Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 124/ШШ2021/0053

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Завхан сумын Шар булаг багт оршин суух, иргэн Б овогт Т-ийн Т-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Завхан сумын Засаг даргад холбогдох,

“Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Т.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Т овогтой Т миний бие 1973 онд төрсөн, 48 настай. Миний бие 1989-1992 онд Ховд аймгийн ХАА Техникумыг малын эмч мэргэжлээр төгсөж дипломын дээд боловсрол эзэмшсэн. 2006-2008 онуудад Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академид 7 удаа төрийн удирдлагын менежерийн сургалтад хамрагдаж үнэмлэх, сертификат авсан, 2020 онд мөн сургуульд суралцаж Төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж "Ахлах түшмэлийн зэрэг" авсан.

Би 1992-1993 оны хооронд Завхан суманд малын эмчээр ажиллаж байгаад 1993-1994 оны хооронд Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. 1996-1998 оны хооронд Завхан сумын ЗДТГ-т ХАА хариуцсан түшмэл, 1998- 2000 оны хооронд мөн сумын ЗДТГ-т газрын даамлаар, 2005 оны 03 сарын 18-ны өдрөөс 2021 оны 04 сарын 08-оныг хүртэл хугацаанд Завхан сумын ЗДТГ-ын даргаар ажилласан.

Би 2005 оны 10 сарын 05-ны өдөр Завхан сумын ЗДТГ-ын даргын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн Завхан сумын Засаг даргын 1115 оны 11 сарын 04-ний өдрийн 51 дугаар захирамжаар тус сумын ЗДТГ-ын даргаар томилогдсон. Улмаар 2006 оны 11 сарын 15-ны өдөр тангараг өргөж төрийн жинхэнэ албан хаагч болсон.

Т.Т би Завхан сумын ЗДТГ-ын даргаар 16 жил ажилласан байх ба төрийн албыг шударгаар биелүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан. Үүний баталгаа нь манай сум ажлын үзүүлэлтээр аймагтаа 2007 онд 5 байр, 2010 оны ажлаар 4-р байр, 2017 оны ажлын үзүүлэлтээр 2-р байр, 2018 оны ажлын үзүүлэлтээр 1-р байр, 2020 оны ажлын үзүүлэлтээр 6-р байр эзэлж байсан явдал юм. Энэхүү нэр хүндтэй ажлыг хийж байхдаа 2015 онд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар "дэслэгч" цол хүртсэн. Төрийн албаны ажлыг сайн хийж гүйцэтгэж байсан учир аймгийн засаг даргын шийдвэрээр зэрэг дэв авч байсан ба хамгийн сүүлд аймгийн засаг даргын 2020 оны А/290 дугаар захирамжаар "Ахлах түшмэлийн тэргүүн” зэрэг хүртэн ажил үүргээ гүйцэтгэж байсан.

Би ажиллах хугацаандаа Төрийн албаны тухай хууль болон төрийн албаны стандартыг орон нутагт хэрэгжүүлэх, сурталчлах, мөрдүүлэх ажиллагааг тасралтгүй зохион байгуулж үнэнч шударгаар ажиллаж байсан юм. Гэтэл сумын Засаг дарга А.Я нь "Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур, албан тушаалын тодорхойлолтод заасан бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсанд гомдолтой байна. Миний хувьд ажилдаа ажил, мэргэжлийн хувьд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй билээ. Харин ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан гэж удаа дараа шагнагдаж байсан юм. Гэтэл сумын Засаг дарга намайг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.18-т заасныг тус тус үндэслэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т зааснаар төрийн албанаас халсан.

Миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэж үзэж байна. Энэ нь надад ирүүлсэн мэдэгдэл гэх зүйлээс харагдаж байна. Учир нь тухайн мэдэгдэлд сонсох ажиллагааг хэзээ, хаана явуулах талаар дурдаагүй байсан ба намайг тайлбар гаргах боломжит хугацаагаар хангаагүй. Хэлбэрийн төдий мэдэгдэл гардуулж өгсөн гэж үзэж байна.

Би Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй болно. Тухайн захирамжид намайг дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн ямар шийдвэрийг биелүүлээгүй болох нь тусгагдаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хэрхэн зөрчсөн, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх ямар үндэслэл байгаа нь тодорхойгүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18-д заасан хуульд тогтоомжид заасан бусад үүрэг гэдэгт ямар хууль тогтоомжид тусгайлан заасан үүргээ зөрчсөн гэдэг нь тодорхой байх ёстой байдал энэ талаар юу ч тусгаагүй байна. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд намайг Төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн гэж үзэн ажлаас халж байгаа нь үндэслэлгүй болох нь харагдаж байна.

Мөн энэхүү маргаан бүхий актын үндэслэлээс харахад намайг дээд боловсролтой байх гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэн ажлаас чөлөөлж байгаа, сахилгын зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халж байгаа хоёрын аль нь болох нь тодорхойгүй байна. Засаг дарга А.Я нь Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 03-ны өдрийн Б/94 тоот захирамжаар Завхан сумын Засаг даргаар хууль зөрчиж томилогдсон. Монгол улсын Авлигатай тэмцэх газрын 2020 оны 11 сарын 13-ны өдрийн 05/13024 албан тоотоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь заалтын дагуу урьдчилсан мэдүүлгийн хянуулахад Завхан сумын засаг даргаар А.Я нь Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5.2-т заасан "Сум дүүргийн засаг дарга нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх" хуулийн шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон байдаг.

Ингэж хууль бусаар томилогдон Засаг даргаар ажиллаж эхэлсэн үеэс эхлэн надад удаа дараа хууль бус шаардлага тавьж байсан. Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны үйлчилгээний албан хаагч нарыг ажлаас нь халж өөрийнх нь дэмжигч намын хүмүүсийг ажлын байраар ханга гэдэг шаардлага тавьж байсан. Миний бие энэхүү хууль бус шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдэг хариуг тухайн үед нь удаа дараа Засаг даргад өгч байсан. Гэтэл ЗДТГ-ын ажилтнуудыг өрөөндөө дуудаж хууль бус шаардлага тавьж “ажлаа өг гэдэг байдлаар “ажлын байрны дарамт үзүүлсэн байсан. Энэ талаар холбогдох ажилтнууд нь гэрчилнэ. Засаг дарга А.Я нь надад мэдэгдэл өгснийхөө дараа чи миний хүсэлтийг хүлээн албал би чамтай эвлэрч болно гэсэн ба тухайн эвлэрэх санал нь өөрийнх нь санал болгосон хүмүүсийг ажлын байраар хангах явдал байсан. Би ийм хууль бус зүйлтэй эвлэрч чадахгүй байсан учир тухайн саналыг нь хүлээн аваагүй. Засаг дарга намайг ажлаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.18-т заасныг тус тус үндэслэсэн байна. Надад ирүүлсэн мэдэгдэлд энэ талаар дурдаагүй байсан ба сүүлд захирамж гаргахдаа нэмж бичжээ.

Төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг алдагдуулж улс төрийн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр Үндсэн хуульд заасан миний хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсанд гомдолтой байна. Би Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд 2021 оны 04 сарын 20-нд гомдол гаргасан бөгөөд миний гомдлын хариуг 2021 оны 05 сарын 9-ны өдөр шуудангаар ирүүлсэн. Төрийн албаны зөвлөл миний гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүхэд хандаж байна. Дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Б/04 дугаар "Ажлаас халах тухай" захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож өгнө үү ” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие нь 1978 онд Завхан сумын Шарбулаг багт төрсөн одоог хүртэл сүмандаа ажиллаж амьдарч байгаа 2011 онд Ховд Эрдэм дээд сургуулийг Нягтлан бодогч мэргэжлээр, 2019-2020 онд Иргэний Боловсрол Академи тус тус төгссөн. 2008- 2016 онд Сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгч, 2013-2016 онд Засаг даргын Тамгын газарт Төслийн зохицуулагч, 2016- 2020 он хүртэл Бэлчээр Ашиглагчдын Холбоо ТББ-ын тэргүүн, 2017-2020 онд тус сумын Ардчилсан намын Даргаар ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 03-нд Сумын Засаг даргын албан тушаалд томилогдон ажиллаж байна. Ард иргэдийнхээ итгэл найдвараар сонгогдсон тул төрийн ажил үйлчилгээг хууль дүрмийн хүрээнд чанартай түргэн шуурхай, ил тод, шударга явуулахаар зорилго тавин ажиллаж байна.

Миний бие нь 2021.04.08-ны өдөр Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Т-ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан.Төрийн ажлыг сайжруулах ил тод байлгах талаас нь амаар болон албан бичгээр хэд хэдэн удаа шаардлага тавин ажиллах гэж үзсэн боловч байнга өмнөөс шаардлага тавьж мөн эсэргүүцэж хэл амаар доромжлох, дарамтлах, сүрдүүлэх гэх мэт ёс зүйгүй хэрээс хэтэрсэн үйлдлүүд гарсан.

Мөн Засаг даргын Тамгын газрын ажилчдын мэргэжил ур чадварын түвшин тогтоох зөвлөлөөр албан тушаалын тодорхойлолтод заасан бакалавр ба түүнээс дээш боловсролтой байх гэсэн шалгуурыг хангаагүй гэсэн шаардлагаар уг шийдвэрийг гаргасан.

Т.Т нь 16 жил төрд ажиллаж төрийн өндөр албан тушаал хашихад төр, иргэд хугацаа боломжийг олгосон байхад төрийн ажлыг хүндлэх, чанартай түвшинд хийж гүйцэтгэхийн тулд сурч боловсролоо дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллаагүй мөн намайг Сумын Засаг даргын ажлыг авснаас хойш олон удаа өрөөнд орж ирж би олон жил ажилласан туршлагатай боловсролтой хүн гэж өөрийгөө магтаж ёс зүйгүй ааш авир гарган ажиллах бүрэн эрхэнд удаа дараа халдсан.

Т.Т нь ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан гэх боловч албан тушаалаа урвуулан ашиглаж иргэд бид мэдэхээс л санхүүгийн ашиглан болон ёс бус авирлах, ажлын байран дээр архидан согтуурах, зарим ажилчдаа дарамтлах, элдэв зүй бусаар харьцдаг нь баримтаар нотлогдоно. Жишээ нь: 2017 оны 05 сарын 26-ны өдөр Увс аймгийн Аудитын актаар Иргэдийн Нотариатын үйлчилгээний хөлс 822,9 мянган төгрөгийг төрийн сангийн дансанд тушаалгах ёстой байтал хувийн дансанд төвлөрүүлж ашиглаж байсан. Энэ мэдээлэл нь мэдээллийн самбарт хүртэл тавигдсан байсан.

2020 оны 03 дугаар сарын 24 -ний өдөр Засаг даргын Тамгын газарт ажлын өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэж Сахилгын шийтгэл авч байсан.Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан М.Даваасүрэн нь элдвээр доромжилж түлхэж унагаж, зодож гэмтэл учруулж байсан гэж гомдол мэдүүлсэн. 2019.12.28-нд Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд ажлын хамт олны шинэ жил тэмдэглэж архидан согтуурч Засаг даргын Тамгын газрын өмч хөрөнгө болох аяга, стакан гэх мэт эд зүйлсийг хагалж сүйтгэж зодоон гаргаж байсан. /хамт олон нь гэрчилнэ/

Ажиллах хугацаандаа зөрчил дутагдлуудыг удаа дараалан гаргаж байсан боловч өмнөх дарга нар арга хэмжээ авдаггүй харин ч шагнаж байсан гэж өөрөө нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Төрийн албан тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 \дээд боловсролтой байх\, 26 дугаар зүйлийн 26.2. \энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1 д заасан шалгуурыг хангасанд тооцно\ гэсэн заалтыг хангаагүй гэж үзсэн болно.

37.1.6 харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэсэн заалтыг зөрчсөн. Төрийн үйлчилгээг чанартай хуулийн хүрээнд явуулахын тулд амаар болон бичгээр удаа дараа үүрэг даалгавар /2021.02.02, 2021.03.05/ албан тоот, өгөхөд тайлбар бичиж өгсөн бөгөөд хугацаанд нь биелүүлээгүй. Жнь: Байгууллагын 2013 оны дотоод журмыг өөрчлөх санхүүгийн мэдээллийг ил тод байлгах шилэн дансны мэдээллийг цахимд тавьж байршуулах.

Төрийн албаны зөвлөлөөс 2020.12.23-ний 101 албан тоот, 2020.12.25-ний 104 албан тоотуудын дагуу хууль бус томилгооны зөрчлийг таслан зогсоож судалгааг гарган явуулах үүрэг даалгаврыг өгсөн бөгөөд хүн ажлаас хал гэж хэлээгүй.

Ковидтой холбоотой иргэд аж ахуйн нэгжээс өгсөн хандивын тооцоог 2020 онд багтааж дансанд төвлөрүүл гэсэн үүрэг өгсөн боловч төвлөрүүлээгүйн улмаас 2020 оны тайлангийн аудитын дүгнэлтээр зөрчил гарч акт тавигдсан тул 2021.03.24-ний өдөр Орлогч дарга М.Цовоохүүгээр Нягтлан бодогч С.Мөнхцэцэгээс бэлнээр авч Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд тушаалгаж зөрчлийг арилгасан баримтыг хавсаргав. Мөн өвс, тэжээлийн тооцоог хийж өр төлбөрийг барагдуулж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах гэсэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийн дагуу тооцоог барагдуулах гэх мэт үүрэг даалгаврыг олон удаа Т.Т-т өгч байсан боловч биелүүлдэггүй болно.

37.1.7 Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн заалтыг Шаардлага тавьж үүрэг даалгавар өгөхөд өмнөөс байнга эсэргүүцэж ёс зүйн хэм хэмжээ байгууллагын соёл, дэг журмыг сахиж чаддаггүй. 2021.3.31-нд ажлын өрөөнд орж ирээд шүлсээ хаяад түй май та нар танайхан хэзээ ийм байсан юм. Миний нэр хүндээр тоглосон цэцэрлэгийн эрхлэгч авгай руу яриад миний эхнэрийг хөөлгөчих сургуулийн захирал руу яриад миний 2, 4 р ангид хоёр хүүхэд байгаа хөөчих чам шиг юм барахгүй шүү гэх мэтээр хэлж дарамталсан. Та юу яриад байна би яахаараа танай эхнэр хүүхдээр оролдох юм бэ та бид хоёрын хооронд албан ажил явагдаж байна гэж хэлсэн өөр би юу ч яриагүй энэ яриаг СИТХДарга Н.Цэвээн сонсоод сууж байсан. Т.Т-т олон удаа үүрэг даалгавар өгөхөд биелүүлэхгүй янз бүрээр дарамталдаг учраас сүүлийн хэдэн удаагийн үгийг тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулж авсан./тэмдэглэл хөтөлж Таар гарын үсэг зуруулсан баримтыг хавсаргав/

Миний бие болон ИТХурлын дарга, Орлогч дарга бид Төсөвт байгууллагуудаар орж нөхцөл байдалтай танилцахад Эрүүл мэндийн төв ковидтой холбоотой ажиллах нөхцөл байдал дутмаг байсан иймд бид Тамгын дарга Т.Т-т Ковидтой холбоотой ард иргэд Аж ахуйн нэгжүүдийн өгсөн хандивын мөнгөнөөс Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр нэн шаардлагатай эрүүл мэндийн ажилчдын судалгаагаар гаргасан халаад, маск, болон бусад эд зүйлсийг авч өгье гэсэн шийдвэр гаргахад бэлэн мөнгө байхгүй нягтлан С.Мөнхцэцэг Засаг дарга Б.Пүрэвгончиг 2 т байгаа яахаараа эмнэлэгт юм авч өгдий эмнэлгийн хэдэн балай авгай даварсан гичийнүүд хуцаад байгаа юм дандаа юмгүй гэж байдаг өөрсдөө шийднэ биз бид өгөхгүй гэж хайрцагтай хэрэгсэл миний өрөөнд оруулж ирж өшиглөж над руу дайрсан.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Цэвээнийг элдвээр хэлж, нэр хоч өгч хөгшнөөр нь дуудаж, утсаар бичлэг хийх нүү гэх мэтээр өрөөнд нь орж эрхэнд нь халдаж дарамтлан ажиллах эрхэнд нь халдсан тул Засаг даргад хүсэлт ирсэн.

37.1.18. хууль тогтоомжид заасан бусад үүрэг; Орлогч даргыг томилоход ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг явуулах ёстойг Монгол шуудангаар албан бичиг нь ирсэн байсныг Т.Т танилцуулаагүй хариу явуулаагүй өөр дээрээ хадгалсан байсан. Орлогч даргын Ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Хурлын нарийн бичиг гаргаж явуулах ёстой гэж Т. Т хэлж хурлын нарийн бичиг С. Энхцацрал мэйлээр АТГазар луу явуулсан боловч Ажил үүргийн хувьд Тамгын дарга явуулах ёстой байсан. Комиссар Ганхуяг гэдэг хүн засаг дарга намайг танд арга хэмжээ авна хугацаатай хоёр бичиг хожимдуулсан гэж ярьсан. Иймд миний бие Увс аймгийн шуудан холбоо Сумын шууданчаас асууж эрэл сураг болж байж 2021.01.21, 2021.02.05-ны албан тоотын хариуг 2021.03.23-ны өдөр мэйлээр хүргүүлж ажилласан бөгөөд уг бичгийг сумын шууданч Лхамхүү нь Т.Т-т гарын үсэг зуруулан өгснийг баримтаар авч ирж өгсөн.

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг; Увс аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/10/А2050409 УВА-2021/113/СТА-ТШЗ, 01/09/А2050409 УВА-2021/113/СТА-ТШЗ тус тус албан тоотоор акт тавигдсан.

48.1.3. дээрх хуулийн заалтуудыг хангаагүй буюу зөрчсөн тул халах гэсэн заалтыг оруулсан.Т.Т нь Хөдөө аж ахуйн Техникумыг малын бага эмч мэргэжлээр төгссөн боловч боловсролын Сайдын Дээд боловсрол эзэмшсэнд тооцох гэсэн тушаал олдохгүй байгаа болно.

Сонсголыг Хуулийн дагуу холбогдох хүмүүсийг байлцуулан хурлын тэмдэглэл хөтлөн мэдэгдэж өгсөн. Мэдэгдлийг өгөхөд төрд 16-н жил ажиллаа ордог нэг өдөр байхад гардаг нэг өдөр байдаг, хааны алба халаатай эзний алба ээлжтэй одоо гомдох зүйлгүй та хамтарч ажиллах саналгүй байвал би хүлээн зөвшөөрөөд ажлаа одоо өгөхөд бэлэн байна гэж хэлсэн.

Өмнө нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй төрийн ажилд үзэл бодол нэгдэж нийцэж ажиллахгүй, төрийн ажил гацаж удаашралтай байсан. Иймд би тантай хамтарч ажиллахад хэцүү байна. Таныг ажлаас чөлөөлнө гэж хоёроос гурван удаа өөрт нь дуулгаж байсан. Ингэж хэлэхэд чам шиг юм намайг ажлаас халж чадахгүй чадвал халаарай чам шиг юм төрөөр тоглохгүй, би төрөөр дутахгүй.

Төрийн боол болж 16-н жил боллоо нэг өдөр амбаардаад өшиглөөд хөөх биз төр хүнийг ашиглаад хөөгөөд зайлуулдаг шүү дээ гэх мэт хэрцгий үгээр хариулт өгдөг байсан. Ёс зүйгүй байна үлгэрлэн манлайлагч байх ёстой удирдах удирдуулах ёс, захирах, захирагдах ёс, байхгүй байна гэдгийг олон удаа хэлсэн боловч дахин ийм алдаа гаргахгүй гээд уучлалт гуйгаад гар барин гардаг боловч алдаагаа засаж чаддаггүй өөрөөсөө биш өрөөлөөс алдаагаа хайдаг.

Мөн төрийн ажлыг ил тод иргэдэд нээлттэй шударгаар хийх санал олон удаа амаар хэлж бичгээр өгсөн боловч удаа дараа биелүүлээгүй, удирдах удирдуулах, захирах захирагдах ёс гэдгийг баримталж ажилладаггүй

Ажлаас халах гол үндэслэлийг бакалавр ба түүнээс дээш боловсролгүй гэж үзсэн мөн хууль зөрчиж гаргасан алдаа дутагдлуудыг захирамж нь дээр оруулж өгч ажлаас халах хүртэл арга хэмжээ авсан болно.

Т.Т нь ажлаас халсан талаар нэхэмжлэл гаргасан юм уу миний албан тушаалтай холбоотой гомдол гаргасан хоёрын аль нь болохыг тодорхойгүй байна.

Миний бие нь энэ хүнд ямар ч хууль бус шаардлага тавьж байгаагүй хэнийг ч ажлаас хал гэж хэлээгүй намын үзэл бодол гаргаж ажлаагүй ажилчдадаа хууль бус шаардлага тавьж ажлын байрны дарамт үзүүлээгүй харин төрийн албыг тогтвортой шударга зарчмаар хувийн ашиг сонирхлоос ангид үндсэн хууль дүрмийн дагуу гүйцэтгэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна...

2021.01.18 өдрийн Аймгийн Засаг даргын Бүтэц, орон тоо шинэчлэн баталсан захирамж ирсэн, 2021.02.02-ны өдрийн албан бичгээр Чиглэл хүргүүлж хэрэгжүүлж ажил гэхэд уурлаж чиний мэддэг төр биш миний мэддэг төр би ЗДТГ-ын бүтэц орон тоог мэдэж авдаг гэж дайрсан мөн нягтлан С.Мөнхцэцэг нь нэг дэх өдрийн байгууллагын хурал дээр чи юу мэддэг юм бид мэддэг адилхан Өлгий сум операторын орон тооны ажилтан ажиллуулж байна манайх ажиллуулахыг чи мэддэг юм уу гэж дайрсан.

2020.12.18-нд нягтлан С.Мөнхцэцэгийн төрсөн өдөр гэж хэсэг хүмүүстэй ЗДТГ-ын үйлчлэгчийн өрөөнд архи ууж байсан. Удаа дараа архи, тамхи ажлын байран дээр хэрэглэдэг болно.

Байгууллагын шилэн дансны мэдээ мэдээллийг сар бүр шилэн дансны сайтад байршуулах байгууллагын ажилчдад ил тод мэдээлэх үүрэг даалгавар өгсөн боловч төсвийн шууд захирагч Т.Т, нягтлан С.Мөнхцэцэг нар хийж гүйцэтгээгүй учраас Аймгийн санхүүгийн хяналт, аудитын албанаас 2021.04.28-ны өдрийн арга хэмжээ авах албан бичиг ирсэн болно.

Миний бие ажилд орсноос хойших санхүүгийн материалаа авч үзэж танилцахад миний гарын үсгийг замын хуудсан дээр хуурамчаар зурсан байсан мөн жилийн эцсийн малын хяналтын тооллого хийж яваагүй боловч хяналтын тооллого хийхэд гэж нэр бүхий хүмүүст бензиний бичиг хийж зарцуулалт хийсэн байсан мөн өөр хийгдээгүй ажлуудад зарцуулалт хийгдсэн байсныг холбогдох мэргэжлийн байгууллагаар нь шалгуулж байна.

ЗДТГ-ын хамт олныг шаардлага хангаагүй зориулалтын бус өрөөнд суулгасныг өмнө нь 10 жил суугаад ажиллаж болж байсан өрөөнд нь суулгаж ажил үйлчилгээг үргэлжлүүл гэхэд шууд чи муу мэддэг юм уу би мэддий гэж хэлж Засаг дарга миний өрөөнд Нягтлан С.Мөнхцэцэгийн хамт орж ирж загнаж дарамталсан учраас С.Мөнхцэцэгийн 2 удаагийн ёс зүйн талаас гомдол гаргасныг Тамгын дарга Т.Т-т хүргүүлсэн боловч хариу арга хэмжээ аваагүй

Иргэдээс байнга гомдол мэдээлэл ирж байгаа орж гарсан уулзсан иргэдтэй дээрэлхүү харьцдаг харилцааны соёл муу ЗДТГ хамт олон ажил үйлчилгээгээ бие бие рүүгээ зааж хүндрэл учруулдаг гэсэн гомдлууд ирсээр байна. Мөн ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан иргэд байнга загнадаг байсан мөн зодож унагаж байсан гэсэн гомдол ирсэн.

Мөн ажилчдаа өрөөнөөсөө камераар харж чи тэр даргын өрөөнд түдэн удаа орлоо ямар ажилтай дарга руу гүйдэг юм гэх мэтээр болон өмссөн хувцас хунараа хараач балай юм гэх мэтээр дарамталдаг гэсэн гомдлууд ирдэг.Өмнө нь Иргэдэд төрийн үйлчилгээг тэгш бус үзүүлдэг ажлын байран дээр архи уудаг, ядарсан иргэд ААНэгжүүдэд бичиг сэлт хийж өгөхгүй салаа гаргаж хүнийг доромжилсон гэх гомдлууд ирсэн.

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ над руу залгаж Т.Т Ягаантай нийлж ажлаас халсан гэж дарамталсан чаат бичээд байна ямар учиртай юм бэ гэж асуусан. Аймгийн тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ гэдэг хүн миний энэ ажилд ямар ч хамааралгүй болно.

Т.Т нь ажиллаж байх хугацаандаа Ковидын хүнд хэцүү нөхцөлд Улаанбаатар хотоос ирсэн ангийн нөхөд Э-г Сумын Онцгой комиссын дарга миний биед мэдэгдэхгүйгээр тусгаарлах байранд оруулах хүнийг өөрөө дур мэдэн гэрийн тусгаарлалтад оруулсан байснаас ковидын түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад сөрөг, эерэг гарч сумын ард иргэдийн дунд бухимдал үүссэн. Мөн Т.Т нь хатуу хөл хориотой үед Улаангомд эмнэлэгт хэвтэж байгаад сумын Онцгой комисст мэдэгдэлгүйгээр гэртэй ирсэн байсныг иргэдийн гомдол мэдээллийн дагуу сумын хэсгийн төлөөлөгч Г.Галдмаа , Орлогч дарга М.Цовоохүү нар очиж асуумж авахад би Аймаг явах гэж хоёр удаа завдсан боловч яваагүй гэж худал мэдүүлсэн, шинжилгээг авахад эерэг гарч аймагт хүргүүлсэн гэх мэт зөрчлүүд гаргадаг. /Хулгайгаар орж ирснийг сумын Онцгой комисс гомдол гарган цагдаад хандсан. Мөн баримтыг хавсаргав./

Байнга өрөөнд орж ирж дарамталдаг би сүүлдээ юу ч дуугарахаа больсон зөндөө загнаж байгаад би сүүлийн үед ийм ууртай болоод байна уучлаарай гээд гар бариад гардаг. Дахиад уур нь хүрэхээр орж ирж уурладаг.Ийм ёс зүйгүй, Төрийн хууль дүрмийг дээдэлдэггүй, алдаа дутагдлаа засдаггүй хүнтэй хамтран ажиллах боломжгүй тул хариу үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Хариуцагч Завхан сумын Засаг дарга шүүхэд өгсөн нэмэлт тайлбартаа: Т.Т-т амаар үүрэг даалгавар өгөөд биелүүлэхгүй байсан учраас 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Чиглэл хүргүүлэх тухай 31 тоот, 02 дугаар сарын 23-ний өдрийн 52 тоот бичгээр даалгавар, үүрэг чиглэл өгсөн . Албан бичигт дурдагдсан үүрэг даалгавар, чиглэлийг бүгдийг биелүүлээгүй. Ковидоос үүдэлтэй цаг ашиглалтыг сайжруулах үүднээс шаардлага өгсөн. Тухайлбал 9 цагт ядаж ажилдаа ирж баймаар байна гэхэд зарим сумууд ажилдаа ирэхгүй байгаа гэрээс ажлаа хийх эрхтэй гэх мэтээр хариу хэлдэг. Сумын ЗДТГ-ын өмч зоорины хадгалалт хамгаалалт сайжруул хүүхэд хөгшид ороод уначих вий гэхээр тэгээд байж л байг удахгүй актлагдана гэх мэтээр хариу өгдөг. Миний хувьд амаар ойлголцох байдлаар хэлсэн боловч чадахгүй гэхээр бичгээр албан даалгавар өгсөн. Манайх төрийн албаны шалгалт өгөөгүй ажилтан байсан. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс 3,4 бичиг ирсэн байдаг. Шалгалтад орох хүмүүсээ бэлтгэх шаардлагатай байна гэдэг шаардлага тавьдаг. Байгууллагын дотоод журам 10 гаруй жил болсон байсан. Үүнийг хууль дүрэмтэйгээ нийцүүлээд шинэчлэх шаардлагатай байна гэхэд ингээд байж байг гэдэг. Байгууллагын ажилчдын ёс зүй нэлээн хүнд байсан. Хоорондоо хэрэлдэх, маргалдах зэрэг асуудал зөндөө байсан учраас шаардлага тавьж байсан. Манай сум нядалгааны цэг байхгүй. Өвөл гудамж бүрд бараг тэмээ нядлагдсан байгаа. Энд шаардлага тавиад байгаль орчны хүн явуулаад ажиллуулах шаардлагатай байна гэсэн. Хогон дээрээ тэмээ нядлаад түүнийгээ сургуульд өгч байна гэдэг асуудал яригдсан учраас цэвэрлэгээ хийлгэх, хяналт тавих шаардлагатай байна гэсэн санал тавьсан. Манай байгууллага 7 хоног бүрийн 1 дэх өдөр хийж хэлэлцэх ажлаа төлөвлөж, хийсэн ажлаа танилцуулж хэлэлцэж ярилцдаг байсан. Босоо удирдлагатай ажилтан албан хаагч нараас мэдээ мэдээлэл авъя гэх мэтээр харилцан холбоогоо нягтруулж хоорондоо эвтэй ажиллах тал дээр анхаарч ажиллах талаар хэлсэн байгаа. Багийн дарга нарыг иргэдтэй харилцан ярилцаж ажиллах, хуулийн хугацаанд мэдээ мэдээллийг дамжуулж ажиллах талаар мөн зөвлөсөн. Иргэдээс мэдээлэл ирдэг түүнийг сонсох үүрэгтэй. Өнгөрсөн өвөл манай сумын хувьд хүнд өвөл болсон үүнтэй холбоотойгоор малчдаас санал хүсэлт ирдэг байсан. Цаг үеийн байдалтай холбоотойгоор өдөр бүр ажил гарч байгаа. Намайг ажлаа авахад мал эмнэлгийн мэргэжилтнүүд суудаг өрөө байсан. Түүний дараа нягтлан бодогч тухайн өрөө лүү юмаа зөөж байсан. Гэтэл дараа нь мал эмнэлгийн нэг мэргэжилтэн өрөөндөө суумаар байна гэсэн хүсэлт тавьж орж ирсэн. Тухайн мэргэжилтэн байхад Т даргыг дуудаж өрөөнд нь оруул гэхэд Т дарга Мөрдоржоос чи тэгээд байгаамуу гэсэн чинь нөгөөх нь шууд айсандаа үгүй гэж хэлж байсан. Нягтлан бодогч орж ирээд миний хаана суух чамд ямар хамаатай юм гэж байсан. 2021 оны бүтэц орон тоо аймгийн ЗДТГ-аас батлагдаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс болон аймгийн ЗДТГ-аас бүтэц орон тоондоо багтааж ажиллах талаар үүрэг даалгавар өгч сургалт хийсэн байгаа. Үүний дагуу ажилтан албан хаагчид мэдээллийг хүргэдэг байгаа. Операторын орон тоо илүү гаргаад цалинжуулж байсан үүнийгээ цэгцэлж ажиллах юм байна гэхэд урдаас болохгүй гэсэн тайлбар тавьдаг. Үүнтэй холбоотойгоор Төрийн аудитын газраас акт тавигдаж чөлөөлсөн байсан. Чөлөөлөхдөө чамайг Засаг дарга ажлаас чөлөөл гэсэн гэх мэтээр ажилтан албан хаагч нарт сөргөөр бүх зүйлийг тайлбарладаг.  Санхүүгийн баримтууд дээр 2, 3 асуудал байсан. 12 дугаар сард намайг ажилд авсны дараа ковидтой холбоотой хандив орж ирснээ танилцуулж өгнө үү гэхэд хүмүүсийн гар дээр байгаа гэж хэлсэн. Гар дээр байх боломжгүй төрийн сангийн хандивын дансанд байршуулах ёстой журмын дагуу зарцуулах ёстой. Иргэдэд тайлангаа мэдээ мэдээллийн журмаар тайлагнаж мэдэгдэх ёстой. Хууль зөрчсөн ийм зүйл хийж болохгүй талаар хэлсэн. Хандивын мөнгийг Т.Т дарга чөлөөлөгдсөний дараа нягтланд хэлж байж дансанд байршуулсан байгаа. Миний хувьд олон жил ажилласан дадлага туршлагатай хүнтэй хамтарч ажиллана гэж бодсон. Гэтэл би 16 жил ажилласан, чамтай хамтарч ажиллаж чадахгүй гэх мэтээр хэлдэг. Энэ шийдвэр гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулсан. Ажлаа ав харамсахгүй байна хувийн ажлаа бодъё гэж хэлээд гарсан. Сүүлдээ миний хувьд ажиллах сонирхолгүй болоод ирсэн. Надад ялах ялагдахдаа гол нь чухал биш харилцан ярилцаж ойлголцож ажиллахыг маш их хичээсэн” гэжээ

Нэхэмжлэгч Т.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие 2005 оноос 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай хууль бус захирамжийн үндсэн дээр ажлаас халагдсан учир хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн. Уг мэдэгдлийг өгөхдөө хуульд заасан сонсох ажиллагааны дүрэм журмыг зөрчсөн гэж үзэж байна. Т.Т-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөгдөхөөс 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч байна гэсэн зүйлийг тайлбар дээр дурдсан байсан. Би 2005 онд Төрийн албаны зөвлөлөөс зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцээд тухайн үед мөрдөгдөж байсан 1995 оны Төрийн албаны тухай хуулийн дагуу хуульд заасан шаардлага шалгуурыг хангаж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг үндэслэн Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай захирамжаар Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдож 16 жил, 21 хоног ажилласан. Сонсох ажиллагааны мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан байсан. Төрийн захиргааны албан тушаалтныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаггүй. Төрийн захиргааны албан тушаалтан нь төрийн жинхэнэ албан хаагч учир Төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг. Иймд миний хөдөлмөрийн харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой байсан. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэлд намайг боловсролын шаардлага хангаагүй гэж үзсэн байдаг. Мөн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр намайг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Намайг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 50 минутад Увс аймгийн Завхан сумын Засаг дарга өрөөндөө дуудсан яваад ортол тус сумын нийгмийн даатгалын байцаагч, сумын Засаг даргын Тамгын газрын нягтлан, Засаг даргын орлогч, бичиг хэргийн ажилтан гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Т.Т тантай хамтран ажиллах боломжгүй болсон учир таныг ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгч байна гэж хэлээд мэдэгдэл гардуулсан. “Би төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй 16 жил ажилласан. Тус сумын Засаг даргын зүгээс надтай хамтран ажиллаж чадахгүй гэж байгаа бол надад татгалзах зүйл байхгүй тул та намайг ажлаас чөлөөлсөн захирамжаа гаргаад сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаа хүлээн аваарай” гэж хэлээд Засаг даргын өрөөнөөс нь гарсан. Маргааш нь буюу 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би үдийн цайны цагаар тус сумын Засаг дарга А.Ятай хувьчилж уулзаад зөрчил маргаантай ажиллаад яах вэ гэдгээ хэлж ойлгуулж, ярилцаж ойлголцсон. Гэтэл маргаашаас нь эхлээд байдал дээрдэхгүй явсаар 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаас чөлөөлөх захирамж нь бүр ажлаас халах захирамж болж гарсан байсан. Надад гардуулсан мэдэгдэл дээр боловсролын шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын бүрэн эрх дуусгавар болсон гэдэг мэдэгдлийг өгсөн байтлаа ажлаа халах захирамж дээр хуулийн олон заалтыг баримталсан байсан. Захирамж нь хуульд нийцсэн ч бай нийцээгүй ч бай уг захирамж захиргааны акт учир биелүүлэх учиртай гэж үзээд ажил үүргээ хүлээлгэн өгсөн. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбартаа намайг ажлаа хүлээлгэн өгөхдөө зөвшөөрсөн мэтээр тайлбар гаргасан байсан. Би төрийн захиргааны чиглэлээр 16 жил төрд ажилласан учир захиргааны хэм хэмжээний актыг хуульд нийцсэн ч бай нийцээгүй ч бай хэрэгжүүлэх үүрэгтэй учир ажил албан тушаалаа хүлээлгэн өгчхөөд хууль бусаар ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Намайг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллахад мэргэжил боловсрол таарахгүй гэж ажлаас халж байгаа ч юм шиг нөгөө талаараа Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй гэж сахилгын шийтгэл оногдуулаад байгаа ч юм шиг маргаан бүхий захирамж гаргасан байсан. Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мэргэжил боловсролын хувьд 1989-1992 онуудад Ерөнхий боловсролын сургууль төгсөөд Ховд аймгийн техникумд 4 жил суралцаж, тусгай дунд боловсролын мэргэжлийн диплом олгож байсан. Цэргийн албанаас халагдаж ирээд 1996 он хүртэл мэргэжлээрээ ажилласан. 1996 оноо Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газарт туслах түшмэлийн албан тушаалд 5, 6 жил ажилласан. 2005 онд тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалын нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцээд энэ албан тушаалд 16 жил ажилласан. 2005 онд Төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээр уг ажил албан тушаалд томилсон захирамж өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 1998 оны 98 дугаар тушаалаар 1998 оноос өмнө тусгай дунд боловсрол эзэмшиж төгссөн төгсөгчдийг дипломын дээд боловсролтойгоор тооцох тухай тушаал гарсан байдаг. Тиймээс Төрийн албаны тухай хуульд заасан дээд боловсролтой гэх шаардлага шалгуурыг хангаж байгаа гэж үзэж байна. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь тухайн сумандаа төрийн захиргааны албан тушаалтнуудыг удирддаг учир Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академиас 2005 оноос хойш жилд 2 удаа мэргэшүүлэх багц сургалтад хамруулдаг ба сургалтад явдаг байсан тул хангалттай сурч мэргэжлээ дээшлүүлсэн, боловсролын шаардлагыг хангасан гэж үзэж байна. Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод заасан бакалавр болон түүнээс дээш боловсролтой байна гэсэн заалтыг тайлбартаа дурдсан байсан. Төрийн албаны тухай хууль 1995 оноос 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 28 жил мөрдөгдөж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт орж мөрдөгдөж эхэлсэн. Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх үүргээ биелүүлээгүй гэсэн заалт байгаа. Би 16 жил Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахдаа тухайн орон нутагт Төрийн албаны тухай хууль болон төрийн албаны стандарт хэрэгжүүлэх чиглэлээр гардан зохион байгуулдаг байсан тул алдаа дутагдал гаргахгүйг хичээдэг байсан. Тиймээс өөрийгөө төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбар тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас халах тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг шаардлагын үндэслэлийг хуульд зааснаар зөв тодорхойлсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Т.Т нь 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцээд Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг үндэслэн Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай захирамжаар Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. Т.Т-ыг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил албан тушаалд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзсэний үндсэн дээр тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэж оруулсан байдаг. Улмаар Т.Т сонгон шалгаруулалтад тэнцсэн учир тухайн үеийн Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр шийдвэрийг үндэслэн Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 51 дугаартай захирамжаар Т.Т Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон байдаг. Улмаар Т.Т 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Т.Т тухайн ажил албан тушаалд томилогдож төрийн жинхэнэ албан хаагч болсон нь хууль дүрэм журмын дагуу явагдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хариуцагчийн зүгээс 2017 онд батлагдаад 2019 оны 01 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ажлын байрны тодорхойлолт 2019 онд дахин шинээр боловсруулагдсан байсан. Энэ ажлын байрны тодорхойлолтод зааснаар Т.Т-ыг бакалавраас дээш түвшний боловсролтой байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Төрийн албаны тухай хууль 2017 онд батлагдсан ба тухайн ажил албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албан хаагч болсон процесс нь хууль журмын дагуу явагдсан. 2009 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Төрийн албаны тухай хуульд заасан ажлын байрны тодорхойлолт 2019 онд боловсруулагдсан. Т.Т-ын хувьд 2005 онд уг ажил албан тушаалд томилогдсон ба тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн шаардлагыг хангаж байсан. 2019 онд батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн 2005 онд хууль дүрэм журмын дагуу томилогдсон этгээдийг ажлын байрны шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2019 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлийн хувьд боловсруулагдаж гарснаас хойших харилцааг зохицуулагдах ёстой. Гэтэл 14 жилийн өмнөх харилцааг нөхөж зохицуулах боломжгүй. Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа нь Т.Т-ын эрх зүйн байдлыг дордуулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэхэмжлэгч Т.Т тухайн үеийн техникумд болон одоогийн коллежийг төгсөж боловсрол эзэмшсэн байдаг. 2002 оны 5 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Т.Т-ын хувьд дипломын дээд боловсролтой учир дээд боловсролтой гэж үзэхгүй байх үндэслэл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д төрийн жинхэнэ албан тушаалтанд тавигдах нийтлэг шаардлагад дээд боловсролтой байх гэж заасан байдаг. Дээд боловсролын тухай хуульд зааснаар дээд боловсролтой байх хуулийн шаардлагыг Т.Т хангасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүхийн зүгээс хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг тодруулж тайлбар авсан байсан. Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа үндэслэл нь “мэргэжлийн хувьд тухайн шаардлагыг хангаагүй байгаа тул ажил олгогчийн зүгээс Т.Т-тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон” гэж хариуцагч тайлбартаа дурдсан байсан. Т.Тын мэргэжил ур чадвараараа энэ ажил мэргэжилд тохирохгүй гэж үзэж байгаа бол сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн шаардлага байгаагүй. Маргаан бүхий захирамжид Т.Тыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн гэж үзсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “ Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасан байдаг. Хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлсэн учир зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэдгийг зөрчсөн эсвэл хуульд нийцсэн шийдвэрийг биелүүл гэдэг шаардлагыг тавьж байхад биелүүлээгүй гэдгийг нотлох баримтаар заавал нотолж шалгасан байх ёстой. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ” гэж заасан байдаг. Т.Т дээрх хуулийг ямар байдлаар зөрчсөн гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна. Хэрэгт аудитын байгууллагаас гаргасан 2 акт байсан. Гэрч Мөнхцэцэгийн мэдүүлэгт “уг акт нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Т-тай ямар нэгэн байдлаар хамааралгүй” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн 2 актын нэг нь ковидтой холбоотой хандив тусламж бэлнээр цуглуулсан гэж акт тогтоосон байсан. Нөгөө нэг акт нь тус байгууллагын үйлчлэгч Номиндэлгэрийн цалингийн зөрүүг 68.000 төгрөгийн илүү суутгасан гэж үзэж акт тогтоосон байсан. Эдгээр зөрчлүүд арилсан байдаг. Хэрэгт арга хэмжээ авах тухай албан бичиг нотлох баримтаар авагдсан байсан. Уг албан бичигт жилийн эцсийн аудитор баталгаажсан тайланг 4 дүгээр сарын 25-ны дотор цахимд байршуулах үүрэгтэй байсан боловч ковидын улмаас тусгаарлалтад байснаар энэ үүргээ хэрэгжүүлээгүй учир 4 дүгээр сарын 29-ний өдөр цахимд байршуулсан байдаг. Т.Т энэ талаарх тайлбараа Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа даргад хэлж, тухайн тайлбарыг аудитын газарт явуулсан байдаг. Арга хэмжээ авсан асуудал байхгүй. 