| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2022/0143/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/29 |
| Огноо | 2022-08-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бавуудорж |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва,
Улсын яллагч Б.Бавуудорж,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч Ж.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчинсуурь овгийн Жарантайн Алтангэрэлд холбогдох 2226002300158 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мастер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 21 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Өвөрхангай аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2-т зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн Хорчинсуурь овгийн Жарантайн Алтангэрэл /РД: ЙЭ67090114/.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Батдаваа” хүнсний дэлгүүр дотор үл ялих зүйлээр шалтаглан тус дэлгүүрээр үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцангийн баруун хацарт 2 удаа, тус дэлгүүрийн тамбарын үүдэнд 1 удаа, дэлгүүрийн гадаа толгой руу нь 4 удаа тус тус алгадаж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Алтангэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би 21 цагийн үед гэрээсээ гарсан. Таньдаг хоёр хүн баруун тийшээ явж байгаа гээд нэг шил архи хувааж уусан. 22 цаг 40 минут болж байхад лүүгээ орж ирсэн чинь хоёр хүүхэд байсан. Би тэгэхээр нь орой болсон хойно хүүхдүүд юу хийж яваа юм бэ дэлгүүр хаасан яваа юм яв гэсэн чинь нэг хүүхэд нь чамд ямар хамаатай юм цагдаа дуудна шүү гэж хэлсэн. Тэгж хэлэхээр нь миний уур хүрээд нэг алгадсан. Тэгсэн чинь тэр хүүхэд би тархи толгойны өвчтэй гэж хэлээд суусан. Тэгэхээр нь одоо яв харь гэсэн чинь явахгүй надаас их хэрүүл гуйгаад байсан. Чамайг цагдаад хэлнэ гээд байсан. Би тэгэхээр нь араас нь очсон. Гараад ойлгуулж гэсэн чинь надтай хэрүүл хийгээд байсан. Гадаа 2 удаа тэр хүүхдийг алагдсан. Тэгсэн чинь манай эхнэр гарч ирээд битгий согтуу хүнтэй хэрүүл хийгээд бай гэж хэлээд тэр хүүхдийг зам хүртэл гаргаж өгсөн. Тэр хүүхэдтэй байж байхад урд байсан нэг хүүхэн орилсон. Яагаад зодоод байгаа юм гэхээр нь би чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Хэрүүл маргаан хийгээгүй. Гарч ирэхэд тэр хүүхэд замын цаад руу явсан байсан. ...Би дэлгүүр дотор 2 удаа, гадаа 2-3 удаа алгадсан. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрнө. Би 300.000 төгрөгийг одоо ч хамаагүй шилжүүлж өгч болно. Цалин болон сэтгэл санааны хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн дагуу гарч ирсэн бол хүлээн зөвшөөрнө” гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед би Улаанбаатар хотод “Тэрэлжид” сургалтад сууж байсан. Шөнө орой 22 цаг өнгөрч байхад манай хүүхэд залгаад ээжээ сургууль дээр бүжиг бэлдэж байгаа өлсөөд байна гэсэн. Тэгэхээр нь би миний хүү ойрхон дэлгүүр лүү гүйгээд ор ээж нь мөнгө шилжүүлье гэж хэлсэн. “Батдаваа” гэдэг дэлгүүр лүү орсон. Өмнө нь ч гэсэн манай хүүхэд энэ дэлгүүрт ороод би Ж.Алтангэрэл гэдэг хүн рүү 2-3 удаа мөнгө шилжүүлж байсан. Сургуульд ойрхон болохоор хүүхдүүд гүйгээд ордог дэлгүүр юм билээ. Тэр орой сүлжээ унасны улмаас мөнгөө жаахан удаж шилжүүлсэн. Тэр шөнөдөө мөнгө шилжүүлснээс хойш хүүхэд яриагүй. Тэгээд өглөө 7 цаг өнгөрч байхад манай ээж залгаад хүүхдийг чинь хүн зодчихсон гэж хэлсэн. Юу болсон гэсэн чинь Ж.Алтангэрэл манай хүүхдийг зодсон байсан. Би энэ шүүх хуралдаанд хүүхдээ яагаад оролцуулахгүй байна гэвэл миний хүүхэд маш их цочрол авсан, айсан, эмээсэн. Гэрээс гарч чадахгүй хичнээн хоног гэртээ байсан. Хичээлдээ явж чадаагүй, толгой нь өвдөж сэтгэл санаагаар их гутарсан. Би өмнөх шүүх хуралдаан дээр хэлсэн. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан. Манай хүүхэд facebook дээрээ уйлж байгаа хар зураг тавьсан байсан. Тэгээд сэтгэл зүйч рүү явуулаад зөвлөгөө авахад маш ихээр эмзэглэсэн айдастай байна гэсэн. Тэр зургаа солихгүй явж байгаад ахиад нэг сольсон чинь өмнөх зурагнаас илүү уйлсан, зодуулсан хүүхдийн дүрстэй хүүхэлдэйн киноны нулимстай зураг тавьсан байсан. Тэгэхээр нь сэтгэл зүйчээс нь асуусан чинь “хүүхэд айсан, айдастай байна. Айдсаасаа гарч чадахгүй байна” гэж хэлсэн. Сүүлд нь би хүүдээ “миний хүү наад зургаа солиоч” гэсэн чинь “яах юм бэ ээжээ энэ чинь гоё шүү дээ” гэж хэлсэн. Би миний хүү “энэ зургаа сольчих facebook ийм муухай зураг тавьж болдоггүй юм” гэхэд одоо хүртэл солихгүй явж байгаа. Маш ихээр цочирдсон айсан. Эмэгтэй хүүхдээ хүчиндүүлсэн, эрэгтэй хүүхдээ зодуулахад ар гэр тэр хүүхэд яг адилхан байдалд ордог юм билээ. Сэтгэл санааны хямрал, хүүхдээ хамгаалж чадаагүй шаналал, хүүхдийн айдас гэр бүлд маш хүнд тусдаг юм билээ. Ж.Алтангэрэл мөнгө салгах гэж байна гэж удаа дараа бид нар луу дайрсан. Манай ээж рүү, над руу, миний хүүхдийг хүртэл тэгж дарамталсан байсан. Би энэ хүнээс нэг ч төгрөг авахгүй, хуулийн хариуцлагыг чанга хүлээлгэе гэж бодож байтал тэр хариуцлага хүлээлгэх зүйл анги нь үнэхээр санаанд хүрэхгүй байгаа. Тийм учраас би прокурорт 2,3 хуудас өргөдөл бичиж өгсөн. Хэрэв прокурор хүлээж аваагүй байгаа бол би дараагийн шатанд өргөдлөө шийдүүлнэ гэж бодож байна. Би өөрөө сэтгүүлч хүн учир эхнээсээ олон нийтийн сүлжээнд тавьсан. Энэ хэргийн бичлэгийг кейс болгож би хүүхдээсээ зөвшөөрөл авсан. Энэ талаар хүүхдийн эрхийн төлөө тэмцэх тэмцлийн эхлэл болгож, хуулийн байгууллагаас зөвшөөрөл авч тэмцэнэ. Хүүхдийн эрхийн байгууллагад хандсан байгаа. ...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Миний дундаж цалин 5,000,000 төгрөг дансны хуулгаар баталгаажуулж болно. 10 хоногийн хугацаанд би ажил хийх, манай хүүхэд хичээлдээ явахтай манатай байсан. Иймд 10 хоногийн цалинг нэхэмжилнэ. Мөн хүүхдийн эмчилгээний зардалд 300,000 төгрөг орсон.Сэтгэл санааны хохирлыг монголд яаж үнэлдэг талаар мэдэхгүй байна. Эмчилгээний зардал 300.000 төгрөг, 10 хоногийн цалин 2,000,000 төгрөг мөн сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн бүжгийн аваргад бэлдэж байгаад 22 цагийн үед тараад өлсөөд байхлаар нь би ангийнхаа хүүхэдтэй хамт юм авч идэх гээд 10 дугаар хороонд байх Батдаваа гэх нэртэй дэлгүүрт орсон. Тэгээд тэндээс идэх юм аваад ээж рүүгээ яриад авсан юмныхаа тооцоог ээжээр шилжүүлэх гээд хүлээгээд байж байсан чинь тэр шар дэлгүүрийн