Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 92

 

  Г.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0317/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгч                                       Г.Д-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Р.Атарцэцэг                                              

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолтой, Г-ийн Д-д холбогдох, 1808047731538 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  илтгэснээр  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 3 жил 8 сар хорих ялаар шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Б- овогт Г-ийн Д-.

Шүүгдэгч Г.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Драгон” төвийн гадна иргэн Ц.Д-ас “Утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлэн түүний “Самсунг Галакси” Эс-6 загварын гар утсыг нь авч 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Г-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Д-ийг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Г.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар Г.Д-ий цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлцөр болтол шүүгдэгч Г.Д-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах гомдолдоо:

... 2018.11.25-ны өдрийн 130.000 төгрөгийн бензин авсан үйлдлийн хувьд маргах зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4-р зүйлийн 5.т “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн заалтыг шүүх хэдийгээр хялбаршуулсан гэдэг заалтай боловч практик дээр өргөн хэрэглэж прокурорын саналын хүрээнд ялыг шийдвэрлэж байгаа. Үүнийг яагаад бичээд байна вэ гэвэл Г.Д-д улсын яллагч эрүүгийн хариуцлага үлээлгэх саналаа 6 сарын хорих ял оногдуулахаар тавьсан. Гэтэл шүүх 8 сарын хорих ял болгон хариуцлагыг хүндрүүлсэн тул энэхүү хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байгаа юм.

Тиймээс Г.Д-ий үйлдсэн хэргийн нөхцөл байдал учруулсан хохирлын шинж, хохирол төлбөр барагдуулсан зэрэг байдлыг харгалзан үзэж шүүхийн оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нийцнэ гэж үзэж байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Д- тайлбартаа:

          Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна., дахин гэмт хэрэг үйлдэхгүй,  оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Р.Атарцэцэг тайлбартаа:

Прокурор Г.Д-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар анхан шатны шүүхэд санал гаргасан байхад анхан шатны шүүх 8 сарын хорих ял оногдуулсан, шүүхийн практикаас харахад учир дутагдалтай байгаа юм. Шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 8 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Г.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Драгон” төвийн гадна иргэн Ц.Д-ас “Утсаа өгч байгаач, хүнтэй ярьчхаад өгье” гэж хэлээд түүний “Самсунг Галакси” Эс-6 загварын гар утсыг нь авч  270.000 төгрөгийн хохирол учруулсан., 2018 оны11 дүгээр сарын 25-ны өдөр “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас  машиндаа шатахуун аваад өөр хүний мөнгөгүй карт өгч зугтаан 130.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.д заасан  бусдын эд зүйлийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Энэ нь тухайн үед болсон үйл баримт болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д-ий өөрийн болон хохирогч Ц.Д-,  Ц.Анхжаргал нарын өгсөн  мэдүүлэг,  “Самсунг галагси S-6”  гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК ийн  шинжээчийн 2019-11-05-ны өдрийн дүгнэлт,  хохирогч Ц.Д-ын  95114449 дугаарын утасны ярианы жагсаалт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон., хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулжээ. 

Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хохирлын хэмжээ,  мөн шүүгдэгч  үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогчид гомдолгүй гэсэн зэрэг байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан ялаас хасаж тухайн зүйл, хэсэгт хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

          Хэргийн  мөрдөн шалгах  ажиллагаа  болон  анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

           Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан  ...шүүгдэгчид оногдуулсан ялыг  биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж  өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 363 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг :

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Г.Д-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Г.Д-ий өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан тухай хуулийг ноцтой зөрчсөнгэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.МАНЛАЙБААТАР

                                                              ШҮҮГЧИД                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Ц.ТУЯА