| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/04438/И |
| Дугаар | 02649 |
| Огноо | 2019-10-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 02649
2019 оны 10 сарын 08 өдөр Дугаар102/ШШ2019/02649 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Төв аймаг, Жаргалант сум, дугаар баг, Өгөөмөр салхит,00 дүгээр гудамж, 0 тоотод оршин суух Б.Э-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “Богд ар” хороолол,00 байрны 0 тоотод байрлах “Т” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны олговорт 30.206.493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2011 оноос Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн алтны уурхай баяжуулах үйлдвэрт шаазан фильтерийн дамжлагын ажилтнаар ажиллаж байгаад 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсан.
Дээрх тушаалыг зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандахад, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 154 дугаартай шийдвэрээр намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 1.956.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул албадан биелүүлэх хүсэлтийг тус шүүхэд гаргаж, уг захирамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Т”ХХК-ийн захирлын 136 дугаартай тушаалаар намайг ажилд эргүүлэн томилсон.
Иймд 2013 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинд 30.206.493 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Учир нь:
Б.Э-г2012 онд тус компани ажлаас үндэслэлгүй халсан. Энэ талаар шүүхэд маргаан үүсгэж, 3 шатны шүүх түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон.
Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд авсан гэж маргаж байна. Ажилд аваагүй. Ажилдаа оръё гэхээр авдаггүй. Дахин шүүхэд хандах гэхээр төрсөн хүү нь энэ компанид ажиллаж байсан болохоор хүүг чинь ажлаас хална гэж хэлээд сүрдүүлдэг. Ингээд хүү энд ажиллаж байх хугацаандаа үйлдвэрийн ослоор нас барсан байдаг.
Иймд хариуцагч шийдвэрийг биелүүлээгүй учраас албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргасныг шүүх хангаж, ажил олгогч 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б.Э-гажилд авсан.
Хариуцагч хэлж байна. 2013 онд Б.Э-гшийдвэрийн дагуу ажилд авсан гэж. Хэрвээ ажилд авсан бол яагаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дахин тушаал гаргаж ажилд авсан юм.
Иймээс шийдвэрийг биелүүлээгүй гэдэг нь эндээс харагдаж байгаа тул 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг хоногт 22.227 төгрөгөөр тооцон, 1359 хоногийн цалин 30.206.493 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Э2013 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Т”ХХК-д холбогдуулан Баяжуулах үйлдвэрийн шаазан фильтрийн ажилтнаар эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.956.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж уг иргэний маргаан Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхээр хянагдаж, 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 279 дугаартай Тогтоолоор Б.Э-гажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.956.000 төгрөг олгож, олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг “Т”ХХК-д” даалгасан.
Компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэн,Б.Э-гНарантолгойн алтны уурхайн баяжуулах үйлдвэрт буцаан ажиллуулах тушаал гаргаж, ажилд эргүүлэн томилсон боловч ажилдаа ирээгүй бөгөөд удалгүй ажилдаа орохгүй гэдгээ мэдэгдэж, нийгмийн даатгалын болон бусад бичиг баримтаа авч явсан атлаа “Т”ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эажилгүй байсан хугацааны олговорт 30.206.493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч анх 2012 онд ажлаас үндэслэлгүй халагдсан талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан үүсгэснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2013 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 154 дугаартай Шийдвэрээр Б.Э-г“Т”ХХК-ийн Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгойн алтны уурхайн баяжуулах үйлдвэрийн шаазан фильтрийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 279 дугаартай Тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Магадлалыг хэвээр үлдээсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа нь тогтоогдож байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагчийн төлөөлөгч “нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн аваад, өөр ажилд орно гэсэн өөрийнхөн хүсэлтээр нийгмийн даатгалын дэвтрийг бөглөсөн”,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч “нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороогүй, ажилд томилсон тушаалыг мэдээгүй, гардаж аваагүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Хэрэгт авагдсан болон шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэхэд,
Гэрч Ц.С “...миний бие шүүхийн шийдвэрийн дагуу Б.Э-ийнтушаалын бэлдэцийг бэлдсэн. Б.Эажилдаа ирээгүй гэдгийг хуулийн зөвлөх Т.Д хэлж байсан. Би Б.Э-тай утсаар холбогдож чадаагүй. 2013 онд Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хийсэн. 2012 оноос хойш шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэл бичсэн. Б.Э-тай холбогдохгүй байгаа талаараа захирал, хуулийн зөвлөхөд хэлсэн. Дээд шүүхийн шийдвэр гараад ажилд авсныг Б.Энхтуяад мэдэгдээгүй...”
Гэрч Т.Д “Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ор гэж хэлсэн. Б.Эорохгүй гэсэн. 9 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалаа бичүүлээд, цалингаа аваад, маргаанаа зогсооё гэсэн. Ажиллахгүй гэж бичгээр гаргасан зүйлгүй. Амаар ярьсан. Ажилд авсан тушаалыг үзүүлээгүй байх. Байгууллага тушаалыг утсаар болон биечлэн мэдэгддэг. Хүний нөөцийнхөн мэдэгдэх үүргийг хариуцдаг...” гэх мэдүүлэг болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгүүлэх бөгөөд нэхэмжлэгч тус шүүхэд шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03936 дугаартай Шүүгчийн захирамжаар хангаж,
Уг захирамжийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 136 дугаартай “Т”ХХК-ийн захирлын тушаалаар Б.Э-гажилд томилж,
Улмаар 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б.Э-гсаармагжуулах үйлдвэрийн операторын ажилд 26 дугаартай тушаалаар томилж, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17 дугаартай тушаалаар ажлаас халсан талаар нэхэмжлэгчид танилцуулаагүй болох нь гэрч нарын мэдүүлэг, талуудын тайлбар, тус компанийн захирлын тушаал зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн Н газраас ирүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 8/2107 тоот, 0000 регистрийн дугаартай, Б.Э-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх мэдээлэлээс үзэхэд, хариуцагч 2012-2013 оны 8 дугаар сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг төлж бусад онуудад өөр өөр ажил олгогч шимтгэлийг төлсөн нь нотлогдож, энэхүү шимтгэл төлөлт нэхэмжлэгчийг “Т”ХХК-д цалин авч, ажиллаж байсан гэдгийг нотлох үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь хэсэгт заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хариуцагч биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлэхдээ шийдвэрт заагдаагүй өөр ажилд хариуцагч томилсоноос харахад, шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.983 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 308.983 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,
116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 1359 хоногийн цалин 30.206.493 төгрөгийг “Т”ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ийн олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг “Т”ХХК-д үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308.983 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 308.983 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА