Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 124/ШШ2021/0069

 

                      

                               

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Увс аймгийн Улаангом сумын 5-р баг,2-5 тоотод оршин суух, иргэн Ш овогт Ц-ийн Б,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч-ын Э-т  холбогдуулан гаргасан,

Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 1450354 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Ц.Б, хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ц.Б шүүхэд ирүүлсэн гомдолдоо: Увс аймаг дахь Төрийн Аудитын газар нь намайг 2020 оны Орон нутгийн сонгуульд Улаангом сумын 6 дугаар баг, 21 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж, сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн Аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. миний бие уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Төрийн Аудитын газар уг дүгнэлтийг гаргахын өмнө надад мэдэгдээгүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э намайг торгох шийтгэлийн хуудас гаргасан. Надад мэдэгдэж миний эрх, хууль ёсны эрх ашгийг хангаагүйд гомдолтой байна. Дараах хууль зүйн үндэслэлээр Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасан ба Увс аймаг дахь Төрийн Аудитын газрын дүгнэлт миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.

Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчмыг баримтлан ажиллах үүрэгтэй бөгөөд захиргааны шийдвэрийг гаргахдаа уг хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах ёстой байсан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "...хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд... захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Гэтэл Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулж, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй миний эрхийг хангаагүй. Иймд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 1450345 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б миний бие 2020 оны орон нутгийн сонгуульд бие дааж нэр дэвшсэн боловч ялалт байгуулаагүй. Сонгуулийн дараа буюу 1 жилийн дараа 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс зөрчлийн талаарх асуудал яригдсан. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Монгол улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэж заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Мөн хуульд төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Уг хуулийн дагуу миний бие эрхээ эдэлж орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Миний бие хууль уншиж судлах үүрэгтэй боловч мэргэжлийн хуульч биш учир зарим зүйл заалтыг нарийвчлан ойлгоогүй байсан. Төрийн албаны тухай хуульд “төрийн албан хаагч нь ард түмэнд үйлчилнэ” гэсэн үндсэн зарчим байдаг. Сонгуулийн хороо нь нэр дэвшигч нарт ямар нэгэн байдлаар мэргэжлийн чиглэлээрээ сургалт сурталчилгаа мэдээ мэдээлэл дамжуулах үүрэгтэй байх ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй.  Увс аймаг дахь Төрийн аудитын газраас зөвхөн сонгуулийн хороо болон нам эвслүүдэд зөвлөмж хүргүүлсэн ба уг зөвлөмжтэй би 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр танилцсан. Тухайн зөвлөмжийг нэр дэвшигч нарт хүргүүлэх ёстой байсан гэж үзэж байна. Зөвлөмжийг зөвхөн сонгуулийн хороо болон нам эвслүүдэд хүргүүлснээрээ 2020 оны орон нутгийн сонгуульд хувиараа нэр дэвшсэн намайг мэдэх эрхээр хангаагүйгээс гадна нам эвсэл гэж ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна.

Энэ үйлдэл нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг хангаагүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүний эрхийн комисст “ямар ч хүн ялгаварлан гадуурхах үйл ажиллагаанаас ангид байх ба иргэн хүн хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Зөвлөмжид дурдсанаар намайг намын гишүүн бус гэдэг утгаар нь ялгаварлан гадуурхсан гэж үзэж байна. Сонгууль дууссаны дараа Увс аймаг дахь Төрийн аудитын газраас намайг Аймаг нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдэг дүгнэлт гаргасан байсан. Уг дүгнэлтийг үндэслэн намайг Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэж 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт нь гадагш чиглэсэн үр дагавартай захиргааны акт байсан ба захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хууль баримтлах үндэслэлтэй юм. Захиргааны ерөнхий хуульд “ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаж тайлбар хийх үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл Увс аймаг дахь Төрийн аудитын газар жилийн дараа буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дүгнэлт гаргаж, Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг үндэслэн холбогдох байгууллагад гомдол гаргасан байгаа нь хууль бус үйлдэл юм. Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл сонсох ажиллагаа явуулаагүй. Увс аймаг дахь Төрийн аудитын дүгнэлт хууль ёсны байж чадаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр бус аудитын дүгнэлтийг үндэслэн шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудас болон аудитын дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв

 Хариуцагч нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь аймгийн Аудитын газрын 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хийсэн нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байгаа тул Увс аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э би Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан "Нам, эсвэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн заалтаар нэр дэвшигчийг арван сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Увс аймаг дахь Төрийн аудитын газар албан бичгээр хандсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахын тулд Увс аймаг дахь Төрийн аудитын газраас зөрчил үйлдсэн нэр дэвшигч нартай холбоотой нотлох баримтуудыг шаардаж авсан. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хууль зөрчсөн нэр дэвшигч нарын хувийн мэдээллийг ирүүлсэн. Холбогдох нотлох баримтуудад үндэслэн хууль зөрчсөн нэр дэвшигч нарт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж, 2020 оны орон нутгийн сонгуульд бие даан оролцсон Ц.Б-ын хувьд сонгуулийн зардлын тайланг хуульд заасан хугацаанд орон нутаг дахь төрийн аудитын газарт хүргүүлээгүй гэх үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, Ц.Б-ыг 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас 116 нэр дэвшигчийг сонгуулийн зардлын тайланг хугацаанд нь өгөөгүй зөрчил үйлдсэн гэсэн жагсаалт гаргасан. Увс аймгийн хэмжээнд 2020 оны орон нутгийн сонгуульд 933 хүн нэр дэвшсэн ба 116 нэр дэвшигчийн жагсаалтыг хавсралтаар ирүүлсэн. Миний бие ажлын чиг үүргийнхээ дагуу Ц.Баас мэдүүлэг авсан ба “сонгуулийн зардлын тайланг хуулийн хугацаанд орон нутгийн Төрийн аудитын газарт хүргүүлэх талаар мэдээ мэдээлэлгүй байсан” талаараа мэдүүлсэн. Увс аймаг дахь Төрийн аудитын газар нь сонгууль болсноос хойш 60 хоногийн дотор аудит хийх ёстой байдаг ба сонгуульд нэр дэвшигч нар сонгуулийн зардлын тайланг 30 хоногийн дотор төрийн аудитын газарт өгөх ёстой байсан. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын зүгээс энэ талаарх зөвлөгөө зөвлөмжийг сонгуулийн хороо болон нам эвсэлд явуулсан гэх зөвлөмж гэх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,  хариуцагчийн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд гомдлын шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэн Ц.Б нь Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч-ын Э-ын  2021 оны 11 сарын 04-ний өдрийн 1450345 дугаар шийтгэлийн хуудсыг  хүчингүй болгуулах тухай гомдлыг  шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд гомдлоо дэмжиж оролцсон болно.

Гомдол гаргагчаас “Сонгуулийн дараа сонгуулийн зардлын тайлангаа гаргаж Аудитын газарт хүргүүлэх ёстойг би мэдээгүй бөгөөд нам, сонгуулийн хороо, төрийн аудитын газраас мэдэгдээгүй тул сонгуульд ялагдсан хүмүүс тайлан өгөх шаардлагагүй гэж ойлгосон, улсад хохирол учруулаагүй тул өндөр хэмжээний торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй” тухай тайлбар гарган маргаж байна.

Хариуцагч улсын байцаагчаас “ Ц.Б нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь нийцлийн аудитын тайлангаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулсан” гэсэн тайлбар гаргав.

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын үйлдсэн  2021 оны 11 сарын 04-ний өдрийн 1450345 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн Ц.Б-ыг   Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан “сонгуулийн зардлын дансны тайланг Төрийн аудитын газарт хүргүүлээгүй болох нь Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангаар тогтоогдсон гэж үзэн 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Ц.Б-д холбогдох зөрчлийн хэрэгт Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Т.Намжилын “Аудитын явцад аймгийн Сонгуулийн хороо болон намуудад тайлан авах талаар албан тоот хүргүүлсэн. Хавсралтаар журам, маягтуудыг хүргүүлсэн. Зөвлөмж чиглэлийг Сонгуулийн хороо болон намуудад хүргүүлсэн бөгөөд Зөрчлийн тухай хууль зөрчвөл өндөр шийтгэлтэй гэдгийг анхааруулсан” гэх мэдүүлэг, холбогдогчийн “сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын газарт хүргүүлэх хуулийн заалтыг мэдээгүй. Иймд тайлангаа хуулийн хугацаанд өгч чадаагүй” гэх  мэдүүлэг, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн аудитын тайлан, Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2021.09.16-ны өдрийн 396 дугаар сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй 116 нэр дэвшигчийн мэдээлэл хүргүүлэх тухай албан бичиг болон Увс аймаг дахь Төрийн аудитын газар, Увс аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын холбогдох албан бичгүүд, Увс аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн холбогдогчийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, прокурорын тогтоолыг холбогдогчид мэдэгдсэн тухай тэмдэглэл, холбогдогчийн прокурорын газарт гаргасан гомдол, гомдлын хариу, 1450345 дугаар шийтгэлийн хуудас зэрэг баримтууд авагдсан байна.

Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгууль 2020 оны 10 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан ба Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайланд сонгуулийн зардлын тайланг 116 нэр дэвшигч ирүүлээгүй тухай дүгнэлтийг гаргажээ.

Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 8-р бүлэгт сонгуулийн зардалтай холбогдох харилцааг зохицуулж, уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан,төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж нэр дэвшигч нарт үүрэг хүлээлгэсэн байна.

Энэхүү зохицуулалт зөрчигдөхөөс сэргийлж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан.

            Гомдол гаргагч Ц.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж Улаангом сумын 6-р багт өрсөлджээ.

            Увс аймаг дахь Төрийн аудитын газрын нийцлийн тайлангийн хавсралт 4-д сонгуулийн зардлын тайланг Увс аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлээгүй нэр дэвшигчдийн жагсаалтыг баталсан байх ба жагсаалтын 5-д нэр дэвшигч Ц.Б-ын нэр багтсан байна.

Зөрчлийн хэргийн холбогдогч Ц.Б сонгуулийн зардлын дансны тайлангаа хуульд заасан хугацаанд Төрийн аудитын байгууллагад хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул зөрчил гаргасан гэж үзэж,нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1450345 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүйг зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх юм.

Өөрөөр хэлбэл гомдол гаргагчийн  тайлбарт дурдсан “сонгуулийн талаарх хууль тогтоомжийн талаар буюу сонгуулийн зардлын тайлангаа Төрийн аудитын байгууллагад өгөх ёстойг мэдээгүй, холбогдох байгууллагаас ямар нэг зөвлөмж, чиглэл ирүүлээгүй, улсад бодит хохирол учруулаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигч нь хуульд заасан үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Иймд Ц.Б-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ц.Б-ын  “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э-ын 2021 оны 11 сарын 04-ний өдрийн 1450354 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч Ц.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

             

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