| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2022/0251/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/261 |
| Огноо | 2022-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Нямдаваа,
Хохирогч: ************,
Хохирогчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,
Шүүгдэгч: ************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ овгийн **********-ийн **********-т холбогдох 2226000000309 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар баг “Хөшөөтийн Эх” гэх газар иргэн *********-ын гэрт ************ын толгой тус газарт тоосго болон аягаар тус бүр 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, зүүн дээд зовхинд шарх, хамар, зүүн хацар, дээд доод уруулд зулгаралт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч ************ шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Би өдөр нь найранд орчихоод хоносон байсан. Жаргалантын төв дээр хоноод маргааш нь буцаж яваад найзтайгаа нэг шил архи уучихаад өгсөж явсан. Тэгэхэд **********хүүхдээ сундалчихсан явж байсан. Сундалж явсан хүүхдийг нь би сундлаад манай авгай ********** сундлаад “Асгат”-ын эхээр гарч явсан чинь ************ах өмнөөс хүрээд ирсэн. Дүүгээ айлд хүргээд өг. Дүү чинь явж чадахгүй байна гээд ************ах бид нар **********-ынд ирсэн. Би хүргэнийд нь ороод л суугаагаараа унтчихсан байсан. Авгай чи хүүхдээ явуул. Би босож чадахгүй байна гээд би жоохон унтчихаад явъя гэсэн. Тэгээд л нэг хархнаа би цус нөжтэйгөө холилдсон байсан. **********миний цээж дарчихсан, хамар ам руу цус гоожоод тогтохгүй байсан. ************ах чамайг цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд авгайгаа дуудаад Жаргалантын төв дээр машинаар ирж ************ахын гадаа ирэхэд согтуу байсан. Яагаад дүүгээ нүдээд ийм болгочихвоо гэхэд чи чаддаг юм бол юм яриарай гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Би эмнэлэг дээр очиж тариа хийлгэж цусаа тогтоолгоод аймаг руу ирсэн. Хохиролд 1125000 төгрөг авсан. Би нүүрэндээ косметик оёо тавиулах мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч ************шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Косметик оёо тавиулах мөнгийг төлнө гэв.
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би **********хүргэний гэрт хэсэг суугаагаараа унтаж байгаад сэрэхэд гаднаас ********** ах орж ирээд хэсэг сууж байгаад гэнэт гарч яваад удалгүй буцаж орж ирэхдээ тоосго барьсан байсан. Би цохин гэж бодолгүй сууж байтал зүүн нүдний дээд хэсэг рүү цохиод авсан. Тэгээд шууд ухаан алдсан. Намайг сэрэхэд маш их цус алдсан байсан. Намайг ********** дараад авсан чи хүнд алуулах нь гэж хэлсэн. Тэгтэл ********** ах **********-ыг холд би наадахыг чинь гүйцээчихье гээд дайраад байсан. *********, ***********нар ********** ахыг салгаад та хүнийг мал алчихсан юм шиг нүдээд байхдаа яадаг юм бэ, та яв гээд ********** ахыг явуулсан. Тэгээд би эхнэрээ дуудаж ирүүлээд Жаргалант багийн төв орсон. Төв ороход ********** гэртээ согтуу байсан. Та яагаад намайг зодож байгаа юм бэ гэхэд согтуудаа та нар надаас юм олж идэж чадахгүй шүү гэхээр нь эмнэлэг орсон. Намайг зодох үедээ эрүүл байсан. Намайг зодох үед ******************** ах хоёр байсан. Миний биед хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Эмчилгээний бүх зардлаа гаргуулж авна. Би өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотойгоор хийлгэсэн эмчилгээний төлбөр, унааны зардал гэх зүйлсийн баримтыг бүгдийг гаргаж өгсөн. Би 1124192 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн Улаанбаатар хот руу явж оёо тавиулах 3600000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. /хх-ийн 18-20, 24-р хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би гэртээ очоод хүү *************, охин ************* нарыг аавыгаа аваад ир гэж явуулахад удалгүй буцаж ирээд аавыг **********ах нүдчихсэн байна гэж байна гэсэн. Намайг очиход манай нөхөр гэрийнх нь гадна сууж байсан ба нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан. **********цусыг нь дарах гээд би дээлээрээ дээрээс нь дарсан гэж хэлээд зогсож байсан. Манай нөхрийг **********тоосгоор зодсон гэсэн. Манай нөхрийн духны зүүн талын дээд хэсэгт маш том халцарсан, духны гол хэсэгт халцарсан, уруул хэсгийнхээ энэ тэнд бага зэрэг халцарсан, нүд нь хавдаад хөхөрсөн байгаа гэв. /хх-ийн 26-р хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 10 дугаар сарын 15-ны орой 18 цаг 30 минутын үед манай эмнэлэг дээр тоосгоор толгойн тус газраа цохиулсан гэж нэлээн цус алдсан хүн орж ирсэн. Тэгээд үзлэг хийж, шарханд цэвэрлэгээ хийгээд шархыг нь оёх боломжгүй, гүн шарх байсан. Мөн зүүн нүд нь харахгүй байсан. Тэгээд цус тогтоох тариа болон натри хийж өөрсдийн унаагаар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Тухайн үед ************ нь дух болон нүүр хэсэг хөмсөгтөө оёдол тавиулахаар байсан гэв. /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:.. Би гэрийн гадна мотоциклио янзлаад байж байтал гэр дотор хүмүүс зодолдоод байхаар нь гэрт орж ирээд хартал ********** ***********-ыг цохисон. ********** нь ***********ыг хориод зогсож байсан. Намайг гэрт ороход ***********-ынтолгой хэсгээс цус гоожоод байж байсан. Баруун орон дор цагаан өнгийн аяга хагарсан байдалтай байсан гэв. /хх-ийн 32-р хуудас/,
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хүргэн Хэнмэдэхийн гэрт бөөн дуу болоод байхаар нь гэрээсээ гараад иртэл *********** нь бөөн цус болсон толгойноос нь цус гарсан. ********** гэгчийн гар нь цус болсон байхаар нь түргэн дууд гээд гэрт орж ирээд харахад гэрийн баруун тал буюу орны урд нэг цус болсон шаазан аяга хагарсан байдалтай байхаар нь хагарсан аягыг түүгээд хогийн саванд хаясан. Гэрийн гадна мотоциклийн хажууд цустай тоосго байхаар нь баруун хойд амбаарын баруун хойд буланд аваачаад хаясан гэв. /хх-ийн 36-р хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 22-ны 638 дугаартай үзүүлэгч ************ын биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн дээд зовхинд шарх, хамар, зүүн хацар, дээд доод уруулд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинж байдлаараа хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн байх тул гэмтлийн зэрэг тус бүрд нь гаргах шаардлагагүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45-р хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн үзүүлэгч ************ын биед үүссэн шарх, зулгаралт, цус гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэл, буюу аяганд цохигдох үед аяга хагарч олон хэлтэрхий үүсгэн нүүр хэсэгт нь олон тооны зулгаралт шарх, цус хуралт гэмтлүүд үүссэн байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 48- 49-р хуудас/,
Шүүгдэгч ***********-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг. /хх-ийн 56-57-р хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ************ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 1125000 төгрөг хүлээн авсан, косметик оёдол тавиулах зардлыг нэхэмжилнэ гэсэн тайлбар. /хх-ийн 1, 4-10-р хуудас/
Шүүгдэгч ***********-ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/114 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, Төрийн банкны харилцах дансны хуулга, Голомт банкны 10/590 дугаар тодорхойлолт, Хас банкны 11/661 дугаар тодорхойлолт, Хаан банкны депозит дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 61, 63-71-р хуудас/,
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон 222600000309 дугаартай шүүгдэгч ***********т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч ************нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар баг иргэн *********-ын гэр хохирогч ************ын толгойн тус газар тоосго болон аягаар нэг удаа цохисны улмаас хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан хохирогч ************ын мэдүүлэг, хохирогч ************ын дахин өгсөн мэдүүлэг, гэрч ***********-ийн мэдүүлэг, гэрч ***********-ийн мэдүүлэг/, гэрч ***********-ийн мэдүүлэг, гэрч ***********-ийн мэдүүлэг, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Хүрэлсүхийн мэдүүлэг, яллагдагч ***********-ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих ажиллагааг бүрэн тогтоосон. Хууль бусаар хэрэгт баримт бүрдүүлсэн гэсэн зүйл авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих зүйлийг тогтоосон гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Ингээд шүүгдэгч ***********-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дээл 1 ширхэг, өмд 1 ширхэг, тал тоосго 1 ширхэг, ажлын бээлий 1 ширхэг, аяганы хэлтэрхий зэрэг хураагдсан эд зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар:... “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар бүлэг, Өмгөөллийн тухай хуульд заасан эрх үүргийн хүрээнд хохирогч ************ын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэдэгтэй санал нийцэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлууд бүгд нотлогдсон байна. Өөрийнхөө гэм буруутай гэдэгтэй шүүгдэгч маргаж мэтгэлцэхгүй байгаа учраас хуульд зааснаар гэм буруутай байна гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************“Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул шүүгдэгч ***********т холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар баг “Хөшөөтийн Эх” гэх газар иргэн *********-ын гэрт ************ын толгой тус газарт тоосго болон аягаар тус бүр 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, зүүн дээд зовхинд шарх, хамар, зүүн хацар, дээд доод уруулд зулгаралт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан хэрэг мөн байна.
Шүүгдэгч ************нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар баг “Хөшөөтийн Эх” гэх газар иргэн *********-ын гэрт ************ын толгой тус газарт тоосго болон аягаар тус бүр 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, зүүн дээд зовхинд шарх, хамар, зүүн хацар, дээд доод уруулд зулгаралт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ************ын би **********хүргэний гэрт хэсэг суугаагаараа унтаж байгаад сэрэхэд гаднаас **********ах орж ирээд хэсэг сууж байгаад гэнэт гарч яваад удалгүй буцаж орж ирэхдээ тоосго барьсан байсан. Би цохин гэж бодолгүй сууж байтал зүүн нүдний дээд хэсэг рүү цохиод авсан. Тэгээд шууд ухаан алдсан. Намайг сэрэхэд маш их цус алдсан байсан. Намайг **********дараад авсан чи хүнд алуулах нь гэж хэлсэн. Тэгтэл **********ах **********-ыг холд би наадахыг чинь гүйцээчихье гээд дайраад байсан. ********************нар **********ахыг салгаад та хүнийг мал алчихсан юм шиг нүдээд байхдаа яадаг юм бэ. Та яв гээд **********ахыг явуулсан. Тэгээд би эхнэрээ дуудаж ирүүлээд Жаргалант багийн төв орсон. Төв ороход **********гэртээ согтуу байсан. Та яагаад намайг зодож байгаа юм бэ гэхэд согтуудаа та нар надаас юм олж идэж чадахгүй шүү гэхээр нь эмнэлэг орсон. Намайг зодох үедээ эрүүл байсан. Намайг зодох үед ********************ах хоёр байсан. Улаанбаатар хот руу явж оёо тавиулах 3600000 төгрөгийг нэхэмжилж байгаа, гэрч Х.***********-ийн би гэртээ очоод хүү *************, охин *************нарыг аавыгаа аваад ир гэж явуулахад удалгүй буцаж ирээд аавыг **********ах нүдцэн байна гэж байна гэсэн. Намайг очиход манай нөхөр гэрийнх нь гадна сууж байсан ба нүүр нь тэр чигтээ цус болчихсон байсан. **********цусыг нь дарах гээд би дээлээрээ дээрээс нь дарсан гэж хэлээд зогсож байсан. Манай нөхрийг **********тоосгоор зодсон гэсэн. Манай нөхрийн духны зүүн талын дээд хэсэгт маш том халцарсан, духны гол хэсэгт халцарсан, уруул хэсгийнхээ энэ тэнд бага зэрэг халцарсан, нүд нь хавдаад хөхөрсөн байгаа, гэрч ***********-ын 2022 оны 10 дугаар сарын 15-ны орой 18 цаг 30 минутын үед манай эмнэлэг дээр тоосгоор толгойн тус газраа цохиулсан гэж нэлээн цус алдсан хүн орж ирсэн. Тэгээд үзлэг хийж, шарханд цэвэрлэгээ хийгээд шархыг нь оёх боломжгүй, гүн шарх байсан, мөн зүүн нүд нь харахгүй байсан. Тэгээд цус тогтоох тариа болон натри хийж өөрсдийн унаагаар аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Тухайн үед ************ нь дух болон нүүр хэсэг хөмсөгтөө оёдол тавиулахаар байсан, гэрч Б.