| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/03067/И |
| Дугаар | 102/ШШ2019/02762 |
| Огноо | 2019-10-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2019/02762
| 2019 оны 10 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2019/02762 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Б-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Э, М.Бнар 2011 оны 01 сард танилцаж, 2012 оноос манайд хамт амьдарсан. 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тэдний дундаас охин Б.М төрсөн. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй. Гэхдээ охин М.Баар овоглодог. А.Э, М.Бнарын хоорондын харилцаа 2018 оноос таарамжгүй болж 2019 оны 6 дугаар сараас хоёр тийшээ болсон. Одоо охин Б.М6 настай, 1 дүгээр ангийн сурагч. М.Бохин Б.М.-г өөрийн хүүхэд болохыг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг төлнө гэсэн тайлбар шүүхэд өгсөн байсан. Иймд хариуцагч М.Баас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, охин Б.Мд олгож өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг охин Б.Мгийн цаашдын хичээл, сургуульд зарцуулагдах болно гэв.
Хариуцагч М.Бшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Б нь А.Этай 2012 оноос хамт амьдарч гэр бүл болсон. Гэвч бидний зан харилцаа таарамжгүйгээс 2015 оноос тусдаа амьдарч байна. Б.Мнь миний төрсөн охин мөн тул хүүхдийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд бусад эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч М.Бд холбогдуулан 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Мд хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсч нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.Бнь охиныг өөрийн хүүхэд мөн тул тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Зохигчид 2012 оноос үерхэж хамт амьдарсан байх ба тэдний дундаас 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр охин Б.М төржээ. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан ч охиныг эцгээр нь овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдлоо.
Хариуцагч нь охин Б.Мгийн төрсөн эцэг болохоо хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин М-г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг М.Баар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.868 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 34.332 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас /Үндэсний Статистикийн хорооноос 2019 оны шинэчлэн тогтоосон амьжиргааны баталгаажих доод түвшингийн Улаанбаатарын хэмжээнээс 12 сарын хугацаанд тооцоход 217.900:2х12/ 1.307.400 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 35.868 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтыг баримтлан 2013 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.М-г 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг М.Баар тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгөөс 35.868 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 34.332 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцааж, хариуцагч М.Баас улсын тэмдэгтийн хураамжид 35.868 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