Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
Хэргийн индекс | 173/2022/0176/Э |
Дугаар | 2022/ШЦТ/189 |
Огноо | 2022-09-15 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | С.Баатарсүх |
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нямдаваа,
Улсын яллагч С.Баатарсүх,
Шүүгдэгч Н.Моломдавга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овгийн Намсрайжавын Моломдавгад холбогдох 2226003050206 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 47 настай, регистрийн дугаар ЙК75101030, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 38 дугаар гудамжны 10 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харчин овгийн Намсрайжавын Моломдавга
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Моломдавга нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 64-13 ӨВР улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4-д “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчиж Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг Онгийн голын гүүрний зүүн талд хот хоорондын засмал зам дээр 75-53 УАЕ улсын дугаартай “Тоёота Сиа” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Хандсүрэнгийн эрүүл мэндэд цээжний зүүн талд 5,6,9 дүгээр хавирганы хугарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Моломдавга шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед гүйцэж түрүүлэх гэж байхад зүүн талын дугуй хагараад, тэгээд жолоодлогоо алдаад тийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Хохирогч Ц.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн төв рүү явах гээд Өлзийт сумын Бор хошуун дээр унаа сураад байж байтал ээжийн дүү Моломдавга аймаг явах гээд Портер машинтай ганцаараа явж байсан. Тэгээд суугаад аймгийн төв рүү явсан. Арвайхээр сум руу орох шинэ цагаан хаалганаас нааш тойрог дээр явж байхад нэг цагаан машин урд явж байсан. Би утсаар ээжтэй яриад орох гэж байна гээд ярьж байсан чинь замын хажуу руу онхолдчихсон. Яг яагаад онхолдсныг нь мэдээгүй. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт байсан. Миний биед 3 хавирга хугарсан, бас толгой хагарсан, оёдол тавиулсан, эмнэлэгт хэвтээгүй, гадуур гэрээр эмчилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,
Хохирогч Ө.Гал-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 75-53 УАЕ улсын дугаартай “Тоёота сиа” маркийн автомашинтай эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатараас Баянхонгор аймгийн чиглэлд явж байгаад Өвөрхангай аймгийн Шинэ цагаан хаалга өнгөрөөгөөд дуут дохио өгөөд 64-13 ӨВР улсын дугаартай “Хьюндай портер” маркийн автомашиныг гүйцэж түрүүлээд эгнээ байраа эзлээд явж байгаад толиндоо харсан чинь тухайн Портер маркийн автомашин миний машины хажуугаар гарч ирээд миний машины жолоочийн эсрэг талын хойд кирла хэсэг рүү мөргөсөн. Тэгээд би тормоз гишгээд хурдаа хасаад зогссон. Тэгсэн Портер маркийн автомашин миний машины урдуур зам хөндлөн гараад засмал замын хажуу руу онхолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 хуудас/,
Гэрч Г.Дэлгэрмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгорын чиглэлд явж байсан Өвөрхангай аймгийн шинэ хаалга өнгөрөөд манай нөхөр Ө.Гал-Эрдэнэ сигнал дараад урд явж байсан Портер маркийн машиныг гүйцэж түрүүлээд нэлээн явж байгаад толиндоо хартал Портер маркийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа бололтой харагдаж байсан. Тэгээд манай нөхөр гүйцэт түрүүлэх гэж байна гээд хурдаа хассан, тэгсэн Портер машин хажуу тийшээ дарж манай машины хойд хэсэг рүү мөргөсөн. Манай нөхөр тормоз гишгээд зогстол манай машины урдуур дахиж дараад засмал замаас гарч онхолдсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 хуудас/,
Шүүгдэгч Н.Моломдавгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өлзийт сумын Бор хошуунаас Арвайхээр сум руу өөрийн эзэмшлийн 64-13 ӨВР улсын дугаартай Портер маркийн автомашинтай явсан. Бор хошууны гуанзан дээрээс Хандсүрэн суусан. Тэгээд наашаа яваад шинэ цагаан хаалгаар уруудаад явж байсан цагаан өнгийн жижиг машин намайг гүйцэж түрүүлээд урд орсон тэгээд нэлээн яваад тойрог руу дөхөөд зөөлөрхөөр нь би гүйцэж түрүүлэх гээд зөв талаар нь ортол миний машины буруу талын урд дугуй буудаад жолооны хүрд булаасан. Тэгээд тэр машиныг шүргээд замын хажуу тал руу онхолдсон. Би тэгээд ухаангүй эмнэлэгт ухаан орсон. Эмнэлэгт хэвтэж байгаад саяхан гарсан. Хүзүүний яс хугарсан, нугас дарагдсан гэмтэлтэй. Хандсүрэн хавирга хугарсан гэж байсан. Одоо бол бие нь зүгээр болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 17-23 хуудас/,
2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай техникийн шинжээч Б.Раднаагийн “...1. Уг хэрэг учрал нь зам тээврийн осол мөн.
2. 64-13 ӨВР улсын дугаартай “Хюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Моломдавга нь Монгол Улсын ЗХД-ийн 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.
-Монгол Улсын ЗХД-ийн 13.4. “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно:
ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт- гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
3. Осол болсон тухайн зам нь уруу, огцом эргэлттэй, дэржигнүүртэй байсан нь осол болоход нөлөөлөөгүй.
4. Осол болсон нөхцөл нь согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар уусан хүний сэтгэл зүйгээр хориотой буруу эргэлт дээр буруу тооцож гүйцэтгэсэн нь осол болох үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 416 дугаартай “...1.Иргэн Ц.Хандсүрэнгийн биед цээжний зүүн талд 5, 6, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн “Тоёота Сай К-10” маркийн 75-53 ӨВР улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг 870,000 /найман зуун далан мянган/ төгрөгөөр тогтоов гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-45 хуудас/,
Хохирогч Ц.Хандсүрэн, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарын шүүхэд ирүүлсэн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд хохирогч болон өмгөөлөгч нар оролцохгүй болно” гэсэн хүсэлт,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22260003050206 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 71-72 хуудас/,
Шүүгдэгч Н.Моломдавгын хувийн байдлыг тогтоосон 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81, 82, 83, 86, 87 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Н.Моломдавга нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 64-13 ӨВР улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4-д “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно. Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтуудыг зөрчиж Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг Онгийн голын гүүрний зүүн талд хот хоорондын засмал зам дээр 75-53 УАЕ улсын дугаартай “Тоёота Сиа” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Хандсүрэнгийн эрүүл мэндэд цээжний зүүн талд 5, 6, 9 дүгээр хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Моломдавгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Моломдавгад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Моломдавга нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 64-13 ӨВР улсын дугаартай “Hyundai Porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино. 13.4 ж-д “Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр багийн нутаг Онгийн голын гүүрний зүүн талд хот хоорондын засмал зам дээр 75-53 УАЕ улсын дугаартай “Toyota sai” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Хандсүрэнгийн эрүүл мэндэд “цээжний зүүн талд 5, 6, 9 дүгээр хавирганы хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Моломдавга нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Ц.Хандсүрэнгийн “...2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн төв рүү явах гээд Өлзийт сумын Бор хошуун дээр унаа сураад байж байтал ээжийн дүү Моломдавга аймаг явах гээд Портер машинтай ганцаараа явж байсан. Тэгээд суугаад аймгийн төв рүү явсан. Арвайхээр сум руу орох шинэ цагаан хаалганаас нааш тойрог дээр явж байсан, нэг цагаан машин урд явж байсан. Би утсаар ээжтэй яриад орох гэж байна гээд ярьж байсан чинь замын хажуу руу онхолдчихсон. Яг яагаад онхолдсоныг нь мэдээгүй. Тэгээд нэг мэдсэн эмнэлэгт байсан. Миний биед 3 хавирга хугарсан, бас толгой хагарсан, оёдол тавиулсан, эмнэлэгт хэвтээгүй, гадуур гэрээр эмчилгээ хийлгэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67 хуудас/,
Гэрч Г.Дэлгэрмаагийн “...Би тухайн өдөр нөхөр хүүхдийн хамт Улаанбаатар хотоос Баянхонгорын чиглэлд явж байсан Өвөрхангай аймгийн шинэ хаалга өнгөрөөд манай нөхөр Ө.Гал-Эрдэнэ сигнал дараад урд явж байсан Портер маркийн машиныг гүйцэж түрүүлээд нэлээн явж байгаад толиндоо хартал Портер маркийн машин гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаа бололтой харагдаж байсан. Тэгээд манай нөхөр гүйцэт түрүүлэх гэж байна гээд хурдаа хассан, тэгсэн Портер машин хажуу тийшээ дарж манай машины хойд хэсэг рүү мөргөсөн. Манай нөхөр тормоз гишгээд зогстол манай машины урдуур дахиж дараад засмал замаас гарч онхолдсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,
Техникийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №25 дугаартай “...1. Уг хэрэг учрал нь зам тээврийн осол мөн.
