлээр суралцаж, хуучин ажилдаа эргэн орж ажиллах боломж нөхцөл бүрдэхгүйн улмаас нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт ирүүлжээ.

Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Ч.Ө-ийн “Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/28 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ОЮУНГЭРЭЛ