Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 124/ШШ2021/0066

 

                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е овгийн М-ын С,

Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д-ийн Ц-д холбогдох,

 Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01........ дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч зөрчилд холбогдогч А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл хариуцагч татварын улсын байцаагч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Гомдол гаргагч А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 18 дугаартай албан бичгийг үндэслэн А намд зөрчлийн хэрэг үүсгэн шалгасан байна. Улмаар А намыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасан зөрчил үйлдсэн гэж үзэн нэг зуун мянган нэгж буюу 100.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Шийтгэл оногдуулсан үндэслэлээ "Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг бүртгүүлээгүй" гэж үзсэн байх бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

А намын Увс аймгийн намын хороо нь Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Төрийн банкны Увс аймаг дахь салбарт 2020 оны 09 сарын 21-ний өдөр 16.......... тоот нэг данс нээлгэж сонгуулийн хугацаанд гүйлгээ хийж ажилласан. Манай намын зүгээс 2020 оны 09 сарын 29-ны өдрийн 30 дугаартай албан бичгийн хамтаар сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх хүсэлт гаргасан боловч Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дарга М.Батсуурь хүлээж авахаас татгалзсан.

Сонгуулийн хугацаанд намын дансаа нийтэд илт тод байршуулан мэдээллийг цахимаар олон нийтэд хүргэж байсан. Данс ашиглах талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй учир Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллага болон Аккаунт траст аудит ХХК-ны дүгнэлтүүдээр “зөрчилгүй” гэдэг нь тогтоогдсон байдаг.

Гэтэл татварын улсын байцаагч бодит байдалд дүгнэлт хийхгүйгээр хууль бус шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Увс аймгийн А намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Б-ийг томилж ажиллагаанд оролцуулсан байсан ба маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Увс аймгийн А намд ирүүлснийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудан компаниар дамжуулан гардан авсан. Улмаар тухайн актыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Гэтэл 2021 оны 09 сарын 10-ны өдрийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь гомдол гаргах эрхгүй этгээд гэж үзсэн. Татварын улсын байцаагч тухайн шийтгэлийн хуудсыг одоо хүртэл А намд танилцуулаагүй байгаа бөгөөд бид шүүгчийн захирамж гарсны дараа нөхцөл байдлаа танилцуулсан. Улмаар А намын зүгээс итгэмжлэл авсны үндсэн дээр шүүхэд дахин гомдол гаргаж байна. Иймд тухайн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01...... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц-ийн зүгээс 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01....... дүгээр шийтгэлийн хуудсыг А намд оногдуулсан. Уг шийтгэлийн хуудсыг Монголын А нам хүлээн аваагүй байгаа. Эрх бүхий албан тушаалтан Д.Ц-ийн зүгээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг Увс аймгийн А намын хэрэг эрхлэх газрыг хариуцаж байсан Г.Б-д танилцуулж, мэдүүлэг авч байсан. Өмнөх шүүх хуралдааны үеэр надад итгэмжлэл байхгүй гэдгийг мэдээд хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэл олгогдож шүүх хуралдаанд А намын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.  Эрх бүхий албан тушаалтан Д.Ц-ийн зүгээс маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бичихдээ эрхгүй этгээдэд танилцуулж байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: А намын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж байна. Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц-ийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01....... дүгээр шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт байдаг. Уг заалтыг зөрчиж, 2020 оны иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшихдээ А нам нь сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй гэж үзсэн байдаг. Зөрчилд шийтгэл оногдуулахдаа .......... регистрийн дугаартай Г.Б гэсэн хууль ёсны төлөөлөгчтэй уулзаж мэдүүлэг авсан гэж шийтгэлийн хуудаст бичигдсэн байсан. М.С энэ асуудлаар шүүхэд гомдол гаргахад 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 301 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, гомдлыг хүлээн авахаас татгалзсан байдаг. Татгалзсан үндэслэл нь гомдол гаргах эрхгүй этгээд шүүхэд гомдол гаргасан байна гэдэг үндэслэлээр мөн тухайн асуудлаар маргах бүрэн эрх А намын хороонд байхгүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

М.С хуулийн дагуу итгэмжлэл хийлгэж, шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаан зарлагдсан. Бүртгэлийн дугаар ........ дугаартай регистр .... дугаар бүхий улс төрийн намын үйл ажиллагааны чиглэлтэй, А нам гэх хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан ажиллагаа явагдсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “зөрчил үйлдэгдсэн гэж буруутгагдаж байгаа хүн хуулийн этгээдийг холбогдогч гэнэ гэж заасан мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “холбогдогч нь ямар зөрчилд холбогдож байгааг мэдэх эрхтэй, зөрчлийн хэрэгтээ танилцах эрхтэй” гэж заасан байдаг. А нам гэх хуулийн этгээд нь ямар зөрчилд холбогдож байгаа талаараа мэдээгүй нөхцөл байдал үүссэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгчийг хуулийн хүрээнд яаж тогтоох талаар хуульчилж өгсөн байдаг. Гэтэл уг зөрчлийн хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон зүйл байдаггүй. Маргаан бүхий шийтгэлийн хуудаст “Г.Б-ийг хууль ёсны төлөөлөгч гэж дурдсан байгаа боловч хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт байдаггүй.

Нөгөө талаас А намд маргаан бүхий актаар шийтгэл оногдуулсан талаараа эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй байсан. Мэдээгүй учир А нам гэх хуулийн этгээдийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд энэ субъект оролцон гэсэн төлөөлөгчийг тогтоогоогүй байсан. А намд маргаан бүхий шийтгэлийн хуудас оногдуулсан талаараа А намд мэдэгдээгүй болох нь А намд зөрчлийн хэрэг нээж, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон талаарх баримт хэрэгт байдаггүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлд заасан дуудан ирүүлэх ажиллагаа болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа яаж явуулах талаар тайлбарлаж хэлж өгөөгүй нь хуулийн этгээдийн эрхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчсөн асуудал үүссэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасан байдаг. Уг баримтыг А намд хүргүүлж, тухайн үед А намын даргаар ажиллаж байсан Ч.Ч, Г.Б нараас тайлбар аваад байгаа боловч А намыг дангаараа буюу ямар нэгэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд биш юм. Хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох ажиллагаа хийгдээгүй байгаа нь хуулийн этгээдийн эрхийг зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гомдол үндэслэлтэй байх тул Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц-ийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01....... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Татварын Хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц би , Увс аймаг дахь Төрийн Аудитын Газар-аас гаргасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Увс аймгийн А нам нь Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй, гэх зөрчлийн талаар Увс аймаг дахь Төрийн аудитын газраас, ирүүлсэн зөвлөмж, гомдол, мэдээллийг 2021 оны 03 сарын 15 -ны өдрийн 13 цаг 40 минутанд хүлээн авч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдсэн. Увс аймгийн А нам улс төрийн нам нь Сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийн мэдээллийг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт бүртгүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Төрийн Аудитын Газраас ирүүлсэн нотлох баримтууд, холбогдогчийн мэдүүлэг болон холбогдох бусад нотлох баримтаар нотлогдож Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар ........ дугаартай Зөрчлийн хэрэг нээсэн.

Зөрчлийн хэрэг, материалд авагдсан нотлох баримтуудаар: Увс аймгийн А нам нь орон нутгийн сонгуульд оролцохдоо 2020 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр Төрийн банкны Увс аймаг дахь салбарт 16.......... дугаар бүхий сонгуулийн зардлын дансыг нээлгэж сонгуулийн хугацаанд гүйлгээ хийж ажилласан нь Увс аймаг дахь Төрийн аудитын газраас ирүүлсэн зардлын дансны тайлан болон Төрийн банкны Увс салбартай байгуулсан Сонгуулийн зардлын дансны гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байгаа энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан.

Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх....хуульд заасан журмыг зөрчсөн болох нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон прокурорын хяналтын дор шийтгэлийн хуудас бичсэн болно.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3 дахь заалтын дагуу 2020 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 30 дугаартай албан бичгээр Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх хүсэлтийг Увс аймаг дахь Төрийн Аудитын газарт гаргасан боловч Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын дарга М.Б хүлээн авахаас татгалзан Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц-д Зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон . Төрийн Аудитын байгууллагад Сонгуулийн зардлын дансаа бүртгүүлэх хуулийн хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болсон. Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3. Нам, эвсэл болон нэр дэвшигч нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн нь Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан Увс аймгийн Төрийн аудитын орон нутаг дахь салбарт хүргүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний 30 тоот албан тоот болон бусад холбогдох баримтуудаар нотлогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Увс аймаг дахь А намын хэрэг эрхлэх газраас 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн 07 тоот албан тоотыг үндэслэн Г.Б / тухайн үед А намын хэрэг эрхлэх газрын дарга байсан /-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авсан.

