Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/00463

 

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/00463

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

            Нэхэмжлэгч: Х.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: УБТЗ холбогдох, 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.483.622 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь УБТЗХННт 2000 оноос эрчим хүч хангамжийн 1 дүгээр ангид борлуулалтын техник байцаагчаар анх ажилд орсон. Х.Б ажилласан цагаасаа хөдөлмөрийн сахилгыг үнэнчээр сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ирсэн. 2017 оны 6 сарын 02-ны өдрөөс Х.Бг дохиолол холбооны 3 дугаар ангид хүний нөөцийн менежерээр ажиллуулахаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Х.Б УБТЗХННийн Тэргүүний төмөр замчин, Онц хөдөлгөөнчин зэрэг шагнал авсан. Хүний нөөцийн мэргэжлийн холбооноос зохион байгуулсан тэмцээнд Х.Б УБТЗХННийг төлөөлж оролцдог, чадварлаг хүний нөөцийн менежер байсан. 2018 оны 8 сарын 27-ны өдөр дохиолол холбооны 3 дугаар анги буюу хүний нөөцийн менежер Х.Бгийн ажилладаг шугамын 5 дугаар хэсэгт монтёрын дагалдан ажилтан Ш.Бүйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан нөхөж болзошгүй байдал үүссэн. Энэ явдалд нэхэмжлэгчийн зүгээс гүнээ харамсаж, явдгаа илэрхийлдэг. Ослын актад хэд хэдэн шалтгааныг тодорхой дурдсан байдаг. Галт тэрэг ойртон ирэхэд 400 метрээс холдож, сэрэмж авч өнгөрүүлнэ. Зам дээр 2 ажилтан ажиллах ёстой зэрэг заалтуудыг зөрчсөн болохыг ослын актаар тогтоосон. 2018 оны 9 сарын 07-ны өдөр замын дарга Д.Ж-гаар удирдуулсан шуурхай хуралдаж, багш шавийн гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр Х.Бгийн ажлын байр өөрчлөхөөр шийдсэн. Х.Б надад ямар ажил өгөх болж гэж хүлээсэн. 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Б-2-251 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 131 дүгээр зүйлийн 131.3, шуурхай хурлын шийдвэр зэргийг үндэслэж Х.Бг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээ цуцалсан. 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Х.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцалсанд гомдолтой. Багш шавийн гэрээ байгуулаагүй, 2018 оны А274 дугаартай тушаалын 3.2.3 дахь заалтын хэрэгжилт мөрдөж ажиллаагүй, Хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Багш шавийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлд бусад асуудал сөхөгдөж гардаг. УБТЗХНН ажилтанд сургалт хийх, үйлдвэрлэл дээр дадлагажуулах, туршлага бүхий аргаар Багш шавийн гэрээ сайшаагдсан. Сургалтын чанартай холбогдуулан гэрээ байгуулж ирсэн. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2011 оны А137 дугаартай тушаал өгсөн. Тушаалын хавсралтаар Багш шавийн гэрээний загварыг тухайн ангийн дарга баталсан байдаг. Уг гэрээний дагуу хүний нөөцийн менежер Х.Б гэрээ байгуулж ажиллаж байсан. 2018 оны 6 сарын 15-ны өдөр А274 дугаартай замын даргын тушаал батлагдсан. Уг тушаалаар ажилтнуудад чиг үүрэг танилцуулсан. Тушаалын 1 дүгээр хавсралтын сургалт зохион байгуулах журмын 3.2-д Хүний нөөцийн албаны үүрэг юу байхыг зааж өгсөн. Хүний нөөцийн алба нь УБТЗХННийн удирдах газарт байдаг. 60 гаруй салбар, нэгжийг хүний нөөцийн удирдлага, бодлого чиглэлээр хангадаг үүрэг бүхий алба юм. Журмын 3.2.3-д УБТЗХННт шинээр ажилд орж байгаа иргэнийг үйлдвэрлэл дээр сургаж дадлагажуулах, захиргаа багш шавийн гэрээ байгуулах, дүгнэх журмыг боловсруулж батлуулж мөрдүүлэхээр заасан. Хүний нөөцийн албан өнөөдрийг хүртэл Багш шавийн гэрээ байгуулах, дүгнэх журам боловсруулж баталсан мөрдүүлж байгаа дүрэм журам батлахгүйгээр өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч журмын 3.2.3-д заасныг батлаагүй гэж шаардлагын үндэслэл болгосныг хариуцагч дээрх журам баталсан, танилцуулсан гэсэн нотлох баримт өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцааж чадахгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан шуурхай хурлын тэмдэглэлд Х.Бгийн ярьсан зүйлийг маш зөрүүтэй бичсэн байсан. Энэ байдлыг нэхэмжлэгч өөрөө болон хэрэгт авагдсан баримтаар тогтооно. Иймд хариуцагчийн гаргасан хурлын тэмдэглэл эргэлзээгүй нотлох баримт биш. А-137 дугаартай тус ангийн дарга баталсан Багш шавийн гэрээний 3.3-д ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой асуудлыг өөрөө хариуцна гэж заасан. Гэтэл УБТЗХНН нь А-275 дугаартай тушаалаар тухайн ажилтанд ямар гэрээ батлах загвар ирүүлээгүй, заавар журмаар хангаж, уг журмыг баталж мөрдүүлээгүй. Багш шавийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахыг заасан. Ангийн даргын тушаалаар батлагдсан нэг гэрээ хавтаст хэрэгт авагдсан. УБТЗХНН нь хүний нөөцийн менежер Х.Бг Багш шавийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг ноцтой зөрчсөн гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. А-275 дугаартай тушаал сургалттай холбоотой. Х.Бг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 3.6-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэдэг. Нэхэмжлэгч Х.Б УБТЗХННт мөрдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журмыг нотлох баримтаар гаргуулсан. Уг дүрэм, журмаар Х.Бгийн гаргасан зөрчил тогтоогдоогүй, сургалттай холбоотой заалтаар түүнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Х.Бгийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 сарын 26-ны өдөр цуцалсан. Уг өдөр Х.Б ажил дээрээ эрт ирж, даралтад нь ихсээд эмнэлэгт үзүүлж, эмчийн акт, магадлагаа хийлгэсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчийг уг өдөр 8 цаг ажилласан гэж тайлбарлан татгалзлаа ангийн даргын тодорхойлолт, ирц бүртгэлийн дэвтэр зэргээр нотолсон. Х.Б ажилдаа өглөө эрт ирсэн ч даралт нь ихсэж эмнэлэг явж ирэхдээ ирц бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан. Х.Бг 9 сарын 26-ны өдөр өвчтэй байсныг эмчийн акт, магадлагаа, эмчлүүлэгчийн дэвтэр зэргээр нотолно. Хавтас хэрэгт авагдсан хүснэгт №9 баримтад ШЧК Х.Б 2018 оны 9 сарын 26-ны өдөр ажиллаагүй гэдэг үндэслэлээр цалин хөлс олгоогүй мөртлөө цагийн хүснэгтэд бүртгэсэн. Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар Х.Б эмчийн магадлагаатай, өвчтэй байсан. УБТЗХНН өөрийн харъяа эмнэлгийн дарга руу Хууль зүйн албанаас албан бичиг хүргүүлж, Х.Бгийн өвчтэй байсныг үгүйсгэхийг оролдож байна. Х.Бг өвчтэй, чөлөөлтэй байхад ажлаас халж болохгүй. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа иргэд өвчин тусаж болохгүй юм уу, өвчин тусдаг маргааш нь халагдсан байх уу, өвчин тусахгүйгээр ажиллана гэсэн шаардлага байх ёсгүй. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажлаас халахыг хориглосон байдаг. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3.6-д заасан сахилгын ноцтой зөрчил ажилтан Х.Б гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус зөрчсөн байх тул Х.Бг ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинд 7.483.622 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б дохиолол холбооны 3 дугаар ангид ажиллаж байсан. УБТЗХННт 2000 оноос ажиллаж эхэлсэн. 2017 оны 6 сарын 03-ны өдрөөс Х.Б хүний нөөцөөр ажиллаж эхэлсэн. 2018 оны 9 сарын 26-ны өдрийн Б2-256 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.4, Нийгэмлэгийн дүрмийн 22-аз, Замын даргын 2018 оны 9 сарын 07-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр, замын даргын 2018 оны 2 сарын 18-ны өдрийн тушаал зэргийг мөрдөж ажиллаагүй учир Хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн гэрээ цуцалж, Дохиолол холбоо, эрчим хүчний албаны мэдэлд шилжүүлсэн. Х.Б нь УБТЗХННийн Замын даргын мэдлийн албан тушаалтан учраас хөдөлмөрийн гэрээ цуцалж, албаны мэдэлд шилжүүлсэн. Ш.Баасансүрэнгийн асуудал Х.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах гол үндэслэл болсон. Дохиолол холбооны 3 дугаар анги 2018 оны 7 сарын 17-ны өдрийн Д1-70 дугаартай тушаалаар Ш.Баасансүрэнг ажиллуулсан ч Олон улсын вагонд шүргүүлж нас барсан. Х.Б тухайн ажилтныг авч ажиллуулахдаа Замын даргын 6 сарын 15-ны өдрийн 274 дугаартай тушаалыг биелүүлээгүй. Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажлын байранд ажиллаж байгаа хүнтэй Багш шавийн гэрээ заавал байгуулах ёстой. 274 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын журмын 3.2.1, 3.2.3, Хөдөлмөрийн гэрээ зэргийг Х.