Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 93

 

А.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0357/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      А.Оргилбаяр

              Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолтой, А-ийн А-т холбогдох, 1918004460351 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь 2007  онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3., 147 дугаар зүйлийн 147.2., 153 дугаар зүйлийн 153.1.т зааснаар 9 жил хорих ял,  2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4.т зааснаар 10 жил 10 хоног хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, М- овогт А-ийн А-.

Шүүгдэгч А.А- нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 8-р баг, 12 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Могжоохон” цэцэрлэгийн хаалгаар  орж иргэн Б.О-ийн гар цүнхийг хулгайлан авч 325.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М- овогт А-ийн А-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд орж  үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч А.А-ыг 1 жил  хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч А.А-т оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.А- давж заалдах гомдолдоо:

Хэргийн газрын үзлэг гэх баримтанд миний нэвтрээгүй байрны зургийг хавсаргасан нь намайг орон байранд нэвтэрсэн мэтээр харагдуулж байна. Учир нь би тэр байранд ороогүй, үүдний хөнгөн цагаан эдээр хийсэн байрнаас тусгаарласан гадна  болон үүдний хэсэгт байрлах гутлын тавиур дээрээс уг цүнхийг авсан.

Хөрөнгийг үнэлгээг үндэслэлгүйгээр хийсэн гэж үзэж байна. Тухайн үнэлсэн хөрөнгийг ямар үйлдвэрт, хаана үйлдвэрлэсэн, шинэ, хуучин нь тодорхой биш байна.

Хохирогч Б.О-ийн хохирлыг 325.000 төгрөгөөр тогтоосон байна., хохирол 100.000 төгрөг буюу гар утсыг хэрэг үйлдсэний орой 23 цагт хүлээлгэн өгснийг хохирлоос хасч тооцоогүй байгаа зэрэг нь үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байна.

Мөн намайг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Би тухайн үед согтуу байгаагүй. Намайг цагдаагийн газарт согтуурлын зэрэг тогтоох багажаар шалгахад 0 хувь буюу эрүүл гэж тогтоогдсон нотлох баримтыг байцаагч хавтаст хэрэгт оруулаагүй байна.

Иймд дээрх асуудлуудыг дахин шалгуулах хүсэлтэй байна... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр дүгнэлтдээ:

Шйитгэх тогтоол хуулийн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.                   

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч А.А- нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сум, 8-р баг, 12 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Могжоохон” цэцэрлэг рүү орж коридорын сандал дээр байсан иргэн Б.О-ийн гар цүнхийг хулгайлан авч 325.000 төгрөгийн хохирол учруулсан  хулгайн гэмт хэрэгт  үйлдсэн байна.

              Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  шүүгдэгчийн өөрийн өгсөн  ... цэцэрлэгийн цонхоор харахад коридорын сандал дээр цүнх байхаар нь хүн харж байгаад цэцэрлэг рүү орж авсан., автобусны буудал дээр очиж  цүнхнээс гар утасыг нь аваад цүнхийг нь орхиод явсан гэсэн мэдүүлэг., хохирогч  Б.О-ийн би ажил руугаа ороод коридорын сандал дээр цүнхээ тавиад  цэвэрлэгээ хийгээд ирэхэд цүнх алга болсон байсан., гэсэн мэдүүлэг мөн гэрч Х.Б-гийн мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

             Шүүгдэгч А.А-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх  гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял оногдуулахдаа  хуулийн холбогдох заалтыг зөв  тайлбарлан хэрэглэжээ.

              Мөн нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нь цэцэрлэгийн цонхоор гаднаас нь харахад дотор коридорын сандал дээр цүнх байгааг хараад хаалгаар орж авсан буюу үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байр луу нэвтэрч эд зүйл хулгайлсан нь тогтоогдсон., эд зүйлийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч үнэлэхдээ  “хуучин, хэрэглэж байсан” гэж тодорхойлон үнэлсэн нь хуулийн үндэслэлтэй байх тул дахин үнэлэх шаардлагагүй.,  тогтоолд хохирогчид хүлээлгэн өгсөн 100.000 төгрөгийг тооцсон байх бөгөөд харин хэрэгт шүүгдэгч А.А-ыг гэмт хэрэг үйлддэх үедээ согтуу байсан гэдэг нь тогтоогдоогүй, энэ талаар ямар ч баримт авагдаагүй, шүүгдэгчээс архи уусан согтуу байсан талаар мэдүүлэг аваагүй байхад яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд түүнийг  согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

              Гэвч шүүхийн энэ дүгнэлт нь хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ялын төрөл, хэмжээнд нөлөөлөхгүй болно.

              Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын гаргасан   ...хэрэгт  цүнх хулгайлсан байрны зургийг хавсаргаагүй., өөр зураг байгаа нь намайг орон байранд нэвтэрсэн мэтээр харагдуулж байна., би үүдний хэсгийн  гутлын тавиур дээрээс  цүнхийг авсан.,  хөрөнгийг үнэлгээг үндэслэлгүйгээр хийсэн гэж үзэж байна.,   эд зүйлийг  ямар үйлдвэрт, хаана үйлдвэрлэсэн, шинэ, хуучин нь тодорхой биш.,  хохирол 100.000 төгрөг буюу гар утсыг хэрэг үйлдсэний орой 23 цагт хүлээлгэн өгснийг хохирлоос хасч тооцоогүй байх тул үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байна... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 382 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.МАНЛАЙБААТАР

                                                                 ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                Ц.ТУЯА