1.980.000 төгрөгийг бэлнээр хадгалсан ба үйлчлэгч Номиндэлгэрийн цалингийн зөрүүг илүү суутгаж авсан гэдэг актуудын тухайд хязгаарлалттай зөрчилтэй актад хамаарахгүй. Энэ актын улмаас хэн нэгэнд арга хэмжээ авах үндэслэлд байдаггүй юм. Хязгаарлалтын зөрчилтэй актад хуульд зааснаар арга хэмжээ авдаг талаар гэрч Мөнхцэцэг мэдүүлсэн байдаг. Маргаан бүхий захирамжийн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18-д хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасан байдаг. Бусад хууль гэдэгт энэ харилцааг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бол салбар хуулиудад заасан үүргээ хэрэгжүүлээгүй талаарх үндэслэл тодорхой байх ёстой. Маргаан бүхий ажлаас халах тухай захирамжид дурдсан Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д “ Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасан байдаг ба уг хуулийн зүйл заалтыг зөрчсөн байдал нотлогдон тогтоогдож байж захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалт нь Т.Т-ын гаргасан зөрчилтэй нийцэж байх ёстой байсан. Гэтэл тухайн үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар шалгаж, сахилгын шийтгэл оногдуулсан талаар шалгасан зүйл хэрэгт байдаггүй. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Т.Т-т ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл өгсөн байдаг. Тухайн мэдэгдэлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу Т.Т таны бүрэн эрхийн хугацаа дууссан байна гэж мэдэгдэл өгсөн мөн Т.Т-ыг бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. Түүнээс биш маргаан бүхий ажлаас халах захирамжид дурдсан Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтуудыг баримталсан мэдэгдэл өгөөгүй. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийн тэмдэглэлд Т.Т-ыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасны дагуу мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 30 хоногийн өмнө мэдэгдэл өгч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан хөдөлмөрийн гэрээгээр хөдөлмөрийн харилцаанд оролцдог төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаардаг заалтыг мэдэгдлийн тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар ажилтныг ажлаас халж байгаа тохиолдолд 30 хоногийн өмнө харин хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол 45 хоногийн өмнө мэдэгдэл өгнө гэсэн агуулгатай заалт байдаг. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д заасан харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан төрийн албаны үүргээ эрхэмлэн дээдлэх хууль ёсны үүргээ хэрэгжүүлээгүй учир Т.Т таны хөдөлмөрлөх эрхэд халдах гэж байгаа талаараа 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл өгч сонсох ажиллагаа явуулсан бол Т.Т-ын зүгээс мэдэгдэлд хариу тайлбараа гаргах боломжтой байсан. Гэтэл мэдэгдэлд хариу тайлбар гаргах эрхээр нь хангаагүй тул сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэх боломжгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байдаг. Сонсох ажиллагаанд хариу тайлбар гаргах боломж олгоогүй нь Т.Т-ын хөдөлмөрлөх эрхэд халдсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.1-д сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлнэ гэж заасан байдаг. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д сонсох ажиллагааны явц үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж тус тус заасан байдаг. Сонсох ажиллагааны явцад тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч яагаад захиргааны шийдвэрт тусгаагүй гэдгээ тайлбарлах үүрэгтэй гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 27.7-д хуульчилсан байдаг. Хэрэгт авагдсан мэдэгдэл гэх нотлох баримтаас харахад сонсох ажиллагаа явагдаагүй байна. Яагаад гэвэл хэзээ хаана, хэдэн цагт ямар хугацаанд хууль зүйн ямар үндэслэлээр хөдөлмөрлөх эрхэд халдах гээд байгаа талаар захиргааны шийдвэр гараагүй. Мэдэгдэл өгч байгаа этгээдээс нотлох баримт тайлбар, санал авсны дараа гаргах гэж байгаа захиргааны актыг хууль зүйн хувьд үндэслэлтэй байгаа эсэхийг нэг бүрчлэн тусгахыг сонсох ажиллагаа явахыг хуульчилсан байдаг тул сонсох ажиллагаа хууль дүрэм журмыг дагуу явагдаагүй гэж үзэж байна. Т.Т-ыг мэргэжил боловсролын хувьд уг ажил албан тушаалд тэнцэхгүй байна гэж үзсэн байтлаа сахилгын шийтгэл оногдуулснаар төрийн албанаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд хариу тайлбар гаргаж өгсөн ба хариу тайлбарт тодорхой тайлбарласан байгаа. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би Увс аймгийн Завхан сумын Засаг даргын ажилд томилогдсон. Ард түмний итгэл болон төрийн ажлыг шударга үнэнээр хууль дүрмийн хүрээнд хийж хэрэгжүүлэх эрхэм болон хүндтэй ажил албан тушаалд ажиллаж байна. Би 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Увс аймгийн Завхан сумын Засаг даргаар ажиллаж эхэлснээс хойш Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Т-тай төрийн ажлыг хууль дүрэм журмын хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг хичээсэн боловч болоогүй. Хариуцагчийн тайлбартаа дурдсан Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 1998 оны 98 дугаар тушаалаар 1998 оноос өмнө тусгай дунд боловсрол эзэмшиж төгссөн төгсөгчдийг дипломын дээд боловсролтойгоор тооцох тухай тушаалыг хайсан боловч байхгүй байсан. Т.Т Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 16 жилийн турш ажиллах хугацаандаа өөрийгөө чадавхжуулж, бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмших хангалттай хугацаа байсан. Гэтэл Т.Т өөрийн мэргэжлийг дээшлүүлж өөрийгөө чадавхжуулж чадаагүй учир Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод боловсролын зэргийг бакалавр болон түүнээс дээш боловсролтой байхаар заасан байсан тул тухайн ажлын байрны тодорхойлолтыг Т.Т хангаагүй гэж үзсэн. Мөн Т.Т нь тус ажлын байранд ажиллаж байх хугацаандаа намайг мэргэжил арга зүйгээр хангаж байх ёстой байсан боловч намайг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаагүй. Би өөрийгөө мэргэжил арга зүйгээр хангуулахын тулд Т.Т-тай зөв талаас нь ярилцаж ажиллах гэсэн боловч байнгын ёс зүйгүй харилцаа хандлага гаргаж, архи тамхи хэрэглэж, удирдах удирдуулах ёсыг алдсан хандлага гаргаж байсан мөн өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй нь улмаас 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамж гаргасан. Сонсох ажиллагааны хувьд Т.Т-тай ажил албан тушаалынхаа талаар олон удаа ярилцаж, ганцаарчилж дуудаж уулзаад ажлаас чөлөөлөх талаар нь хэлж байсан. Манай өрөөнд орж ирж намайг зүй бус үгээр хэлж, дарамталж, хандивын маск, хувцас хэрэгслийг өшиглөж байсан. Т.Т-т хандан хууль дүрэм журмын дагуу хамтран ажиллах талаар олон удаа санал гаргаж ярилцаж байсан боловч “чи юу мэддэг юм бэ? Би төрд олон жил ажилласан учир би мэдэж байна гэдэг байдлаар намайг удаа дараа авгайгаар дуудаж, эрэгтэй хүн байсан бол зодчихмоор байна” гэж ёс зүйгүй үг хэллэг хэлж байсан. Би энэ талаар Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргатай уулзаж зөвшилцөөд Т.Т-ыг дуудаж уулзаад “та намайг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж чадахгүй байгаа тул таныг ажил албан тушаалаас чинь чөлөөлж, тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд ажиллуулах” ажлын санал тавьж байсан. Тэгтэл би тус сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоонд ажиллахгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Сонсох ажиллагааг хангалттай хийсэн гэж үзэж байна. Т.Т-ыг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаанд нь хамтран ажиллахыг хичээсэн боловч алдаа дутагдлыг тэвчиж ажиллах боломжгүй байсан тул 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамж гаргасан” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Маргаан бүхий захирамжийн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д дээд боловсролтой байх гэж заасан байдаг. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэж тус тус заасан байдаг ба уг хуулийн заалтыг маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон байдаг. Т.Т-ын зүгээс зохих хууль дүрэм журмын дагуу дипломын дээд боловсролтой хүн учир уг ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцээд Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 16 жил ажилласан гэх тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хууль 2017 онд хянан хэлэлцэгдэж 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрчлөлт орж мөрдөгдөж эхэлсэн. Т.Т-ын өмгөөлөгчийн зүгээс 2005 онд Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтад Т.Т орж тэнцээд тухайн үед хэрэгжиж байсан хуулийн дагуу уг ажил албан тушаалд томилогдсон учир одоо хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж байна. Т.Т-ын зүгээс Ховд аймагт Хөдөө аж ахуйн техникум төгссөн гэдэг тайлбар гаргадаг: Уг эзэмшсэн мэргэжлийг дипломын дээд боловсролын хэмжээнд үнэлэгдэх боломжтой гэсэн материалыг хэргийн материалд хавсаргаагүй. Мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 1998 оны 98 дугаар тушаалаар 1998 оноос өмнө тусгай дунд боловсрол эзэмшиж төгссөн төгсөгчдийг дипломын дээд боловсролтойгоор тооцох тухай тушаал хэрэгт байхгүй. Т.Т-ын эзэмшсэн мэргэжлийг дээд боловсрол эзэмшсэн гэж үзэх боломжгүй юм. Т.Т Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 16 жилийн турш ажиллах хугацаандаа өөрийн чадавхжуулж, бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмших хангалттай хугацаа байсан. Гэтэл Т.Т өөрийнхөө боловсролыг дээшлүүлэх ямар нэгэн оролдлого хийгээгүй байсан. Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. Сонсох ажиллагааны хувьд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу хууль дүрэм журмын дагуу явуулсан болох нь хавтаст хэргийн 33, 52 дугаар хуудсанд авагдсан сонсох ажиллагааны мэдэгдэл, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа. Т.Т нь сонсох ажиллагааны мэдэгдэл дээр гарын үсгээ зурж, төрийн албаны ажлаар дутахгүй гэх мэт зүйлийг ярьсан байдаг. Сонсох ажиллагааг ямар шалтгааны улмаас явуулж, ямар учраас сонсох ажиллагааны мэдэгдэл ирсэн талаар Т.Т мэдэж байсан. Т.Т Төрийн албаны тухай хуульд зааснаар уг ажил албан тушаалд боловсролын шалгуураар тэнцээгүй учир сонсох ажиллагааны мэдэгдэл өгсөн талаар мэдэж байсан. Т.Т нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа ажилтан албан хаагч нартай зүй бусаар харьцаж, хууль бус ажиллагаа явуулж байсан талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байсан. Мөн Увс аймгийн Завхан сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Цэвээний зүгээс Увс аймгийн Завхан сумын Засаг даргад Т.Т-ын зан харилцааны талаар гомдол гаргаж байсан талаарх нотлох баримт мөн хэрэгт авагдсан байсан. Хууль дүрэм журмын дагуу аймгийн болон сумдын Засаг дарга нар солигдож, шинээр томилогддог. Гэтэл Т.Т дээд боловсролгүй боловч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 16 жил тасралтгүй ажилласан мэргэшсэн дадлага туршлагатай хүн тус сумын Засаг даргатай харилцан тохиролцож, Засаг даргын үйл ажиллагааг дэмжиж ажиллах боломжтой байсан. Увс аймгийн Завхан сумын Засаг дарга А.Я нь хууль зөрчиж, хууль бус захирамж гарган Т.Т-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.18-д заасан заалтуудыг Т.Т биелүүлээгүй байдаг. Дэлхий дахинд цар тахал гарсантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийг Т.Т зөрчиж хууль бус үйл ажиллагаа зохион байгуулж байсан нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамж гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн баримтлан Увс аймгийн Завхан сумын Засаг дарга Тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Т нь уг ажил албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан чиг үүргийг хэрэгжүүлж хангаж ажиллаж чадаагүй гэдэг үндэслэлээр уг захирамжийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т нь Увс аймгийн Завхан сумын Засаг даргад холбогдуулан “Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр “Ажлаас халах” тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчөөгүй , надад ажлаас чөлөөлж байгаа тухай тухай мэдэгдэл өгсөн харин ажлаас халах үндэслэлийн талаар сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй,  хөдөлмөрлөх эрхэд шууд хууль бусаар халдсан” гэж тодорхойлсон байна.

Хариуцагч  “Ажлаас халах гол үндэслэлийг бакалавр ба түүнээс дээш боловсролтой байх шаардлагыг хангаагүй  гэж үзсэн мөн хууль зөрчиж гаргасан алдаа дутагдлуудыг  захирамж  дээр оруулж өгч ажлаас халах хүртэл арга хэмжээ авсан болно” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Т.Т нь Завхан сумын Засаг даргын 2021 оны 4 сарын 08-ны өдрийн Б/04 дүгээр  “Ажлаас халах” тухай захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба уг гомдлыг МУ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга , Төрийн албаны зөвлөлийн  даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан  “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын  8.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх  нь зүйтэй” гэж 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1091 тоот албан тоотоор хариу  өгчээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Б/04 дугаартай захирамжаар Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 33 дугаар зүйлийн 33.3, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.18, 48 дугаар зүйлийн 48.1.3, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг тус тус баримтлан нэхэмжлэгч  Т.Т-ыг 2021 оны 04 сарын 08-ны өдрөөр тасалбар болгон Завхан сумын Засаг даргын Тамгын газрын даргын  үүрэгт ажлаас нь халжээ.

 Хариуцагч Завхан сумын Засаг дарга “Төрийн албаны тухай хуульд заасан төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур, албан тушаалын тодорхойлолтод заасан бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх шаардлагыг хангаагүй, тус сумын төсөвт байгууллагын ажилчдын мэргэжил ур чадварын түвшин тогтоох зөвлөлийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн 01 тоот дүгнэлт, удирдлагаас өгсөн хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, холбогдох хуулиудыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон” гэж үзэн Т.Т-т “төрийн албанаас халах”  сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны актыг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоно гэжээ.

 Завхан сумын Засаг даргын “Ажлаас халах тухай” захирамж нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болохын хувьд сонсох ажиллагааг  зохих журмын дагуу явуулах ёстой.

Хариуцагч Завхан сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 68 дугаартай ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Т.Т-т өгсөн байх ба уг мэдэгдэлд Т.Т-ыг бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх болсныг дурджээ. Харин маргаан бүхий захиргааны актад дурдагдсан албан үүргээ биелүүлээгүй зөрчлийн талаарх баримт, мэдээлэл, үндэслэлийн   талаар энэ мэдэгдэлд дурдаагүй байна.

 Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасан сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд тусгагдвал зохих   “ажлаас халах тухай шийдвэр гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалт, шийдвэр гаргаж буй тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл, сонсох ажиллагаа явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дараалал” зэрэг мэдээллүүд уг мэдэгдэлд тусгагдаагүй байх тул  маргаан бүхий захиргааны актын талаар сонсох ажиллагаа хийсэн баримт гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймээс нэхэмжлэгч талаас гаргасан  “Завхан сумын Засаг дарга ажлаас халах тухай захирамжийг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбар үндэслэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т  “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:

48.1.1.сануулах;

48.1.2.албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

48.1.З.төрийн албанаас халах, 48.1.4.төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах; 48.1.5.хуульд заасан бусад” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг, 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тодорхойлжээ.

Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д төрийн жинхэнэ албан хаагч харьяа дээд албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.7.төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх,  37.1.18 хууль тогтоомжид заасан бусад үүргийг биелүүлэх  талаар зохицуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д “дээд боловсролтой байх” гэсэн төрийн жинхэнэ албан тушаалтанд тавигдах нийтлэг шаардлагыг заажээ.

Мөн хуулийн 5 дугаар бүлэгт Төрийн жинхэнэ албан тушаалд томилох журмыг тодорхойлсон ба тус бүлгийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэжээ.

1. Увс аймгийн Завхан сумын Засаг Төрийн албаны зөвлөлийн 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг үндэслэн  2005 оны 11 сарын 04-ны өдрийн 51 дугаар захирамжаар  Т.Т-ыг Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилжээ

Т.Т 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон байна.

 2005 онд Завхан сумын ЗДТГ-т газрын даамлаар ажиллаж байсан Т.Т-ыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн  10.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх ерөнхий  33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан гэж  үзээд уг албан тушаалд томилжээ. Өөрөөр хэлбэл 2005 онд  Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын сул орон тоог тухайн байгууллагад ажиллаж байсан албан хаагчдаас үл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар нөхсөн байна.

 Т.Т нь 1992 онд Хөдөө аж ахуйн коллежийг малын бага эмчийн мэргэжлээр дипломын боловсрол эзэмшсэн байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид 2006, 2011, 2013, 2014, 2017, 2020 онуудад тус тус Төрийн удирдлагын менежерийн сургалт, 2020 онд Төрийн захиргааны ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад тус тус хамрагдсан талаарх баримт хэрэгт авагджээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан  хуульд заасан журмын дагуу Засаг даргын Тамгын газрын даргын ажил, албан тушаалд томилогдон 16 жил  ажил, албан үүргээ гүйцэтгэсэн төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн  албан тушаалд томилох үндсэн шалгуурыг хангаагүй” гэж үзэх үндэслэлгүй байна.

2005 онд хуулиар  зохицуулагдсан харилцаанд 2019 оноос хүчин төгөлдөр болсон Төрийн албаны тухай хуулийг буцаан хэрэглэх  боломжгүй юм. 

Завхан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар  сумын төсөвт байгууллагын дарга нар болон ЗДТГ-ын ажилчдын мэргэжлийн түвшин тогтоох зөвлөлийн ажлын хэсгийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба тус зөвлөл нь ЗДТГ-ын дарга Т.Т-ын мэргэжил, ур чадварын талаар дүгнэлт гаргасан байна. 

Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүн , мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэдэг.

Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг төсөвт байгууллагын дарга нар буюу өөрөөр хэлбэл  төрийн жинхэнэ албан хаагчийн мэргэжил, ур чадварын   түвшин тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд Завхан сумын тамгын газрын ажилчдын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох зөвлөлийн 2021 оны 3 дугаарын 12-ны өдрийн  01 тоот дүгнэлт нь илт хууль бус болох шинжийг агуулж байгаа тул нотолгооны ач холбогдолгүй  байна.

Төрийн албан хаагч  ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байх нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй. Харин Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид холбогдох сахилгын шийтгэлийг  ногдуулахаар хуулиар тогтоосон байна.

2. Маргаан бүхий захирамжид дурдагдсан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй” гэх  зөрчлийн талаар хариуцагч “ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай 31 тоот, 02 дугаар сарын 23-ний өдрийн 52 тоот  тоот бичгүүдээр даалгавар үүрэг чиглэл өгсөн. Албан бичигт дурдагдсан үүрэг даалгавар, чиглэлийг бүгдийг нь биелүүлээгүй. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дах хэсгийг зөрчсөн” гэж тодруулж тайлбарласан байна. 

Завхан сумын Засаг дарга 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 31 тоот албан бичгээр  байгууллагын дарга эрхлэгч нарт “Төсөвт байгууллага бүр батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоож, өр авлага үүсгэхгүй зохион байгуулалттай ажиллах”-ыг үүрэг болгожээ.

Үүний дагуу Завхан сумын Засаг даргын тамгын газрын дарга Т.Т нь 2020 оны 05 сараас төсвийн ерөнхийлөн захирагчийн зөвшөөрөлгүйгээр гэрээт ажилтан авч ажиллуулсан алдаагаа засаж 2021 оны 02 сарын 08-ны өдрийн Б/04 тоот тушаалаар  Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 18-ны өдрийн “Сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах” тухай захирамжийг үндэслэн Д.Баярсайханыг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн төвийн операторын ажлаас чөлөөлсөн байна. Завхан сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны санхүүгийн тайлангийн аудитын тайланд энэ тухай дурдсан байгаа бөгөөд дахин ийм алдаа гаргахгүй байхыг зөвлөсөн байна. 

Завхан сумын Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 52 тоот албан бичгээр  11 төрлийн ажил үүргийг хэрэгжүүлж ажиллахыг ЗДТГ-ын дарга Т.Т-т даалгаж, хэрхэн гүйцэтгэсэн талаар  03 сарын 05-ны дотор хариу ирүүлэхийг хүссэн байна. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ЗДТГ-ын дарга Т.Т албан даалгаврын хариуг 64 тоот албан бичгээр хүргүүлжээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага , Засгийн газар хамтран батална гэж заасны  дагуу 2019 оны 04 сарын 04-ны өдөр МУ-ын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга , төрийн албаны зөвлөлийн  даргын хамтарсан 36/32 дугаар тушаалаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг  баталсан байна. 

Энэ журмын 2.1-д Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг ирүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно, 2.2-д энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан /цаашид шалгагч гэх/шалган тогтооно, 2.3-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно, 2.5-д Шалгаагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дүгнэлт гаргаж томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна гэж заажээ.

 Үүнээс үзэхэд Завхан сумын Засаг даргын мэдээллийг үндэслэн байгууллагын дотоод хяналт шалгалтын нэгж буюу холбогдох албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах,  зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлыг хэмжээг тогтоох, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлсэн эсэх, биелүүлээгүй бол   шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагааг явуулах ёстой байжээ.

Хариуцагч    нэхэмжлэгч Т.Т-ыг 2021 оны  31, 52  тоот албан бичигт тусгагдсан  ажил үүргийг гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хууль журамд заасны дагуу  уг сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг  шалгуулж тогтоох ажиллагаа хийсэн  нь тогтоогдохгүй байна.

  3. Хариуцагчийн хариу тайлбар болон нэмэлт тайлбартаа “Т.Т нь  ковидтой холбоотой хандивын мөнгийг дансанд байршуулаагүй, цалингаас илүү мөнгө суутган авч   Увс аймаг дахь Төрийн аудитын газраар  2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 01/09/А2050409-УВА-2021/113/СТА-ТШЗ, 02/10/А2050409 УВА-2021/113/СТА-ТШЗ дугаар бүхий “Төлбөр барагдуулах” тухай акт , мөн нотариатын үйлчилгээний хөлсийг буруу зарцуулж 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 03/07-УВС-2017/03-НА “3ориулалт бусаар зарцуулсан орлогыг төвлөрүүлэх“ тухай  актыг тус тус тавиулсан ,  Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон”  гэж тайлбарлажээ.

Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагч этгээд хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэжээ.

Завхан сумын Засаг даргын тамгын газар   2020 оны санхүүгийн тайлангийн аудитаар “зөрчилгүй” дүгнэлт авсан нь  Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн УВА 2021/113/СТА ТШЗ  дугаар дүгнэлт, гэрч Завхан сумын ЗДТГ-т нягтлан бодогч ажилтай С.Мөнхцэцэгийн мэдүүлгээр  тогтоогдож байна.  

Төлбөр барагдуулах тухай хоёр акт нь хязгаарлалттай, зөрчилтэй актад хамаарахгүй учир уг  актыг Т.Т, С.Мөнхцэцэг нарт хариуцуулан тавьснаар  тэдгээрт сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй. Харин уг төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд  сахилгын шийтгэл ногдуулахаар хуулиар зохицуулсан.

Төлбөрийн актын биелэлтийг 2021 оны 03 сарын 25-ны дотор  Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан ба Завхан сумын ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батмөнх 2021 оны 06 сарын 10-ны өдрийн  180 тоот албан бичгээр 2021 оны 03 сарын 24-ны өдөр актыг барагдуулсан болохыг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт   мэдэгдэж, холбогдох баримтуудыг хүргүүлжээ.

2017 оны зориулалтын бусаар зарцуулсан орлогыг төвлөрүүлэх тухай актыг Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг, санхүүгийн албаны дарга Н.Цэвээн нарт хариуцуулан тавьсан байх бөгөөд уг акт нь  нэхэмжлэгч Т.Т-тай холбогдолгүй байна.

Дээрх  хуулийн зохицуулалт болон нөхцөл байдлаас  үзэхэд хариуцагчийн “Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг зөрчсөн” гэх  тайлбар үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгч Т.Т  Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.18-т заасан “хууль тогтоомжид заасан бусад үүргийг хэрэгжүүлээгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч Завхан сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7- д  заасныг баримталсан байгаа боловч уг захирамжийн захирамжлах хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон  байгууллагын соёл, дэг журмыг хэрхэн зөрчсөн,  мөн төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ хэрхэн биелүүлээгүй талаар тодорхой дурдаж өгөөгүй байна.

Иймд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсгүүдэд заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Б/04 дугаар “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Т-ыг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь хэсгүүд, ,Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  48.9 дэх, 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь, 26 дугаар зүйлийн 26.2 дахь,37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.7, 37.1.18 дахь  хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Завхан сумын Засаг даргын 2021 оны 04 сарын 08-ны өдрийн Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгож, Т.Т-ыг Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Завхан сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-т олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ОЮУНГЭРЭЛ