Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0394

 

 

“Б ” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 113/ШШ2025/0002 дугаар шийдвэрийг гомдол гаргагч “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Ц-ний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Гомдол гаргагч “Б ” ХХК

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Д.М

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг 

Хэргийн индекс: 113/2024/0058/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 113/ШШ2025/0002 дугаар шийдвэрээр Усны тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагч Д.М-ийн үйлдсэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00993**  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “... Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9 дүгээрт "..Ц.Н шүүх хуралдаан дээр "... уг мэдүүлгийг улсын ахлах байцаагч Д.М авч би компьютер дээр холбогдогчийн өгсөн мэдүүлгийг шивж өгсөн оороор оролцоо байгаагүй" гэж мэдүүлсэн..." гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид Ц.Н-аас Д.М мэдүүлэг авсан гэсэн тайлбар гаргаж байсан бөгөөд шүүх хуралдаанд би гэрч нараас асуумжийг нь асууж шивсэн, Д.М өөр өрөөнд суугаад албажуулсан, Д.М бид 2 хамт авсан, багаар удирдамжийн дагуу шалгасан зэргээр хэд хэдэн зөрүүтэй тайлбарыг хэлсэн. Гэвч зөрчлийн хуулийн дагуу шийтгэлийн оногдуулах асуудал нь Зөрчлийн хууль, Зорчил шалган шийдвэрлэх хуулийн дагуух ажиллагаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс мэдүүлгийг Д.М аваагүй болохыг нотлохоор хэд хэдэн хүсэлт гаргасан бөгөөд мэдүүлэг авах үеийн бичлэгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүх хангасан хэдий ч тухайн үеийн камерын бичлэг устсан гэсэн хариу ирсэн. Иймд тухайн өдөр Д.М ажиллаж байсан эсэхийг Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас тодруулах хүсэлтийг шүүхэд гаргасан ч хэрэгт ач холбогдолгүй хэмээн хүсэлтийг хангахаас татгалзан үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгана гэсэн хэдий ч шүүхийн шийдвэрт энэ талаар огт тусгаагүй байна. Мөн Н.Л, Вao *****, П.Э, О.Н нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангаагүй байдаг. Зүй нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөв хийсэн эсэхийг шалгахын тулд яг хэнд мэдүүлэг өгснийг мэдүүлэгч этгээдээс асуух зайлшгүй шаардлагатай байсан. Тухайн зөрчлийн хэрэгт авагдсан мэдүүлгийг Ц.Н авсан байдаг. Ц.Н шүүх хуралдаан дээр миний өөрөө илрүүлсэн зорчил, миний шалгасан зорчил гэх мэтээр тайлбар хийж тухайн асуудал тодорхой болсон байдаг ч шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

2.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т "Монгол Улсын нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь зөрчил хаана гарсныг үл харгалзан энэ хуулийн дагуу явагдана.", тус хуулийн 2.3 дугаар зүйлийн 1.3-т "Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах бүрэн эрхтэй", 2.4 дүгээр зүйлийн 1.5-т "эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах", 4.8 дугаар зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан зөрчил гарсан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна." гэж зааснаас үзвэл удирдах албан тушаалтнаас томилсон зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг авах эрхтэй. Ц.Н-д тус зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулах бүрэн эрх олгогдоогүй буюу зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаас тус ажилтанд энэхүү үүргийг даалгасан аливаа шийдвэр, тушаал байхгүй буюу эрхгүй этгээд мэдүүлэг авсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 14-т "Эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж, мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна." гэж зааснаас үзвэл Д.М нь мэдүүлгээ өөрөө авах, бэхжүүлэх үүрэгтэй. Гэтэл мэдүүлэг аваагүй атлаа гарын үсгээр баталгаажуулан хуурамч баримт үйлдсэн. Мэдүүлэг өгсөн хүмүүс Д.М-д нэг ч мэдүүлэг өгөөгүй байхад Д.М өөрөө авсан мэтээр гарын үсэг зурсан байдаг. Ийнхүү тус мэдүүлгийг үндэслэн шийтгэлийн хуудас оногдуулсан ба шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "...2024 оны 09 сарын 02-ны өдрийн "Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай" тэмдэглэлд Вао *****-д хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч мэдүүлэг авахад "...2023 оны 12 сарын 23-нд үйлдвэрийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газраас ажлын хэсэг томилон үйлдвэрийн байрыг албан ёсоор хүлээлгэн өгснөөс хойш тус үйлдвэрийн байранд эзэн болж суусан... 6 сард туршилтын үйл ажиллагаа явуулсан.... туршилт явуулахад шаардлагатай түүхий эдийг Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрших "Ж" ХХК-ийн төмрийн уурхайгаас 700 тонн түүхий хүдрийн баяжмал авсан, төмрийн хүдрийн хаягдлыг хамж цуглуулж үйл ажиллагаа явуулсан. Нийт 2000 тонн орчим нойтон баяжмал туршилтын шугамаар гарган авсан..." гэсэн нь дээрх үйл баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна" гэжээ. Зорчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2-т "Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ" гэснийг ноцтой зөрчсөн хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөсөн тус шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.", Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 5-т "Эрх бүхий албан тушаалтан оногдуулсан шийтгэл, шийтгэлийг албадан гүйцэтгүүлэх үндэслэлийг шүүхэд нотлох үүрэг хүлээнэ." гэж заасныг тус тус зөрчсөн. "Б " ХХК-д Стандарт хэмжил зүйн газраас тоолуур баталгаажуулж өгсөн болохыг хариуцагчаас дурддаг бөгөөд тус тоолуур баталгаажуулж өгөөд буй үйлдэл нь ус ашиглахыг зөвшөөрч байгаа, нөгөө талаараа холбогдох гэрээ, зөвшөөрөлтэй учраас тоолуур баталгаажуулж өгөөд байгаа үйлдэл байна. Гэтэл шүүхийн хавтас хэрэг, зөрчлийн хэрэгт манай компанийн усны хувийн хэрэг огт авагдаагүй хэр нь гэрээ байгуулаагүй гэж үзсэн нь шүүхээс нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй болохыг харуулж байна. Манай компани 2011 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тухайн үедээ ТЭЗҮ, усны гэрээ гээд бүх материалыг бүрдүүлж гэрээ байгуулж ус ашиглаж байсан. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр, нотлох баримтгүйгээр гэрээ болон зөвшөөрөлгүй ус ашигласан гэж үзсэн. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан дээр даргалагч шүүгчээс "Б" ХХК гэрээ байгуулсан эсэх асуудлыг тодруулсан бөгөөд хариуцагч талын гэрээ байгуулаагүй гэх тайлбарыг хүлээн авсан атлаа үүнийг нотлох ач холбогдол бүхий "Б" ХХК-ийн усны хувийн хэрэг гаргуулах нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй. Цаашлаад Г.Н, н.Ц нарын хууль бус хорлон сүйтгэх үйлдлээс хиймэл нуурыг усаар дүүргэх явдал цөөнгүй гарч тухай бүрд нь цагдаа, прокурорт хандаж байсан, Хариуцагчаас 37988 м.куб усыг ашигласан гэдэг ч яг ямар этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааны улмаас усны нөөцөд хохирол учирсан болохыг тодорхойлоогүй.

2.4. Хохирлын талаар: Усны газрын 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 01/1028 дугаар "Усны нөөцөд учруулсан хохирлын тооцоог хүргүүлэх тухай" албан бичгийн хавсралтаар усны нөөцөд учирсан хохирлыг 259,783,200 төгрөгөөр тооцсон байдаг. Хариуцагчаас хохирол хэрхэн тооцсон асуудлыг мэдэхгүй гэх хариу тайлбар өгсөн ба тус үнэлгээг шийтгэл оногдуулах хуудастай хамт манай компанид хүргүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрт хохирлын үнэлгээний талаар огт дүгнэлт өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын хүлээн авахгүй талаарх үндэслэлээ шийдвэрт бичнэ гэсэн боловч энэ талаар огт дурдаагүйгээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудал, шүүхийн шийдвэр 2 зөрүүтэй гарсан байна. Нэхэмжлэгчээс 2025 оны 04 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд дахин цахимаар хүргүүлсэн байдаг. Шүүхээс хохирлын үнэлгээ нь захиргааны акт боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахгүй гэсэн нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан.

2.5. Хохирлын үнэлгээний хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн толбор тооцох аргачлал"-ын 7 дугаар зүйлийн 7.1-т "Ус ашиглах зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь гадаргын усны экологийн урсцад тулгуурлан тодорхойлсон ашиглах боломжит гадаргын усны нөөцийн хэмжээ, газрын доорх усны ашиглах боломжит нөөцийн хүрээнд ус ашиглуулах дүгнэлт гаргана.", 7.2.1-т "Усны нөөцийг зөвшөөрөлгүй эсхүл хэтрүүлэн ашигласан, хомсдуулсан, зориудаар хуурайшуулснаас учирсан хохирол"-ыг Ххн = ЭҮгү. КгадИ  ΣINI.VI) томьёогоор тооцно гэснийг баримтлаагүй байна. Цаашлаад аргачлалын 14 дүгээр зүйлийн 14.1-т "Ус хангамжийн эх үүсвэр, усны барилга байгууламжийн тусламжтайгаар газрын доорх ус агуулагч үе, давхарга, бүрдэл, бүсийн зузааныг хэт багастал усны түвшнийг бууруулан ус олборлосноос газрын доорх усны нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөр нь чөлөөт гадаргат болон даралтай усны хувьд ижил байна. Жишээлбэл: гидрогеологийн өрөмдлөгөөр тогтоосон чөлөөт гадаргат ус агуулсан давхаргын зузаан 20м бол усны түвшний бууралтын хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээ 0.7х20=14м байх ёстой. Хэрэв ашиглалтын цооног (худаг) дахь усны түвшин бууралт (динамик түвшний гүнээс статик түвшний гүнийг хасаж тодорхойлдог) 14м болон түүнээс бага байгаа бол уг ашиглалтын цооног (худаг)-ийн усны нөөцөд учирсан хохирол "бага" гэж үзээд усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх боловч нөхөн төлбөр тооцох шаардлагагүй гэж үзнэ. Харин ашиглалтын цооног (худаг) дахь усны түвшин бууралт 0.7-0.8 буюу 14-16м бол уг ашиглалтын цооног (худаг)-ийн усны нөөцөд учирсан хохирол "их", хэрэв ашиглалтын цооног (худаг) дахь усны түвшин бууралт 0.8-1.0 буюу 16-20м уг ашиглалтын цооног (худаг)-ийн усны нөөцөд учирсан хохирол "хэт их" гэж тус тус үзэн нөхөн төлбөр тооцно."гэснийг зөрчин усны түвшний бууралтын хэмжээг тодорхойлоогүй байхад хохирлын үнэлгээ гаргасан байна. Хэрвээ цооног (худаг) дахь усны түвшин бууралт бага гэж үзвэл нөхөн төлбөр тооцохгүй байхаар аргачлалд тодорхой тусгасан. Гэтэл хариуцагчийн тайлбарт "Холбогдох дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүй ашигласан 37,988 м.куб усны, газрын гүний усны нөөцөд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг Усны газрын 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 01/1028 дугаар албан бичигт тооцоолон ирүүлсэн байна. Иймд ашигласан усны хэмжээ нь тоолуурын заалтаар тодорхой байх тул цооног /худаг/ дахь усны түвшин хэмжих шаардлагагүй болно." гэснийг шүүхийн шийдвэрт "... ашигласан усны хэмжээ нь тоолуурын заалтаар тодорхойлогддог усны нөөц байх тул цооног дах усны түвшин хэмжих гадаргын усны оор томьёог ашиглах шаардлагагүй байна" гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг  хангахгүй орхилоо.

2. Маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 00993**  дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2-т заасан зөрчлийг үйлдсэн гэж үзэж 259.783.200 төгрөгийн нөхөн төлбөр, 5.000.000 төгрөгийн торгуулийг оногдуулжээ.

3. Анхан шатны шүүх “... Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хандаж хохирлын үнэлгээ, тооцоог хийлгүүлсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд тус газраас 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 01/1028 дугаар Усны нөөцөд учруулсан хохирлын тооцоог хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтаар усны нөөцөд учирсан хохирлыг 259.783.200 төгрөг болохыг холбогдох томьёогоор тооцжээ. Улмаар гомдол гаргагч ...усны нөөц ашиглах гэрээг манай байгууллага хийсэн... гэх боловч Умард говийн гүвээт-халхын дундад талын сав газрын захиргааны 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 274 дүгээр албан бичгээр ...Б  ХХК нь 2023, 2024 онуудад ус ашиглах зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллаагүй болно гэсэн байгаагаас үзвэл тус компани нь ус ашиглах зөвшөөрөлгүй байсан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4. Давж заалдах гомдолд “... захирлаас мэдүүлэг авахдаа байцаагч Д.М өөрөө аваагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар тайлбар гаргаж, нотлох баримт цуглуулах хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлээ шүүх шийдвэртээ тусгаагүй, өөрөө мэдүүлэг аваагүй, Ц.Н тус зөрчлийн хэрэгт ажиллагаа явуулах эрхгүй атлаа мэдүүлэг авсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 2, 4.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн, ийнхүү хууль зөрчиж авсан мэдүүлгийг үндэслэн шийтгэл ногдуулсан” гэжээ.

5. Хэрэгт авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед холбогдогч “Б ” ХХК-ийн дэд захирал (Bao *****) Б овогтой Ч гэх иргэнээс 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан мэдүүлэгт тухайн иргэн өөрөө болон байцаагч Д.М нар гарын үсэг зурсан байх тул уг мэдүүлгийг хууль зөрчиж авсан мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Мөн тус компанийг “үйлдвэрлэлийн зориулалтаар зохих гэрээ, зөвшөөрөлгүй газрын гүний усыг ашигласан” зөрчил гаргасныг тогтоохдоо зөвхөн дээрх иргэний мэдүүлэгт үндэслээгүй, бодит байдалд хүдэр угаасан усаа хуримтлуулдаг цөөрөм байгуулж усаар дүүргэсэн, үйлдвэрийн гадна талбайд төмрийн хүдрийн овоолго босгосон байдал, мөн усны тоолуурын заалт, цахилгааны төлбөр 4-6 сард сар тус бүр 2 сая гаруй төгрөг төлсөн талаарх баримт зэргээр тус зөрчлийг гаргасан нь тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх нотлох баримтуудыг зөв үнэлжээ.

7. Мөн давж заалдах гомдолд “... Стандарт хэмжил зүйн газраас гэрээ, зөвшөөрөл байсан учраас тоолуур баталгаажуулж өгсөн нь ус ашиглахыг зөвшөөрч байгаа үйлдэл, гэтэл усны хувийн хэргийг аваагүй атлаа гэрээ байгуулаагүй гэсэн нь шүүхээс нотлох зарчим хэрэгжүүлсэнгүй ...” гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-д “Холбогдогч дараахь эрхтэй:... 2.8.нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;” гэж заасны дагуу тус компани нь өөрийн байгуулсан гэрээ, зөвшөөрөл, холбогдох баримтууд байсан бол гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой атал өгөөгүй, мөн тухайн баримтууд нэхэмжлэгчид байх ёстой баримт бөгөөд хэрэв гаргаж өгөх боломжгүй бол эх сурвалжаа зааж гаргуулах талаар хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлээгүй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлд хамаарах гэрээ, зөвшөөрөл өөрт нь байсан бол гаргаж өгөөгүй, гаргуулах талаар хүсэлтээ гаргаагүй байх тул шүүхийг буруутгах үндэслэлгүй.

8. Мөн гомдолд “... хохирлыг буруу тооцсон” гэх боловч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын 2024 оны 01/1028 дугаар албан бичгээр Усны нөөцөд учирсан хохирлыг тооцож гаргасан нь зөрчлийн хэрэгт авагдсан байх тул хариуцагч улсын байцаагч нь уг баримтыг үндэслэн хохирлыг гаргуулахаар шийтгэлийн хуудсанд заасныг буруутгах үндэслэлгүй байна.

9. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлснийг мэдэж, тус компанийн захирал нь дэд захирал дээрх иргэнд итгэмжлэл олгосон, мөн холбогдох баримтуудыг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/29 дүгээр албан бичгээр хүргүүлж, мөн дээр дурдсан мэдүүлгийг өгсөн зэргээс үзвэл ямар зөрчилд холбогдсоноо мэдсэн атлаа хэргийн материалтай танилцаж, энэхүү хохирлын тооцооны талаар шинжээч томилуулах зэргээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрх нь байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй, улсын байцаагч нь тус компанийн дэд захирал Б овогтой Ч-тай удаа дараа холбогдохоор мөн зурвасуудыг илгээсэн боловч уг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байх ба ажилтан Л.Л-г дуудаж, материал танилцуулсан нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд эрх бүхий этгээд нь хүрэлцэн ирээгүйгээс компанийн ажилтныг дуудан танилцуулсан үйл ажиллагааг холбогдогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул энэхүү давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

9. Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 113/ШШ2025/0002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.Ц-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                          Г.МӨНХТУЛГА

 

                        ШҮҮГЧ                                          Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                          С.МӨНХЖАРГАЛ