Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 778

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00299 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч “У” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.М нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс Улаанбаатар хотын банкинд теллер, ахлах теллер, харилцааны менежерээр ажилласан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 01-ний дутагдлаар ажлаас халлаа гэж мэдээлсэн боловч тушаал танилцуулаагүй, гардуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсаныг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд хандаж эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.М нь Сонгинохайрхан тооцооны төв дээр ажиллаж байхдаа буюу 2016 оны 11 дүгээр сард орон сууцны зээл хүсч, материал бүрдүүлэн өгсөн Б.Наранбаатар гэдэг зээл хүсэгч иргэнээс шан харамж авсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон, мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан зэрэг үндэслэлүүдээр ажлаас чөлөөлсөн. Тодруулбал, ажил олгогчоос 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/591 тоот тушаалыг дараах нөхцөл, байдалд үндэслэн гаргасан. Үүнд: Хөдөлмөрийн гэрээний 11.2.7, 11.2.23-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд шууд хамаарч байгаа.

Нэхэмжлэгч Б.М-ыг Сонгинохайрхан тооцооны төв дээр ажиллаж байхад нь орон сууцны зээл авах зорилгоор иргэн Б.Н хандсан байдаг. Б.М түүнд 20-30 байр санал болгосноос Хан-Уул дүүргийн 11-р хороо, Оргил стар хотхоны 56 дугаар байрны 129 тоот хаягт байрлах 59,8 мкв талбай бүхий орон сууцыг сонгон холбогдох зээлийн материалыг бүрдүүлэн өгөхөд зээлийг 10-20 хоногийн дотор шийдэгдэх тул байрандаа орж болно гээд түлхүүрийг нь зээл хүсэгчид өгчихсөн байсан. Б.М нь Б.Н-ын орон сууцны зээлийг 1 жил гаруй хугацаанд судалж, энэ хугацаанд зээл хүсэгчээс өмнө нь бүрдүүлж өгсөн материалын чинь хугацаа дууссан тул шинэчилж өг гэсэн шаардлагыг удаа дараа тавьж, иргэн ч тухай бүрт нь шинэчлэн өгч, холбогдох хураамж, лавлагааны үнэ зэргийг дахин төлсөн байдаг. Б.М уг зээлтэй холбоотойгоор түүнээс нэхсээр байгаад 1 сая төгрөг авсан үйлдэл гаргасан нь нотлогддог. Б.Н-ын зээлийн хүсэлтийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зээлийн эрсдлийн хэлтэс танилцаж зээл олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Б.Н 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай банкны гүйцэтгэх захиралд хандан Б.М-ын дээрхи үйлдлүүдтэй холбоотой гомдол гаргасан. Банкны зүгээс Б.М-ын буруутай үйлдлээс болж харилцагчийг чирэгдүүлж, хүндрүүлсэн нөхцөл байдлаас болж зээлийн хорооноос зээл олгох шийдвэр гаргаж, зээлийг олгосон. Дээрхи үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан дээрхи зөрчлүүдээс гадна Банкны ажилтны ёс зүйн дүрмийн 3.7.4, 4.8.2 дахь заалтуудыг зөрчсөн ноцтой үйлдлүүд болно.