Шийтгэлийн хуудсыг 2021 оны 04 дүгээр сарын 7 -ны өдөр Татварын хэлтсийн 205 тоот өрөөнд 13 цаг 31 минутад А намын эрх бүхий албан тушаалтан, итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Г.Б-д танилцуулахад хүлээн авахаас татгалзаж тайлбар бичиж өгсөн.Иймд татварын улсын байцаагч Д.Ц би тухайн өдөр Монгол шуудан компанийн шуудангийн үйлчилгээгээр хүргүүлж шуудан хүлээн авсан өдрийн гарын үсэгтэй дэвтрийг канондон Зөрчлийн хэрэгт хавсаргасан болно. Иймд А намаас ирүүлсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А намд 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 0176461 дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа Увс аймгийн А намын даргаар ажиллаж байсан Ч.Ч-тэй утсаар холбогдож, ирж уулзахыг хүссэн боловч хөдөө ажиллаж байгаа тул очих боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн. Тухайн үед утсаар ярьсан тэмдэглэл хөтөлж, зөрчлийн хэрэг хавсаргаж байсан. Тухайн үед А намын зүгээс тус намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Б-ийг эрх бүхий албан тушаалтнаар томилж болно гэсэн албан тоот Увс аймгийн Татварын хэлтэст ирсэн. Хэрэгт уг албан тоотыг хавсаргасан учир гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц-ийн  2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01....... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц-ийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01...... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гомдол гаргагч А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд А намыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байж шийтгэл оногдуулсан нь буруу” гэх үндэслэлээр маргажээ.

Хариуцагч улсын байцаагчаас “А намд 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 0176461 дүгээр шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулахдаа тухайн үед А намын зүгээс тус намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Б-ийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01....... дүгээр шийтгэлийн хуудсаар А намыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасан “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нь Увс аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 01 сарын 14-ний өдрийн 18 дугаар албан бичиг, холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзэж 100.000.000  төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

А намд холбогдох зөрчлийн хэргийг эрх бүхий албан тушаалтан болох татварын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор нээсэн байх бөгөөд зөрчлийн хэрэгт зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Увс аймаг дахь Төрийн аудитын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн зөвлөмж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, холбогдогчийн мэдүүлэг, шийтгэлийн хуудас, хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Татварын улсын байцаагч Д.Ц нь А намын Увс аймгийн намын хорооны хэрэг эрхлэх газрын дарга М.С-ын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 07 албан бичгийг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор тухайн үед Увс аймгийн А намын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Б-ийг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилж оролцуулсан байна.

  А намын Увс аймгийн намын хорооны хэрэг эрхлэх газрын дарга М.С нь хуулийн этгээд болох “А нам”-ыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгч томилдог эрх бүхий албан тушаалтан байх биш бөгөөд өөрөө итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус  хуулийн этгээдийг төлөөлөн оролцсон. Тэрээр А намаас олгосон 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 02/194 тоот итгэмжлэлийг шүүхэд ирүүлсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар заасан.

 А намын дүрмийн 4.1.4-т “намын удирдлага гэж намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын дарга гэж ойлгоно”, 4.1.5-д намын дарга нь намын тэргүүн бөгөөд намыг төлөөлнө гэж зааснаас үзэхэд  А намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргыг намын эрх бүхий албан тушаалтан гэж ойлгохоор байна

 

Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Холбогдогч нь  ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх,.өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах,эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;.хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах,зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах,.өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах,нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх,зөрчлийн хэрэгтэй танилцах, хуульд заасан бусад эрхийг эдлэх”-ээр заасан байна.

.

Татварын улсын байцаагч маргаан бүхий шийтгэлийн хуудсаар  “иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшихдээ сонгуулийн зардлын дансны дугаар болон банкны нэрийн мэдээллийг орон нутгийн төрийн аудитын байгууллагад бүртгүүлээгүй” гэж үзэн А намд   Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-дэх хэсэгт заасны дагуу  шийтгэл оногдуулсан боловч уг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа А намын хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоогүйгээс   холбогдогч хуулийн этгээдийн хууль ёсны эрх , ашиг сонирхлыг  ноцтой зөрчсөн байна.

Тухайлбал холбогдогч А нам нь нь ямар зөрчилд холбогдож байгаагаа мэдэх,  хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхээр   хангагдаагүй байна.

Иймээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 01........... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  зөвтгөн явуулахад нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан М.С-д олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дэх, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч А намын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 05-ны өдрийн 0176461 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.С-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан А намд олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тав хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ОЮУНГЭРЭЛ