| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/03059/И |
| Дугаар | 02516 |
| Огноо | 2019-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 02516
2019 оны 9 сарын 24 өдөр Дугаар102/ШШ2019/02513 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух Н.Н
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 1 давхарт, 0 тоотод оршин суух Д.Г
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дүгээр хороо, 0 дугаар байрны 1 давхарт, 0 тоотод оршин суух З.С нарт холбогдох барьцаа 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Н, хариуцагч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 4 дүгээр сарын 01-ний Д.Ганхуяг, З.С нартай түрээсийн гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 дугаар хороолол, “Цоглог” хотхоны В блокын 203 дугаар байрны 1 давхарт Ү-5 тоот хаягт байрлалтай 41.04 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэн үсчингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан.
Ингээд үйл ажиллагааг явуулж эхэлтэл хүн орохгүй орлого багатай, хүйтэн, ажил үйлчилгээ явуулахад хүндрэлтэй болж, түрээсээ төлж чадахгүй байсан тул гэрээг цуцлах “Мэдэгдэл”-ийг хариуцагчид хүргүүлсэн.
Мөн хажуудаа үсчин, маникюр ажиллуулсан боловч суудлын түрээсээ дийлэхгүй гарсан.
Энэ тухай З.Сд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр утсаар, 5 дугаар сарын 18-ны өдөр бичгээр мэдэгдсэн ч хүлээн аваагүй.
Би барьцаанд 1.500.000 төгрөг, 4, 5 дугаар сарын түрээсэнд 1.800.000 төгрөг төлсөн. Бид анх тохиролцохдоо эхний сард 800.000 төгрөг, 5 дугаар сард 1.000.000 төгрөгийн түрээс төлөхөөр болсон боловч дээрх нөхцөлийг З.С мэдээд, 5 сарын түрээсийн төлбөрт 800.000 төгрөгийг өгөхөөр тохироод, төлсөн.
Гэтэл өнөөдөр би тэгж түрээсийн төлбөр төл гэж хэлээгүй, гэрээ цуцлахаа надад мэдэгдээгүй гэж ярьж байна.
Иймд нэхэмжилсэн мөнгөнөөсөө гоо сайханы аппаратын үнэ 150.000 төгрөг, 5 дугаар сарын түрээсийн үлдэгдэл 200.000 төгрөгийг хасаж багасгаад, барьцааны 1.150.000 төгрөгийг З.Сос гаргуулж өгнө үү.
Мөн хариуцагч Д.Ганхуягт холбогдох шаардлагаасаа татгалзаж байна, гэжээ.
Хариуцагч З.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Нтай үсчин гоо сайхын чиглэлээр байраа түрээслүүлэхээр гэрээ хийсэн.
Энэхүү гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулсан. Салон шинээр нээгдэж байгаа болохоор орлого муу байх магадлалтай тул Н.Нд хэлсэн ч “би хүнээ татна, орлого муу байх нь хамаагүй” гэж хэлээд орсон.
Түрээсийн төлбөрт 1.800.000 төгрөг, барьцаанд 1.500.000 төгрөг төлсөн.
Надад гэрээнд зааснаар урьдчилж мэдэгдээгүйн улмаас би хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н барьцаа 1.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,
Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 00 хаягт байрлах, 41.04 метр квадрат талбайтай байрыг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үсчин, гоо сайханы үйл ажиллагаа явуулахаар, эхний сард 800.000 төгрөг, дараагийн сараас сард 1.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож, гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч 4.5 дугаар сарын түрээсэнд 1.800.000 төгрөг, барьцаа 1.500.000 төгрөгийг төлж, хариуцагч нар түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн талаар талууд маргахгүй байна.
Талуудын байгуулсан гэрээний гол нөхцөлийн 2 дугаар зүйлийн 2.6.1 дэх хэсэгт гэрээг цуцлах тухай сарын өмнө мэдэгдэлгүйгээр цуцалсан тохиолдолд барьцаа мөнгийг буцаан олгохгүй гэж заасан байх ба зохигчид дээрх үүргээ биелүүлсэн, биелүүлээгүй эсэх талаар маргаж байгаа бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид гэрээ цуцлах “Мэдэгдэл” хүргүүлсэн нь тогтоогдож байна.
Иймээс зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн нөхцөл байдлаасаа шалтгаалан шинээр ашиглалтанд ороод удаагүй байр учраас үйлчлүүлэгч багатай, цаашид түрээсээ төлж чадахгүй хүнд байдал үүсэж болзошгүй тул гэрээг үргэлжлүүлэх боломжгүй талаар тайлбарлаж, хариуцагч үгүйсгэж маргаагүй буюу хариуцагчийн мэдэгдэлгүйгээр гэрээнээс татгалзсан гэх тайлбар үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч Д.Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй байна.
Мөн хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийг гаргах эрхтэй бөгөөд дээрх эрхээр нь шүүх хангасан боловч эрхээ хэрэгжүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 1.150.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан З.С-оос 1.150.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Н-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Д.Ганхуягт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 32.150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА