Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2025/0396

 

                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           “С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0218 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “С ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б, гуравдагч этгээд “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалагч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга 

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “С ” ХХК

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын Үнэлгээний хороо

Хариуцагч Сангийн яам

Хариуцагч Улсын гуравдугаар төв эмнэлэг

Гуравдагч этгээд “М ” ХХК 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Х, Б.Ч, Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М, Н.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

 

Хэргийн индекс: 128/2024/0372/З

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0218 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.3, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.5, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Тендерийн 147 дугаар багцад М  ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “С ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...Улсын гуравдугаар төв эмнэлгээс зарласан тендерийн 86, 147 дугаар багцад оролцож шалгарсан "М " ХХК нь үйлдвэрлэгчээс тухайн багцуудад заасан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Гуравдугаар төв эмнэлэгт нийлүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл байхгүй, албан ёсны эрхгүй байхад шалгаруулсан нь хууль бус байсан талаар нэхэмжлэгчийн зүгээс маргасан боловч шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үйлдвэрлэгчийн албан ёсны эрхтэй байсан эсэхэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр "Тендерийн 86 дугаар багцад "М " ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын "Шийдвэрлэсэн нь" хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Тендерийн 86 дугаар багцад "С " ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1046 дугаартай шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Халиун дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ...Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг /тендер шалгаруулалтын дугаар: ПНШНУГТЭ/202412001/-ээр тендерт оролцогчдоос импортын лиценз шаардсан эсэхийг зөв тогтоож чадаагүй.

3.2. Уг тендерийн баримт бичгийн II бүлэг, тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.1-д “Тендерт оролцогч нь төсөл арга хэмжээнд худалдан авахаар тусгагдсан барааны төрлийн дагуу холбогдох зөвшөөрөлтэй байна. Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зөвшөөрөл /Багц 85, 86, 94, 95, 105, 141-147/” гэж заасан. ТШЗ 18.6.1 нь бараа нийлүүлэхэд шаардлагатай ТӨХ-д заасан тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл болно. Тодруулбал, захиалагч тендерт оролцогчоос шаардсан баримт бичгийг ТӨХ-д заавал заах ёстой бөгөөд энэхүү тендерт захиалагч нь зөвхөн эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх зөвшөөрөл шаардсан байх бөгөөд уг зөвшөөрлийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахаар тодорхой тусгасан.

3.3. Түүнчлэн, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар болон 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тендерийн баримт бичигт “эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх” гэдэг ганц л тусгай зөвшөөрлийг шаардсан. Харин үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, импортын лицензүүдийн мэдээллийг шаардаагүй...” гэдгийг тодорхой тайлбарласан.

3.4. Гэтэл анхан шатны шүүх захиалагч огт шаардаагүй байсан импортын лицензийг тендерийн баримт бичигт шаардсан мэт, эсхүл шаардах ёстой байсан мэтээр шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ нь" хэсгийн 4.4.1-д “... энэ бүлгийн 2.6-д Эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд тендерт оролцогч импортолдог бол тухайн багцын 90 < 100% +5 оноо үнэлгээ өгөхөөр байна." гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

3.5. Анхан шатны шүүх дээрх буюу 1.3-т тусгаснаар "... Эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд тендерт оролцогч импортолдог бол тухайн багцын 90 < 100% + 5 оноо үнэлгээ өгөхөөр байна." гэж дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр хурлын тэмдэглэлд багц 147-ын талаар ...“С ” ХХК-ийн харьцуулах үнийн оноо нь 142,187,320/150,082,834 * 70= 66.3 оноо болно. Эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд тендерт оролцогч импортолдог 5 оноонуудаа тус бүр авна.” гэж; ...“М " ХХК 80 оноо, "С " ХХК 76.3 оноо тус тус авч байна” гэж, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн багц 147-д хамаарах тайлан, дүгнэлтийн тендерийн нарийвчилсан үнэлгээ хэсэгт ...Эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд тендерт оролцогч импортолдог бол …С  +5, М  +5 ...гэж үнэлсэн.

3.6. Тодруулбал, Анхан шатны шүүх " ... импортолдог бол + 5 оноо үнэлгээ өгөхөөр байна." гэж дүгнэсэн нь "М " ХХК болон "С " ХХК-д "импортолдог" гэсэн үзүүлэлтээр адил 5 оноогоор үнэлсэн дээрх баримттай зөрчилдөнө. Анхан шатны шүүх тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 147 дугаар тайлан, дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн үүргээ хэрэгжүүлсэнгүй.

         3.7. ..."эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх" тусгай зөвшөөрөл нь тухайн тендерт оролцогчийг үндсэн шаардлага хангасан эсэхийг тогтооход хэрэглэгдэнэ. Харин үндсэн шаардлагад нийцсэн тендерийг дараагийн буюу үнэлгээний шатанд үнэлнэ. Ийнхүү үнэлэхэд "эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог" талаарх мэдээлэл шаардсан бөгөөд "М " ХХК болон "С " ХХК-ийг уг мэдээллийг ирүүлсэн хэмээн үзэж адил 5 оноогоор үнэлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 28.7.5-д нийцсэн болно.

         3.8. Эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог талаарх мэдээлэл ирүүлсэн буюу адил нөхцөлтэй компанийн аль нэгийг нь 5 оноогоор үнэлэх, эсхүл аль нэгийг нь 5 оноогоор үнэлэхгүй байх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 28.7.5-д нийцэхгүй. ... Төрийн худалдан авах ажиллагааны газраас мөн өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сангийн яаманд тендерийн хүчинтэй хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлсэн бөгөөд Сангийн яамнаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03/1848 дугаар албан бичгээр 12 147 дугаар багцын тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгасан байдаг. Өөрөөр хэлбэл, Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн багц 147-д хамаарах тайлан, дүгнэлт болон уг тайлан, дүгнэлтэд тусгагдсан тендерийн нарийвчилсан үнэлгээ огт өөрчлөгдөөгүй, хэвээр үлдсэн. Анхан шатны шүүхээс Үнэлгээний хороо тендерт оролцогч "С " ХХК-д нэгэнт 5 оноо өгч үнэлсэн байхад "дахин 5 оноогоор үнэлэх байсан” мэт алдаатай дүгнэлт хийжээ.

         3.9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална." гэж заасан. Анхан шатны шүүх худалдан авах ажиллагааны дээрх зарчмыг нэгдмэл байдлаар тайлбарлан хэрэглээгүй бөгөөд эдгээр зарчмаас хариуцлагатай байх зарчмыг дангаар нь буруу тайлбарлан хэрэглэсэн.

         3.10. Анхан шатны шүүхийн шийдвэрийн "ҮНДЭСЛЭХ” хэсгийн 4.4.2-т "... "С " ХХК ... худалдан борлуулах цорын ганц эрхтэй этгээд байхад ... дамжмал байдлаар гуравдагч этгээдээр дамжуулан худалдан авалт хийхээр гэрээ байгуулсан "М " ХХК-д тус тус адил тэнцүү үнэлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 6.1-д заасан "хариуцлагатай байх” зарчимд нийцэхгүй" хэмээн дүгнэсэн. Худалдан авах ажиллагааны хариуцлагатай байх зарчим нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх" тусгай зарчмаас давах учиргүй. Өөрөөр хэлбэл, хариуцлагатай байх зарчмын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны гаргах аливаа шийдвэр нь хуульд үндэслэсэн байх ёстой, түүнээс хууль зөрчсөн байж болохгүй.

         3.11. Тендерийн баримт бичгийн 18.6.2-т "тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг нийлүүлэхээр санал болгох тохиолдолд уг барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, эсхүл тэдгээрээс энэ тухай гаргасан албан бичиг;" гэж заасан. Тодруулбал, Тендерт оролцогч нь нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн хэн алинтай байгуулсан гэрээ, эсхүл албан бичгийг тендертээ хавсаргасан байхад үндсэн шаардлагыг хангахаар зохицуулсан. Үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ хэмээн тендерийн баримт бичигт тусгайлан заагаагүй бөгөөд энэ тендерийн хувьд нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн хэн алинтай байгуулсан гэрээ, энэ талаар албан бичиг хүргүүлсэн нь уг шаардлагыг хангасанд тооцогдох тул тэдгээр тендерт оролцогчийг адил тэнцүү үнэлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт нийцнэ.

         3.12. Түүнчлэн, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбар 14 болон 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "үйлдвэрлэгчийн зөвшөөрөл шаардаагүй", "нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, эсхүл энэ талаар тэдгээрээс гаргасан албан бичиг шаардсан" хэмээн тодорхой тайлбарласан.

         3.13. Анхан шатны шүүх тендерийн баримт бичгээр огт шаардаагүй үзүүлэлтээр үнэлгээ өгөх байсан хэмээн үзсэн нь захиалагчийн тендерийн баримт бичгийг боловсруулах эрх хэмжээнд халдсан үйлдэл юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 16.2-т "Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана." гэж, тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6-д "Тендерт оролцогч нь хуулийн 16 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийн биелэлтийг хангах техникийн чадавх болон туршлагын талаар захиалагчаас ТӨХ-д заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байна. Энэхүү шалгуур үзүүлэлт, шаардлагыг нотлох баримт бичгээс ТӨХ-д заасан дараах баримт бичгийг ирүүлнэ:" гэж заасан. 16 Өөрөөр хэлбэл, тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагыг ямар баримт бичгээр үнэлж тогтоохыг захиалагч шийдвэрлэх бөгөөд ирүүлэх шаардлагатай баримт бичгийг ТӨХ-д заавал тусгана. Гэтэл ТӨХ-д "ТШЗ 18.3.2"-ын талаар тусгайлан заагаагүй болохыг ч анхаарах шаардлагатай.

         3.14. Нөгөө талаас, анхан шатны шүүх "шууд болон дамжмал байдлаар авч байгаа хоёр хуулийн этгээдийг адил тэнцүү үнэлсэн нь хуульд нийцээгүй" хэмээн дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/ -ийн 28 дугаар зүйлийн 28.7.5 дахь заалтыг зөрчсөн. Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендер шалгаруулалт чанар ба үнэлгээний харьцуулалтын аргаар явагддаг. Тендерийн баримт бичгийн IV бүлэг буюу тендерийн үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт хэсэгт зааснаар харьцуулах үнэлгээ 70 оноо, чанарын үнэлгээ нь 6 шалгуур үзүүлэлт тус бүр 5 оноо бүгд 30 оноо, нийт 100 оноогоор үнэлэгдэх учиртай.

         3.15. Чанарын үнэлгээг ямар 6 шалгуур үзүүлэлтээр хэмжихийг 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 болон 2.6-д тодорхой тусгасан бөгөөд захиалагч энэ хэсэгт зааснаас өөр бусад аливаа шалгуур үзүүлэлт, аргачлалыг үнэлгээнд харгалзахгүй хэмээн тодотгосон. Улмаар, уг шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээллийг тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-ын 3 дахь хэсэгт заасан. 19 Чанарын үнэлгээг хийх 6 шалгуур үзүүлэлтэд "үйлдвэрлэгчийн зөвшөөрөл”, эсхүл "нийлүүлэгчийн зөвшөөрөл” хэмээн тусгаагүй болно. Тодруулбал, Үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй "С ” ХХК болон нийлүүлэгчийн зөвшөөрөлтэй "М ” ХХК-ийг адил оноогоор үнэлсэн баримт байхгүй.

