Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1263

 

 

 

 

 

 

    2019           12             19                                       2019/ДШМ/1263

 

А.Б, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Отгонсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхөө,

шүүгдэгч, хохирогч А.Б, түүний өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Х.Сэлэнгэ,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Базарханд, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор А.Б, Б.Г нарт холбогдох эрүүгийн 1910000000480 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Харчин овгийн А.Б, 1997 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 7 дугаар гудамжны 89 тоотод оршин суух  бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ДМ97033015/;

             2. Шархангад овгийн Б.Г, 1996 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 3 дугаар гудамжны 48-1 тоотод оршин суух  бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ГВ96042812/;

 

           Шүүгдэгч А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд архидан согтуурч, улмаар М.Довдондоржийг хутгалж санаатай алсан гэмт хэрэгт,

 

            шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд А.Бтай “барилгын ажилд тусалсангүй” гэж маргалдан, түүний нүүр, гар хөлөн тус газар цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж,  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн,  Шархангад овогт Б.Гыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Быг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бт оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бын цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт: А.Баас 4.203.786 /дөрвөн сая хоёр зуун гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /РД:ЙЕ66051510/, Ноён овогт Цогбаярын Мөнхөөд, Б.Гоос 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч /РД: ДМ97033015/, Харчин овогт А.Бт тус тус олгож, хохирогч А.Бын нэхэмжлэлээс үлдэх 637.178 төгрөгийн шаардлагыг хангахгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхөө нь нэхэмжлэлээс үлдэх шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дуу дүрсний бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, ахуйн хэрэглээний заазуур 1 ширхэг, 2 литрийн багтаамжтай боргио пивоны хуванцар сав 1 ширхэг, “ЛД” нэршилтэй тамхины хайрцаг 1 ширхэг, хуванцар иштэй, жижиг төмөр хутга 1 ширхэг, 0.5 литрийн “Хараа” нэртэй архины шил 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээрээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Н.Баатардорж  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Шүүхийн үнэлээд байгаа нотлох баримтууд болох 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1265 дугаартай дүгнэлтэнд, цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд содон тэмдэг: Цээжний зүүн урд дээд хэсэгт зүүн хөхний товчноос дээш 1 см зайд босоо байрлалтай, 1.5х0.5см хэмжээтэй, ир тал нь дээд талдаа, мөр тал нь доод талдаа байрласан, цээжний зүүн 3, 4-р хавирганы завсараар цээжний хөндий рүү нэвтэрсэн, зүүнээс баруун тийш чиглэлтэй, хатгагдсан шархтай, биед өөр ил харагдах гэмтэлгүй /1хх 96/ гэсэн байхад 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: Цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 4, 5-р хавирганы түвшинд босоо байрлалтай, 1.5 см урттай, 0.7 см ангархай, зах ирмэг тэгш, хурц өнцөг доод талдаа, зонд хийж үзэхэд дээрээс доош чиглэлтэй, 2.5 см гүн, хатгагдаж зүсэгдсэн шархтай, зүүн гарын долоовор хурууны угт шивнүүрийн дотор хэсэгт 1.5 см урттай зүсэгдсэн шархтай, зах, ирмэг тэгш, баруун чихний дэлбээ нь 1.2x0.3см, баруун чихний орчим 1х0.3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун шууны дотор доод хэсэгт 1 см урттай зүссэн, дотор дунд хэсэгт 1 см урт, 0.6 см урт, 0,5 см урт зулгаралттай, дотор доод хэсэгт 0.4x0.2 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн зулгаралттай /1хх 19/ гэсэн байна. Нэг механизмаар үүсгэгдсэн шарх атлаа ир мөр нь эсрэг байрлалаар тусгасан, байрлал, хэмжээний хувь зөрүүтэй, ил харагдах олон тооны шархнуудын талаар дүгнэлтэн дээр нь огт бичигдээгүй байна. Энэхүү олон тооны зүсэгдэлт, зулгаралтууд нь чирэх, гулдрах, татах хүчний үйлчлэлээр, олон удаагийн үйлчлэлээр үүсч болох эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байсан.

2.Талийгаачийн хувцаснуудад гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын мөр судлалын лабораторийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3211 дугаартай талийгаачийн савхин хүрмэнд 2.1 см хэмжээтэй, улаан хүрэн майканд 1.8 см хэмжээтэй зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно /1хх 123-125/ гэсэн дүгнэлт, шинжээч Ж.Солонгоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хутганы ажлын хэсгийн өргөн нь 2.1 см байвал энэ урагдалт үүссэн байж болно. ...” гэсэн мэдүүлгээр хутганы ажлын хэсгийн хэмжээ нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгаар үүсгэгдэх боломжгүйг нотолж байна.

Талийгаачийн биед болон хувцаснуудад зүсэгдэж үүсгэгдсэн шархны мөр үүсгэгч механизмыг кримналистикийн шинжлэх ухааны аргаар бүрэн хөдөлбөргүй тогтоож байж ямар ажлын хэсгийн өргөн, урт, зузаантай хутгаар үүсгэгдсэнийг нотлож болох ба уг хутгыг Б барьж Довдондоржийг хутгалсан эсэхийг нь тогтоох эхний сэжүүр бөгөөд үүний дараа үйлдэл, үр дагаврын шалтгаант холбоо тогтоогдохоор байна.