Б зөрчиж, 5.3.5, 5.3.6-д заасан нөхцөл бүрдүүлсэн. Х.Б талийгаачийг ажлын байр дээр гаргахдаа Багш шавийн гэрээ байгуулаагүй. Ажлын байрны тодорхойлолтын 3.16, 3.19, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1, 9.3.5, 9.3.6, 12.6, 12.13, 12.16-д заасныг тус тус зөрчсөн. 2018 оны 9 сарын 07-ны өдрийн замын даргын удирдсан шуурхай хурал дээр Х.Б тодорхой ярьсан нь тэмдэглэлээс харагдана. Шуурхай хурлын тэмдэглэлд нэг хүн гарын үсэг зурагдаггүй, хуралд оролцсон эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурдаг. Нэхэмжлэгч тал хурлын тэмдэглэлд хэлсэн ярьсан зүйл буруу бичсэн гэж маргаж байгаа бол энэ асуудлыг гэрчээр нотлуулах боломжтой байсан. Шуурхай хуралд Үйлдвэрчний эвлэлийн хороон дарга оролцож, Х.Бгаас асуулт асуусан. Хурлын явцад шаардлага хангахгүй хүн ажилд авсан асуудал яригдсан. Боловсон хүчин ажилтан сонгохдоо зөв, хариуцлагатай, ёс зүйтэй хүн авах, шинэ ажилтныг сургаж, мэргэшүүлж, Багш шавийн гэрээ заавал байгуулах. 2017, 2018 оноос Багш шавийн гэрээ байгуулах асуудал яригдаагүй, өмнө байсан. 2018 оны 2 сарын 18-ны өдөр Багш шавийн гэрээ байгуулах дүрэм, журмыг боловсронгуй болгосон. Шуурхай хурал дээр Х.Б 2014 оноос Багш шавийн гэрээ байгуулж ажиллаж ирсэн гэдгийг хэлсэн. Х.Б ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан чиг үүрэг биелүүлээгүй, ажилдаа хайнга хандаж, өөрийн эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирох нөхцөл бүрдүүлсэн зэргийг харгалзаж ажил олгогчоос Х.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Дохиолол холбооны ангийн албанд шилжүүлсэн. Замын даргын 258 дугаартай тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан байх тул нэхэмжлэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал Багш шавийн гэрээ байгуулах дүрэм, журам батлагдаагүй байсан гэж тайлбарлалаа. 2014 оноос батлагдсан дүрэм, журмын дагуу Багш шавийн гэрээ байгуулж ирсэн. Нэхэмжлэгч тал ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллах үүрэгтэй гэлээ. Ажил олгогч, ажилтан хоёрт хоёуланд нь тийм үүрэг байгаа. Ажил олгогчийг төлөөлж хүний нөөц үүрэг гүйцэтгэдэг. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллах үүрэг ажилтнаас ажил олгогчид илүү байдаг. НК өөрөө Багш шавийн гэрээ байгуулж, шинэ ажилтантай тулж ажиллах ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бг өглөө ажилдаа ирээд өдөр ирцийн бүртгэлд гарын үсэг зурсан гэлээ. Ажилтан ирцийн бүртгэлд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулдаг. 2018 оны 9 сарын 26-ны өдөр Х.Б эмчийн акт өгсөн байсан. Бодит байдал дээр ажилтан ажил тасалчихаад эмчийн акт өгөх тохиолдолд мэр сэр ажиглагддаг. Боловсон хүчин шударга ёс зүйтэй ажиллаж бусдад шаардлага тавьж, биелэгдэх ёстой. УБТЗХННийн Хууль зүйн албаны эрх бүхий албан тушаалтан Х.Бгийн эмнэлгийн магадлагааг хуурамч болохыг шалгаж тогтоож, эмнэлгийн даргад тоот явуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 7.483.622 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасан ноцтой зөрчил гаргасан, Замын даргын 2018 оны А-274 тушаалын 3.2.3 заалтын хэрэгжилтийг мөрдөж ажиллаагүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Б нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын Дохиолол холбооны 3 дугаар ангид хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан ба Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-251 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, Замын даргын удирдан хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэн, дагалдангаар ажиллаж байсан ажилтантай багш шавийн гэрээ байгуулаагүй, Замын даргын 2018 оны А-274 тоот тушаалын 3.2.3 дахь заалтын хэрэгжилтийг мөрдөж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасан ноцтой зөрчил гаргасан тул Х.Бг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй, дүрэм журам, заавар зөрчөөгүй, эмнэлгийн магадлагаагаар захиргааны чөлөөтэй байсан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-251 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх буюу гаргасан зөрчлийг шалгасан материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдох ёстой.

