Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 02361

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2019/02361

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Ч.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.М, өмгөөлөгч Д.Балжмаа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Төлбөр авагч би НШШГГтай 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгүүлж тус газрын Баянгол дүүргийн 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хувиарлагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрээр Ж.Отгонцэцэгээс 16 387 950 төгрөгийг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн байдаг.Үнэлгээний дүгнэлтийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр мэдэж 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээний талаарх гомдлыг дээд шатны байгууллагад хандаж цахимаар гаргасан.Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлнэ гэж заасан.Би үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6-д зааснаар үнэлгээний зардал болон шинжээчийн зардлыг төлөөгүй байхад шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдааны үнийг тогтоосон гэж үзэж дуудлага худалдааг зохион байгуулж байгаа нь хууль зөрчиж байна.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлсийг иргэний шийдэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцож, мөн хуулийн 118.3-т Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр авагчаас гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төвлөрүүлнэ гэж заасныг зөрчиж Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар гаргасан 61 215 030 төгрөгийн үнэлгээгээр дуудлага худалдааны үнийг маргаагүй тогтоосон гэж үзэж хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай тогтоол гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах ёстой байсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээг гаргууладаг.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж оролцуулсан.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг үнэлгээний тайланд тусгана гэж заасан байдаг.Гэтэл Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээний тайланд дээрх хуулийн заалтууд үйлчлээгүй буюу бодит байдлаас эргэлзээтэй зөрүүтэйгээр тусгасан байна.Иймд Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар тогтоож гаргасан 61 215 030 төгрөгийн үнэлгээний тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг надад танилцуулахад нь би та нар өнөө үеийн үнээр бодох байтал ирээдүйн үнээр бодсон байна, 1960-аад оны цэргийн хотхонд 4 талдаа айлтай, тойроод жорлонтой байшин байгаа, хотын захиргаанаас энэ хүнтэй гэрээ хийсэн байгаа.Анхан шатны шийдвэр 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарч, 16 387 950 төгрөг гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.Эднийх нийслэлийн шүүхэд давж заалдсан, би дээд шүүхэд гомдол гаргасан, 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дээд шүүхийн тогтоол гарч, анхан шатны шийдвэр зөв гэж гарсан, сарын дараа Хяналтын шатны шүүхэд хандсан.Дээд шүүхийн тогтоолыг хэвээр үлдээсэн ба 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх захирамж гаргуулсан, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн.Энэ хугацаанд шийдвэр гүйцэтгэх газрынхан надад материалаа ерөөсөө танилцуулаагүй, мөнгөөр нь авна гэж байхад нэг л өдөр 2019 оны 5 сард үнэлгээ хийлгүүлнэ гээд нэг хашаа байшин байна та авах уу? гэхэд нь би үлдсэн мөнгөндөө авна гэсэн, эзэн нь надад хэлэхдээ 15 000 000 төгрөг гэсэн.Дараа нь үнэлгээтэй нь танилцаад би үүнийг зөвшөөрөхгүй гэсэн.Та нар ирээдүйн үнэ цэнээр үнэлсэн байна, 1960-1970 оны барилгын метр квадрат нь 1 300 000 төгрөгөөр үнэлсэн байна, би гомдол мэдүүлнэ гэхэд та шүүхэд хандаж болно гэсэн.Би шүүхийн шийдвэр гүйцэтгэх дээд байгууллагад нь өргөдөл бичсэн.Албан бичгээ өгөхдөө үнэлгээний талаар нарийн тодорхой бичсэн.Шинэ үед баригдсан байрны үнэтэй харьцуулсан байна.Тэр барилгыг 61 сая төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа тул энэ үнлэгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч НШШГГ шүүхэд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрээр Жанчивын Отгонцэцэгээс 16 387 950 төгрөгийг гаргуулж Ч.Мд олгохоор шийдвэрлэсэн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч Ж.Отгонцэцэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, арилжааны банкуудад данс эзэмшдэг эсэх, эзэмшдэг тохиолдолд дансны хасалт хийх мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд дансны хасалтаар 5 136 500 төгрөгийг татаж төлбөр авагч Ч.Мд олгосон.Төлбөр төлөгч Ж.Отгонцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 12 дугаар байрны 7 тоот орон сууцыг битүүмжилж хураасан.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар шинжээчийн үнэлгээ тогтоосон үнэ 61 215 030 төгрөгийн 70 хувиар тооцон 42 850 521 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санад болох доод үнийг тогтоохыг талуудад 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 4/11683 тоот албан бичгээр мэдэгдсэн.Анхны дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 10.00 цагт оруулахыг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 4/13391 тоот мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6/13 тоот тогтоолыг төлуудад тус тус мэдэгдсэн бөгөөд үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлгээ тогтоосон үнэ болох 61 215 030 төгрөгийн 50 хувиар тооцон 30 607 515 төгрөгөөр 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагт оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд хандах хугацаа өнгөрсөн болно.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2755 шийдвэрээр Ж.Отгонцэцэгээс Ч.Мд энэ мөнгөн дүнг олгуулж шийдвэрлэсэн.Төлбөр авагчийн хүсэлтээр 2018 оны 5 сард ажиллагаа эхэлсэн.Эд хөрөнгийн мэдүүлэг, холбогдох ажиллагааг хийсэн, дансны зарлага зогсоох бичгийг банк руу явуулсан, өмчлөлийн 2 орон сууцыг битүүмжилсэн.Энэ үед төлбөр авагч нь хүсэлт гаргасан. 2019 оны 3 сарын 18-ны өдөр төлбөр төлөгчийн Сонгинохайрхан дүүргийн байрыг төлбөртөө тооцож авна гэсэн, 5 136 500 төгрөг дансны хасалтаас орж ирсэнийг 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн орон сууцыг үлдэгдэл төлбөртөө авна гэсний үндсэн дээр төлбөр төлөгчтэй уулзахад тэр хүн 30 000 000 төгрөг гэж үнийн саналаа хэлсэн.Тэгээд үнэлгээ тогтоож худалдан борлуулах ажиллагаа явуулсан, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хурааж аваад, хөндлөнгийн шинжээч томилсон, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4/10383 тоотоор талуудад мэдэгдсэн.Төлбөр авагч нь мэдэгдлийг хүлээж авсан болохоос ямар нэг гомдол санал гаргаагүй. Анхны дуудлага худалдаа 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр болох талаар мэдэгдсэн, мэдэгдэл хүлээж авсан.Анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 2 дахь дуудлага худалдаа болсон боловч худалдагдаагүй.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.7-д зааснаар 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй, Шүүхийн шшийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээний тогтоол буюу үнэлгээг хүчингүй болгох тухай шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үзвэл албадан дуудлага худалдаагаар худалдаалагдах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөөгүй агуулгатай байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/02755 дугаар шийдвэртэй Ч.Мын нэхэмжлэлтэй Ж.Отгонцэцэгт холбогдох хэргийн хариуцагч Ж.Отгонцэцэгээс 16 100 000 төгрөгийг гаргуулан Ч.Мд олгож шийдвэрлэсэн байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШЗ2018/06274 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар дээрх 102/ШШ2017/02755 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллага нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол гаргасан байх бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Шинжээч томилох тухай 131 тоот тогтоолыг гаргаж Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт цэргийн хотхоны 12 дугаар байрны 07 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Сэлэнгэ Эстимэйт ХХК нь төлбөр төлөгч Ц.Отгонцэцэгийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт цэргийн хотхоны 12 дугаар байрны 07 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийж НШШГГт ирүүлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан үндэслэлд бүрэн нийцээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэгчийн дээрх тэмдэглэлд төлбөр авагч Ч.Мтай уулзаж түүнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт цэргийн хотхоны 12 дугаар байрны 07 тоот хаягт байрлах орон сууц нь 61 215 030 төгрөгөөр үнэлэгдсэн талаарх тайлан танилцуулан 4/11683 тоот мэдэгдлийг хүлээлгэн өгөв гэжээ./хх-49/

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг төлбөр авагчид танилцуулаад хуульд зааснаар түүний санал хүсэлтийг авсан эсэх нь тодорхой бус байна.

Нөгөө талаар Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт цэргийн хотхоны 12 дугаар байрны 07 тоот хаягт байрлах, 27 метр квадрат талбай бүхий орон сууцыг харьцуулалтаар 36 729 000 төгрөг гэж үнэлсэн байх боловч уг орон сууц нь дахин төлөвлөлтөнд орох гэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Чогсэрд Констракшн ХХК-тай төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байна.Тиймээс гэрээний дагуу талбайн хэмжээг 45 метр квадрат гэж үзэж 61 215 030 төгрөгөөр үнэлсэн байна./хх-63-93/

 

Ийнхүү нэг үл хөдлөх хөрөнгөд хоёр үнэлгээ хийж, бодитоор бий болоогүй хөрөнгийг 61 215 030 төгрөгөөр үнэлсэн байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт цэргийн хотхоны 12 дугаар байрны 07 тоот хаягт байрлах, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байх тул Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт цэргийн хотхоны 12 дугаар байрны 07 тоот хаягт байрлах, 27 метр квадрат талбай бүхий орон сууцны талаарх мэдээллийг харах боломжгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээний тайланг төлбөр авагч Ч.Мд 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр танилцуулсан, төлбөр авагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргаж хариуг нь 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүхэд улмаар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлээ гаргасан байгааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байх тул Ч.Мын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойт цэргийн хотхоны 12 дугаар байрны 07 тоот хаягт байрлах, 27 метр квадрат талбай бүхий орон сууцыг 61 215 030 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН