Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 209

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2016/0204/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Хохирогч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэрэгт ***  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***  дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, 1975 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан- Уул аймгийн Дархан сум 9 дүгээр баг, 4 хороолол *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***

Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг 58 дугаар брак байрны хажуугийн асфальтан зам дээр *** улсын дугаартай Хонда Сивик маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3, 2 дугаар бүлгийн 2.7-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч ***мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч  *** мөрдөн байцаалтад өгсөн “ ...2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад 12 цагийн үед найз болох ***  Солонгосоос ирсэн гээд 0,5 литрийн Их монгол нэртэй архи хувааж уусан. 16 цаг өнгөрөөд Дархан хүнсний үйлдвэр лүү эхнэрээ ажлаас нь авъя гэж бодоод явсан бөгөөд зах өнгөрөөд явж байхад Мөнх-Ундрам нарийн боовны үйлдвэрийн урд зам дээр нэг настай эмэгтэй замын голд зогсож байсан. Тэр эмэгтэй машины урдуур 2-3 удаа ухасхийж байгаад зогсчихсон юм. Тэгэхээр би энэ хүн намайг өнгөрсний дараа явах юм байна гэж бодоод явсан чинь яг машины урдуур гэнэт орж ирээд би машинаа зогсоож амжилгүй мөргөсөн. Би 60 км цагийн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би намайг өнгөрсний дараа зам хөндлөн гарах юм байна гэж бодоод хурд нэмэхэд гэнэт урдуур орсон. Би тормос гишгэж амжилгүй талийгаачийг мөргөсөн. Машинаасаа буугаад хартал миний машинаас 3-4 метрийн зайд хэвтэж байсан. Би яаралтай цагдаа, түргэн тусламж дуудсан. Удалгүй цагдаа эмнэлгийнхэн ирсэн. Түргэн тусламж иртэл талийгаачийг гар дээрээ хэвтүүлж ухаан алдахвий гэж юм асууж, асуулт тавьж байсан. Хохирогчид мөрдөн байцаалтын шатанд 1,500,000, шүүх хуралдааны өмнө 5,000,000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

Хохирогч *** “...гэмтлийн тасаг руу орж 306 тоот өрөөнд хэвтэж байсан ээжээс юу болсон талаар асуусан чинь сайн ярьж чадахгүй, ямар ч байсан машинд мөргүүлсэн гэж ярьж байсан. Тэгээд бие нь муудаад эрчимт эмчилгээний тасагт орсон. Бие нь дээрдэхгүй байж байгаад 3 дахь өдрийн өглөө нас барсан.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
    
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр өдөр намайг гадуур явж байхад 4-5 цагийн үед “цагдаа нараас хаяг тодруулна гээд ирсэн байна” гээд манай хүүхэд надруу ярихаар нь би гайхаад гэмтлийн эмнэлэг дээр очтол ээж эмнэлэгт хүргэгдсэн байсан. 11 цагийн үед бие нь муудаад сэхээний тасагт орсон. Маргааш нь сэхээнд байж байгаад бие нь бага зэрэг дээрдэж байсан. Гурав дахь өдрөөс буюу 9 дүгээр сарын 7-ны өдрийн өглөө 10 цагийн үед манай ээж нас барсан. Эд материалын хохирол төлөгдсөн. Сэтгэл санааны хохирол барагдуулаагүй. Энэ хүн 2 хүүхэдтэй, цаашдаа амьдрал нь үргэлжлэх байх. Миний хувьд гомдолтой гэж хэлэхэд хэцүү, гомдолгүй гэж хэлэх бас хэцүү байна. Материаллаг зардал төлөгдсөн” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч *** “...аав бид хоёр ээжийг авах гээд гэрээс гараад аав машинаа жолоодож, би аавын хажууд урд талд сууж явсан. Ээжийн ажил руу явах замд зам дээр нэг настай эмээ зогсож байхдаа нэг зам гарах гэж байснаа зогсчихсон. Аав надад “энэ хүн бид хоёрыг явсны дараа гарах юм байна” гэж хэлээд цаашаа явсан чинь тэр эмээ гарч ирээд аав машинаараа мөргөсөн. Намайг гэртээ сургуулиасаа ирэхэд аав жаахан архи уусан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

ШША-ны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн *** дугаартай “...Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаач нь судасны хатуурал өвчтэй байна энэ нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний язралт, олон хавирганы хугарал, нүүр, их бие, мөчдийн зөөлөн эдийн шарх, зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу нэг удаагийн автамашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь ГЗТЖ-н 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачид эмнэлэгт тавигдсан онош тохирсон. Хийгдсэн эмчилгээ зөв байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас/,

Хохирогч ***Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлсэн болон өвчний түүх /хавтаст хэргийн 110-139 дүгээр хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/ хавтаст хэргийн 32-34 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 039 дугаартай дүгнэлт, холбогдох баримтууд / хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас/,

Зам тээврийн ослын талаархи шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаартай “...Жолооч *** улсын дугаартай Хонда сивик загварын автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-д “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-д “жолооч дор дурьдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 6-7/ дугаар хуудас,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...шалгахад 1,62 хувийн үзүүлэлт илэрсэн” гэх тэмдэглэл, /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн эд хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийн “...Хонда сивик” маркийн *** улсын дугаартай машины зах зээлийн өнөөгийн үнэ нь 3,000,000 төгрөг байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Оршуулгын зардалтай холбогдолтой баримтууд /хавтаст хэргийн 79-101 дугаар хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөр хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 105-108 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, зээлийн гэрээний хуулбар, *** нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгзэр сарын 05-ны өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 6 дугаар баг, 58 дугаар брак байрны хажуугийн асфальтан зам дээр *** улсын дугаартай Хонда Сивик маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3, 2 дугаар бүлгийн 2.7-т заасан заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч *** мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч *** “...тэр эмээ гарч ирээд аав машинаараа мөргөсөн. Намайг гэртээ сургуулиасаа ирэхэд аав жаахан архи уусан юм шиг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, ШША-ны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 78 дугаартай “...Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. Талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, элэгний язралт, олон хавирганы хугарал, нүүр, их бие, мөчдийн зөөлөн эдийн шарх, зулгаралт, цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу нэг удаагийн автамашинд мөргөгдөх үед үүсэх боломжтой.” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас/, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас -*** холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд *** согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч **** нь талийгаачийн оршуулга болон 49 хоногийн зан үйлтэй холбогдолтой баримтуудыг /хавтаст хэргийн 79-101 дүгээр хуудас/ шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн байх ба дээрх баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад нийт 7,170,139 төгрөгийн баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч *** нь мөрдөн байцаалтын шатанд 15,000,000 төгрөг /хавтаст хэргийн 105-108 дугаар хуудас/, шүүх хуралдааны өмнө 5,000,000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгч нийт 20,000,000 төгрөгийг хохиролд төлсөн байх ба шүүгдэгчийн зүгээс материаллаг гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох ба ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх, мөн тэнсэж хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *** услын дугаартай “Хонда сивик” маркийн автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон, битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч *** дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбарыг гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах *** т даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /жил/ 6 /зургаа/ сарын хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч *** 20,000,000 /хорин сая/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, 297 дугаар зүйлийн 297.6.3-т заасныг баримтлан *** эзэмшлийн 3 /гурав/ сая төгрөгийн үнэлгээтэй “Хонда сивик” маркийн *** улсын дугаартай автомашин, битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, түүний *** дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах шийтгэлийг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудсын хамт тус тус шилжүүлэхийг шүүгчийн туслах *** д даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар *** оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.ГЭРЭЛТ-ОД