Хэнмэдэхийн би гэрийн гадна мотоциклио янзлаад байж байтал гэр дотор хүмүүс зодолдоод байхаар нь гэрт орж ирээд хартал *********************цохисон. **********нь ***********хориод зогсож байсан. Намайг гэрт ороход ***********-ын толгой хэсгээс цус гоожоод байж байсан. Баруун орон дор цагаан өнгийн аяга хагарсан байдалтай байсан, гэрч Д.***********-ийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хүргэн Хэнмэдэхийн гэрт бөөн дуу болоод байхаар нь гэрээсээ гараад иртэл *********** нь бөөн цус болсон толгойноос нь цус гарсан. ********** гэгчийн гар нь цус болсон байхаар нь түргэн дууд гээд гэрт орж ирээд харахад гэрийн баруун тал буюу орны урд нэг цус болсон шаазан аяга хагарсан байдалтай байхаар нь хагарсан аягыг түүгээд хогийн саванд хаясан. Гэрийн гадна мотоциклийн хажууд цустай тоосго байхаар нь амбаарын баруун хойд аваачаад хаясан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч ***********-ын үйлдлийн улмаас хохирогч ************ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 22-ны 638 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн үзүүлэгч ************ын биед үүссэн шарх, зулгаралт, цус гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэл, буюу аяганд цохигдох үед аяга хагарч олон хэлтэрхий үүсгэн нүүр хэсэгт нь олон тооны зулгаралт шарх, цус хуралт гэмтлүүд үүссэн байна гэх мэдүүлэг, шүүгдэгч ***********-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ************ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 1125000 төгрөг хүлээн авсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ************ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 22-ны 638 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн үзүүлэгч ************ын биед үүссэн шарх, зулгаралт, цус гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэл, буюу аяганд цохигдох үед аяга хагарч олон хэлтэрхий үүсгэн нүүр хэсэгт нь олон тооны зулгаралт шарх, цус хуралт гэмтлүүд үүссэн байна гэх мэдүүлэг, шүүгдэгч ***********-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ************ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 1125000 төгрөг хүлээн авсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэсэн тайлбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хохирол, хор уршиг, хэргийн зүйчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ************нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 2 дугаар баг “Хөшөөтийн Эх” гэх газар иргэн *********-ын гэрт ************ын толгой тус газарт тоосго болон аягаар тус бүр 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархай, зүүн дээд зовхинд шарх, хамар, зүүн хацар, дээд доод уруулд зулгаралт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж шүүгдэгч ************овгийн ***********-ын **********-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ************нь хохирогч ************т хохиролд 1125000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хохирогч ************ын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хохиролд 1125000 төгрөг хүлээн авсан, цаашид гарах эмчилгээний зардал буюу косметик оёдол тавиулах 3600000 нэхэмжилнэ гэсэн тайлбар, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2835364 дугаар шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч ***********-ынгэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ***********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс баримтаар хэрэгт нэхэмжилсэн зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн нөхцөл байдал бусад ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, ажил хөдөлмөр эрхэлдэг, хөдөлмөрийн насны ам бүлийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,түүнд 600 нэгжээр буюу 600.000 төгрөгөөр торгох саналыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж гаргаж байна. Шүүгдэгч ************нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар дээл 1 ширхэг, өмд 1 ширхэг, тал тоосго 1 ширхэг, аяганы хэлтэрхий зэрэг хураагдсан эд зүйлийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, Эрүүгийн хэрэг шалгах ажиллагааны зардлын баримт авагдаагүйг тус тус дурдаж байна. Шүүгдэгч ***********т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан үүнийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Миний үйлчлүүлэгч бол шүүгдэгч ************манайхны хүргэн хүн байгаа. Надад учирсан хохирлыг төлчихвөл заавал энэ хүнд шийтгэл оногдуулна гээд байх зүйл байхгүй гэдгээ өмнө нь болон сая хэллээ. Тэгэхдээ та нар нэг нь хүргэн хүн байдаг, өдий насны хүмүүс чинь бие биеийнхээ тус дэмэнд амьдарч таарна. Энэ нөхцөл байдлуудаа цааш цаашдынхаа амьдралд тангаргаа сэлбээд анхааралтай биенийхээ эмчилгээнд нь сайн дураараа тусалбал заавал иргэний шүүхээр заргалдаад байхгүй. Хэрвээ тэгэхгүй гэвэл хохирогч нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Үүнийг шүүгдэгч та ойлгож байгаа байх гэж бодож байна. Хохирогч хохирол хүлээсэн эмчилгээндээ явсан, өөрөө бичиг үсэг сайн мэдэхгүй, заавал өмгөөлөгч ав гэсэн байгаа. Жишээ нь танаас авсан хохирлын мөнгөний талыг нь өмгөөлөгчийн зардалд өгч байгаа. Иймд цаашдаа харгалзах байх гэж бодож байна. Улсын яллагчаас оногдуулж байгаа ялын шүүмжлэлийг нэмэгдүүлэх гэсэн байр суурь байхгүй. Би өмгөөлөгч хүн учраас прокурортой зэрэгцэж яллахгүй. Өөрийнхөө үйлчлүүлэгчийн байр суурийг илэрхийлж байна. Өөр хэлэх зүйлгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ************нь “Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн
Шүүгдэгч ***********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,
Шүүгдэгч ***********-ынгэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлого олох боломж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ***********-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч *********** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ************нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************т хохиролд 1125000 төгрөг буюу хавтаст хэрэгт авагдсан хохирлыг төлсөн, шүүгдэгч ************нь хохирогчид цаашид гарах косметик оёдол тавиулах зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************ын нэхэмжлэлээс 3600000 төгрөгийг нэхэмжлэлийг нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч ************ нь хэлэлцэхгүй орхисон 3600000 төгрөгийн нэхэмжлэлээ болон цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тал тоосго нэг ширхэг, ажлын бээлий нэг ширхэг, дээл нэг ширхэг, өмд нэг ширхэг, хагархай аяганы хэлтэрхий зургаан ширхгийг устгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ************овгийн ***********-ын **********-ыгхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********-ыгзургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч ************нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************т хохиролд 1125000 төгрөг буюу хавтаст хэрэгт авагдсан хохирлыг төлсөн, шүүгдэгч ************нь цаашид гарах косметик оёдол тавиулах зардлыг төлөхөө илэрхийлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ************ын нэхэмжлэлээс 3600000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ************ нь хэлэлцэхгүй орхисон 3600000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тал тоосго нэг ширхэг, ажлын бээлий нэг ширхэг, дээл нэг ширхэг, өмд нэг ширхэг, хагархай аяганы хэлтэрхий зургаан ширхгийг устгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***********тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