Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00065

 

                                                   Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02102 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 320 дугаар магадлалтай,

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Их модун ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 908,006,935 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ нь хариуцагч Их модун ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 908,006,935 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02102 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Их модун ХХК-иас 746,990,024 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 161,016,911 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ-ын барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-н товчооны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Их модун ХХК-иас 3,892,900 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 320 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02102 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Их модун ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.04-ний өдрийн 183/ШШ2019/02102 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 320 дугаар магадлалтай иргэний хэрэгт дараах гомдлыг гаргаж байна.Text Box: 1Нэхэмжлэгч байгууллагын зүгээс үндсэн зээлийн төлбөрт 582,339,037 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 34,498,380 төгрөг, алданги 291,169,519 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 908,000,935 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч нэхэмжилсэн үнийн дүнгээс алдангид ногдох 161,016,911 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Их модун ХХК нь зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн хугацааг 1225 хоног хэтрүүлсэн талаар нотлох баримт, санхүүгийн тооцооллыг хавсаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, алдангийг тооцохдоо гэрээний хугацаа дуусахаас өмнөх зөрчил гаргасан хоногийг хасч тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ хэмээн заасан. Хариуцагч тал нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2-т зааснаар сар бүрийн 25-нд үл маргах журмаар зээл, зээлийн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө хариуцагч нь 1014 хоногийн зөрчилтэй байсан бөгөөд нэхэмжлэгч талын зүгээс гаргаж өгсөн санхүүгийн тооцоолол бүхий нотлох баримтаар тогтоогдож байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу үнэлж, хугацаа хэтэрсэн хоногийг 211-ээр тооцож шийдвэрлэж, гэрээний дагуу нэхэмжлэгчид төлөх ёстой төлбөрийн зарим хэсгийг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч компанийн хариуцлагагүй үйлдэл, эс үйлдлээс шалтгаалж улсын төсөвт их хэмжээний хохирол учирч байгаа бөгөөд татвар төлөгч төрийн алба хаагч бидний хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсвөөс санхүүжилт авч, эх үүсвэр бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгодог. Хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр нь эргүүлэн төлөх нөхцөлтэй Засгийн газрын бонд болон дотоод эх үүсвэрээс бүрдэж дараа оны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн эргэн төлөлтөөс бүрдүүлэхээр төлөвлөж улсын төсөвт тусгасан байдаг. Уг зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн гэрээ юм. Тухайн зээлдэгчид олгосон зээл нь улсын төсвийн зарцуулалт, эргэн төвлөрүүлэлттэй холбоотой асуудал гэдгийг шүүх харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 320 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШТХ-н 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. Манай компани нь 2013.10.09-ний өдрийн Зээлийн гэрээгээр 620,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3.3 хувийн хүүтэйгээр зээлдэж авсан. Их модун ХХК нь Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг зориулалтын дагуу ашиглан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 товчооны урд талд байрлалтай Бетон зуурмагийн үйлдвэрийг өргөтгөхөд зарцуулсан бөгөөд одоо үйпдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Жижиг дунд үйлдвэрийн сан ТБАГУТҮГ барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо 22-н товчооны бетон зуурмагийн үйлдвэрээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн юм.

Зээлийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156.2-т зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн барьцааны гэрээ юм. Иргэний хуулийн 156.3 энэ хуулийн 156.2 заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 175.1 дэх хэсэгт заасныг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн үндэслэлгүй болжээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 заалтуудыг зөрчин, хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 320 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 хэсгийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ нь хариуцагч Их модун ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 908,006,935 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлага гаргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч Их модун ХХК-иас 746,990,024 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 161,016,911 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Их модун ХХК нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-н товчооны урд талд байрлалтай бетон зуурмагийн үйлдвэрээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн байна.

8. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргасан боловч талууд эвлэрлийн гэрээ байгуулж, уг гэрээг шүүхэд ирүүлжээ.

Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй. 

Зохигчдын хооронд 2022.01.12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд Хариуцагч Их модун ХХК нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлсэн сантай байгуулсан 2013/05 гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй эргэн төлөлтийн зөрчил үүсгэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу нийт 746,990,024 төгрөгийг төлж барагдуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан, үүссэн төлбөрийг хуваарь гарган хугацаанд нь төлөх санал ирүүлсэн хүсэлтийн дагуу нөхцөл байдлыг харгалзан үзэж, талууд харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Их модун ХХК нь нийт 746,990,024 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор доорх хуваарийн дагуу буюу сар бүр 62,249,169 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 100900037019 тоот дансанд сар бүрийн 20-ны дотор үл маргалдах журмаар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв хариуцагч Их модун ХХК нь дээрх хугацаанд хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн үнийн дүнгээр Шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж, үүргийн гүйцэтгэлийг Их модун ХХК-ийн хөрөнгөөр төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, захирамжид дурдуулахаар талууд харилцан тохиролцов. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын 2022.01.10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, Их модун ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас Улсын дээд шүүхэд 2020.03.24-ний өдөр өмнөх шүүхийн шийдвэрийн талаар гомдол гаргасан болно. Одоогоор талууд хэлэлцэж төлбөр тооцоог барагдуулахаар тохиролцсон тул гомдлоосоо татгалзаж байна. Иймд хүсэлтийг хүлээн авч хангаж өгнө үү. гэжээ.

Зохигчдын хооронд 2022.01.12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд байгуулсан, талуудын тохиролцсон нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хяналтын шатны шүүхээс талуудын эвлэрлийг батлах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул зохигчоос хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох боломжгүй.  

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2019/02102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 320 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Их модун ХХК нь нийт 746,990,024 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор сар бүр 62,249,169 төгрөгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төрийн сан дахь 100900037019 тоот дансанд сар бүрийн 20-ны дотор үл маргалдах журмаар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв хариуцагч Их модун ХХК нь дээрх хугацаанд хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн үнийн дүнгээр Шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж, үүргийн гүйцэтгэлийг Их модун ХХК-ийн хөрөнгөөр төлж барагдуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, захирамжид дурдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан ТБАГУТҮГ-ын Их модун ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 908,006,935 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Их модун ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД  

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ  

Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН