Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2017/ШЦТ/21

 

    


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0042/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч П.Баттулга, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа, 
Иргэдийн төлөөлөгч Г.С,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****, 
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** холбогдох 201609000468 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн **** 
Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 3 цаг 30 минутын үед ******* голын эрэг дээр найз *** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн талд хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
   
                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Шүүгдэгч **** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... тэр хутгыг аваад ****ын цээжний зүүн доод хэсэг рүү 1 удаа хатгасан. Би айлгая гэж бодож байсан юм. ...Бид нар явахдаа дэлгүүрээс худалдаж авсан махаа хэрчихээр авч явсан хутга. Шар бор өнгийн модон иштэй хутга байсан.” /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, 
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, болчимгүй байдлаас болж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна, хөнгөн ял шийгэл оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн: “...эхлээд намайг майханд хэвтэж байхад *** гаднаас орж ирээд намайг боогоод би чамайг унтуулахгүй байна уу гэсэн, би уурлаад **** майхнаас хөлөөрөө жийж гаргаад би ер нь явлаа гээд найз Эрдэнэбаяр руугаа утсаар залгаад намайг ирээд ав гэж хэлээд майхан дотор зогсож байхад гаднаас  *** орж ирээд миний зүүн хавирга руу баруун гараараа цохисон юм. Тэгэхээр би ****** ыг майхан дотор унагаагаад дээр нь гарахад *** цохисон хэсгээс буюу миний цээжний зүүн талаас нойт оргисон. Тэгэхээр би гараараа дараад үзэхэд янгинаж өвдсөн бөгөөд цус гарч байсан. Тэгээд би намайг хутгалчихлаа гэж орилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, 
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Одоо миний байдал хэвийн сайн байгаа, 14 хоногт 1 удаа очиж эмчийн хяналтанд ордог. Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:“...Дарханд ирээд шөнө гэрлүүгээ явж байхад 3 цаг 30 минутын орчим *** над руу залгаад “намайг ирээд” авчих гэхэд нь “яасан” гэж асуухад “зүгээрээ Дархан явмаар байна” гэсэн. *** дахиж утасдаад “хурдлаарай би хутгалуулчихлаа” гэхээр яараад 35 минут орчим яваад очсон. Намайг очиход *** хөнжлөөр ороосон гадаа хэвтэж байсан. **** уйлчихсан утсаар яриад сууж байсан. Тэгээд шууд ****ыг суулгаад эмнэлэг дээр ирсэн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

Гэрч **** мөрдөн байцаалтад өгсөн: “...*** орж ирээд “сэрээрэй, босоод ир” гээд бүгдийг нь дуудаад *** бид 2 босч гараад, *** , *** 3 үлдсэн. Бид гадаа гараад ганц үлдсэн *** архиа задлаад 1-2 удаа уусан гэтэл *** дуудаад ирье гээд майхан луу орсон. Тэгээд майхан дотор маргалдаж зодолдох чимээ гараад ****** бид 2 яваад очиход ***  хэвтэртээ өндийчихсөн *** тэр 2 барилцаад авсан байхаар нь “боль боль” гээд салгаад *** аваад гарсан. Гараад галын хажууд очоод 1 уучихаад **** дахиад дуудаад ирье гээд майхан луу явсан. Гэтэл дахиад муудалцаад **** ирж аваач салгаачээ гэхээр нь яваад очсон тэгэхэд ***** салгачихсан. **** намайг хутгалчихлаа гээд байж байсан. ****ын цээжийг гаргахад зүүн хавирга орчим ором байсан ба цус бага гарч байсан“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

Гэрч ****мөрдөн байцаалтад өгсөн: “...**** орж ирээд намайг дуудаад “босоод ир, бөөнөөрөө ууцгаая” гэхэд нь босоод би ***** хамт гарсан. Гадаа ****тай гурвуулаа сууж байгаад нэг нэг пиво уугаад архиа задлаад нэг нэг тойруулсан. Гэтэл **** “майхан руу явж нөгөө хэдийг сэрээе” гээд явсан. Гэнэт майханд буцаад түжигнээд **** орилоод “**** намайг хутгалчихлаа аваач ***** түүнийг барьчихсан зогсож байсан. Би майхан руу ороход **** цээжээ дарчихсан зогсож байхаар нь алив харъя гээд харахад цээжний хавирга орчим цус гараад хутгалуулсан ором байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...**** майханд орж ирээд **** сэрээх гээд **** босоод ирээ гээд хөнжлийг татсан юм. Тэгэхэд **** “****а би чамд хэлсэн биз дээ би урд шөнө Солонгосоос ирсэн ядраад байна” гэхэд **** “чи ганцаараа гадаад явсан нь юм уу” гээд Ууганбартай зодолдоод эхлэсэн. Тэгэхэд гаднаас найзууд орж ирээд салгасан. **** босож ирээд найз руугаа утасдаад намайг ирээд аваач би энд амарч чадахгүй байна гэж байсан. Гаднаас **** орж ирээд ****тай дахиад ноцолдоод эхлэсэн бөгөөд **** энийг аваачээ намайг хутгалчихлаа гэж орилсон. ...би ****ыг газар хэвтүүлээд харахад зүүн хавирганы орчим ангайсан шарх байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/

2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн *** дугаартай шинчээчийн: “…****биед цээжний хөндий дэхь цусан хураа, зүүн уушигны шалчийлт, цээжинд шарх, хүзүүнд зулгаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ, эрүүл мэнд, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28 дугаар  хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, 

Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, 

****өвчний түүх /хавтаст хэргийн 53-61 дүгээр хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/

Хохирогч Ц.****ын 2016 оны 8 дугаар сарын 21-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 53-61 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 3 цаг 30 минутын үед ******ын эрэг дээр найз Ц.****тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний цээжний зүүн талд хутгалж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн баримтууд, шүүгдэгч **** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Аймгийн прокурорын газраас Б.****д холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

Шүүгдэгч ****бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 909 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.****ын бие махбодид учирсан гэмтэл нь “хүнд” зэргийн гэмтэл болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ****нь хохирогч Ц.****ын эмчилгээний зардалд 950,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.**** “Хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан болохоор надад гомдол санал байхгүй байна, 950,000 төгрөгийн хохирол барагдуулсан, гомдолгүй” гэх мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай баримт /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ****бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.****д хорих ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэхь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг мөн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв. 

**** энэ хэрэгт цагдан хоригдсон 59 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.****  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар *******д 3 жил, 4 сар, 1 хоногийн хугацаагаар /гурван жил, дөрвөн сар, нэг хоног/ хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б. ****д оногдуулсан 3 жил, 4 сар, 1 /гурван жил, дөрвөн сар, нэг хоног/ хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар **** энэ хэрэгт цагдан хоригдсон  59 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар ****нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй хутга /1 ширхэг/-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Б.****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Г.ГЭРЭЛТ-ОД
            
                         ШҮҮГЧИД                       П.БАТТУЛГА
                                
                                         Т.ЭНХЖАРГАЛ