ах гаднаас согтуу орилоод ороод ирсэн. Тэгээд манай ангийн хүүхэд бид хоёрыг хараад хар шөнө миний гэрт юу хийж яваа юм гээд зайлцгаа гэсэн. Тэгээд би ёо цочоочихлоо гэсэн чинь над руу хашгираад байхаар нь цагдаа дуудлаа шүү гэсэн чинь цагдаа надад нөлөөлөхгүй гэж хэлээд баруун талын хацар луу гараараа 1 удаа алгадахад нь би газар унасан. Тэгсэн тэр ахын эхнэр нь ирээд салгасан. Тэгээд би босоод ирсэн чинь намайг дахиад цохиод унагаасан. Тэгээд би зугтаагаад гараад гүйсэн чинь араас хүрч ирээд үүдний тамбар дотор барьж аваад намайг баруун талын шанаа руу 1 удаа цохисон. Чи муу надаас мөнгө салгах гээд чадахгүй шүү. Цагдаа чинь надад нөлөөлөхгүй. Чаддаг юм бол намайг шоронд хийчих гээд байсан. Тэгээд би арай хийж гарнаас нь мултраад гарсан чинь араас гарч ирээд намайг заамдаж аваад намайг ширвэж унагаах гээд байсан. Тэгсэн урд талд байдаг улаан дэлгүүрийн гаднаас 2 ах ирээд болиочээ гэж хэлсэн чинь намайг тавьчихсан. Тэгээд би замын нөгөө талд гарч байгаад цагдаа руу дуудлага өгсөн. Тэгсэн урд талын дэлгүүрийн эгч болиочээ гэж хэлсэн чинь чи муу юу гээд байгаа юм гээд дэлгүүр лүү нь яваад орсон. Манай ангийн найз Төгөлдөр дэлгүүрийн худалдагч эгч бид хэд байсан. Тухайн асуудлаас хойш миний баруун талын чихний сонсгол муудаад байгаа, бас байнга толгой өвддөг болсон. Би тухайн дэлгүүрээр урьд өмнө нь орж үйлчлүүлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/
Гэрч Л.Ичинхорлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед би дэлгүүртээ сууж байтал гаднаас хоёр эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тэгээд таны данс руу 20,000 шилжүүлье, 15,000 төгрөгийг нь бэлнээр аваад 5,000 төгрөгөнд нь ундаа боорцог авъя гээд 15,000 төгрөгөө бэлнээр нь аваад дэлгүүрээс гарч байсан чинь өөдөөс нь манай дэлгүүрийн эзэн болох Алтангэрэл орж ирээд тэр хоёр хүүхдийг “за яасан орой явж байнаа хүүхдүүдээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь өндөр банди нь “сургууль дээр ажилтай явж байна. Танд ямар хамаатай юм цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Алтангэрэл босч очоод “яасан гэж цагдаа дуудах гээд байгаа юм” гэж хэлээд тухайн бандийг алгадсан. Тэгэхлээр нь би Алтангэрэлийг болиулаад тухайн хоёр хүүхдийг гар гар гэсэн чинь тухайн алгадуулдаг өндөр банди нь хэрүүл хийгээд гарахгүй зогсоод байсан. Тэгж байгаад тухайн хоёр банди гараад явсан. Араас нь Алтангэрэл гараад явсан. Гадаа юу болсоныг мэдэхгүй байна. Алтангэрэл тухайн хүүхдийн хацар хэсэг рүү нь 1 удаа гараараа алгадсан. Тухайн асуудал болох үед Алтангэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тийм их согтуу байгаагүй. Асуудал болох үед Алтангэрэл, тухайн хоёр хүүхэд бид дөрөв л байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/
Гэрч Б.Мөнгөнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү У.Доржжанцан нь 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, айлын том хүүхэд доороо 1 эрэгтэй дүүтэй, аав нь бага байхад нь нас барсан юм. У.Доржжанцан 2013 онд Баруунбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид ороод тэндээ 7 дугаар ангиа төгстөл сурч байгаад 08 дугаар ангид орох жилээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар сургуульд сурч эхэлсэн. Багаасаа эмээ, өвөө дээрээ өссөн. У.Доржжанцан зан байдлын хувьд төлөв даруухан тайван зөөлөн хүүхэд байгаа юм, элдэв янзын гаж буруу зангүй. Манай хүү нь сурлагадаа сайн 5 дугаар ангиа алтан медалтай төгсөж байсан. Ер нь бол анги хамт олонтойгоо нийтэч, бусдад тусархуу, нийгмийн ажилд арга хэмжээнд идэвхитэй оролцдог. Манай хүүг ангийн багш нь 2022 онд ангийн даргаар сонгосон байсан. Аливаа зүйлд хичээнгүй, идэвхитэй хүүхэд байгаа юм. Манай хүүхдийг зодсон Алтангэрэл гэх хүнийг хүүхэд зодсон байна гээд фэйсбүүк дээр тавьсан юм. Тэгсэн намайг нэр төрд халдсан гээд цагдаад өргөдөл өгсөн байсан. Тухайн асуудлаас болж манай хүүхэд айдас түгшүүртэй байдаг болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/.
Гэрч Г.Оюунсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед манай хойд талын “Батдаваа” дэлгүүрийн гадаа хүмүүс маргалдаад байсан чинь манай дэлгүүрт юм авч байсан нэг эмэгтэй гараад “болиочээ сургуулийн хүүхэд зодоод байх юм” гэж хэлээд байх шиг байсан. Тэгээд тухайн эмэгтэй тооцоогоо хийх гээд эргээд ороод ирсэн. Тэгсэн араас Алтангэрэл орж ирээд тухайн эмэгтэйтэй чамд ямар хамаатай юм гээд хэрүүл хийгээд байсан. Тухайн эмэгтэй тооцоогоо хийчихээд гараад явсан. Араас нь Алтангэрэл дагаад гараад явсан. Би Ж.Алтангэрэлийг хүүхэд зодож байхыг бол нүдээрээ хараагүй. Тухайн эмэгтэй гадаа гарч “хүүхэд зодохоо болиочээ” гэж хэлчихээд буцаж орж ирэхэд Алтангэрэл хамт орж ирсэн учир надад тухайн асуудлын талаар яриагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44- 45 хуудас/
Яллагдагч Ж.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би 20 цагийн үед таньдаг хүнтэйгээ тааралдаад 0.5 граммтай нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд 22 цаг 40 минутын орчим өөрийн дэлгүүртээ орж ирэхэд хоёр банди зогсож байсан. Хажуугаар нь явахдаа “ийм үдэш орой болсон хойно юу хийж яваа юм бэ харьцгаа” гэж хэлчихээд кассын хойно очоод худалдагчтайгаа юм ярьж байтал “чамд хамаагүй цагдаа дуудна шүү” гэхээр нь би “яасан гэж цагдаа дууддаг юм, яв чи” гэж хэлсэн. Нэг банди нь түрүүлээд гараад явчихсан, нэг нь гарахгүй хэрүүл гуйгаад зогсоод байхаар нь би очоод тухайн бандийг хоёр удаа алгадсан. Тэгсэн чинь тэр банди дэлгүүрийн кассны урд хэвтчихээд босохгүй байхаар нь өргөж босгоод яв гэсэн чинь хэрүүл гуйгаад гарахгүй байгаад байсан. Тэгээд тухайн банди дэлгүүрийн хаалгаар гарахдаа “цагдаа дуудна, чи согтуу байна, энэ тэр” гээд олон юм яриад байсан хэрүүл гуйгаад үүдний тамбарт зогсоод байсан. Тэгэхээр нь би гараад чи яваач юу гээд хэрүүл гуйгаад байгаа юм гээд загнасан чинь өөдөөс хэрүүл гуйгаад байхаар нь би тухайн хүүхдийг дэлгүүрийн гадаа 1-2 удаа алгадсан. Тэгээд байж байтал манай эхнэр гарч ирээд тухайн хоёр хүүхдийг яв гээд засмал гаргаад явуулсан. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/
Насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцангийн насыг тоолсон “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 нас 2 сар 2 хоногтой.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 37 хуудас/.
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №315 дугаартай “...1. Үзүүлэгч У.Доржжанцангийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...20220505_139129 бичлэгт үзлэг хийхэд хохирогч У.Доржжанцан нь ногоон өнгийн хавар намрын куртиктай, цэнхэр өнгийн үүргэвчтэй, мөн бараан өнгийн тамирын өмдтэй байх ба түүний хажууд ногоон өнгийн куртиктай, цэнхэр өнгийн үүргэвчтэй 15 нас орчмын хүүхэд байх бөгөөд холбогдогч Ж.Алтангэрэл нь тухай бичлэгийн 1 минут 15 секундэд гаднаас орж ирэх ба хохирогч У.Доржжанцанг бичлэгийн 2 минутад 2 удаа толгой хэсэг рүү нь алгадаж байгаа бичлэг байв. Received_86228460566672 бичлэгт үзлэг хийхэд Батдаваа дэлгүүрийн гадна талд байрласан тус дэлгүүрийн үүд хэсэг рүү харсан камер байх бөгөөд тус бичлэгэнд хохирогч У.Доржжанцан,*******, холбогдогч Ж.Алтангэрэл нар хамт байх бөгөөд бичлэгийн 1 минут 19 секундэд хохирогч У.Доржжанцанг холбогдогч Ж.Алтангэрэл 4 удаа толгой хэсэг рүү алгадаж байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Батдаваа” хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн “...1. Батдаваа дэлгүүрийн гадна цүнх үүрсэн 2 эрэгтэй хүүхэд, нэг насанд хүрсэн эрэгтэй хүний хамт зогсож байгаа байдлыг харуулав,
2.Насанд хүрсэн эрэгтэй /Ж.Алтангэрэл/ нь цүнх үүрсэн хүүхдийг /У.Доржжанцанг/ гараараа 4 удаа алгадах бөгөөд алгадаж цохиж байгаа байдлыг харуулав.
3.Насанд хүрсэн хүрсэн эрэгтэй /Ж.Алтангэрэл/ нь цүнх үүрсэн хүүхдийг /У.Доржжанцанг/ гараараа нааш цааш нь угзарч, татаж байгаа байдлыг харуулав.