Улаанбаатар Төмөр замын даргын удирдан хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч Х.Бг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь эрсдсэн асуудалд багш шавийн гэрээ байгуулаагүй, Замын даргын 2018 оны А-274 тоот тушаалын 3.2.3 дахь заалтын хэрэгжилтийг мөрдөж ажиллаагүй гэх зөрчил гаргасан гэж үзэж, шуурхай хурлаас ажлын байрыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн байна.

Дээр гаргасан зөрчил нь Х.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг ноцтой үзөрчиж хүнд болон бүоэн осол гаргаж, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан алба/хэлтэс/-ны дүгнэлтээр тогтоогдсон гэсэн хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна.

Учир нь хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын 3.19-д шинэ залуу ажилтныг багш шавийн гэрээгээр ажиллуулж дадлагажуулах, хяналт тавьж ажиллах нь түүний ажлын байранд гүйцэтгэх үүрэг байна.

2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас дагалдангаар ажиллаж байсан шинэ залуу ажилтан нас барсан байх бөгөөд Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр ...шинээр орсон ажилтанд багш шавийн гэрээ байгуулаагүй, ... аюулгүй ажиллах арга барилд сургаагүй... зэрэг зөрчлийн улмаас үйлдвэрлэлийн осол гарсан гэж дүгнэжээ.

Ажилд шинээр орж байгаа ажилчдыг үйлдвэр дээр дадлага туршлагатай хүнийг дагалдуулан тухайн ажил мэргэжил дээр нь дадлагажуулах, уг ажлыг бие даан гүйцэтгэх мэдлэг чадвар, дадлагатай болгох, хариуцсан тоног төхөөрөмжиндөө гэмтэл саатал гаргалгүй, технологи үйлчилгээний ажлыг чанартай хийх арга барилд сургах зорилгоор багш шавийн гэрээ байгуулах ба хүний нөөцийн менежер нь энэхүү гэрээг байгуулж, биелэлтэнд нь хяналт тавих үүрэгтэй байна.

Гэтэл осолдогч нь шинээр ажилд орсон байхад нэхэмжлэгч нь түүнтэй багш шавийн гэрээ байгуулж, ажлын байранд дадлагажуулах ажлыг хийгээгүй нь түүний шуурхай зөвлөгөөний хуралд гаргасан тайлбар, улсын байцаагчийн дүгнэлт, зохигчийн тайлбараар тогтоогдож, үйлдвэрлэлийн осолд өртөж хүний амь нас эрсдэхэд нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил нэхэмжлэгч гаргасан тул Улаанбаатар Төмөр замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-2-251 тоот тушаалаар Х.Бд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 26-наас Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар эмчийн магадлагаа буюу эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байхад ажлын байрыг хадгалах байтал ажлаас халсан нь хууль зөрчсөн тушаал шийдвэр гарсан гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан эмнэлгийн хуудас нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн, ирцийн бүртгэлд 2018 оны 9 дүгээр сарын 265-ны өдөр ажилласан гэж бүртгэл хийсэн, шүүх хуралдаанд тайлбарлахдаа ажилдаа ирсний дараа даралт ихсэж, эмчид үзүүлж, магадлагаа авсан гэх боловч энэ талаараа байгууллагадаа мэдэгдсэн баримт байхгүй байх тул түүнийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсныг ажил олгогч мэдсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Бгийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох Дохиолол холбооны 3 дугаар ангид хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7.483.622 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.


 

                                

                                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