Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 16

 

    

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс:171/2017/0030/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, 
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Хохирогч ***
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000578 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, *** өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, *** /РД: ***/.

Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч *** нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис” шатахуун түгээх станцын зүүн талын асфальтан зам дээр ***улсын дугаартай “Самсунг Мусса” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн ***г мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн “Самсунг мусса” маркийн *** улсын дугаартай автомашин жолоодоод сургуулийн хүүхдүүд Дархан-Уул аймагт оршин суух *** гэх айлд хүргэж өгөхөөр миний машины урд суудал дээр манай эхнэр ***, арын суудал дээр миний дүү ***, 3 настай хүүхэд, 10 настай ***, 7 настай *** нар суугаад явсан. Дарханд ороод тойрог өгсөөд явж байхад урдаас нэг машин зөрөөд өнгөрсөний яг араас нь нэг хүн гэнэт гарч ирээд миний машины хамранд мөргүүлээд салхины шил мөргөөд зүүн тийшээ унасан. Би машинаа зогсоогоод мөргүүлсэн хүн дээр очиход нэг эрэгтэй хүн ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь *** бид хоёр дахиад машин дайруулахаас айгаад мөргүүлсэн хүнийг замын хажуу тал руу гаргаад буцаж машиндаа ирээд гар утсаа үзэхэд цэнэггүй болсон байсан. Ойролцоо байх дугуй засварын хүн гүйж ирж байхаар нь би тосож очоод “би хүн дайрчихлаа одоо би яах вэ” гэж асуухад тэр залуу цагдаа дуудаад өгье гээд надад цагдаа дуудаж өгсөн. Би 2 дугаар эгнээгээр 30-40 км цагийн хурдтай явж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, 
“...Би ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байцаагдаж байгаагаа ойлгож мэдлээ. Хүлээн зөвшөөрч байна. Би явган зорчигч гарч ирэхийг хараад шууд тормозоо гишгэсэн. Бага хурдтай явсан болохоор тормоз дараад шууд зогссон. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна... гэх мэдүүлэг “ /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,
“...Талийгаачийн ажил явдалд манай дүү ***, *** хоёр биечлэн оролцож 4,683,738 төгрөгөөр ажил явдлын бүх зүйлч нь авч өгсөн. Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримт давхцахгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас/, 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ажил явдалд нь манай эгч дүү нар оролцсон. Би очиж хохирогчтой уулзсан. Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд хөдөө байхад 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн орчим манай хамаатны залуу *** машинтай ирээд “...*** машины осолд орсон байна одоо нэлэгт ухаангүй байна гэж надад хэлсэн. Би Дархан руу явах гэсэн боловч цас ихтэй байсан болохоор маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өглөө Хүдэрээс гараад Дарханд ирэхэд миний дүү *** нас барсан байсан. ...Би гомдолтой байна. би оршуулгын зардалыг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
“...талийгаачийн оршуулгын зардалд гаргасан 3,698,314 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирол барагдуулсан, 8 сая гаруй төгрөг нэхэмжилж байснаас 4 саяыг нь ажил явдлын үеэр төлсөн, 3,698,000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр төлж барагдуулсан. Нийт 9,253,731 төгрөгийг гэм хорын хохирол төлбөрт төлсөн, энэ хүнийг шоронд явууллаа гээд дүү маань босоод ирэхгүй учраас гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг

Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хүргэн ах ***гийн машинд суугаад Дарханд орж ирээд аюулгүйн тойрог руу өгсөөд явж байхад хүргэн *** “хүүе” гэж орилоод “хүн мөргөчихлөө шүү дээ” гэж орилоод машинаа зогсоосон. Би машинаас буугаад харахад эрэгтэй хүн мөргүүлээд хэвтэж байсан юм. *** ах бид хоёр мөргүүлсэн хүнийг замаас гаргаад цагдаа дуудах гэхэд утасны цэнэг дууссан байсан. *** ах зам хөндлөн гараад хүний утаснаас цагдаа дуудсан. Би машины арын суудал дээр сууж явсан. Би яг явган зорчигч хаанаас хэрхэн гарч ирснийг хараагүй. *** ах “хүүе” гээд орилсон удалгүй л машины урд хэсэгт "түс” хийх чимээ гарсан, би “юу болсон юм бэ” гэж асуухад *** ах хүн мөргөчихлөө гэж надад хэлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

Гэрч Б.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*** машинаа жолоодоод би жолоочийн хажуугийн суудал дээр суугаад, арын суудал дээр миний дүү *** 3 хүүхдийн хамт суугаад Дархан руу явсан. Дархан руу ороод аюулгүйн тойрог өгсөөд явж байхад хажуугаар нэг машин өнгөрөөд араас нь нэг хүн гарч ирээд машины зүүн урд талаас машинд мөргүүлээд машины хамар дээр гараад газар унасан юм. Манай нөхөр, дүү хоёр машинаас буугаад машинд мөргүүлсэн хүнийг замаас гаргасан. Тухай үед 30-40 км цагийн хурдтай явж байсан.”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 17-ны 19 цагийн орчим дугуй засвар дээрээ дугуй засаад байж байхад зам дээр машин мөргөлдөх мэт чимээ гарахаар нь эргээд харсан чинь *** улсын дугаартай автомашин хүн мөргөөд зогссон, мөргүүлсэн хүн нь машиных нь зүүн хойд талд унасан байсан. Мөргөсөн машин дотроос хоёр залуу, нэг эмэгтэй бууж ирээд мөргүүлсэн явган зорчигчийг замын хажууд гаргаж тавиад эмэгтэй, эрэгтэй хоёр нь машиндаа суугаад жолооч нь машиныхаа гадна машиныхаа хамрыг оролдоод зогсоод байсан. Би гүйж очоод замын наана нь зогсоод жолоочийг дуудахад их сандарсан байдалтай ирэхээр нь би  “хөөе чи хүн мөргөчихлөө шүү, нэг бол эмнэлэг дууд, нэг бол цагдаа дууд” гэхэд тэр жолооч “би хүн мөргөсөн юм уу? тэр хүн чинь хажуугаар өөрөө орж ирээд мөргүүлчихлээ шүү дээ” гэж хэлсэн. Би өөрийнхөө утсаар цагдаа дуудаж өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/

Жолоочийн согтууруулах ундаа, мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар/

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

Цогцсоны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/

Ослын дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн хамт/хавтаст хэргийн 30-35 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 195 дугаартай “...***гийн цусанд 1,7 промиль этилийн спирт илэрсэн, дунд зэргийн согтолттой байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39 дүгээр/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №99 дугаартай шинжээчийн “...Гавал тархины битүү гэмтэл, Тархины цусархаг няцрал, Баруун талын зулай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хацар ясны хугарал, гайморын урд ханын хугарал, хамар ясны хугарал ... дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл, талийгаач нь гэмтлийн хүндрэл болох тархины эдийн няцрал, хавангийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ, 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13:10 цагт нас барсан. ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас/,

Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 107-181 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж ХААН банкны тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, Дархан сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт, Төрийн банкны тодорхойлолт, хохирол төлбөр төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *** нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны орой 19 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис” шатахуун түгээх станцын зүүн талын асфальтан зам дээр ***улсын дугаартай “Самсунг Мусса” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн  9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн ***г мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч Б.***гийн “...*** “хүүе” гэж орилоод “хүн мөргөчихлөө шүү дээ” гэж орилоод машинаа зогсоосон. Би машинаас буугаад харахад машины зүүн хойд талын зам эрэгтэй хүн мөргүүлээд хэвтэж байсан юм.” гэх мэдүүлэг, гэрч Б.***ийн “...хажуугаар нэг машин өнгөрөөд араас нь нэг хүн гарч ирээд машины зүүн урд талаас машинд мөргүүлээд машины хамар дээр гараад газар унасан юм. Манай нөхөр, дүү хоёр машинаас буугаад машинд мөргүүлсэн хүнийг замаас гаргасан.” гэх мэдүүлэг, гэрч ***ын “...*** улсын дугаартай автомашин хүн мөргөөд зогссон, мөргүүлсэн хүн нь машиных нь зүүн хойд талд унасан байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч ***ын гаргасан ослын дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/  болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Аймгийн прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Иймд ***г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** “Нийт 9,253,731 төгрөгийг гэм хорын хохирол төлбөрт төлсөн, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчийн зүгээс материаллаг гэм хорын хохирлыг нөхөн төлсөн, төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох ба ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх, мөн тэнсэж хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар *** улсын дугаартай “Самсунг мусса” маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгон, битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч ***гийн *** дугаартай жолоочийн үнэмлэхийг гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах /Б.Нямдоржид/‑д даалгаж, шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ***г жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар *** *** ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хасч, 3 жил, 1 сарын /гурван жил, нэг сар/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил, 1 сар /гурван жил, нэг сар/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, материаллаг гэм хорын хохиролд 9,253,731 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй болохыг дурдсугай,
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10, 297 дугаар зүйлийн 297.6.3-т заасныг баримтлан ***гийн эзэмшлийн 6,500,000 /зургаан сая, таван зуу мянга/ төгрөгийн үнэлгээтэй “Самсунг муссо” маркийн ***улсын дугаартай автомашин битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, түүний *** дугаартай жолооны үнэмлэхийн хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх хасах шийтгэлийг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудсын хамт тус тус шилжүүлэхийг шүүгчийн туслах /Б.Нямдорж/-д даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***д оногдуулсан 3 жил, 1 сарын /гурван жил, нэг сар/ хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***д засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулсугай. 
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.ГЭРЭЛТ-ОД