4.Цүнх үүрсэн эрэгтэй хүүхэд /У.Доржжанцан/ нь зугтааж байгаа байдлыг харуулав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Батдаваа” дэлгүүрийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 31 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Батдаваа” дэлгүүрийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гадна талын хяналтын камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2226002300158 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 47-48 хуудас/,
Шүүгдэгч Ж.Алтангэрэлийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 233 дугаартай тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-60, 107 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Ж.Алтангэрэлд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Батдаваа” хүнсний дэлгүүр дотор үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцанг зүй бус харилцааны улмаас дэлгүүр дотор толгойн тус газарт гараараа 2 удаа, дэлгүүрийн тамбар дотор 1 удаа, дэлгүүрийн гадаа 4 удаа алгадаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцан, гэрч Л.Ичинхорлоо, Б.Мөнгөнцэцэг, Г.Оюунсүрэн нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №315 дугаартай дүгнэлт, “Батдаваа” хүнсний дэлгүүрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь 2022 оны 05 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Батдаваа” хүнсний дэлгүүр дотор тус дэлгүүрт үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцанг үл ялих зүйлээр шалтаглан түүний баруун хацарт 2 удаа, дэлгүүрийн тамбар дотор толгой руу нь нэг удаа, дэлгүүрийн гадаа толгой руу нь 4 удаа тус тус алгадаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан:
Насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцангийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр аймгийн бүжгийн аваргад бэлдэж байгаад 22 цагийн үед тараад өлсөөд байхлаар нь би ангийнхаа хүүхэдтэй хамт юм авч идэх гээд 10 дугаар хороонд байх “Батдаваа” гэх нэртэй дэлгүүрт орсон. Тэгээд тэндээс идэх юм аваад ээж рүүгээ яриад авсан юмныхаа тооцоог ээжээр шилжүүлэх гээд хүлээгээд байж байсан чинь тэр шар дэлгүүрийн ах гаднаас согтуу орилоод ороод ирсэн. Тэгээд манай ангийн хүүхэд бид хоёрыг хараад “хар шөнө миний гэрт юу хийж яваа юм, зайлцгаа” гэсэн. Тэгээд би ёо цочоочихлоо гэсэн чинь над руу хашгираад байхаар нь цагдаа дуудлаа шүү гэсэн чинь цагдаа надад нөлөөлөхгүй гэж хэлээд баруун талын хацар луу гараараа 1 удаа алгадахад нь би газар унасан. Тэгсэн тэр ахын эхнэр нь ирээд салгасан. Тэгээд би босоод ирсэн чинь намайг дахиад цохиод унагаасан. Тэгээд би зугтаагаад гараад гүйсэн чинь араас хүрч ирээд үүдний тамбар дотор барьж аваад намайг баруун талын шанаа руу 1 удаа цохисон. Чи муу надаас мөнгө салгах гээд чадахгүй шүү. Цагдаа чинь надад нөлөөлөхгүй. Чаддаг юм бол намайг шоронд хийчих гээд байсан. Тэгээд би арай хийж гарнаас нь мултараад гарсан чинь араас гарч ирээд намайг заамдаж аваад намайг ширвэж унагаах гээд байсан. Тэгтэл урд талд байдаг улаан дэлгүүрийн гаднаас 2 ах ирээд болиочээ гэж хэлсэн чинь намайг тавьчихсан. Тухайн асуудлаас хойш миний баруун талын чихний сонсгол муудаад байгаа бас байнга толгой өвддөг болсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/
Гэрч Л.Ичинхорлоогийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед би дэлгүүртээ сууж байтал гаднаас хоёр эрэгтэй хүүхэд орж ирсэн. Тэгээд таны данс руу 20,000 шилжүүлье 15,000 төгрөгийг нь бэлнээр аваад 5,000 төгрөгөнд нь ундаа боорцог авъя гээд 15,000 төгрөгөө бэлнээр нь аваад дэлгүүрээс гарч байсан чинь өөдөөс нь манай дэлгүүрийн эзэн болох Алтангэрэл орж ирээд тэр хоёр хүүхдийг “за яасан орой явж байнаа хүүхдүүдээ” гэж хэлсэн. Тэгсэн чинь өндөр банди нь “сургууль дээр ажилтай явж байна. Танд ямар хамаатай юм цагдаа дуудна шүү” гэж хэлсэн. Тэгсэн чинь Алтангэрэл босч очоод “яасан гэж цагдаа дуудах гээд байгаа юм” гэж хэлээд тухайн бандийг алгадсан. Би Алтангэрэлийг болиулаад тухайн хоёр хүүхдийг гар гар гэсэн чинь тухайн алгадуулдаг өндөр банди нь хэрүүл хийгээд гарахгүй зогсоод байсан. Тэгж байгаад тухайн хоёр банди гараад явсан. Тэгсэн араас нь Алтангэрэл гараад явсан гадаа юу болсныг мэдэхгүй байна. Алтангэрэл тухайн хүүхдийн хацар хэсэг рүү нь 1 удаа гараараа алгадсан. Тухайн асуудал болох үед Алтангэрэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ тийм их согтуу байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/
Гэрч Г.Оюунсүрэнгийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед манай хойд талын “Батдаваа” дэлгүүрийн гадаа хүмүүс маргалдаад байсан чинь манай дэлгүүрт юм авч байсан нэг эмэгтэй гараад “болиочээ, сургуулийн хүүхэд зодоод байх юм” гэж хэлээд байх шиг байсан. Тэгээд тухайн эмэгтэй тооцоогоо хийх гээд эргээд ороод ирсэн. Тэгсэн араас нь Алтангэрэл орж ирээд тухайн эмэгтэйтэй чамд ямар хамаатай юм гээд хэрүүл хийгээд байсан. Би Ж.Алтангэрэлийг хүүхэд зодож байхыг бол нүдээрээ хараагүй. Тухайн эмэгтэй гадаа гарч хүүхэд зодохоо болиочээ гэж хэлчихээд буцаж орж ирэхэд Алтангэрэл хамт орж ирсэн учир надад тухайн асуудлын талаар яриагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44- 45 хуудас/
Яллагдагч Ж.Алтангэрэлийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би 20 цагийн үед танидаг хүнтэйгээ тааралдаад 0.5 граммтай нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд 22 цаг 40 минутын орчим өөрийн дэлгүүртээ орж ирэхэд хоёр банди зогсож байсан. Хажуугаар нь явахдаа ийм үдэш орой болсон хойно юу хийж яваа юм бэ харьцгаа гэж хэлчихээд кассын хойно очоод худалдагчтайгаа юм ярьж байтал чамд хамаагүй цагдаа дуудна шүү гэхээр нь би яасан гэж цагдаа дууддаг юм, яв чи гэж хэлсэн. Нэг банди нь түрүүлээд гараад явчихсан, нэг нь гарахгүй хэрүүл гуйгаад зогсоод байсан. Тэгэхээр нь би очоод тухайн бандийг хоёр удаа алгадсан. Тухайн банди дэлгүүрийн хаалгаар гарахдаа цагдаа дуудна чи согтуу байна энэ тэр гээд олон юм яриад байсан хэрүүл гуйгаад үүдний тамбарт зогсоод байсан. Тэгэхээр нь би гараад чи яваач юу гээд хэрүүл гуйгаад байгаа юм гээд загнасан чинь өөдөөс хэрүүл гуйгаад байхаар нь тухайн хүүхдийг дэлгүүрийн гадаа 1-2 удаа алгадсан. Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/
Насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцангийн “...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 15 нас 2 сар 2 хоногтой.” гэсэн мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 37 хуудас/.
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №315 дугаартай “...1. Үзүүлэгч У.Доржжанцангийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-17 хуудас/,
2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...20220505_139129 бичлэгт үзлэг хийхэд хохирогч У.Доржжанцан нь ногоон өнгийн хавар намрын куртиктай, цэнхэр өнгийн үүргэвчтэй, мөн бараан өнгийн тамирын өмдтэй байх ба түүний хажууд ногоон өнгийн куртиктай, цэнхэр өнгийн үүргэвчтэй 15 нас орчмын хүүхэд байх бөгөөд холбогдогч Ж.Алтангэрэл нь тухай бичлэгийн 1 минут 15 секундэд гаднаас орж ирэх ба хохирогч У.Доржжанцанг бичлэгийн 2 минутад 2 удаа толгой хэсэг рүү нь алгадаж байгаа бичлэг байв. Received_86228460566672 бичлэгт үзлэг хийхэд Батдаваа дэлгүүрийн гадна талд байрласан тус дэлгүүрийн үүд хэсэг рүү харсан камер байх бөгөөд тус бичлэгэнд хохирогч У.Доржжанцан,*******, холбогдогч Ж.Алтангэрэл нар хамт байх бөгөөд бичлэгийн 1 минут 19 секундэд хохирогч У.Доржжанцанг холбогдогч Ж.Алтангэрэл 4 удаа толгой хэсэг рүү алгадаж байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл /хх-ийн 21-22 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Батдаваа” хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерын бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн “...1. Батдаваа дэлгүүрийн гадна цүнх үүрсэн 2 эрэгтэй хүүхэд, нэг насанд хүрсэн эрэгтэй хүний хамт зогсож байгаа байдлыг харуулав.
2.Насанд хүрсэн эрэгтэй /Ж.Алтангэрэл/ нь цүнх үүрсэн хүүхдийг /У.Доржжанцанг/ гараараа 4 удаа алгадах бөгөөд алгадаж цохиж байгаа байдлыг харуулав.
3.Насанд хүрсэн хүрсэн эрэгтэй /Ж.Алтангэрэл/ нь цүнх үүрсэн хүүхдийг /У.Доржжанцанг/ гараараа нааш цааш нь угзарч, татаж байгаа байдлыг харуулав.
4.Цүнх үүрсэн эрэгтэй хүүхэд /У.Доржжанцан/ нь зугтааж байгаа байдлыг харуулав гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Мөрдөгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Батдаваа” дэлгүүрийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 31 хуудас/,
Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Батдаваа” дэлгүүрийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гадна талын хяналтын камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2226002300158 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцан, гэрч Б.Мөнгөнцэцэг, Г.Оюунсүрэн нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн №315 дугаартай дүгнэлт, дүрс бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Алтангэрэлийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Ж.Алтангэрэлд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Ж.Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг нь насанд хүрээгүй хохирогч У.Доржжанцангийн томографийн зураг авахуулсан, эмчилгээ хийлгэсний төлбөр 300,000 төгрөг, хүүхдээ асарч ажилгүй байсан 10 хоногийн цалин 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирлыг тус тус нэхэмжилсэн боловч эдгээрийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэгийн нэхэмжилсэн томографийн зураг авахуулсан, эмчилгээ хийлгэсний төлбөр 300,000 төгрөг, хүүхдээ асарч ажилгүй байсан 10 хоногийн цалин 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын яллагч Б.Бавуудорж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Ж.Алтангэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ж.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь гэмт хэргийн улмаас хор уршиг бусдад төлөх төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэхийг дурдаж, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар CD 2 ширхэг хураагдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ж.Алтангэрэл өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа бөгөөд дүгнэлт гаргахгүй гэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял” шийтгэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Ж.Алтангэрэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Алтангэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хорчинсуурь овгийн Жарантайн Алтангэрэлийг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтангэрэлд оногдуулсан нийтэд ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Алтангэрэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх аижллагааны зардлын баримт аваагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Батдаваа” дэлгүүрийн дотор талын хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, гадна талын хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хорчинсуурь овгийн Жарантайн Алтангэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хорчинсуурь овгийн Жарантайн Алтангэрэлийг дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Алтангэрэлд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч Ж.Алтангэрэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэгийн нэхэмжилсэн томографийн зураг авахуулсан, эмчилгээ хийлгэсний төлбөр 300,000 төгрөг, хүүхдээ асарч ажилгүй байсан 10 хоногийн цалин 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол зэргийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх аижллагааны зардлын баримт аваагүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Батдаваа” дэлгүүрийн дотор талын хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, гадна талын хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Алтангэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