         3.16. Хэрэглэгчийн үүднээс үзвэл, зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс барааг худалдаж авах нь өрсөлдөх тэгш боломжтой байх, хэмнэлттэй байх, ил тод байх зэрэг худалдан авах ажиллагааны зарчим хэрэгжих боломжгүйд хүрч, нэг этгээдийн тогтоосон үнээр тогтмол худалдан авч, эцсийн дүндээ иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад сөрөг нөлөөтэй байж болзошгүй юм. Иймд захиалагч тендер шалгаруулалтыг зохион байгуулах “үндсэн дүрэм” болох тендерийн баримт бичигт зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй байх хэмээн заагаагүй нөхцөлд захиргааны хэргийн шүүх “зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрөлтэй этгээдээс авсан байх, түүнд илүү оноо өгөх учиртай" гэх агуулга бүхий дүгнэлт хийх нь шүүх гагцхүү хуульд захирагдах зарчимд харшилна.

         3.17. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “үндэслэх" хэсгийн 4.4.1-т "... "хариуцлагатай байх зарчимд" нийцэхгүй гэж дүгнэсэн байдаг. Шүүхээс маргааны үйл баримтад дүгнэлт өгөхдөө тендерийн баримт бичгийн шаардлагыг өөрчилсөн байдлаар дүгнэсэн буюу цорын ганц эрхтэй этгээд байхад албан ёсны дистрибьютерийн эрхтэй биш гуравдагч этгээдээр дамжуулан худалдан авалт хийхээр гэрээ байгуулсан "М ” ХХК-ийг тэнцүү үнэлгээгээр буюу 5 оноогоор үнэлсэн нь буруу гэж, энэхүү гомдлын 1-3-т заасан үндэслэлгүй дүгнэлт өгөхдөө маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасантай нийцээгүй байна.

         3.18. Тодруулбал, Нэхэмжлэгч нь үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, удаа дараа нэмэгдүүлж, өөрчилсөн ба шүүх анх гаргасан захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүлээн авч шийдвэрлэх эсэхэд дүгнэлт өгөөгүй нь буруу гэж үзэж байна. Хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаар өөрчлөхөд, 1-т субьектив эрхийн зөрчил үүссэн, 2-т хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасныг зөрчөөгүй байх, 3-т нэхэмжлэгч "С " ХХК-ийн хувьд маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 5 оноогоор нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарыг адил тэнцүү үнэлсэн нь тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгттэй нийцсэн байхад гуравдагч этгээд "М " ХХК-ийг 5 оноо авахгүй гэж өрөөсгөл дүгнэлт өгч, үүгээр нэхэмжлэгч "С " ХХК-ийн субьектив эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

         3.19. ...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, өөрчилсөн шаардлагуудад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоолгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар хангасан нь үндэслэлгүй. Энэ тохиолдолд тухайн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахдаа нэхэмжлэгчийн хувьд "хүчингүй болгох нэхэмжлэлийг гаргаж болох байсан цаг хугацаагаар" хязгаарлах учиртай. Түүнчлэн хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тусгай урьдчилсан нөхцөл болох онцгой ашиг сонирхол нь тухайн нэхэмжлэгчид зайлшгүй бөгөөд цаг хугацааны хувьд даруй байх ёстой, харин ирээдүйд үүсэх эрх зүйн харилцааг урьдчилан тогтоох боломжгүй.

         3.20. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороог дахин ийм хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх гэсэн нэхэмжлэгчийн хүсэл зориг нь онцгой ашиг сонирхол болохгүй ба нэг жилийн хугацаатай тендер дууссаны дараа үргэлжлүүлэн тогтоосноор сэргээгдэх ямар ашиг сонирхол байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн зүйл болох Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн "Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн” нь хэсгийн 2 дахь заалт нь хэрэгжээгүй байсан ч хууль ёсны бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг зөрчихгүй байсан буюу хүчингүйд тооцогдохгүй тул хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл нь үндэслэлгүй.

