Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

 

 

С.Сийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00131 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Сийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Сд холбогдох

 

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай маргаантай хэргийг,

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.С,

Хариуцагч: Г.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Стой 2008 оноос хамтран амьдарч, бидний дундаас 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүү С.Сэмүүн төрсөн. 2011 оны 6 дугаар сараас эхлэн бид хамтдаа амьдрахаа больсон. Тухайн үед хүү С.Сэмүүн ээж дээрээ үлдсэн бөгөөд 2012 оны 3 дугаар сараас эхлэн хүү минь аав болон эмээ нарынхаа асрамжид ирсэн. Улмаар 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүүгээ нэг жил цэцэрлэгт сургах хэрэгтэй тул өөр дээрээ нэг жил байлгана гээд ээж Г.С нь авч явсан. Энэ хугацаанд ажлын 5 өдөр ээж дээрээ, амралтын өдрүүдэд аав, болон эмээ дээрээ байдаг байсан. 2016 оны 9 дүгээр арын 01-ний өдөр хүү маань “Наран” бүрэн дунд сургуульд элсэн орсон. Би сургуулийн төлбөрийг төлсөн. 2 дугаар ангийн төлбөрийг ээж нь төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй, хүүхэдтэй минь уулзуулахгүй байна. Би хүүхэдтэйгээ утсаар ярих гэхээр “төлбөрийг нь төл” гэдэг байсан. Г.С нь надтай амьдрахаас өмнө нэг хүүхэдтэй байсан бөгөөд уг хүү нь миний хүү С.Сэмүүнийг айлгаж, зоддог. Энэ талаар асуудал байнга гардаг байсан бөгөөд хүүхэд хамгаалах болон цагдаагийн байгууллагад хандаж байсан. Тэгээд ч ажил ихтэй байдаг тул хүүг маань ганцааранг нь гэртээ цоожилж байлгадаг. Иймд хүү С.Сэмүүнийг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 онд С.Стэй танилцаж, хамт амьдарсан. 2010 оны 6 дугаар сард хүү маань төрөх хүртэл өдөр бүр намайг хардан хэрүүл хийж, хэзээ мөдгүй төрөх дөхсөн намайг хорон хэл амаар доромжлон, боож алах оролдлого хийж байсан. Тухайн үед би том гэдэстэй байсан учраас архи дарс уудаггүй юм даа, хүүхэд нь төрвөл гайгүй болох байх гэж бодож байсан боловч хүүхэд төрсөн ч засраагүй. Тухайн үед миний том хүүг байнга ад шоо үзэж, манай гэрт амьдардаг, нэг ч төгрөгийн нэмэргүй, ажилгүй байсан учраас би хамт байх шаардагагүй гэж үзээд гэрээсээ хөөж явуулсан. Хоёр ч удаа намайг алах оролдлого хийж байсан. Миний том хүү Ш.Бямбадорж нь БНХАУ-ын Шанхай хотод 100 хувийн тэтгэлэгтэй суралцдаг, одоо 18 настай, урлаг, спорт, сурлагаараа маш сайн хүү бий. Дүүдээ их хайртай. Амралтаараа дүүтэйгээ бөх барилдаж байгаад дүү нь уйлах үед С.С залгаж таараад “миний хүүг зоддог” гэж ойлгосон. Би хүүгээ 3 нас хүртэл нь аав, ээжийнхээ дэмжлэгтэйгээр ганцаараа өсгөсөн. Энэ хугацаанд С.С хүүтэйгээ уулзах нэрийдлээр гэрийн гадаа, ажил дээр ирж байнга доромжилдог байсан. Би хоёр хүүгээ өсгөхийн тулд 7 хоногийн 6 өдөр ажилладаг. Намайг хүүгээ яаж өсгөснийг миний эргэн тойрны хүмүүс мэднэ. С.Сээ өөрөө н.Гэсэрбадам гэх эмэгтэйтэй хамт амьдраад дундаас нь нэг охин төрсөн. Би хүүгээ зоддоггүй, дураараа аашлах үед нь хөнгөн хэлбэрээр шийтгэх эрх эх хүнд бий. Би нэг удаа хүүгээ гуя руу нь өөрийнх нь цамцаар ороолгож байсныг С.С намайг хүүгээ зодсон гэж бичсэн байна. С.С нь эрүүл биш, ээж нь хөгшин настай хүн бөгөөд бие муутай, даралт нь байнга ихэсдэг хүн тул хүүхдээ өгч чадахгүй. С.С хүүгээ сургуулиас нь авч явчихаад хэд хонуулаад ирэхэд зан ааш нь хувираад, сургууль дээрээ хүртэл бусдыг элдвээр хэлсэн байсан. С.С нь тодорхой ажилгүй, юу хийж мөнгө олдог нь мэдэгдэхгүй, төгссөн сургууль байхгүй. Би хүүгээ өдөр бүр сургуульд нь хүргэж өгч, ямар ч ажилтай байсан орой нь сургуулиас нь авдаг. Манай хүү маш сайн сурагчийн нэг. Ноднин жил сургуулийн тооны аварга сурагч болж байсан. Би хүүгээ эцэг шиг нь ийм зан ааштай хүн болгохыг хүсэхгүй байсан тул хүүг минь миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг баримтлан 2010 оны 6 дугаар сарын 16-ны төрсөн хүү Сүхийн Сэмүүнийг насанд хүртэл нь ажлын тав хоногт хариуцагч Г.С, амралтын хоёр хоногт нэхэмжлэгч С.С, зуны амралтын хугацаанд нь 15 /арван тав/ хоногоор ээлжлэн өөрсдийн асрамжид байлгахаар эрх, үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоож,

Хүү С.Сэмүүнийг төрсөн өдөр, жил бүрийн эх үрсийн баяраар эх Г.Стой хамт байх эрхийг хангахыг нэхэмжлэгч С.Сэд даалгаж, 

Нэхэмжлэгч С.С, хариуцагч Г.С нарт харилцан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд аливаа хэлбэрээр саад учруулахгүй байхыг даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Сос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Сэд олгуулахаар шийдвэрлэжээ. 