Б.М нь Сонгинохайрхан тооцооны төв дээр харилцагчийн менежерээр ажиллаж байхдаа ажил, үүргээ хангалтгүй гүйцэтгэж байсан нь тус тооцооны төвийн захирлаас Захиргаа, хүний нөөцийн газарт удаа дараа хандсан газар хоорондын бичгээс тодорхой харагддаг бөгөөд шууд удирдах ажилтны удаа дараа гаргасан саналыг үндэслэн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/482 тоот тушаалаар Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Б.Мөнхзулыг 2017.12.01-ний өдөр ажлаас чөлөөлөх болсон үндэслэл нь нэг талаас дээр дурдсан ноцтой зөрчлийг сүүлийн байдлаар гаргасан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Ажлаас чөлөөлсөн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/591 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил болон сахилгын зөрчил давтан гаргасан аль аль үндэслэлд хамаарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У хотын банкинд холбогдуулан гаргасан тус банкны төв салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх ажил олгогчийн хүлээлгэсэн итгэл, боломжийг хувийн ашиг сонирхолд ашигласан, банкны ажилтны ёс зүйн хэм хэмжээг гажуудуулсан байж болох энэхүү үйлдлээ мөнгөн шан харамж авсан бодит үйлдлээс хойш Б.Н гомдол гаргах хүртэлх хугацаанд үргэлжлүүлсээр байсан гэх үндэслэлтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Б.Н-ын гомдлын агуулга нь зээл шийдвэрлэхгүй удааширлаа, эрсдэлийн удирдлагын газраас зээл олгох боломжгүй гээд зээл олгохгүй байна гэсэн агуулгатай бөгөөд банк зээлдэгчийн бүрдүүлж өгсөн баримтыг судлаад зээлийн хорооны хурлын шийдвэрээр Б.Н-т зээл олгосон байна. Зээл олгох эсэх асуудлыг нэхэмжлэгч шийдвэрлэдэггүй гэдэг нь энэ үйл баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг  хангаагүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтад  үндэслэн талуудын хоорондын хөдөлмөрийн гэрээний маргааныг зөв шийдвэрлэсэн  боловч зарим нотлох баримтыг дутуу үнэлснээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах заалтыг буруу тайлбарласан байх тул зарим дүгнэлтийг залруулж дүгнэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У х-ын банкны төв салбарын харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтэй тэнцэх олговор гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргасан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч У хотын банкны Сонгинохайрхан тооцооны төвд 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс харилцагчийн менежерээр, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс Төв салбарын харилцагчийн менежерээр  тус тус томилогдон ажиллаж байгаад тус банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/591 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Дээрх тушаалын үндэслэлд заасан “...Б.М нь банкны ажилтны ёс зүйн хэм хэмжээг гажуудуулж, харилцагчаас шан харамж авсан, банкны ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.5,  3.7.4, 4.8.2 дах заалтууд, хөдөлмөрийн гэрээний 11.2.7, 11.2.23 дах заалтуудыг зөрчсөн...” болох нь  гэрч Б.Н-аас 1 000 000 төгрөг хүлээн авсан болохоо зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, гэрч Б.Н-ын мэдүүлэг, Б.М-ын ХААН банкны дансны хуулга, Б.Н-ын Хас банкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Мөн У х-ын банкны Дотоод аудитын газар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2600.17.03 тоот зөрчлийн актаар тогтоосон “...Б.М-ыг  хариуцсан ажил үүргийн хүрээнд Улаанбаатар хотын банкны Зээлийн үйл ажиллагааны журам, Орон сууцны зээлийн журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, мөн Улаанбаатар хотын банкны Авилгын эсрэг бодлого, Ёс зүйн дүрэм, Банкны ажилтны ёс зүйн дүрэм, Дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг тогтоожээ. /хх-ийн 25 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.М нь банкнаас олгосон бүрэн эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглаж тус банкны харилцагч Б.Н-аас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөнгө шилжүүлэн авсанаас гадна харилцагч Б.Н-тай удаан хугацаанд харилцаж, түүний хүсэлтийг шийдвэрлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авахгүй удаашруулсан, харилцагч этгээд гомдлоо зохих журмын дагуу гаргахыг удаа дараа хойшлуулж, үнэн зөв мэдээлэл авах харилцагчийн эрхийг хохироосон  болох нь хэрэгт авагдсан хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдсон тул Дотоод аудитын газрын  дээрх актаар  тогтоосон зөрчлийг гаргасан  гэж үзэх үндэслэлтэй.  

 

Банкны харилцагч Б.Н ипотекийн зээл авах хүсэлтээ Улаанбаатар хотын банкинд 2016 оны 11 дүгээр сард  гаргасан, уг зээлийн хүсэлт, холбогдох материалыг  банк 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Н-ын гомдол гаргаснаар шийдвэрлэх хүртэл  судалсан зэрэг үйл баримт гэрч Б.Н-ын мэдүүлэг, Зээлийн хорооны хурлын шийдвэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Б.М-ын дээрх үйлдэлтэй холбоотой байна.

 

Иймд хариуцагч У х-ын банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/591 дүгээр тушаал  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх “шан харамж авсан бодит үйлдлээс хойш Б.Н гомдол гаргах хүртэлх хугацаанд Б.М-ын гаргасан сахилгын зөрчил үргэлжилсэн”  гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй болсныг дээрх байдлаар залруулан дүгнэж, шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00299 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Н.БАТЗОРИГ