Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 124/ШШ2021/0056

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсан татгалзлыг батлах

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би “Э.Э.Ж.Т” ХХК-ийн Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр Үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э.Э.Ж.Т” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Э.Э.Ж.Т." ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалаар Увс аймгийн Наранбулаг сумын нутагт МУ-013766 тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу эзэмшдэг бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн. Гэтэл тус сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр Үйл ажиллагааг түр зогсоох тухай" захирамжийг манай компанид ирүүлээд байна. Уг захирамжид "Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, хамтын ажиллагааны гэрээний 3.1.6-д үйл ажиллагааны талаар сумын иргэдэд ил тод нээлттэй мэдээлэл өгч байх үүргээ биелүүлээгүй" гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 12.161, 12.1.2, 12.13 дахь заалтыг баримталсан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд 12.161 гэх заалт байхгүй бөгөөд тус хуулийн 12.1.2-т харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох", 12.13.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих" гэж заасан байна. Үүнээс үзвэл Засаг даргад компанийн тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад хууль зөрчиж, үндэслэлгүйгээр компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захирамж гаргасан байна.

Түүнчлэн Засаг даргын захирамжид Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн орд уурхайд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар" гэжээ. Гэтэл Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан Увс аймгийн Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн орд уурхайд хяналт хийх ажлын удирдамжид сумын Засаг даргаас уурхайн үйл ажиллагааг зогсоох захирамж гаргахаар заагаагүй байх бөгөөд ийнхүү удирдамж гарган, хяналт шалгалт хийсэн нь мөн л холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй хууль бус үйл ажиллагаа байна.

Нөгөөтэйгөөр Засаг даргын А/124 дүгээр захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д "хуульд үндэслэх", 4.2.3-т "хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх", 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" гэж заасан зарчимтай нийцэхгүй байна. Тодруулбал компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоох талаар өмнө нь мэдэгдээгүй, үйл ажиллагааг зогсоох хэмжээний зөрчил илэрсэн эсэх нь тодорхойгүй. уг ажиллагаатай холбоотой тайлбар, мэдүүлэг, нотлох баримт цуглуулах ажиллагааг огт хийгээгүйн дээр Засаг даргад компанийн тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэж буй үйл ажиллагааг зогсоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

Ийнхүү Засаг даргын хууль бус захирамжийн улмаас компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацааны алдагдал хүлээхэд хүрч байна. Уг хууль бус 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр "Үйл ажиллагааг түр зогсоох тухай" захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Наранбулаг сумын Засаг даргад 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хандсан бөгөөд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй болно.

Мөн тус компани Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 7-р сарын 7-ны өдрийн 21/91 дугаартай "Нэхэмжлэл гаргах тухай" албан бичгээр хандсан бөгөөд тус шүүхээс 2021 оны 7-р сарын 9-ны өдрийн 214 дугаартай "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай" шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу "Э.Э.Ж.Т" ХХК нь эрх бүхий албан тушаалтан буюу Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдэд маргааныг шийдвэрлүүлэхээр хандаж 2021 оны 7-р сарын 19-ний өдрийн 21/96 дугаартай "Гомдол гаргах тухай" албан бичгийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл бидний тавьсан асуудлаар бодитой хариу аваагүй болно.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл дахин гаргаж байна. Иймд Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр "Үйл ажиллагааг түр зогсоох тухай" захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

“Э.Э.Ж.Т” ХХК-ийг төлөөлөн захирал Г.Ж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын “Э.Э.Ж.Т” ХХК-д хандсан 2021 оны 09 сарын 28-ныы өдрийн 228 дугаар албан бичгийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр Үйл ажиллагааг түр зогсоох тухай захирамжийн хүчинтэй хугацаа нь дуусгавар болсон болно. Иймд тус компанийн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Э.Э.Ж.Т” ХХК анх шүүхэд Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Увс аймгийн Наранбулаг сумын Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр Үйл ажиллагааг түр зогсоох тухай захирамжаараа Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр “Э.Э.Ж.Т” ХХК-ийн Харганатын төмрийн хүдрийн орд уурхайн үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар зогсоожээ.    

Уг захиргааны актад зааснаар сумын Засаг даргын захирамжийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөр дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч “Э.Э.Ж.Т” ХХК-ийн захирал Г.Ж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдагдсан захирамжийн үйлчлэл дуусгавар болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй байх тул түүний татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э.Э.Ж.Т” ХХК-ийн Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/124 дүгээр үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ОЮУНГЭРЭЛ