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг шийдвэр нь хүү С.Сэмүүний эрх, ашиг сонирхолыг хамгаалсан бус, харин ч дордуулсан шинжтэй шийдвэр гэж үзэж байна. Учир нь хүү минь 7 хоногийн турш нүүдлийн байдалтай байж 2 гэрээр дамжин амьдрах болж байна. Ингэж амьдрах нь хүүг минь амар тайван амьдрах боломжгүй болгож хичээл сурлагадаа муудах, хүмүүжил зан аашийн хувьд доголдох, сэтгэл зүйн дарамтад оруулж болзошгүй нөхцөлд хүргэх ба хүүгийн цаашид эрүүл мэнд, сэтгэхүйн хувьд төлөвших "хүн шиг хүн болгоход нь" сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна. С.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, ямар ч ёс суртахуунгүй, найз нөхөдгүй хүн бөгөөд намайг болон миний 2 хүүг 8 жилийн турш сэтгэл зүйн дарамтад байлгаж гэр бүлийн хүчирхийллийн золиос болгож байгаа юм. Хэдийгээр салаад 7 жил болсон ч С.С нь хүү Сэмүүнтэй уулзах нэрийдлээр намайг хаана хэнтэй уулзаж, юу хийж байна гэх зэргээр асууж, цагдан байнга дарамталж, үгийн муугаар харааж загнах, олны өмнө гутаан доромжилдог бөгөөд энэ бүхэнд миний хүү дэргэд байж харж сонсдог бөгөөд уйлах, айх ичих зэргээр эвгүй байдал орж сэтгэл зүйн дарамттай амьдардаг. С.Сэмүүн аавтайгаа байх хугацаандаа даалгавараа хийдэггүй, элдэв муу үг, зан авир сураад сургууль дээрээ гаргадаг, сэтгэл санаа нь тайван биш тогтворгүй болдог гэж багш нар болон бусад хүмүүс ч хэлдэг. С.С нь хүү С.Сэмүүний ах Б.Төмөржинг ад шоо үзэж байнга заналхийлж хараах, дүүд нь ахыг нь муу хүн мэтээр ойлгуулах зэргээр эцэг хүнд баймгүй үйлдэл хийж ах дүү хоёрыг хагаралдуулж хол хөндий өсгөх зорилготой. Хожим энэ 2 хүүхэд бие биедээ хэрэгтэй, эцэг эх нь үүрд хамт байхгүй гэдгийг ойлгохгүй ухвар мөчид бодолтой хүн юм. Анхан шатны шүүхээс хүүхдийн асрамж тогтоосон журмыг хүлээн зөвшөөрвөл дээр дурдсан энэ байдал цаашид үргэлжлэх нь тодорхой бөгөөд энэ бүхний хамгийн том хохирогч нь миний хүү С.Сэмүүн байх болно. Хүү минь бусдын хүүхдийн адил айх ичих зүйлгүй амгалан тайван орчинд амьдарч сурч хөгжих цаашид зөв сайн хүн болж төлөвших эрхтэй гэж бодож байна. С.Сийн эрхийг хангах үүднээс хүү С.Сэмүүний эрх ашгийг хохироож болохгүй юм. Хамгийн гол нь хүүхдийн эрх ашиг сонирхол тэргүүнд байх ёстой, хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. С.С нь хүүтэйгээ хамт байх эрхийн талаар ярьж байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан эцгийнхээ үүргээ биелүүлдэггүй бөгөөд анхан шатны шүүх хурлаас хойш хүүг минь авчирч өгөөгүй, дуртай кендогийн дугуйланд хүртэл явуулахгүй байгаа юм. С.Сийн нэхэмжлэл гаргасан гол зорилго нь хүүхэдтэйгээ хамт байх гэсэндээ биш С.Сийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасны хариуд миний эсрэг авч буй арга хэмжээ байсан гэдгийг хэлмээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хүү С.Сэмүүнийг эх Г.С миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Г.Сд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2008 оноос гэрлэлтээ бүртгүүлэлгүйгээр хамтран амьдарч, тэдний дундаас 2010 оны 6 сарын 16-ны өдөр хүү С.Сэмүүн төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан тул хүүхдийн асрамжийн маргааныг шийдвэрлэхэд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 24, 25, 26 дугаар зүйлд заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.

 

Хэрэгт  цугларсан бичгийн нотлох баримтаар хүү С.Сэмүүний эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг дүгнэх боломжгүй байна. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоосон  баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй болно.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд хүү С.Сэмүүний асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэлгүйгээр эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2018/00131 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар  хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ                                    

                                                          ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                         

                                                                                                          Г.ДАВААДОРЖ