Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/03109

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2019/03109

Улаанбаатар хот

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.Э-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б ХХК холбогдох,

 

9 082 000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатархүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Энь “Б” ХХК-д палк, прүүс, банз, мод худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Б ХХКнь гэрээний дагуу нийт 28 158 000 төгрөгийн бараа, материал худалдан авсан бөгөөд үнийн дүнгээс тодорхой хувиар 2018 оны 7 дугаар сар хүртэл төлөлт хийж байсан. Энэ үед 9 082 000 төгрөг үлдсэн боловч тэрээр гэрээний үүргээ зөрчиж мөнгөө төлөлгүйгээр өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч “Б” ХХК-иас бараа, материалын төлбөрийн үлдэгдэл 9 082 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Бесон” ХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХКнь “Пирамид орд” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажилласан. Тус “Пирамид орд” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Б ХХКболон бараа материал нийлүүлсэн олон компани болон Х.Энхтунгалагт гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 9 082 000 төгрөг төлөөгүй байгаа нь үнэн. Бид “Пирамид орд” ХХК-тай шүүхэд маргаантай байгаа бөгөөд “Пирамид орд” ХХК-иас төлбөрөө авсны дараа Х.Энхтунгалагт төлбөрийг төлөх боломжтой гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Энь хариуцагч “Бэсон” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 9 082 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...“Пирамид орд” ХХК-иас төлбөрөө авсны дараа төлбөрийг төлнө” гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18/01/01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна.

 

Гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь мод, модон материал, прүүс, банз, палк зэргийг хариуцагчид худалдах, хариуцагч нь төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнд заасан биет байдлын доголдолгүй мод, модон материал, прүүс, банз, палкийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь төлбөрийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь мод, модон материал, прүүс, банз, палк зэргийг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 9 082 00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь гэрээ болон талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргэр нотлогдож байхаас гадна зохигч уг үйл баримтын талаар маргаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин хариуцагч нь гэрээний төлбөрийн үлдэгдэл 9 082 00 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүрэгт 9 082 00 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагчаас бусад этгээдтэй байгуулсан гэрээний үүрэг  маргаантай байгаа нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 9 082 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Бэсон” ХХК-иас 9 082 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 160 300 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН