Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 02648

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 08 өдөр                        Дугаар102/ШШ2019/02648                         Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

     

      Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод байрлах “Г” ХХК-д холбогдох 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

 

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, нарийн бичгийн дарга Б.Давааням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Манай компани 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Г”ХХК-тай “Аудитын ажил гүйцэтгэх тухай гэрээ” байгуулж, гэрээнд заасны дагуу 2016 оны Жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулах, аудитын тайлан болон компанид мөрдөх санхүүгийн цогц бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон.

       Бид гэрээний хавсралтанд заасан шаардлагатай баримт бичгийг гарган өгч ажиллах нөхцөл боломжоор бүрэн хангаж өгсөн бөгөөд тус компани гэрээний хавсралт 1 болох аудитын ажил хийх төлөвлөгөөг бидэнд бичиж ирүүлсэн.

       Гэтэл 2016 оны Санхүүгийн тайланг баталгаажуулсан манай тайланг шууд алдаатай хуулбарлаж, гэрээнд заасан шаардлага хангаагүй байсны дээр ажлын гол үр дүн болох Аудитын тайлан, нягтлан бодох бүртгэлийн баримтуудыг бидэнд хүлээлгэж өгөөгүй буюу үүргээ огт биелүүлээгүй, дүгнэлт, холбогдох бодлогын баримт бичгийг удаа дараа шаардахад гаргаж өгөөгүй.

       Манай компанид 2017 онд Гааль, татварын байгууллага 2012-2016 оны Санхүүгийн тайлан баримт бичигт шалгалт хийж, шалгалтаар “Г”ХХК-ийн тамга дарж баталгаажуулсан, 2016 оны Санхүүгийн тайлангаар маш их хэмжээний ажил гүйлгээг бүртгээгүй, данс буруу хөтөлсөн, ногдуулах ёстой татварыг үнэн зөв ногдуулан тайлагнаагүй зэрэг алдаа зөрчил илэрсний улмаас бид 2017 оны 4 дүгээр сард гуравдагч аудитын байгууллагад хүсэлт тавьж, 2016 оны Жилийн эцсийн тайланг дахин засварлуулж, аудитын дүгнэлт зөвлөмж гаргуулсан.

       Иймд дээрх компани гэрээгээ зөрчиж, үүргээ биелүүлээгүй, хийж гүйцэтгэх ёстой ажлыг хүлээлгэн өгөөгүйн улмаас санхүүгийн тайланг дахин хийлгэсэн тул ажлын хөлс болох 18.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

       Хариуцагчийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Манай компани гэрээний дагуу “М”ХХК-ийн 2016 оны Санхүүгийн тайланд аудит хийсэн.

        Дээрх компанийн удирдлага Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу тайлант хугацааны санхүүгийн тайлан, тодруулгыг НББОУС, СТОУС, УСНББОУС болон холбогдох бусад стандарттай нийцүүлэн, Сангийн сайдын баталсан журам, зааврын дагуу бэлтгэж, тайлагнах үүрэгтэй.

        Энэ үүргийнхээ дагуу бидэнд гаргаж өгсөн материалын хүрээнд аудит хийсэн. Аудитын тайланг Монгол, Англи хэл дээр тус бүр хоёр хувь хэвлэж, нэг хувийг тус компанийн нягтлан бодогч н.Алтангэрэлд хүлээлгэн өгч, e-mail-ээр 4 хуудас баримт явуулсан.

       Гэтэл н.А тайлангаа алга болголоо дахиад байвал өгөөч гэж гуйхаар нь өөрт байсан нэг хувиа өгөөд явуулсан одоо хүртэл өгөөгүй.

       Биднийг аудитаа хийгээд дүгнэлтээ өгснөөс хойш н.А гааль, татварын байгууллагаас шалгалт орж байгаа гэдгээ хэлж, тухайн шалгалтаар бидэнд ирүүлээгүй гаалийн баримт гарч ирсэн тул өөр аудитын байгууллагаар 2012 оноос хойших бүх санхүүгийн тайлан балансыг засуулан, Төрийн санд өгч байгаа гэдгээ ч ярьсан.

       Би гайхаад байгаа яагаад заавал 2016 оны тайланг ганцхан өгөөгүй гээд байгааг. 2012-2017 он хүртэл эдний компани ажиллаж байсан.

       Хэрэгт авагдсан баримтууд намайг тайлангаа өгсөн гэдгийг баталж байна. Татвар цаасан тайлангүй бол хэзээ ч баталгаажуулалт хийж, тамга дардаггүй, дарсан байна. Заавал цаасан тайланг харж, үндэслэдэг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2012-2013 онд компанийг ажиллаагүй гэж хэлж байна. Ажилласан, хил гаалиар бараа материал оруулж ирсэн шүү дээ, танай компани.

         Иймд нэхэмжлэгч өөрсдийн буруутай үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан үйлдэл хийснээ хууль бусаар засварлаж, гарсан алдаа зөрчлөө бидэнтэй холбож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

        Мөн тайлангаа өгөөд, гэрээнд заасан ажлын хөлс 18.000.000 төгрөгөө бүрэн авсан нь үүнийг нотлоно гэжээ.

                                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

       Нэхэмжлэгч “М”ХХК ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

           

       Зохигчид 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Аудитын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр гэрээт жилийн санхүүгийн баримт, холбогдох тайлангуудад санхүүгийн тайланг баталгаажуулах аудитын ажлыг хийж, хуульд нийцсэн тайлан, зөвлөмжийг өгснөөр гэрээ дуусаж, ажлын хөлсийг 18.000.000 төгрөгөөр тохиролцон, хүсэл зоригооо илэрхийлэн гэрээг байгуулсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

         

      Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Зохигчид ажлын хөлсний талаар маргаагүй ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны Аудитын тайланг хүлээлгэж өгсөн, өгөөгүй эсэх талаар маргаж байгаа тул тус хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, ажил гүйцэтгэх гэрээ нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “хариуцагчийн е-mail хаягаасаа явуулсан 4 хуудас баримтыг хүлээн авсан, тайланг хариуцагчаас цаасаар аваагүй, гэхдээ татварын цахим бүртгэлд тайлангаа өгсөн гэж худлаа чеклэж баталгаажуулсан”,

    

       Хариуцагчийн төлөөлөгчийн “компанийн нягтлан бодогч н.А-д тайлан өгсөн. Татвар хэзээ ч цаасаар тайлан аваагүй байж авсан гэж бүртгэхгүй. Мөн хэрэгт судлагдсан Санхүү төрийн сангийн баримтаас харахад цаас тайланг хүлээн авсан учраас тамга дарсан байна. Цаасан тайлан өгөөгүй бол тамга дарж өгдөггүй. Иймээс нэхэмжлэгч миний өгсөн цаасан тайланг авсан, татварт хүргүүлсэн гэдгийг нотлож байна” гэх тайлбар,

    

      5118115 регистрийн дугаартай, “М” ХХК-ийн 2016 оны Жилийн санхүүгийн тайлан, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, гарын үсэг зурж, тамга дарагдаж, хянаж хүлээн авсан байгууллага Хан-Уул дүүргийн СТМХ гэсэн тайлангийн нүүр хуудас,

     

      “Т” ХХК-ийн аудит В.О-ийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/17/46 дугаартай Зөвлөмж зэрэг баримт, тайлбараар “М”ХХК-ийн хариуцагчийн гаргасан аудитын тайланг хүлээж аваагүй гэдэг нь нотлогдохгүй байна.

 

       Иймээс Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 346.2, талуудын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө мөн үлдэгдэл төлбөр тооцоог жилийн эцсийн тайланд баталгаажуулалт хийгдэж дууссаны дараа үйлчлүүлэгч тал өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гэж хүлээн зөвшөөрсөний дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэснээр 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн “Хаан” банкны 5116-0083-67 дугаарын дансанд Аудитын үйлчилгээний хөлс 9.000.000 төгрөгийг “Мөнхий баян гал” ХХК-иас шилжүүлсэнээр нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн авсан болох нь тогтоогдож,

Тус хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

      115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     

        1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349.1 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г”ХХК-д холбогдох 18.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

       

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

           

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА