Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02950

 

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/02950

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Л.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Аминий бие өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, орон сууцны зориулалттай, эрхийн бүртгэлийн Ү-2202019127 тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийг танил болох О.Дгийн гуйлтаар иргэн Т.Бгээс зээл авах үед нь түүнд туслах зорилгоор зээлийн барьцаа болгон барьцаалуулсан юм. Гэвч О.Д нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарч, үүний дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа НШШГГарт явагдаж байгаа юм. 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр НШШГГрын шийдвэр гүйцэтгэгч Р.А нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, орон сууцыг анх битүүмжлэх ажиллагаа явуулсан бөгөөд уг ажиллагааг миний бие хууль бус явагдсан гэж үзэж, шүүхэд хандсан. Миний нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах журмаар хэлэлцэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Үүний дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр НШШГГраас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, орон сууцыг битүүмжлэх ажиллагааг дахин хийсэн бөгөөд ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж, ажиллагааг гүйцэтгэсэнд гомдолтой байна. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулах ёстой байтал НШШГГарт дадлага хийж буй оюутнуудыг оролцуулсан нь хууль бус гэж үзэж байна. Үүний дээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа НШШГГрын шийдвэр гүйцэтгэгч н.Буянбадрахыг оролцуулсан нь хууль бус гэж урд өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад дахин 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгийг битүүмжлэхдээ шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяаг оролцуулсан явдал нь уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэл мөн гэж үзэж байна. Иймд НШШГГрын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2078 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1833 дугаартай магадлалаар О.Дгаас 93.680.000 төгрөг гаргуулж, Т.Бд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгч О.Дгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 6 дугаар байрны 35 тоотын 98 м.кв орон сууцыг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилсэн. Шүүх битүүмжилсэн тогтоолд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан н.Тгарын үсэг зураагүй гэж хүчингүй болгосон. Түүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан шиг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч н.Б-г оролцуулсан үндэслэлээр хүчингүй болгоогүй. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд Ц.Чинтуяа, дадлагын оюутнууд оролцуулсан гэдэг. Гэтэл ажиллагаанд дадлагын оюутнууд оролцуулсан гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Санчир шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцоогүй. Нэхэмжлэгч Л.Ашүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хүндрэл учруулсаар өдий хүрсэн. Шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяаг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд байлцсанаар битүүмжилсэн тогтоолд оролцуулснаас биш хөндлөнгийн гэрчээр оролцуулаагүй. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоод төлбөр авагч Т.Бгийн эрх ашиг маш их хөндөгдөж байна. Иймд 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн тогтоол хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

          

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ань хариуцагч НШШГГарт холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу хийгдсэн ажиллагааг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч маргав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02078 дугаар шийдвэрээр О.Дг шүүхийн шийдвэрийн дагуу Т.Бд төлөх 94.680.000 төгрөгийн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд байгаа Л.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГарт даалгаж шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 102/ГХ2018/00979 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байх ба 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 18251277/01 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд Л.Агомдол гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 00769 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 878 дугаар магадлалаар орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулах хуульд заасан журмыг зөрчсөн үндэслэлээр орон сууц битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгосон байна.

2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу Л.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, маргаан бүхий эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр Б.Батцэцэг, И.Золзаяа нарыг оролцуулахаар шийдвэр гүйцэтгэгч тогтоол үйлдэн, тэдний хувийн мэдээллийг тэмдэглэсэн байх ба тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн аль алинд нь хөндлөнгийн гэрч Б.Батцэцэг, И.Золзаяа нар гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч талаас хөндлөнгийн гэрчээр оролцуулсан Б.Батцэцэг, И.Золзаяа нар нь НШШГГарт дадлагын ажил хийж байсан оюутнууд бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Б.Буянбадарыг оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна гэж заасныг зөрчсөн тул эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогч гэдэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч орохгүй бөгөөд энэ талаар дээрх хуулийн 3 дугаар бүлэгт Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч хэн болох талаар 32 дугаар зүйлээс 42 дугаар зүйлд тодорхой заасан.

Дээрх эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу орон сууц битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Б.Батцэцэг, И.Золзаяа нар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой ажил үүргийн холбоотой болох нь, түүнчлэн НШШГГарт дадлагаар ажиллаж байсан болох нь ч баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу явагдсан Л.Агийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч Ц.Чинтуяа байлцсан байх бөгөөд тогтоол болон тэмдэглэлд байлцсан гэж гарын үсэг зурсныг хөндлөнгийн гэрчээр оролцсон гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна, мөн хуулийн 41.3 дахь хэсэгт Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна, мөн хуулийн 41.8 дахь хэсэгт Хөндлөнгийн гэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд өөрийн оролцсон ажиллагааны үйл явц, түүний үр дүнгийн талаар бичих эрхтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан тухайгаа баталгаажуулан тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч Р.Ань 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот тогтоолын дагуу эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулсан байх тул уг ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.3, 41.8 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГрын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18251277/06 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолын дагуу эрхийн улсын бүртгэлийн Ү-2202019127 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу, 6 дугаар байрны 35 тоот хаягт байрлах, 98.3 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Л.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