         3.21. Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн "Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн" нь хэсгийн 2 дахь заалтад 22: "Багц-147-д "М " ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн тул тухайн багцын хүчинтэй байх хугацааг сунгуулж, мэдэгдлийг хүргүүлэхээр шийдвэрлэв" гэснийг шүүхээс цаашид хариуцагчийг энэ мэт хариуцлагагүй хууль бус үйлдэл гаргуулахгүй байх зорилгоор 23 нэхэмжлэгч "С " ХХК нь онцгой ашиг сонирхолтой учраас хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна.

         3.22. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 138/ШШ2025/0218 дугаар шийдвэрийн "ТОГТООХ" хэсгийн 1 дэх заалтын "... "Тендерийн 147 дугаар багцад "М " ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн "Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь" хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Тендерийн 147 дугаар багцад "М " ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн "Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн" нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоосугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “С ” ХХК-аас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан:

- ПНШНУГТЭ/202412001 дугаартай “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт 2024 онд хэрэглэгдэх эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах” төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн 86 дугаар багцад “С ” ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1046 дугаартай шийдвэрийг,

- Тендерийн 147 дугаар багцад С  ХХК шалгараагүй тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А-1/1065 дугаар шийдвэрийг,

- Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/413 дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалын 1 дүгээр хэсгийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Үнэлгээний хороонд холбогдуулан:

- Тендерийн 86 дугаар багцад “М ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийг,

- Тендерийн 147 дугаар багцад “М ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

Сангийн яаманд холбогдуулан:

2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаартай Багц 86-д “М ” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох,

Улсын гуравдугаар төв эмнэлэгт холбогдуулан:

- Улсын гуравдугаар төв эмнэлэг болон “М ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн НТГ202450 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээ,

- Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон “М ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн НТГ202444 дугаартай Эм, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, протез худалдан авах нээлттэй тендерийн гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Багц 86, Багц 147 дугаар тендер шалгаруулалтад оролцсон боловч үндэслэлгүйгээр хасагдсан. ... “М ” ХХК тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй. ... импортын лиценз байхгүй, үйлдвэрлэгчийн зөвшөөрөлгүй, импортолж байсан туршлагагүй, ... загвар дээж байхгүй байхад 5 оноо өгч тендерт шалгаруулсан нь буруу... Сангийн яам гомдлыг хянаад буруу шийдвэр гаргасан. ... Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн, түүний гишүүд хууль ёсны шаардлагыг хангасан тохиолдолд гаргасан шийдвэр нь үндэслэлтэй байна. ... хууль бус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулсан бол гэрээ мөн хууль бус гэж,

Хариуцагч нараас “... Багц 86 тендер шалгаруулалтын төсөвт өртөг 254,800,000.00 төгрөг бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн үнийн санал тус төсөвт өртгөөс 5 хувиас дээш хувиар хэтэрсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д заасны дагуу татгалзсан, ... Тендерийн баримт бичигт импортын лиценз ирүүлэх шаардлага тусгаагүй, “М ” ХХК тус тендерт нийлүүлэхээр санал болгосон барааны дээжийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эм зүйн албанд ирүүлсэн. ... тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 18.6.2-т заасан шаардлагыг хангасан ... чанар ба үнэлгээний харьцуулалтыг тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэгт заасан аргачлалын дагуу үнэлж бүтээгдэхүүнийг импортолдог гэж үзэн 5 оноог өгсөн. ... Сангийн яамны шийдвэр нэхэмжлэгчид шинээр үр дагавар бий болгоогүй ... захиалагчийн шийдвэр үндэслэлтэй ... 2024.04.08-ны өдөр байгуулсан гэрээ өнөөдрийн байдлаар огт хэрэгжээгүй, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдээгүй, энэхүү гэрээг 2024.12.31-ний өдөр цуцалсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Анхан шатны шүүх “Багц 147-д хамаарах тендер шалгаруулалтын тухайд “... тендерийн Багц 147-д хамаарах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч Япон Улсын Kaneka Medix Corporation компанитай нэхэмжлэгч “С ” ХХК дистрибьютерийн гэрээ байгуулсан, улмаар үйлдвэрлэгчтэй шууд харилцан бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цорын ганц эрхтэй этгээд байхад албан ёсны дистрибьютерийн эрхтэй биш дамжмал байдлаар гуравдагч этгээдээр дамжуулан худалдан авалт хийхээр гэрээ байгуулсан “М ” ХХК-ийг тус тус адил тэнцүү үнэлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хариуцлагатай байх зарчимд нийцэхгүй...” гэж дүгнэн Тендерийн 147 дугаар багцад “М ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.1. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд “... шүүхээс Үнэлгээний хороо тендерт оролцогч “С ” ХХК-д нэгэнт 5 оноо өгч үнэлсэн байхад “дахин 5 оноогоор үнэлэх байсан” мэт алдаатай дүгнэлт хийсэн” гэсэн нь үндэслэлтэй байна.

4.2. Тендерийн баримт бичгийн 4 дүгээр бүлэг Тендерийн үнэлгээнд харгалзах нэмэлт шалгуур үзүүлэлтүүдийн 2-т “Чанарын үнэлгээг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлнэ” гээд 2.6-д “Эм, эмнэлгийн хэрэгслийн хувьд тендерт оролцогч импортолдог бол: Тухайн багцын 0 ≤ 50% - 0 оноо; 50 ≤ 60%-1 оноо; 60 ≤ 70%-2 оноо; 70 ≤ 80 %-3 оноо; 80 ≤ 90%-4 оноо; 90 ≤ 100%- 5 оноо” гэж тусгажээ.

4.3. Үүний дагуу Үнэлгээний хороо гуравдагч этгээд “М ” ХХК-аас тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.2-т “тендерт оролцогч өөрөө үйлдвэрлээгүй барааг нийлүүлэхээр санал болгох тохиолдолд уг барааг нийлүүлэх боломжтой болохыг нотлох нийлүүлэгч, үйлдвэрлэгчтэй байгуулсан гэрээ, эсхүл тэдгээрээс энэ тухай гаргасан албан бичиг” гэж заасны дагуу “М ” ХХК нь БНСУ-ын “В.Вraun Korea” компанитай байгуулсан гэрээ,  БНСУ-ын “В.Вraun Korea компани нь Япон Улсын “Kaneke Medix Corporation” компанитай байгуулсан гэрээг тус тус үндэслэн БНСУ-аас импортлохоор,

Харин нэхэмжлэгч “С ” ХХК нь мөн ижил Япон Улсын “Kaneke Medix Corporation”-ний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийнх нь дистрибьютерийн гэрээгээр Японоос импортлохоор холбогдох гэрээг тус тус ирүүлсэн байна.

4.4. Үүнээс үзвэл оролцогчдын хэн аль нь ижил Япон улсын барааг импортоор оруулж ирэхээр баримт ирүүлсэн нь дээрх баримт бичгийн нэмэлт шалгуур +5 оноо өгөх үндэслэл буюу “... импортолдог бол” гэсэнд хамаарна гэж үзэхээр байна.

4.5. Аливаа нэмэлт шалгуур үзүүлэлт нь тухайн худалдан авалтын үйл ажиллагаанд илүү сайнаар нөлөөлөх тохиолдолд давуу байдал олгож “+ 5 оноо” өгөх үндэслэл болохоор байх бөгөөд нэг оролцогч нь Японоос үйлдвэрлэгчээс нь, нөгөө нь ижил бүтээгдэхүүнийг БНСУ-аас импортолсны ялгаатай байдал, тухайлбал үнийн хувьд зөрүүтэй, нийлүүлж чадах эсэх нь эргэлзээтэй гэх мэт ялгаатай үнэлэгдэх үндэслэл байхгүй байхад анхан шатны шүүх “... дамжмал байдлаар импортолж оруулж ирэхээр байхад гуравдагч этгээдэд +5 оноо өгсөн нь “хариуцлагатай байх” зарчимд нийцээгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ талаарх гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх нь зүйтэй байна.