3. Шүүхийн голлох нотлох баримтын нэг, Б.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр /1хх 27-32/ хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох хутга нь хэрэг учралын газар үйл явдал болоод өнгөрснөөс хойш даруй 7 орчим цагийн дараа авагдсан бөгөөд гэрч Б.Жавзанпагамаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг хэргийн газарт очиход Баттулга, Уранчимэг, мөн талийгаач, Б нар байсан, Б.Г бол байгаагүй. Тухайн гудамж гэрэлтэй байсан. Тэгээд хэргийн газарт үзлэг хийхдээ биднийг хэргийн газраас хол байлгаж байгаад нэг цагдаа нэг хутга авч явсан. Уг хутга нь цагаан өнгөтэй байсан юм. Би хэрэг гарсан талаар мэдээд удалгүй хэргийн газар руу очсон. ...” гэж мэдүүлсэн бөгөөд уг газар гэрэлтүүлэг сайтай учир хутганы өнгийг маш тодорхой мэдүүлж байгаагаар хэрэг учралын газар 2 болон түүнээс илүү хутга байсан гэх эсрэг тэсрэг нотлогоо байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Өлзийбатын гэрчээр өгсөн: “...Хэргийн газраас хоёр хутга олдсон гэсэн. Дүүг маань хэн ямар зорилгоор, яагаад амь насыг нь хөнөөсөн бэ, нэг хүн хөнөөсөн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа. ...” гэсэн дамжмал эх үүсвэртэй ч гэсэн хэргийн газар 2 түүнээс илүү хутга байж болохыг заасан мэдүүлэг улам баталгаажуулдаг.

4. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан талаар:

Хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 25 дугаар гудамжинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-11, 12-18/, эдгээр нотлох баримтуудаас талийгаач Довдондорж болон Б нар нь эгц дээшээ харсан байрлалтайг харж болно. Гэтэл гэрч Б.Бэхбатын “...дуудлагаар хэргийн газар дээр очиход цагдаагийн алба хаагч нар ирээд, хамгаалалт аваад байж байсан. Уг газарт 2 хүн ухаангүй байдалтай, нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо харсан байдалтай байсан. ...” /1хх 91-93/ гэх дээрх нотлох баримтууд нь бас л хоорондоо зөрүүтэй, нэгийгээ үгүйсгэж байна.

Цогцост хийсэн задлан шинжилгээгээр бол хөхний толгойноос дээш 1 см орчим хутгалагдсан шархтай талийгаачийн бие хэрэв доошоо харсан байдалтай хутгалагдсан газраасаа хөдлөөгүй юм бол яагаад зүрхнээс шахагдаж байгаа цус хэвтсэн газар нь гоожоогүйг тусгай мэдлэг бүхий шинжээчээс асууж тодруулахаар байсан.

Мөн дээрээс нь эд мөрийн баримтаар хураагдсан хутган дээрээс биологийн дээж авахад шинжилгээнд ирүүлсэн хутган дээрээс илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна гэсэн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 3345 дугаартай дүгнэлт, эдгээрээс илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтоцоороо 3345 дугаартай шинжилгээгээр тогтоосон хутган дээр илэрсэн цус, 3343 дугаартай шинжилгээгээр тогтоосон А.Бын хувцаснууд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэсэн дүгнэлтүүдээс үзэхэд, хэрэв уг хутга талийгаачийн амь насыг хөнөөсөн хутга юм бол яагаад уг хутганы ажлын хэсэг дээр цус болдоггүй юм бэ гэдгийг тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчээс асууж тодруулах зүй ёсны шаардлага байсан.

Гэтэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 36 тоот тогтоолоороо өмгөөлөгч бид нарын шинжээч Н.Туяаг оролцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэчихээд 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн дүгнэлтэд ноцтой нөхцөл байдал шинжээчийн цаана нь байсаар байхад анхаарч үзэлгүй орхигдуулж, шинжээчийг оролцуулалгүйгээр шүүх хурал хийсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэл болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүдийг зөрчиж байна. Дээрх зөрчлүүдийг шүүхийн шатанд нөхөн гүйцээх боломжгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмт хэрэг хэзээ, хаана, хэдийд гарсан, үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн тогтоогоогүй байна. Талийгаач болон Г нарын хооронд эр эмийн хардалт байсан талаар Б тодорхой ярьсныг бүрэн тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотлогдвол зохих зүйл бүрэн нотлогдоогүй байна. Мөн яллах дүгнэлтэнд ч, шийтгэх тогтоолд ч гэмт хэрэг гарсан хугацааг тогтоогоогүй байдаг. Гэрч Д.Долгормаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Гын гутал, хувцас, бугуй, шилбэ дээрээ цустай байсан, нэг жолооч хүүхэд надад ирээд хэрэг гардаг шөнө энэ хавийнхан унтаагүй, Гын аав ирээд манайд ийм алуурчин байдаггүй гээд хүүхдээ хөөгөөд явуулсан талаар маш тодорхой мэдүүлсээр байхад шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны үед улсын яллагчид 8 минутын үг хэлэх хугацаа өгчихөөд түүний мэтгэлцэгч тал болох 2 өмгөөлөгчид нийлээд 8 минут өгсөн нь процессын гол зарчим болох мэтгэлцэх зарчмыг бүрэн алдагдуулсан. Мөн Баатардорж өмгөөлөгч 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нэмэлт ажиллагаа хийлгэх тухай үндэслэл бүхий хүсэлт гаргахад хэрэг прокурорт байсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хэргийг шүүхэд шилжүүлчихээд хариу мэдэгдэхдээ яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн учир хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн 2019 оны 9 дүгээр сарын 13-нд хариу өгсөн байдаг. Энэ нь үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийн төлөө гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарласан байна. Шүүх хуралдааны явцад гэм буруугийн хурал дуусаад ял хариуцлагын хурал эхлэхийн өмнө өмгөөлөгч нараас хуульд заасан эрхийнхээ хүрээнд үйлчлүүлэгчтэйгээ зөвлөлдөх завсарлага хүссэн боловч шүүх бүрэлдэхүүн завсарлага өгөөгүй, өмгөөлөгч бидний эрхийг хязгаарласан нь үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Х.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгч Д.Батбаярын гомдолд, уг гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоогоогүй, талийгаач болон Г нарын хооронд эр эмийн хардалт байсан талаар А.Б тодорхой ярьсныг бүрэн тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд  заасан, нотлогдвол зохих зүйл нотлогдоогүй байна. Мөн яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан хугацааг тогтоогоогүй байдаг гэж гомдолдоо дурдсан байна. Үүнд: 1 дүгээр хавтас хэрэгт байгаа Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн ахлах мөрдөгчийн танилцуулга, дуудлага лавлагааны хуудас, эрүүгийн мөрдөгч О.Нямбаярын илтгэх хуудас, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч, хохирогч, яллагдагчийн мэдүүлгийн тэмдэглэл гэх мэт нотлох баримтуудад уг хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, хэдийд гарсан нь тодорхой авагдсан байгаа. Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг гэмт хэрэг үйлдсэн, анх гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн байдал болон хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр сэдэлт зорилгыг тогтоодог. Шүүгдэгч А.Бийн хамгийн анх 6 дугаар  сарын 3-нд өгсөн гэрчийн  мэдүүлэгт “Г аавдаа тусалсангүй гэдэг шалтгаанаар хамгийн анх маргалдсан, зодолдсон байдаг. Үүнээсээ болоод гэр рүүгээ зугтаагаад жалга даваад гүйсэн чинь жалганд хутга байсан.  Энэ үед дараагийн гэмт хэрэг үйлдэх сэдэлт төрсөн байдаг. Хэрвээ жалганаас хутга олоогүй бол гэрлүүгээ харих байсан байх. Тэгэхээр энэ сэдэлт,  зорилго үйлдлээрээ илрээд байгаа зүйлийг тогтоох шаардлага байхгүй гэж үзэж байна. Хүний оюун санаанд байгаа зүйлийг цаасан дээр буулгасан нотлох баримт нь энэ юм.  Тэгээд яллах дүгнэлт ч тэр, шийтгэх тогтоолд ч тэр гэмт хэрэг гарсан хугацааг тогтоогоогүй байна гэж байна. Шийтгэх тогтоол, яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан хугацааг тогтоодоггүй юм. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоодог болохоос шийтгэх тогтоолд тогтоодоггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэг, тодорхойлох хэсэг, тогтоох хэсэгт ямар зүйл байх ёстойг хуульчилсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдлыг тусгана” гэж бичсэн байгаа. Анхан шатны шүүхийн 617 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 9 дүгээр талд, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд талийгаачийн нас барсан цаг хугацааг тогтоосон байгаа. Энэ нь өөрөө гэмт хэрэг гарсан цаг хугацааг шууд илэрхийлж байгаа. Мөн тогтоолын 13 дугаар талд, Энхтуяагийн гэрчийн мэдүүлэг, 14 дүгээр талд, Жавзанпагма, Өлзийбат нарын гэрчийн мэдүүлэг, Болорхүүгийн гэрчийн мэдүүлэг зэрэгт гэмт хэрэг хэзээ гарсан, цаг хугацаатай нь мэдүүлэг өгснийг бичсэн байгаа. Үүнийг шүүх тодорхойлох хэсэгт заасан байдаг. Гэрч Д.Долгормаагийн талаар Н.Баатардорж өмгөөлөгч яриад байна. “Гын гутал, хувцас, бугуй, шилбэ дээрээ цустай байсан” талаар хэрэгт шалгагдсан нотлох баримттай зүйл биш, анхан шатны шүүхээр шинжлэн судлагдаагүй, Д.Долгормаа гэж хүн хамгийн анх гэрчээр мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгт үндсэндээ 3 сар гаруй мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Энэ хугацаанд энэ нөхцөл байдлыг илэрхийлэх хангалттай цаг хугацаа байсан. Хэрэг шалгах хугацаанаас эхлүүлээд л шүүгдэгч А.Б нь  өмгөөлөх эрхээр хангагдсан. Өмгөөлөгч нар нь энэ тал дээр туслалцаа үзүүлээд, эцэслээд мухарлачих хангалттай үндэслэл байсан боловч шүүх хурал дээр гэрчийн мэдүүлэгт авагдаагүй, хаанаас сонссон нь мэдэгдэхгүй зүйл яриад байдаг. Мөн сая гэрчийн талаар ярьж байна. Хэрэгт авагдсан гэрч биш, тэр гэрч байлаа ч харанхуй шөнө Г гэж хүн байсан, Гын аав гэдгийг яаж дуу хоолойгоор нь таниад мэдүүлээд байх боломжгүй юм. Яллах дүгнэлт, өмгөөллийн дүгнэлтийг мэтгэлзэх зарчимтай андуураад байна. Мэтгэлзэх зарчим нь шал ондоо агуулгатай, дүгнэлт хэлэх хугацааг л хэлээд байгаа. Эр эмийн хардалтын талаар ярьдаг. Энэ талаар хавтас хэрэгт байхгүй. Анхнаасаа А.Б юунаас болж маргаснаа 2 ч удаа  ярьсан байдаг.

Дүгнэлтэд онцгой ач холбогдол өгөх нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа тухайн үндэслэлийг заагаагүй, нөгөөх нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж  болохуйц нотлох баримтыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэдэг. Тэгсэн хэрнээ доор нь өөрсдийнхөө хүсэлтийг гаргахдаа яг энэ хуулийн заалттай нийцүүлсэн агуулгатай нэг ширхэгч зүйл байхгүй. Хутганы ажиллах хэсэг 2.1, 1.5 байна уу гэдэг нь Довдондоржийн үхсэн шалтгаантай ямар ч холбогдолгүй. Солонго шинжээч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2.1 см хэмжээтэй хутгаар хутгалагдах үед 2.1 см хэмжээтэй мөр үүсч болох уу” гэхэд “байж болно” гэсэн. Мөн хутгалах явц өөрөө орох, гарах гэсэн 2 процессоор явж байгаа.  Гарах үедээ нэмэлт мөр үүсгэж болно гэж тайлбарласан. Хэрвээ 2.1 см хэмжээнээс өргөн нь нэмэгдүүлсэн хэмжээтэй байх юм бол эргэлзээтэй байна. 2.1 см хэмжээнээс доош байх юм бол энэ 2.1 см мөрийг үүсгэх бүрэн боломжтой. Мөн хуулийн заалт харилцан зөрүүтэйд орж байна. Харилцан зөрүүтэй гэдэг нь харсан хараагүй, хутгалсан хутгалаагүй, ийм эсрэг зөрүүтэй байдлын аль нэгийг авахдаа шүүх алийг нь үгүйсгэснээ бичих ёстойг заагаад байгаа болохоос хутганы диаметр 2.1, 2.5 байх нь ерөөсөө энэ үндэслэлд хамаагүй юм. Хутгалагдсан шархнаас их хэмжээгээр цус алдсан учраас нас барсан. Хутганы ир дээрээ байхаар үхэхгүй, доороо байхаар үхнэ гэж байсан бол зөрүүтэй гэж үзээд аль нэгийг сонгож авах байсан байх. Хутганы ир дээрээ, доороо байх нь үхэлд хүрэх шалтгаанд хамаагүй юм. Шинжээч эмчийн байгалийн гэрэлд үзэж байгаа өөрийнхөө нүдэн баримжаагаар хандаж байгаа хутганы ир дээрээ, доороо гэсэн тайлбар юм. Тэрнээс биш дүгнэлтэд хамаагүй. Туяа эмчийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг явуулсан гэж байна. Шүүх хурлын ирцтэй холбоотой санал хүсэлтийг асуухад аль аль тал нь ирцтэй холбоотой санал хүсэлт гаргаагүй. Хутга цагаан өнгөтэй байсан, тийм өнгөтэй байсан гэж байна. Хэргийн газарт хуулиар үүрэг хүлээсэн мөрдөн байцаагч үзлэг хийсэн. Шинжээч нь оролцож байна. Тэр тусмаа  хэрэгт ач холбогдолгүй хураагаад авсан хутган дээр маргаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Мөн хутган дээр цус байсан байгаагүйг шинжээчээс тодруулъя гэж байна. Хутган дээр мөр үлдэх үлдэхгүйг шинжээч дүгнэхгүй, үлдсэн биологийн мөрөн дээр бүтцийг тодорхойлж хариулна уу гэхээс энэ хутган дээр үлдэх ёстой юм  уу, үгүй юм уу  гэдгийг шинжээчийн тусгай мэдлэгээс давсан асуулт асуух гээд байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Хэргийг уншихаар хамгийн түрүүнд биологийн шинжээчийг томилсон байдаг. Гарын мөр энэ тохиолдолд бүрэн арчигдах боломжтой. Биологийн шинжилгээг хэд хэдэн эрдэс бодис түрхэж авдаг, гарын мөр арилах бүрэн боломжтой учраас гарын мөр илэрээгүй гэж үзэж байгаа. Тийм учраас өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

           Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хэлснийг дэмжиж байна. Хэргийн газар Г нь аавыгаа дуудсан байдаг. Гын аав нь ирээд явуулсан байдаг. Үнэхээр энэ хэрэгт Г холбогдолгүй байсан юм бол Г хэргийн газраас зугтах шаардлагагүй. Мөн надаас 6 дугаар сарын 4-нд мэдүүлэг аваагүй. Надаас 6 дугаар сарын 12-нд мэдүүлэг авсан. Хавтас хэрэгт 6 дугаар сарын 4-нд авсан гэж байдаг. Үнэхээр талийгаачийн биед хутга орсон бол талийгаачийн цус байх ёстой. Хутга барьсан хурууны хээ байх ёстой. Тэгэхэд аль аль нь илэрээгүй. Иймд өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авна уу гэж хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Г “тус шүүх хуралдаанд тусгайлан гаргах тайлбаргүй. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхөө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тус эрүүгийн хэрэгт хууль ёсны хохирогчоор эцэг Ц.Мөнхөө миний бие оролцож байгаа ба мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийн материалтай танилцуулахад маш их гомдолтой байгаагаа хэлсэн. Түүнчлэн оршуулга, буяны ажлын зардалд нийт 14.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

Хүүгийн минь амь насыг хохироосноос хойш мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, прокурорын хяналт тавьж, анхан шатны шүүхээр шийдвэрлэх хүртэл нийт 4 сар гаран хугацаа өнгөрөхөд шүүгдэгч талаас нэг ч удаа уулзаагүй, буяны ажлын зардалд нэг ч төгрөг өгөөгүй атлаа гэмт хэргийн сэдэлт, зорилго болон хаана, хэзээ гарсныг тогтоогоогүй гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгаа нь хууль зүйн талаасаа ч, хүн чанараас ч гажууд зүйл болж байна. Мөн А.Б нь Б.Год зодуулсан эмчилгээний зардалд 725.984 төгрөгийг нэхэмжилж байгаа атлаа хүний амь насыг хохироосон үйлдэлдээ нэг ч удаа гэмшээгүй, нэг ч төгрөг буяны ажилд нь өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ч, анхан шатны шүүх хуралдаанд ч бидний зүгээс хуульч, өмгөөлөгч оролцуулаагүй, оролцуулах боломж ч гараагүй юм. Шүүгдэгчийн 2 өмгөөлөгчийн давж заалдах гомдолд, хүүгийн минь бие махбодид гэмтэл учруулаагүй, энэ хэрэг хэзээ, хаана болсон нь тодорхойгүй гэх мэтээр шүүгдэгчийг хариуцлагаас авч гарах гэсэн үйлдэл харагдаж байна. Мөн хүүгээ алдаад сэтгэл санаа тогтворгүй байгаа байдлыг минь хүндэтгэж үзэхгүй байна гэж үзэж байна. Маш их гомдолтой байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирлыг минь барагдуулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ц.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлтүүдийг зөрүүтэй гэж байгаа боловч аль гэрчийн мэдүүлгээр дүгнэлтүүд зөрүүтэй байгаа гэдгийг тодорхой зааж өгөөгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу урьдчилсан хэлэлцүүлэг хийх, мөн шинжээчийг оролцуулах тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй байж байгаад гэм буруугийн хурлын үеэр шинжээч оролцуулах тухай хүсэлт гаргасан. ...” гэв.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

           Шүүгдэгч А.Б нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд архидан согтуурч, улмаар М.Довдондоржийг хутгалж санаатай алсан гэмт хэрэг,

 

шүүгдэгч Б.Г нь 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд А.Бтай “барилгын ажилд тусалсангүй” гэж маргалдан, түүний нүүр, гар хөлөн тус газар цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхөөгийн “...Хүүг маань нас барсан талаар 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Гын ээж Урнаа гэх хүн манай эхнэр рүү залгаж хэлсний дагуу бид хэрэг болсон гэх газарт очиход хүү маань нас барсан байдалтай, хажууд нь Б мөн дээшээ хараад ухаангүй Г хэлбэртэй хэвтэж байсан. Гын аав нь “та нар хүрч болохгүй ээ” гэж хэлээд надад хүүхдийн минь цамцыг сөхөж харуулахад манай хүүхэд зүрхэн тус газартаа хутгалуулсан шархтай байсан. Эхнэр бид хоёрыг очиход уг газарт манай хүү, Б хоёр хэвтэж байсан. Харин Г байгаагүй, түүний аав ээж нь байсан. Г “яасан бэ” гэхэд машинаа аваад явчихлаа” гэж хэлсэн. Хэргийн газар талийгаачийн цогцос болон Быг зөөсөн, чирсэн байж болох ул мөр мэдэгдээгүй, тэр даруйдаа цагдаатай цуг тэр гудамжинд камер байгаа эсэхийг шалгаж үзэхэд ямар нэгэн хяналтын камер байгаагүй. ...” /1хх 48-49/,

хохирогч А.Бын “...Б.Г намайг “байшин барихад тусалсангүй”  гэх шалтгаанаар зодож, уг гэмтлүүдийг учруулсан. Талийгаач Довдондорж намайг огт зодож гэмтээгээгүй, миний биед гар хүрээгүй, салгах гэж зууралдсан. Б.Г намайг ганцаараа зодож гэмтээсэн. ...” /1хх 55-57/,

гэрч Т.Баттулгын “...Би хэргийн газар очиход Довдондорж хашааны хажууд дээшээ харсан байдалтай, харин Чика нь Довоотой толгойгоо нийлүүлчихсэн хэвтэж байсан. Б.Гын машины зөв талын буюу жолоочийн сууж байгаа талын хаалга онгойхгүй байсан. Тухайн хэрэг болсон газар нь манай гэрээс 300-400 метр орчим зайтай, очиход Б, Довдондорж нарын хэн хэн нь хөдөлгөөнгүй, ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийхгүй байсан. Б.Г гэрээсээ хутга, заазуур авч гараагүй. ...” /1хх 71/,

гэрч Н.Болорхүүгийн “...Дуудлагаар хэргийн газар очиход цэнхэр өнгийн төмөр хашааны хажууд буюу гэрлийн бетонон шугамны хажууд 2 хүн хувцас нь цус болсон, дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Хэргийн газар дээр анх очиход ойр орчим нь том пивоны сав, хар өнгийн малгай, ногоон иштэй заазуур зэрэг эд зүйл газарт байсан. Хэвтэж байсан хүмүүсийн ойролцоо хашааны ёроолд 1х1.5 метр зайд 2 хэсэг газар дээр цус мэт зүйлийн толбо, мөн тэр 2 хүний хувцас нь цус болсон байдалтай, цэнхэр өнгийн төмөр хашаа цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. Дээрх хүмүүсийг зөөж чирсэн байж болох ул мөр байгаагүй. Хэргийн газар машинтай хүмүүс ирсэн байсан бөгөөд цагаан өнгийн аксент машин байгаагүй. ...” /1хх 88/,

гэрч Б.Бэхбатын “...Уг газарт 2 хүн ухаангүй байдалтай, нэг нь дээшээ, нөгөөх нь доошоо харсан байдалтай байсан. Доошоо харсан байсныг нь эргүүлж дээш харуулаад үзэхэд нас барсан бөгөөд цээжний зүүн талын 4-5 дугаар хавирганы завсраар хутгалуулсан нүхтэй байсан.  Дээшээ харж хэвтэж байсан хүний биед үзлэг хийхэд нүүр, уруул нь цус болсон, хамар нь хавдсан байдалтай, сэрээх гэсэн боловч сэрээд буцаад нүдээ аниад хэвтээд байсан. Амнаас нь архи үнэртэж байсан. Тэднийг чирж зөөвөрлөсөн гэх байдал ажиглагдаагүй, газарт чирсэн мөр байгаагүй. ...” /1хх 91-93/,

шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн “...А.Бын биед үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Хамрын яс алдагдсан хуучин хугаралтай, хамрын таславч мурий, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай байна. Энэ хуучин гэмтлүүд нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө үүссэн хуучин гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь 9 хоногийн дотор бороолох боломжгүй. “Лазер мед” эмнэлгийн КТГ-д хоёр талын хацар ясны нум хуучин хугаралтай гэснийг давтан уншуулахад хуучин хугарал гэмтэл тогтоогдоогүй. А.Бын биед учирсан хамрын яс хэлбэр алдагдсан хуучин хугаралт, хамрын таславч мурий, баруун нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай гэсэн гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. А.Бын биед учирсан шинэ, хуучин гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 147-148/,

шүүгдэгч А.Бын яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 2-ны өдөр 22 цаг өнгөрч байхад Б.Г залгаж “хаана байгаа юм уулзъя, гараад ир” гээд бид уулзахаар болсон. Энэ үед Довдондорж ирсэн. Талийгаач бид хоёр дэлгүүр орж 0.5 литрийн Хараа архи, 2.5 литрийн пиво, нэг том ундаа аваад гарч машинд сууж байсан.  Юм ярьж сууж байснаа байшин барихад тусалсангүй гээд талийгаач бид хоёрт хэлэхэд талийгаач “юм янзлаад завгүй байсан. Завтай байсан бол тусална шүү дээ” гэсэн. Б.Г “сэтгэл байвал тусална ш дээ” гэж хэл амаар доромжлоод хамар руу цохисон. Хамарнаас цус гараад доошоо тонгойход дээрээс цохиод байсан. Машинд ороод суухад Б.Г, талийгаач хоёр муудалцсан. Би тэр хоёрыг орхиод чигээрээ гудамжаар яваад жалга руу очиж, жалганаас хутга аваад буцаж  гараад хоосон хашааны дэргэд зогсож байхад Б.Г, талийгаач нар машинтай над дээр хүрч ирсэн. Б.Г машинаас бууж ирээд “надтай таарах юм бол ална гэж хэлээ биз дээ” гээд намайг барьж боох үед талийгаач цаанаас боль гэж хэлсэн. Тэгээд би ухаан алдсан, юу болсныг мэдэхгүй. Би харих гэж яваад хутга жалганаас олсон, заазуур хаанаас авснаа санахгүй байна. Талийгаачийг би хутгалаагүй, Б.Г хутгалсан байх гэж бодож байна. Миний ухаан алдсан, сэрсэн газар өөр өөр газар байсан болохоор намайг зөөсөн байж магадгүй. Би гэрчээр мэдүүлэг өгөх үедээ согтуу, юу ярьснаа санахгүй байна. Гарын үсэг зур гэхээр нь зурсан. Миний биед учирсан гэмтлийг Б.Г учруулсан. ...” /1хх 212-214, 216-218/,

шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн “...А.Б хэл амаар доромжилж үгээр идээд байхаар нь хацар руу нь алгадчихсан чинь хамарнаас нь цус гарсан. А.Б, Довдондорж хоёр дахин дэлгүүр орж архи авах гэхээр нь би архи авах мөнгөөрөө миний машинд бензин хийгээд өгчих гэхэд “бензин хийх мөнгө байхгүй, архи уух мөнгө байна” гэж Довдондорж хэлсэн. Би архи уухгүй гэж хэлээд машинаа асаах гэж оролдож байтал машины гэрэлд Б хутга, заазуур барьчихсан хүрээд ирсэн. Тэгэхээр нь хаалгаа дотроосоо цоожлоод, машинаа асаагаад хөдөлтөл жолоочийн талын хаалга руу өшиглөөд хутга, заазууртай гараараа машины цонх руу цохиод байсан. Би  түүнээс холдох санаатай баруун тийш эргэж, төмөр хашааны завсраар гараад зам руу орох үед урдаас том чулуу шидээд машины урд копуд оносон. Тэр үед Довдондорж “овоо пизда вэ” гээд буугаад төмөр хашааны хажууд зодолдсон. Би буугаад салгах гэтэл жолоочийн талын хаалга онгойхгүй, нөгөө талын хаалгаар буух гэтэл цоож нь гацсан байсан. Тэгэхээр нь цонхоороо буугаад тэр хоёрыг салгатал Довдондорж над руу налаад унасан. Унахдаа “намайг хутгалчихлаа ш дээ” гэхээр нь газар хэвтүүлээд эргээд хартал А.Б миний хойноос хутга далайчихсан зогсож байхаар нь би түүнтэй ноцолдож байгаад хутгыг булааж аваад хашаа давуулаад шидсэн. А.Б  хаанаас хутга, заазуур авсныг мэдэхгүй байна . ...” /1хх 224-226/ гэх мэдүүлгүүд,

“...Шүүгдэгч Б.Гын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд...” /1хх 27-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1265 дугаартай “...Талийгаач М.Довдондоржийн цогцост цээжний зүүн урд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсараар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200мл/, цус алдалтын шок гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь цээжний зүүн урд дээд хэсэгт 3, 4 дүгээр хавирганы завсараар цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний баруун ховдлын урд хана, уушгины артерийг гэмтээсэн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий дэх хурц цус алдалт /2200мл/, цус алдалтын шокын улмаас нас баржээ. ...” /1хх 97/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 6968 дугаартай “...А.Бын биед хүзүү, зүүн чих, зүүн чамархай, баруун нүдний дотор булан, доод зовхи, хоёр сарвуу, баруун гуя, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 104/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 3211 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар хүрмэнд 35х16х25мм, 21мм, 10мм, улаан хүрэн майканд 18мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр шинэ зүсэгдэлүүд, дээрх хүрмэнд гарсан 21мм, улаан хүрэн майканд гарсан 18мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байж болно. Бусад зүсэгдэлтүүд нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. ...” /1хх 123/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 3346 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 38-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлсэн гэх дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн  тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Эдгээрээс илэрсэн эрэгтэй хүний цус нь ДНХ-ийн тогтоцоороо 3345 дугаартай шинжилгээгээр тогтоосон хутган дээр илэрсэн цус, 3343 дугаартай шинжилгээгээр тогтоосон А.Бын гэх хувцаснууд дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /1хх 153-154/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 4189 дугаартай “...Биологийн шинжилгээний 3870 дугаартай А.Бын гэх бэхжүүлэн хатаасан цус нь ДНХ тогтоцоороо 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 3343 дугаартай дүгнэлтээр тогтоосон А.Бын гэх хувцаснууд дээр илэрсэн цус, 3345 дугаартай шинжилгээгээр тогтоосон заазуур, малгай, №1 төмөр хашаан дээрээс бэхжүүлэн авсан гэх дээж, №2 38-11 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос бэхжүүлэн авсан гэх дээж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэх дүгнэлтүүд /1хх 187-188/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

              Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Быг хүнийг алсан гэмт хэрэг, шүүгдэгч Б.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Бын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч М.Довдондоржид хүч хэрэглэх явцдаа хутгалж санаатай алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Б.Гын А.Бтай “барилгын ажилд тусалсангүй” гэж маргалдан, түүний нүүр, гар хөлөн тус газарт цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.                                                                                                                                                                                                                   

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Н.Баатардорж нь “...Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй, шинжээчийг оролцуулалгүйгээр шүүх хурал хийсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх үндэслэл болж, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй болсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Д.Батбаяр нь “...гэмт хэрэг хэзээ, хаана гарсныг тогтоогоогүй. ...шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмыг хангаагүй...  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Шүүгдэгч Б.Г хүн амины хэрэг гарсан талаар тэр даруй гэр лүүгээ ярьж, улмаар цагдаагийн байгууллага, түргэн тусламжийн эмч нэн даруй ирсэн болох нь: гэрч Б.Энхтуяа “...2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө манай дүү Б.Г  өөрийн 99789415 дугаараас 01 цаг 14 минутад залгаж нилээн сандарсан байдалтай “аавтай яръя, аавыг дууд” гэхээр нь би уурлаад “яах гэж байгаа юм , аав унтаж байна” гэтэл “Чика Довоог хутгалчихлаа” гэсэн. ...” /1 хх 42/,

гэрч Т.Баттулга “...охин Энхтуяа намайг сэрээгээд “Г ярилаа Довыг Чика  хутгалчихлаа аавыг хурдан явуулаач гэж хэлсэн. ...”, тэгээд хэргийн газар 01 цагийн үед очиход талийгаач урагшаа, Б зүүн тийш харсан байдалтай хоёулаа дээшээ харчихсан хэвтэж байсан. ...” /1 хх 49, 71/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мөнхөө “...Шөнө 01 цагийн үед Гын ээж Урнаа манай эхнэр рүү залгаж хэлсний дагуу бид нар хэрэг болсон гэх газарт очсон. Очиход хүү маань нас барсан байдалтай, газар шороон дээр дээш хараад хэвтэж байсан. ...” /1 хх 44/,

гэрч Б.Жавзанпагма “...Шөнө унтаж байтал 01 цаг 25 минутын үед манай зүүн талын айлын Уранчимэг хүн миний утас руу залгаж хүрээд ир гэж хэлсэн. Хэрэг болсон газар нөхөртэйгээ очиход хүү маань зүрхэн тус газартаа нэг удаа хутгалуулчихсан байдалтай нас барсан байна гэж хэлсэн. ....” /1 хх 72,

гэрч Н.Болорхүү “...шөнийн 01 цаг 19 минутанд хэлтсийн жижүүрээс хүн хутгалуулсан байна гэсэн дуудлагын дагуу хэргийн газарт 5-6 минутын дараа очиход Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буян-Ухаагийн 25 дугаар гудамжны зүүн үзүүрт цэнхэр өнгийн төмөр хашааны хажууд гэрлийн бетонон шугамны 2 хүн хувцас нь цус болсон, дээшээ харсан байдалтай, нэг нь нас барсан байсан. ...” /1 хх 88/,

гэрч Д.Бэхбат “..шөнийн 01 цаг өнгөрч байх үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянх-Ухаагийн 25 дугаар гудамжны үзүүрт хутгалуулж цус алдсан хүн байна гэх  дуудлагаар  хэргийн газар дээр очиход цагдаагийн алаг машинтай албан хаагч нар ирээд хамгаалт авсан байсан. ...” /1 хх 91/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогддог бөгөөд үүнээс дүгнэхэд, тухайн гэмт хэрэг нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд 6 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө 01 цаг орчимын үед гарсан байна.  Иймээс хэрэг гарсан цаг хугацаа, хаана, хэзээ үйлдэгдсэн гэдгийг дахин шалгах шаардлагагүй. Хэрэгт авагдсан баримтаар гэмт хэрэг гарсан цаг хугацаа, газар тогтоогдсон байна.

Мөн өмгөөлөгч Д.Батбаяр нь анхан шатны шүүх хуралдааны үед гэм буруугийн талаар дүгнэлт өгөх хугацааг улсын яллагчид 8 минут, шүүгдэгчийн 2 өмгөөлөгчид өмгөөлөл явуулах хугацааг тус бүрт 4 минутаар тогтоож, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж байгаа боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй, хуралдаанд хэргийн оролцогч бүр тайлбар мэдүүлгээ гаргасан, мэтгэлцэх зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж хэргийн газраас олдсон хутгаар М.Довдондоржийг хутгалсан юм бол амь хохирогчийн цус хутганаас илрэхгүй, шүүгдэгч А.Бын цус уг хутганд илэрч байгаа нь ойлгомжгүй талаар  давж заалдах гомдолдоо дурджээ.

Шүүгдэгч Б.Г машинд хамт сууж байхдаа арын суудалд сууж байсан шүүгдэгч А.Бын нүүрэн тус газар цохисноос болж, А.Бын хамарнаас цус гарсан болохыг шүүгдэгч Б.Г, А.Б хэн аль нь мэдүүлдэг. Уг машинд асгарсан цус нь шүүгдэгч А.Бямбажавын цус  болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 4189 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Хэргийн үйл баримтыг сэргээн үзэхэд, шүүгдэгч А.Б энэ үйлдлийн улмаас уурлаж машинаас гарч яваад хэсэг хугацааны дараа  хутга, заазуур барьж ирсэн. Шүүгдэгчийн цустай гараараа барьсан хутганаас түүний цус илэрсэн байх бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд хуульд нийцэж гарсан, хутганд шүүгдэгч А.Бийн цус илэрсэн нь эргэлзээ бүхий байдал үүсгээгүй, шинжээч дахин томилох шаардлагагүй байна.

Анхан шатны шүүхээс шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулахаар дуудсан боловч 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд шинжээч эмч Н.Туяа нь Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд шинжээчээр оролцох тул очих боломжгүй гэж тайлбар /2хх 135/  өгсөн байх бөгөөд энэ шалтгааны улмаас шинжээч хуралд оролцоогүй, шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох  баримтын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг хууль зөрчсөн гэж үзэх  үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч А.Б, Б.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бт 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Год 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шинжээчийг дахин томилж, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй тул өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын гаргасан “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

            Давж заалдах шатны шүүх  2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр   А.Баас гэрчээр авсан мэдүүлгийг яллах нотлох баримтын хэмжээнд тооцсонгүй. Учир нь, шүүгдэгч А.Баас гэрчийн мэдүүлэг авахдаа түүнийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүн амины хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд болохыг сануулалгүйгээр гэрч гэж үзэж мэдүүлэг авсан байна.  Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “яллагдагч өөрийн  эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн талаар нотлох үүрэг хүлээхгүй” байх  хуульд заасан  эрхийг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 617 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    

                        ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