2. 64-13 ӨВР улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Моломдагва нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний дүрэм, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээ зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4-д “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж.Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Осол болсон тухайн зам нь уруу, огцом эргэлттэй, дэржигнүүртэй байсан нь осол болоход нөлөөлөөгүй.
4. Осол болсон нөхцөл нь согтууруулах ундаа уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар уусан хүний сэтгэл зүйгээр /эрүүл хүн энэ үйлдлийг хийхгүй/ урьд нь гүйцэж түрүүлсэн суудлын автомашиныг гүйцэж түрүүлэх оролдлого хийсэн, харамсалтай нь энэ үйлдлээ хориотой огцом эргэлт дээр буруу тооцож гүйцэтгэсэн нь осол болох үндсэн шалтгаан болсон.” гэсэн дүгнэлт /хх-ийн 25 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №416 дугаартай “...1.Иргэн Ц.Хандсүрэнгийн биед цээжний зүүн талд 5, 6, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 87-88 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ хийх 19120011 дугаартай тусгай зөвшөөрөлтэй үнэлгээчин Д.Оюундарийн “...Тоёота Сай К-10” маркийн 75-53 ӨВР улсын дугаартай суудлын автомашины эвдрэлийн хэмжээг 870,000 төгрөгөөр тогтоов.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 43-45 хуудас/, шүүгдэгч Н.Моломдавгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам,
шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн,
хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Н.Моломдавга нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч Н.Моломдавга нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Хандсүрэнгийн мэдүүлэг, техникийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №25 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №416 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Н.Моломдавга нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн бөгөөд түүний Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний дүрэм, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээ зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.4 ж-д “Замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас хохирогч Ц.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.Моломдавга нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхтэй болох нь №998417 дугаартай жолоочийн үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Моломдавгын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Н.Моломдавга бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.Хандсүрэнгийн шүүхэд ирүүлсэн “Ц.Хандсүрэн миний бие Н.Моломдавгад ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Улсын яллагч С.Баатарсүх шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Н.Моломдавгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогч Ц.Хандсүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба тэрээр эмчилгээний зардалдаа холбоотой баримтыг мөрдөн байцаалтын үед гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Н.Моломдавга нь сайн дурын үндсэн дээр 1,000,000 төгрөгийг гаргаж өгсөн. Хохирогч Ц.Хандсүрэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн хүсэлтийг илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Моломдавгыг бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Н.Моломдавга нь хувийн баталгаа, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал авагдаагүй, эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй ба битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Моломдавга өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Би яагаад ял шийтгэл аваад байгаагаа ойлгохгүй байна. Би цаад хүмүүсийн хохирол төлбөрийг барагдуулсан. Тэгээд өөрөө эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Моломдавгад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн Намсрайжавын Моломдавгыг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Моломдавгад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Н.Моломдавга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Хандсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Моломдавгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчин овгийн Намсрайжавын Моломдавгыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн Намсрайжавын Моломдавгад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Моломдавгад шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Моломдавга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,
хохирогч Хандсүрэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Моломдавгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Моломдавгад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