Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0395

 

 

 

 

 

 

 

 

 

                                       “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 159/ШШ2025/0050 дугаар шийдвэрийг гуравдагч этгээд “Ш ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О, түүний өмгөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С ” ХХК

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга

Гуравдагч этгээд “Ш ” ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.О

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн 

Хэргийн индекс: 159/2024/0073/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 159/ШШ2025/0050 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжийн 9 нэгж талбарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.О дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. Би 2022 онд "Ш " ХХК-ийг хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн худалдаж авсан. Учир нь тухайн компани нь олон жил ургац алдаад санхүүгийн хувьд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байсан. /Б у болон бусад олон компаниудад нийгмийн даатгал, татварын өртэй/ Газар зүйн байршил, хөрс, цаг уурын нөхцөл өөр газар нутагт өөрийн туршилт, судалгаандаа суурилж технологийн дагуу дэвшилтэт техникээр таримал тариалж нутагшуулах, чанартай өндөр ургац авах боломжийг эрж хайж энэ компанийг сонгосон болно. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа болохоор эзэмшиж байгаа газар нь хамгийн чухал шалгуур үзүүлэлт байдаг. Тиймээс бид нийт эзэмшлийн 1650 га газрын захирамж, гэрчилгээ, кадастрыг хуулийн дагуу шалгаж авсан. Газрын хянан баталгаа зохих журмын дагуу хийлгэсэн. 2022 онд буюу худалдаж авсан жилээ төвөөсөө алслагдмал /40-50 км/ Хонгорын нурууны энэ 9 нэгж талбар газар тариалах боломжгүй ялзмаг, чийгийн хуримтлал муу, зэрлэг ургамал, хиагандаа баригдсан хулгана ихтэй талбайнууд байсан. Ийм талбайгаас өндөр ургац авах ямар ч боломжгүй. Тиймээс бид хулгана устгахаас ажлаа эхэлж, хөрсийг 2-3 удаа хавж сийрүүлэн, тухайн талбайд ургаж байгаа ургамлын төрөл зүйл бүрд тохирсон тусгай ургамал хамгааллын бодис хэрэглэн хог ургамалтай тэмцсэн. Ялангуяа тариан талбайд хиаг буюу ширэг нь таримлыг давамгайлж чийгийг булааж ургах нөхцөлийг бууруулдаг хамгийн их хөнөөлтэй ургамал бөгөөд устгах үйл явц нь олон удаагийн давтамжтай зардал өндөртэй байдаг. Мөн намар нь хөрсний шинжилгээний дагуу /хөрсний шинжилгээ нь муу байсан/ дутагдалтай байгаа нийлмэл бордоогоор /1га талбайд 100 кг/ бордсон. Гэхдээ хөрс бэлдэх явц бол зөвхөн эхний алхам бөгөөд үүнийг уринш гэж нэрлэдэг юм. Газар Тариалангийн өртөг бүрдэх үйл явц 2 жилийн циклтэй байдаг

2.2. Тариалахаас өмнө хөрсний чийгээ хамгаалж борнойдон тэгшрүүлж, мөн ялзмаг нэмэгдүүлэх “Чёрный жемчуг” органик үрлэн бордоо /1 га талбайд 100 кг / цацсан. Бид энэ бүгдийг зоригтой хийж хөрсөө бэлдээд 2023 онд улаан буудай тариалж тухайн байршлын 1 га талбайгаас дунджаар 45 цн, зарим талбайгаас 57 цн хүртэл ургац хураан авсан. Ургалтын технологийн үе шат бүгдэд тохирох ургамал хамгааллын бодис болон “Белый жемчуг” цуврал органик бордоог цацаж ургалтыг эрчимжүүлсэн. Өвчин, хортон шавж устгахад хүртэл тусгай бодис хэрэглэдэг ба хариулгагүй мал, зэрлэг амьтадаас хамгаалах хашааг ихэнх талбайд барьсан. 2024 онд манай компани дээрх талбайнуудыг мөн адил боловсруулж хөрсөө бэлдэж уриншилсан. 2022 онд энэ 9 нэгж талбараас 14,9 га 14,53 га талбайнуудад “С ” ХХК тариалсан байсан учраас бид тариаланчдын жудгаар ямар нэг асуудал гаргаагүй. 2023 онд уриншгүй, урд жил нь тариалсан талбайд бид тариалах боломжгүй байсан тул дээрх 2 талбайг орхисон. Харин энэ талбайнуудад яагаад өөр компани тариалаад байгаа талаар сумын Засаг даргын тамгын газар болон Газрын албанд 2023 оны 7 дугаар сар, 2024 оны 7 дугаар сард дээрх гарын лавлагаа тодруулгыг гаргуулах хүсэлт өгч тодруулахад тухай бүрд нь хуулийн дагуу Газрын нэгдсэн систем дээр “Ш ” ХХК дээр бүртгэлтэй байна гэсэн хариу өгсөн /Хариу бичгийг хавсаргав/. Энэ тухай “С ” ХХК-д сануулахад “энэ талбайнууд манай газар хуучин гэрчилгээ нь байгаа” гэж байсан. Харин 2024 онд уринш хийх гэсэн боловч “С ” ХХК мөн рапс тарьсан байсан.

2.3. “С ” компани нь манай компанитай давхацсан бүртгэл байхгүй, мөн тус компани газрын хянан баталгаа, шинэчилсэн бүртгэл, гэрээ хийж, газрын төлбөр ч төлөөгүй дээрх хоёр талбайд тариалаад ирсэн байсан. Тиймээс бид 2024 оны 8 сард Сэлэнгэ аймгийн Иргэний шүүхэд газар чөлөөлж өгөх тухай нэхэмжлэл гаргасан болно. 2023 онд манай компанийн хамт олон Сэлэнгийн аймгийн хэмжээнд “Хамгийн өндөр ургац авсан хамт олон” улмаар “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан. Энэ бүхэн шүүх хуралд холбогдолгүй мэт боловч манай орны цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхэд ямар хүнд, нарийн технологи, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж шаарддаг, өндөр чанартай ургац авахад асар их хөдөлмөр, зардал гардаг болохыг бага боловч ойлгоосой гэж хүссэн юм.

2.4. Мөн “С ” ХХК нь 15 жилийн хугацаанд энэ /ялангуяа энэ 7 нэгж талбарт/ газруудад 1 удаа боловсруулалт хийгээгүй, 3 компани дамжигдаад зарагдсан, тэр бүү хэл хажууд үйл ажиллагаа явуулаад тариалж, боловсруулалт хийж байхад нэг ч удаа дуугарч, ямар нэгэн үйлдэл хийгээгүй байдаг. Тэгсэн хэр нь манай компани хөрсийг нь элдэншүүлж, өндөр ургац авах нөхцөл бүрдүүлсэн энэ үед Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэг буюу газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх гэсэн хамгийн чухал заалтыг бүхэлд зөрчсөн атлаа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга бус юм.

2.5. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Гэтэл “С ” ХХК эзэмшсэн нэртэйгээр 15 жил үйл ажиллагаа явуулаагүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь байж боломгүй юм. Элдэншүүлж өндөр зардал гаргасан талбайг өөрийн болгохоор зүтгэж, бусдаар зүгээр л бэлдүүлж авна гэдэг ёс зүйн хувьд асуудалтай юм. Энэ нь өөрийн эзэмшлийн газраа арчилдаггүй, ургац авдаггүй дээр нь үржил шимээ жилээс жилд алдаж байгаа хөрснийхөө нөхөн төлжүүлэх зардал гаргадаггүй, тиймээс ч ургац нь чанаргүй байгаа зэргээс энэ бүхэн харагдаж байна. Улаан буудай бол стратегийн чухал бүтээгдэхүүн. Манай компани Монгол улсын үр үржүүлэх тусгай зөвшөөрөлтэй ганц компани "Б " ХХК-ний хамааралтай салбар, өөрөөр хэлбэл тухайн бүс нутагт тохирсон өндөр, чанартай, шилэгдмэл улаан буудайн сорт нутагшуулах туршилтын бааз газар юм. Энэ зорилгоо ч амжилттай хэрэгжүүлээд явж байгаа нь манай компанийн тайлан тэнцлээс харагдана. Хөрс боловсруулах, нөхөн сэргээх, хайрлан хамгаалах, өндөр чанартай ургац авахад ямар их зардал гардаг хүн хүч ордог вэ гэдэг нь өөрөө стратегийн ач холбогдол юм. Шүүгч шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн зарим заалтууд, журмуудын хэрэгжилтийг харгалзан үзэлгүй “С ” ХХК-ийг газар эзэмших эрхтэй гэсэн нь хууль бус болсон тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний 159/2025/0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.1. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.2. Нэхэмжлэгчээс “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу захиргааны хэрэг үүсгэж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаартай захирамжийн хавсралтад заасан өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 9 нэгж талбар бүхий газрыг олгосон хэсгийг хүчингүй болгох” гэж шаардлагаа нэмэгдүүлсэн.

3.3. Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заалтыг үндэслэл болгосон тул тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь ажлын 10 хоног байна. Гэтэл газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан өдрөөс хойш 15 жил гаруйн дараа нэхэмжлэл гаргасан, түүнийг шүүх хүлээн авч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчид Ерөө сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаар захирамжаар маргаан бүхий газруудыг "үр тариа" зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Газар эзэмших, түүний дотор газар тариалангийн зориулалтаар эзэмших нь гэрээгээ жил бүр дүгнэх, газрын төлбөр төлөх, хуульд зааснаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх зэргээр сумын Засаг дарга, газрын албатай байнгын харилцаатай байхыг хуулийн шаардлагад заасан.

3.4. Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчийн үүргийг нэрлэн заасны дотор 20.2.2-т "тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх бол сум, дүүргийн Засаг даргад албан ёсоор мэдэгдэх", 20.2.6-д "таримлын төрөл тус бүрээр тариалсан болон хураасан ургац, бэлтгэсэн уринш, талбайн ашиглалтын талаарх мэдээг сум, дүүргийн Засаг даргад тухай бүр гаргаж өгөх" үүргийг хүлээлгэсэн бөгөөд тариалангийн зориулалтаар газар эзэмшигч мэдээ мэдээллээр хангах зэргээр нь сумын Засаг даргатай жилийн туршид харилцаатай байхаар заасан. Гэтэл огт харилцаагүй байсан газрын тухай мэдээгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д "Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ" гэж заасны дагуу газрын алба, Засаг даргатай жил бүр харилцах үүрэгтэй. Гэтэл 15 жил захиргааны байгууллагатай ямар нэгэн харилцаагүй явсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй тул газар эзэмших эрхээ хүчингүй болсныг мэдээгүй гэдэг нь бодит байдалд нийцэхгүй.

3.5. Түүнчлэн, маргаантай газрын төлбөрийг төлдөггүй болохоо нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлсэн. Эзэмшигчийн төлөх газрын төлбөрийн хэмжээ нь газрын хэмжээнээс шууд хамааралтай байдаг тул түүнээс хамаарч ямар хэмжээний газарт ногдох төлбөрийг төлж байгаа нь тодорхой мэдэгдэнэ. Үүнээс гадна, газрын харилцааг цахим системд 2020 оноос шилжүүлэн эзэмшил газрын хэмжээ, нэгж талбар, мэдээллийг авах бүрэн боломжтой болсон. Түүнээс хойш газрын харилцаанд оролцохдоо газар эзэмшигч тухай бүрд өөрийн эрх, мэдээлэлтэй танилцах тул нэгж талбар бүхий газруудыг эзэмших эрхгүй болсон гэдгээ мэдэхгүй байх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн.

3.6. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлох нэхэмжлэгчийн үүрэг болно. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд "С х " ХХК-д 9 нэгж талбар бүхий 100.9 га газрыг эзэмшүүлсэн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр захирамж, "С а" ХХК-д маргаан бүхий газруудыг багтаасан 849.95 га газрыг эзэмшүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дүгээр захирамжуудын тухайд маргаагүйгээс үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хамгаалагдах нь тодорхойгүй буюу сэргэх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байсан. Гуравдагч этгээд 2016 онд газрыг шилжүүлэн авснаас хойш 45 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн захирамж гарч, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон ба газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, байгаль орчныг хамгаалах зэргээр хуулийн дагуу ажиллаж, тариалангийн үйл ажиллагаагаа явуулж, газрын ашигт байдлыг нэмэгдүүлэхээр их хэмжээний зардал гаргах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж, хуульд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхад захиргааны хэрэг үүсгэн шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг  хангаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч “С ” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр захиргааны хэргийн шүүхэд хандаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжийн 9 нэгж талбарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ”, 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан аль ч хугацаа хэтэрсэн байна.

            Гэтэл анхан шатны шүүх мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байхад захиргааны хэрэг үүсгэсэн нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш долоо хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

            4. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 210 дугаар албан бичигт “... архивын баримт байхгүй” гэж, мөн шүүх шийдвэртээ “үзлэг хийхэд маргаан бүхий актыг мэдэгдсэн баримт байхгүй байсан” гэж дурдах боловч энэ нь 2009 оны 147 дугаар захирамжаар өөрийнх нь газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрт 15 жилийн дараа маргаж байгаагаас архивын нэгжийг хадгалах хугацаа дууссанаас албан ёсоор мэдэгдсэн эсэхтэй холбоотой бичгийн баримт байхгүй болжээ.

            Хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага тухайн үед мэдэгдсэн эсэхтэй холбоотой бичгийн баримт байхгүй боловч нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, бодит нөхцөл байдлаас нэхэмжлэгч нь өөр этгээдэд өөрийнх нь эзэмшиж байсан 9 нэгж талбар газрыг ашиглаж, эзэмшиж байгааг тухайн үед нь мэдсэн байна.

5. Тухайлбал, нэхэмжлэлд “... тухайн үеийн Засаг дарга С.Г “С х ” ХХК-д 9 нэгж талбарыг түр ашиглуулах талаар надад хэлж байсан, харин миний газар эзэмших эрхийг хүчингүй болгож захирамж гаргасан гэж мэдээгүй ...” гэж дурдсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд “би тэр компанид түр ашиглуулна гэдгийг мэдсэн, тухайн үед хэдэн төгрөг ч тэр компаниас авч байсан, гэхдээ газар эзэмших эрхийг тэр чигт энэ компани руу шилжүүлнэ гэж тохироогүй ...” гэж дурдсан,

гэрч С.Г (Засаг дарга байсан) нь “... тухайн үед тариалан эрхлээгүй атаршсан газрыг хүчингүй болгож, 2008 онд “С ” ХХК-д 1500 гаруй га газрыг шилжүүлж эзэмшүүлсэн. Тухайн газар 2-оос дээш жил тариалалт эрхлээгүй бол хүчингүй болгоно гэж ойлгож газрын даамлын танилцуулснаар хүчингүй болгосон. ...  захирамж гарсныг “С ” ХХК мэдээгүй байж байгаад, “С х ” ХХК тариалалт эхлэхэд асуудал яригдаж, надтай уулзахад нь түр ашиглуулахаар ярилцаж, захирамжид өөрчлөлт оруулах талаар ярилцаж байсан” гэж,

гэрч Э.А (газрын даамал байсан) нь “... 2009 оны 147 дугаар захирамжийг “С ” ХХК-д мэдэгдээгүй байсан, мэдэгдээгүйн улмаас тухайн үед захирал М.Ш-тай таарахад манай газрыг өөр компанид шилжүүлсэн байна, гомдол гаргана гэж маргалдаж байсан удаа бий. ... гомдол гаргасан эсэхийг мэдэхгүй...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлэг, бодит байдалд “С х ” ХХК нь тухайн газар дээрээ тариалалт хийсэн нөхцөл байдлыг хараад мэдсэн зэргээр өөрийнх нь газар эзэмших эрхийг хүчингүй болгож, Засаг даргын 2009 оны 149 дүгээр захирамжаар тухайн 9 нэгж талбарын эзэмших эрхийг “С х ” ХХК тариалангийн зориулалтаар эзэмшсэнийг мэдсэн болох нь тогтоогдож байна.  

6. Газрын тухай болон тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Тариалангийн тухай 2004 оны хуульд газар эзэмшигч тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч этгээдэд эзэмшил газраа бусдад түрээслэх, түр ашиглуулах эрх олгогдоогүй байх бөгөөд нэхэмжлэгч нь өөр этгээдэд газрыг нь эзэмшүүлж ашиглуулсан талаар мэдсэн атлаа эс зөвшөөрсөн бол эрх бүхий этгээдэд хандаж маргах боломжтой байсан гэж үзэхээр байна.

Тэрээр хариуцагч Засаг даргын 2009 оны 149 дүгээр захирамжаар “С х ” ХХК нь тариалангийн зориулалтаар тухайн газрыг эзэмшүүлсэн, 4 жилийн дараа тус компаниас 2012 оны 204 дүгээр захирамжаар “С а” ХХК-д шилжүүлсэн байх ба мөн л энэ үед нэхэмжлэгч нь маргаж байгаагүй, 2024 онд 15 жилийн дараа мэдсэн гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

7. Гуравдагч этгээд нь тухайн газрыг тодорхой үйл ажиллагааг явуулж тариалалт хийж, газрын чанарыг сайжруулсны дараа 2024 онд рапс тарьсан гэх үйлдлийг хууль ёсны гэж үзэхгүй бөгөөд гуравдагч этгээдээс иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “... өөрийнхөө захирамжийг хүчингүй болгосныг мэдсэн” гэсэн нь дээрх баримтуудаар няцаагдаж байх тул 15 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолох үндэслэлгүй.

8. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй газар эзэмших эрх нь 3 хуулийн этгээдэд дамжуулан шилжиж 15 жил өнгөрсний дараа гаргасан нэхэмжлэлээр  захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 55 дугаар зүйлийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 159/ШШ2025/0050 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар захирамж, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 149 дүгээр захирамжийн маргаж буй 9 нэгж талбарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий “С ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд “Ш ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.О, түүний өмгөөлөгч Б.А нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                    З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                    С.МӨНХЖАРГАЛ