            5. Харин анхан шатны шүүх “86 дугаар багцын тухайд ... “М ” ХХК-иас тухайн санал болгож буй эмнэлгийн хэрэгслийн техникийн үзүүлэлтүүдийг бүрэн харуулсан зурган мэдээллийг хүргүүлсэн нь Тендерийн баримт бичгийн 18.6-д тендерт нийлүүлэхээр санал болгож буй барааны ...загвар дээжийг нотлох баримтыг ирүүлнэ.../нотлох баримт нь санал болгож буй барааны техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлт, хэлбэр, хийц зэргийг нотлохуйц мэдээлэл, зураг үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас зэрэг/ гэж заасантай нийцсэн ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ 27 дугаар зүйлийн 27.3.Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ 28 дугаар зүйлийн 28.7.5.эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ ...” гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

5.1. Багц 86-ын тухайд нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо “... гуравдагч этгээд нь үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг ирүүлээгүй байхад энэ талаар шүүх буруу  дүгнэсэн ...” гэжээ.

            5.2. Үнэлгээний хороо 2024.02.16-ны өдөр хуралдаж /8 дугаар хурлын тэмдэглэл/ Багц 86 “Зүрхний нээлттэй мэс заслын хэрэгсэл” нийлүүлэгчээр гишүүдийн 100 хувийн саналаар гуравдагч этгээд “М ” ХХК-ийг шалгаруулж, бусад оролцогч болох нэхэмжлэгч “С ” ХХК болон “Ч ” ХХК-иудын үнийн санал төсөвт өртгийн 5 хувиас хэтэрсэн тул татгалзаж, нэхэмжлэгчид 2023.02.23-ны өдрийн А-1/1046 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн байна.

5.3. Хэрэгт авагдсан баримтаар Багц 86 “Зүрхний нээлттэй мэс заслын хэрэгсэл” тендер шалгаруулалтын төсөвт өртөг 254,800,000.00 төгрөг ба уг тендерт нийт 3 компани оролцсоноос нэхэмжлэгч “С ” ХХК санал болгосон үнийн дүн батлагдсан төсөвт өртгөөс 5 хувиас хэтэрсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 26.10-д “Энэ хуулийн 26.9-д зааснаас бусад тендер болон дараах тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзана:”, 26.10.1-д “тендерийн үнэ төсөвт өртгөөс, эсхүл энэ хуулийн 10.11-д заасан болон ерөнхий гэрээний нэгж дээд үнээс хэтэрсэн;” гэж заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5.4. Мөн гуравдагч этгээд “М ” ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6, 18.6.2, 18.6.4 18.6.8-д заасан шаардлагуудыг тус тус хангасан болохыг Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 03/1507 дугаар албан бичигт тодорхой дурдсанаас гадна 86 дугаар багцад “Үйлдвэрлэгчийн итгэмжлэх” авсан нь сиди-нд авагдсан[1] тус компанийн илгээсэн тендерийн баримт бичгээр нотлогдож байх тул түүнийг шалгаруулж гэрээ байгуулсныг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлгүй.

6. Иймд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0218 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хасаж, 2 дахь заалтын “... Үнэлгээний хороонд холбогдуулан ...” гэсний дараа “Тендерийн 147 дугаар багцад “М ” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн Хэлэлцэх асуудал 2-ын Шийдвэрлэсэн нь хэсгийн 2 дахь заалтыг хууль бус байсан болохыг тогтоолгох,” гэж, “... шаардлагуудыг” гэсний дараа “бүхэлд нь” гэж тус тус нэмж, 2, 3 дахь заалтын дугаарыг тус тус 1, 2 болгон өөрчилж, Тогтоох хэсгийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б-ээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд “М ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Х-аас гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                 З.ГАНЗОРИГ 

 

               ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА 

 

               ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

 

 

 

[1] Багц 86, ПНШНУГТЭ202412001021-44-2841266.zip файл, №4, 3-11 дүгээр хуудас