Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/230

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,

Улсын яллагч С.Баатарсүх,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бургас овогт Цэрэнбатын ******* холбогдох 2226003070259 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Эмгэд гэх газарт оршин суух хаягтай, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Бургас овогт Цэрэнбатын ******* /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байсан тус сум дахь цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Жамбалдорж /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж толгойн тус газарт ташуураар 1 удаа цохиж эсэргүүцсэн,

Мөн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байсан тус сум дахь цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Жамбалдорж /хууль сахиулагч/-ыг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэх явцдаа эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний 11-р шүдний бүрэн мултрал, 21-р шүдний хагас мултрал, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Өмнө яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 04 дүгээр багийн нутагт байх наадмын талбайд баяр наадмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн хамгаалалтад зогсож байсан сонсогч Бат-Оргил, дэд ахлагч Пүрэвням, дэд ахлагч Энхтөр нар бид нар луу улаан дээлтэй, цагаан малгайтай, морьтой нөхөр морины хамгаалалтад дээр ташуураар чичээд ална шүү гээд байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай суманд нэг ******* гэх нөхөр байдаг юм, тэр л байх тэрнээс өөр цагдаа руу дайрч, халдаад байх хүн байхгүй гэж хэлчихээд шүдлэн морь гаргачихаад бариан дээр хамгаалалт аваад зогсож байсан. Тухайн үед 17 цаг болж байсан цагдаа сонсогч нар хоёр талаар хуваагдаад зогссон байсан. Тэгсэн миний эсрэг талд хамгаалалтад зогсож байсан Билэгсайхан гэх сонсогчийг ******* морин дээрээс ташуураар толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд наана нь зогссон Энхтөр лүү бас ташуураа далайж байсан. Надтай хамт хамгаалалтад зогсож байсан Батхуяг дэслэгч бид хоёр очсон. Тэгсэн Батхуяг дэслэгч рүү ташуураар далайж цохих гээд оноогүй хий цохиод гарсан. Тэгээд би араас нь очоод морины хазаараас нь бариад зогсоосон. Тэгэхэд намайг толгой руу ташуураараа нэг цохисон. Тэгээд мориноос нь буулгаад 48-49 гэсэн дугаартай албаны машины ард суулгасан. Морь бариа руу орж ирэх гэж байсан. ******* машинаас бууя, шүдлэн харна,  морь уясан гээд байсан. Би байж бай гэж хэлээд гадаа нь зогсож байсан. Ах нь гэх Отгонжаргал гэдэг хүн ирсэн ******* болиоч гэж хэлээд алгадаад байсан. Тэгсэн миний морь ирж байна гээд Отгонжаргал хажуугаар өндийж ирэнгүүтээ, миний амны хэсэгт гараараа 1 удаа цохисон. Миний амнаас цус гарсан, шүд мултарч унасан, тэгээд төлөөлөгч ирээд ******* аваад явахад нь миний бие хамт явсан. ******* ер нь угаасаа өмнө нь байсан цагдаа нарын шаардлагыг биелүүлдэггүй, эсэргүүцдэг цагдаад өс хонзонтой юм шиг тийм нөхөр байгаа юм. Цагдаа зодчихоод намайг яаж ч чадахгүй л гэдэг юм билээ. Би аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн миний биед толгой зулайн ар хэсэгт язарсан, 1 шүд унасан, 1 шүд хөдөлсөн, дээд уруулын дотор талд шарх зэрэг гэмтлүүд учирсан байна гэсэн. Зүүнбаян-Улаан сумын хүн байгаа юм ер нь цагдаад дургүй хэл амаар доромжилдог шаардлага эсэргүүцдэг гэж мэддэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын баяр наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан. Өглөө 08 цагаас азарга мордох үед хамгаалалт авах гээд морь бариа руу алхаж явтал, улаан дээлтэй, цагаан малгайтай 4-5 морьтой залуучууд явж байхад, ******* гэх залуу дунд нь байсан. Тэгээд хажуугаар явахдаа би цагдаа зоддог пизда шүү гэж хэлчихээд явсан. Азарга барианд орж ирсэн айргийн 5 морины хашааны хамгаалалт руу явж байсан чинь өнөөдөр архи бага уухгүй бол аль цагдаа нь зодох юм болоо гэх хэлэн заналхийлсэн. Айрагдсан азаргануудыг хашаанаас гаргах гэж байхад ******* миний нүүрний чигт ташуураараа чичилсэн, ямар нэгэн юм надад хэлээгүй, мөн хүрээгүй. Тэгээд цаашаа давхиад явсан орой шүдлэнгийн уралдаан болох гээд би Довчинцэрэн төлөөлөгчийн машинд сууж байсан чинь ******* морьтой давхиж ирээд Гончигоо хаагуур байна гэсэн тэгэхээр нь би тэр Гончигоог чинь танихгүй гэсэн чинь цаашаа давхиад явсан. Гэнэт хүмүүс шуугиад хөөе гээд орилоод байхаар нь харсан чинь ******* морин дээрээсээ ташуураар хамгаалалтад гарч байсан сонсогчийн нүүр лүү ташуураараа чичсэн. Тэгээд би машинаас буугаад ******* руу гүйсэн. Тэгсэн цаашаа давхиад хамгаалалтад гарч байсан Батхуяг дэслэгчийг ташуураараа цохих гэтэл Батхуяг ах бултсан, оноогүй. Сонсогч дээр очоод гайгүй юу гэж асуухад шалбарсан гэж байсан. Батхуяг дэслэгч мөн хэсгийн төлөөлөгч Довчинцэрэн ирээд бид гурав машинтай ******* олох гээд хөдөлсөн чинь хүмүүс дундаас морь нь давхиад гараад ирсэн. Мориноосоо ойчсон юм байна гээд морийг нь барьж авах гээд хөөцөлдсөн. Морийг нь барьж аваад морь бариан дээр ирсэн чинь Жамбалдорж миний шүдийг цохиод, шүд хугалаад, тархи хагалчихлаа гээд байж байсан. ******* авч яваад кабон байр орчихоод аймагт ирж эрүүлжүүлэх байран дээр үлээлгэсэн 1.46% согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

        Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “...*******оос гаргаж өгсөн бор өнгийн модон ташууранд үзлэг хийхэд. Уг ташуур нь 60 см урттай модон ташуур байх бөгөөд дээд үзүүрээс доошоо 8 см зайд цоолж сураар оосор хийсэн, ташуурын гол хэсгээс доош 30 см хэмжээтэй модон хэсгийг нь бор өнгийн арьсаар гадарлаж бор өнгийн арьсны гадуур 1 см өргөнтэй сураар ороосон байна. Доод үзүүрээс доош 18 см урт сур илүү гарсан байна. Уг ташуур нь дээд хэсэг болон дунд хэсгээрээ мод нь цуурсан байдалтай байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 6-10 дугаар хуудас/,

 

        Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн “...Үзүүлэгч биед дээд эрүүний 11-р шүдний бүрэн мултрал, 21-р шүдний хагас мултрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтмол 5% алдагдуулна...” гэсэн 2022 оны 07 дугаар сарын 28- ны өдрийн №491 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32/, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 281 дугаартай тодорхойлолт /хх-ийн 37/,

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул  шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байсан тус сум дахь цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Жамбалдорж /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж толгойн тус газарт ташуураар 1 удаа цохиж эсэргүүцсэн,

Мөн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байсан тус сум дахь цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Жамбалдорж /хууль сахиулагч/-ыг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэх явцдаа эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний 11-р шүдний бүрэн мултрал, 21-р шүдний хагас мултрал, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Бургас овогт Цэрэнбатын ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зуүнбаян-Улаан сумын 04 дүгээр багийн нутагт байх наадмын талбайд баяр наадмын хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан. ...Тухайн үед 17 цаг болж байсан цагдаа сонсогч нар хоёр талаар хуваагдаад зогссон байсан. Тэгсэн миний эсрэг талд хамгаалалтад зогсож байсан Билэгсайхан гэх сонсогчийг ******* морин дээрээс ташуураар толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд наана нь зогссон Энхтөр лүү бас ташуураа далайж байсан. Надтай хамт хамгаалалтад зогсож байсан Батхуяг дэслэгч бид хоёр очсон. Тэгсэн Батхуяг дэслэгч рүү ташуураар далайж цохих гээд оноогүй хий цохиод гарсан. Тэгээд би араас нь очоод морины хазаараас нь бариад зогсоосон. Тэгэхэд намайг толгой руу ташуураараа нэг цохисон. Тэгээд мориноос нь буулгаад 48-49 гэсэн дугаартай албаны машины ард суулгасан. Морь бариа руу орж ирэх гэж байсан. ******* машинаас бууя, шүдлэн харна,  морь уясан гээд байсан. Би байж бай гэж хэлээд гадаа нь зогсож байсан. Ах нь гэх Отгонжаргал гэдэг хүн ирсэн ******* болиоч гэж хэлээд алгадаад байсан. Тэгсэн миний морь ирж байна гээд Отгонжаргал хажуугаар өндийж ирэнгүүтээ, миний амны хэсэгт гараараа 1 удаа цохисон. Миний амнаас цус гарсан, шүд мултарч унасан, тэгээд төлөөлөгч ирээд ******* аваад явахад нь миний бие хамт явсан. ...Би аймагт ирээд эмнэлэгт үзүүлсэн миний биед толгой зулайн ар хэсэгт язарсан, 1 шүд унасан, 1 шүд хөдөлсөн, дээд уруулын дотор талд шарх зэрэг гэмтлүүд учирсан байна гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын баяр наадмын хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байсан. ...Гэнэт хүмүүс шуугиад хөөе гээд орилоод байхаар нь харсан чинь ******* морин дээрээсээ ташуураар хамгаалалтад гарч байсан сонсогчийн нүүр лүү ташуураараа чичсэн. Тэгээд би машинаас буугаад ******* руу гүйсэн. Тэгсэн цаашаа давхиад хамгаалалтад гарч байсан Батхуяг дэслэгчийг ташуураараа цохих гэтэл Батхуяг ах бултсан, оноогүй. Сонсогч дээр очоод гайгүй юу гэж асуухад шалбарсан гэж байсан. Батхуяг дэслэгч мөн хэсгийн төлөөлөгч Довчинцэрэн ирээд бид гурав машинтай ******* олох гээд хөдөлсөн чинь хүмүүс дундаас морь нь давхиад гараад ирсэн. Мориноосоо ойчсон юм байна гээд морийг нь барьж авах гээд хөөцөлдсөн. Морийг нь барьж аваад морь бариан дээр ирсэн чинь Жамбалдорж миний шүдийг цохиод, шүд хугалаад, тархи хагалчихлаа гээд байж байсан. ******* авч яваад кабон байр орчихоод аймагт ирж эрүүлжүүлэх байран дээр үлээлгэсэн 1.46% согтолттой байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,  Мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн ташууранд үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №491 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ц.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байсан тус сум дахь цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Жамбалдорж /хууль сахиулагч/-ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж толгойн тус газарт ташуураар 1 удаа цохиж эсэргүүцсэн, Мөн 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хуулиар хүлээсэн албан үүргээ гүйцэтгэж байсан тус сум дахь цагдаагийн тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч А.Жамбалдорж /хууль сахиулагч/-ыг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдэх явцдаа эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний 11-р шүдний бүрэн мултрал, 21-р шүдний хагас мултрал, хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж хэрэгт хавсаргасан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул шинж чанар хувийн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох ялаар, мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж. Уг оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Г.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* оногдуулсан гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.Жамбалдорж нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  60 см урттай модон ташуур 1 ширхгийг устгахаар, 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5,   36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Бургас овогт Цэрэнбатын ******* хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Бургас овогт Цэрэнбатын ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* оногдуулсан гурван мянга нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 см урттай модон ташуур 1 ширхгийг устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР