Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/03192

 

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/03192

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б.А-ыннэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Г-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 8.458.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагч М.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Аын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А хариуцагч М.Гаас 8.458.000 төгрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн үндэслэл хариуцагч М.Г 2019 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Аын өмчлөлийн Тоёота приус маркийн 49-58 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явах үедээ зам тээврийн осол гаргасан. Тухайн үед Тоёота марк 2 маркийн 16-41 УБН улсын дугаартай автомашинд 474.900 төгрөг, Тоёота Пассо маркийн 15-66 дугаартай улсын дугаартай автомашинд 2.481.500 төгрөг, Б.Аын өмчлөлийн машинд 7.658.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан. Б.А М.Гыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасан учраас Тоёота марк 2 маркийн машины сэлбэгэнд 400.000 төгрөг, Тосота Пассо маркийн машинд 1.090.000 төгрөгийг өөрийн зүгээс төлсөн. М.Г нь Б.Аад дансаар 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Уг 3.500.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хассан. Б.А 2019 оны 1 дүгээр сард машинаа 13.800.000 төгрөгөөр худалдаж авч, 2 сар болоод М.Гын буруугаас зам тээврийн осол гарсан. 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр машинаа 9.500.000 төгрөг бусдад зарж, 4.300.000 төгрөгийн хохирол учирсан, машины засварын зардал 4.158.000 төгрөг, нийт 8.458.000 төгрөгийг хариуцагч М.Гаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Би Б.Атай 2019 оны 7 дугаар сар хүртэл хамт амьдарч байх хугацаандаа зам тээврийн осол гаргасан нь үнэн. Энэ хугацаанд гарсан зардлыг хамт төлөлцөж байсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм хорын хохирол учирсан талаар маргаангүй. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр осол гарч, нэхэмжлэгч 4 дүгээр сарын 30-ны өдөр Ашид билгүүн ХХК-иар хохирлын талаарх үнэлгээний тайлан гаргуулсан байдаг. Үнэлгээний тайлангаар машинд 5.357.000 төгрөгийн хохирол учирсан гэдэг. Хариуцагч нэхэмжлэгчид 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг өгсөн. 2 ширхэг толь 460.000 төгрөг, урд шил, их гэрэл, мотор нийт 922.000 төгрөгийн эд зүйл машинд авч өгсөн. Үнэлгээний тайланд мотор ороогүй. Гэхдээ зайлшгүй шаардлагатай байсан учраас 350.000 төгрөгөөр мотор авч, ажлын хөлсөнд 405.000 төгрөг, нийт хариуцагч 3.382.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Үнэлгээний тайлангаар гарсан 5.357.000 төгрөг гарснаас М.Г 3.382.000 төгрөг төлж барагдуулсан. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаас хариуцагчийн нийт төлсөн төлбөрийг хасаж үлдэх 1.199.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн машин зарсны зөрүү мөнгө 4.300.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл машин 2009 онд үйлдвэрлэгдэж, 2017 онд Монголд орж ирсэн, 2019 онд нэхэмжлэгч машиныг худалдаж авсан. Зах зээлийн ханшаар 2017 онд Монголд орж ирээд, 2 жил явсан машиныг 2019 онд худалдаж авсан. Иргэний хуулийн 510, 497 дугаар зүйлд зааснаар машиныг зарснаас учирсан хохирлыг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч М.Гт холбогдуулан автомашины засварын зардалд 4.158.000 төгрөг, автомашин худалдан борлуулсан үнийн зөрүү 4.300.000 төгрөг, нийт 8.458.000 төгрөгийг эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргаагүй, эд хөрөнгөд учирсан хохиролд нэхэмжилсэн 4.158.000 төгрөгөөс 3.382.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, одоо нэмж 1.199.000 төгрөгийн хохирлыг төлнө, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

   Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч М.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө 03 цаг 10 минутын орчимд Б.Аын эзэмшлийн 49-58 УБЗ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашиныг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөхийн өргөө, Нэгдэлчин зоогийн газрын хойд замд согтуурсан үедээ жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, Д.Г-ын жолоодож явсан Тоёота марк 2 маркийн 16-43 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 474.900 төгрөгийн хохирол учруулсан, Ч.Чингүүнжавын жолоодож явсан Тоёота Пассо маркийн 15-61 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 2.481.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тээврийн Прокурорын газрын 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 264 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай Прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эзэмшлийн 49-58 УБЗ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд 5.357.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 1934 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байна.

Иймд нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо автомашины сэлбэг, засварын зардалд 5.940.000 төгрөг, үнэлгээний төлбөр 228.000 төгрөг, зам тээврийн ослын улмаас гуравдагч этгээдийн эд хөрөнгийн хохиролд төлсөн 1.490.000 төгрөг, нийт 7.658.000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3.500.000 төгрөгийг хасч тооцон, 4.158.000 төгрөг, автомашиныг хямдруулж худалдан борлуулснаас учирсан хохиролд 4.300.000 төгрөг, нийт 8.458.000 төгрөг гэж тооцон нэхэмжилж байгаа гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчийн худалдаж авсан сэлбэг, засуулсан эд ангийн талаар Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсан, зайлшгүй хийх шаардлагатай засвар үйлчилгээ байсан бөгөөд зарим хэсгийг нэхэмжлэгч хийлгэсэн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.

Харин хариуцагч нь автомашины копудыг цуг явж авсан бөгөөд 350.000 төгрөгөөр биш, 200.000 төгрөгөөр худалдаж авсан, автомашины гурвалжин шил, ажлын хөлс, нуух резин зэргийг Б.А биш, би мөнгийг нь төлж авч, хийлгэсэн гэж маргаж, санхүүгийн анхан шатны баримт гаргажээ.

Нэхэмжлэгч 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 350.000 төгрөгөөр копуд худалдаж авсан талаар Оригнал Амортизатор компанийн баримт гаргаж өгсөн байх боловч Б.Аын Хаан банкны дансны хуулга дах гүйлгээгээр 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр копуд гэсэн гүйлгээг 5028651853 дансанд шилжүүлсэн байх тул шүүхээс хариуцагчийн 200.000 төгрөгөөр копуд худалдаж авсан гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр урд салхины шил, гурвалжин шил авч суурилуулсан ажлын хөлс төлсөн гэж 385.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх боловч нуух резинийг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 45.000 төгрөгөөр авсан гэсэн баримт өгсөн байгаа нь ойлгомжгүй, шилээ суурилуулснаас хойш 5 сар гаруйн дараа нуух резин сольсон харагдаж байна.

Хариуцагч талаас 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гурвалжин шил 20.000 төгрөгөөр авч, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нуух резин 35.000 төгрөгөөр авсан гэсэн баримт гаргаж өгсөн байх бөгөөд гурвалжин шилийг хариуцагч өөрөө сольж өгсөн гэж тайлбарлаж байгааг шүүх баримтыг харьцуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн зардлын баримтаас гурвалжин шил 90.000 төгрөг, ажлын хөлс 15.000 төгрөг, нуух резин 45.000 төгрөг гэсэн 150.000 төгрөгийн баримтыг хасч, энэ зардлыг хариуцагч төлсөн гэж үзлээ.

Хариуцагч талаас автомашины моторыг 350.000 төгрөгөөр худалдан авч, 370.000 төгрөгийн хөлс төлж солиулсан гэх бөгөөд нийт 720.000 төгрөгийг нэхэмжлэгчийн шаардсан хохирлоос хасч тооцуулах үндэслэлтэй гэж тайлбарласан боловч техникийн эвдрэл хохиролд моторын талаар дурдаж үнэлээгүй, зайлшгүй солих шаардлагатай байсан тул сольсон гэж хариуцагч тайлбарлаж байх тул нэхэмжлэгчид учирсан хохирол гэж дүгнэж, моторын хохирлыг шаардаагүй тул нэхэмжилсэн хохирлоос хасах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.А нь 49-58 УБЗ улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн 2009 онд үйлдвэрлэгдэж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орж ирсэн автомашиныг 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 13.800.000 төгрөгөөр худалдан авч, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 9.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан борлуулж, 4.300.000 төгрөгөөр хохирсон гэж хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэмтсэн эд хөрөнгийн засварын зардлыг шаардах эрхтэй бөгөөд гуравдагч этгээдтэй сайн дурын үндсэн дээр өөрсдөө харилцан тохиролцож байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үнэ, өөрийн худалдаж авсан гэрээний үнийн зөрүүг хохиролд тооцон шаардаж байгаа нь хариуцагчийн гэм буруутай шууд шалтгаант холбоотой хохирол гэж үзэх боломжгүй, Иргэний хуулийн дээрх заалттай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн задаргаа болгож бичсэн зардлыг нэмж тооцоолоход засварын зардалд 6.151.000 төгрөг, бусдад учирсан хохиролд 1.490.000 төгрөг төлсөн байх бөгөөд хариуцагчийн дансаар шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг хасч тооцоход 4.141.000 төгрөг болж байна. Нотлох баримтаар нэхэмжлэгчийн автомашины засварын зардалд нэхэмжилсэн төлбөрөөс 300.000 төгрөгийг хасч, 3.841.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, автомашин худалдан борлуулсан үнийн зөрүү 4.300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцож, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Гаас 3.841.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Аад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.617.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163.752 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 76.406 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ

                       

                        ШҮҮГЧИД                                                Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                Н.ХАНГАЛ