| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/02464/И |
| Дугаар | 02902 |
| Огноо | 2019-10-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 02902
2019 оны 10 сарын 31 өдөр Дугаар102/ШШ2019/02902 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоотод оршин суух Ц.Б-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байрны 0тоотод оршин суух Ц.Х-д холбогдох хүүхдийн тэтгэлэг, сургалтын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Ц.Х-тай 2005 оноос хойш хамт амьдарч байгаад 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Х.А төрсөн.
Төрсөн цагаас нь эхлэн би охиноо өсгөж байгаа бөгөөд одоо “Х” дунд сургуульд суралцдаг.
Иймээс эцэг болох Ц.Х-аас хүүхдийн тэтгэлэг,сургалтын төлбөрийн тал хувь болох 1.150.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөх, хүүхдийн эцэг мөн гэдэгтээ маргахгүй. Харин сургалтын төлбөр гаргуулахыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч, хариуцагчтай хүүхдийг төлбөртэй сургуульд сургах талаар харилцан ярьж тохиролцоогүй. Мөн төрөөс үнэгүй боловсрол олгож байгаа. Заавал яагаад, төлбөртэй сургуульд сургана гээд байгааг ойлгохгүй байна.
Мөн хариуцагч эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгийн боломж нөхцөл байхгүй, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг гэдгийг шүүх харгалзан үзнэ үү, гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б хүүхдийн тэтгэлэг, сургалтын төлбөр 1.150.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, сургалтын төлбөр төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2005 оноос хойш хамтран амьдарч байгаад, 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Х.А төрсөн болох нь зохигчдын тайлбар, Г-3117 дугаартай Хүүхдийн төрсний гэрчилгээ, “Б” ӨЭМТ өрхийн эмнэлэгийн “Тодорхойлолт”, Баянгол дүүргийн “Х” бүрэн дунд сургуулийн “Тодорхойлолт” зэрэг бичгийн баримтаар тогтоогдож, хариуцагч тэтгэлэг төлөх болон хүүхдийн эцэг мөн эсэх дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч охин төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг эцэг, эх хоёрт үүссэн байх тул эцэг Ц.Х-аас сар бүр тэтгэлэг гаргуулж, охин Х.А-ийг тэжээн тэтгүүлэх нь хуульд нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх журамтайг хариуцагчид анхааруулах нь зүйтэй.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн нэг хэсэг болсон хүүхдийн сургалтын төлбөрийн тал хувийг төлөхгүй гэх тайлбарыг гарган маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар үгүйсгэл, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй бөгөөд охин Х.А Баянгол дүүргийн “Х” бүрэн дунд сургуульд суралцаж, түүний 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 2.300.000 төгрөг болох нь тус сургуулийн “Тодорхойлолт”, төлбөр төлсөн “Т” банкны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7 дугаарт Монгол улсын иргэн “сурч боловсрох эрхтэй”, Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүүхдийг хамгаалах, халамжлах санхүүгийн боломжоор хангах
Гэр бүлийн тухай 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгүүдэд “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээж, суурь боловсрол эзэмшүүлэх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу хариуцагч үүргээ биелүүлэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар охин Х.Ануцэцэнгийн нэмэлт зардал сургалтын төлбөрийн 50 хувь 1.150.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 102.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Х.А-ийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоож, эцэг Ц.Х-аас сар бүр гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Х-аас хүүхдийн сургалтын төлбөр 1.150.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Болормаад олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ц.Хүдэрчулуунаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс,түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 102.350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА