| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0148/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/183 |
| Огноо | 2023-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Хохирогч Н.Э*********л,
Шүүгдэгч Э.Б*********с нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э*********лийн Б*********сөд холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б*********с нь 2023 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 41-22 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч болох Н.Э*********лын биед халдаж зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалан хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б*********с нь 2023 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 41-22 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч болох Н.Э*********лын биед халдаж зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалан хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б*********сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...намайг архи уулаа гэж эхнэр уурлаад тэрнээс болоод маргаан үүссэн юм. Тэгээд уурандаа хутга бариад хөлд нь хутгалсан юм. Би нэлээн согтуу байсан болохоор зарим юмаа санахгүй байна. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирогч Нарангэрэл овогтой Э*********л нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн 161,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),
Хохирогч Н.Э*********лын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө гэртээ 2 хүүхэдтэйгээ унтаж байхад манай хамтран амьдрагч болох Э.Б*********с гаднаас согтуу орж ирээд хоол халаагаад өг гэж зандрангуй хэлэхээр нь би гал түлээд тогоотой шөлтэй хоол халаагаад аяганд хийж өгтөл урдаас наадхаа өөрөө гудар гээд над руу цацсан. Тэгэхээр нь би чи яагаад над руу хоол цацаж байгаа юм бэ гэж асуутал үг дуугүй шүүгээнээсээ хутга аваад усны сав аваад миний хажууд суусан юм. Тэр үед би юу ч бодоогүй сууж байтал гэнэт босож ирээд би чамайг алчихъя гээд нөгөө хутгаараа миний зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалаад авсан. Тэр үед гаднаас хадам ээж болох Э*********л хаалга тогшсон. Тэгтэл манай хамтран амьдрагч хаалгаа онгойлгохгүй миний цусыг шалны хулдаасан дээрээс арчиж байснаа надад хандан чи уйлахгүй шүү уйлбал ална шүү гээд хутгаараа заагаад байхаар нь би нээрээ алчих юм болов уу гэж бодоод гүрийгээд дуугүй байсан. Тэгээд манай хамтран амьдрагч хаалгаа нээсэн. Гаднаас хадам ээж орж ирээд чи юу болоод эхнэрээ хутгалж байгаа юм бэ гэж асуутал манай хамтран амьдрагч хутгаа аваад би амиа хорлоно гээд хадам ээжтэй зөрөөд гүйгээд гараад явсан. Тэгээд тэндээсээ эмнэлэг ороод нэг оёдол тавиулсан. ...Урьд өмнө нь 2019 онд намайг зодож байсан, дараа нь 2022 оны 11 дүгээр сард бас зодож байсан. Тэгээд үг хэлээр бол дандаа ална шүү гэж заналхийлдэг. Бид 2 гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдраад 5 жил болж байна. Дундаасаа 2 охинтой. ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч А.Э*********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байхад манай хүү, бэр 2 хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг байхаар нь би гараад хүүгийнхээ гэрийн хаалгыг тогшсон. Тэгтэл хаалгаа онгойлгохгүй байхаар нь би цагдаа дуудлаа гэтэл манай хүү Б*********с хаалгаа онгойлгосон юм. Тэгээд ортол манай бэрийн зүүн хөлийн шилбэнээс нь цус гарсан байдалтай байхаар нь би угаасаа цус харж чаддаггүй болохоор шууд цагдаа дуудсан. Тэгтэл манай хүү Б*********с хэлэхдээ “би өөрийгөө ална” гээд гүйгээд гараад явсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд бэрийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 209 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Э*********лын биед зүүн шилбэнд шарх, зүүн өвдөг, духанд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Уг гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
4. Н.Э*********лын биед үүссэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 30-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 35-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 36-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 45-р хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 47-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183 дугаартай шийтгэврийн хуулбар (хх-ийн 48-49-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б*********с нь 2023 оны 04 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 41-22 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч болох Н.Э*********лын биед халдаж зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалан хөнгөн зэргийн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Б*********сийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Н.Э*********лын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч А.Э*********лийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 209 дугаартай дүгнэлт (хх-ийн 30-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б*********сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.Б*********с нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Б*********с нь хохирогч Н.Э*********лын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч Н.Э*********л нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Э.Б*********сийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Мягмаржав нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 161,000 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Н.Э*********лд 161,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 17-18-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б*********сөөс 161,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б*********сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Б*********с нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 41-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Б*********сийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Э*********л нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөхчүүд овогт Э*********лийн Б*********сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э*********лийн Б*********сийг 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б*********с нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.Б*********сөөс 161,000 (нэг зуун жаран нэгэн мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Н.Э*********л нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б*********сөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР