| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2023/0193/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/220 |
| Огноо | 2023-02-13 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/220
2023 02 13 2023/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч ............ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ............овогт ............ ............ холбогдох эрүүгийн “2206 00371 3226” дугаартай хэргийг шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ............аймгийн ............суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн ......... дугаар хороо, ............ дугаар гудамжны ........ тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар............, ............овогт ............-ын.............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ............ нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ........ дугаар хороо, ............ гүнийн худгийн орчимд хохирогч ............150.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ............ мэдүүлэхдээ: “... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч ............-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-25/, гэрч ............-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-34/, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Шинэбаярын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 15/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн БЗДЗ-22-47 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 43-44/, шүүгдэгч ............-ний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ............нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ............ дугаар хороо, ............-н гүнийн худгийн орчимд хохирогч ............-н 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч ............-ий гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч............-ийн өгсөн: “...............гүнийн худаг руу чиглээд явж байхад гудамжид үл таних 2 залуу байж байсан. Тэр 2 залуугийн хажуугаар гарахад намайг дуудаад “мөнгө байна уу, архи авч ууя” гэхээр нь “ах нь архи уухгүй, мөнгө байхгүй” гэж хэлээд цааш гүний худгийн хажуугаар гараад шинээр баригдсан цэцэрлэгийн хажуугаар явж байхад нөгөө залуу араас дагаад алхаж байсан. Тэгээд гэнэт хар малгайтай, хар хүрэмтэй залуу нь миний өмсөж явсан булган малгайг шүүрээд зугтсан. Нөгөө 2 залуу зугтаагаад явсан. Миний малгайг авч зугтдаг эрэгтэй нь 30 орчим насны 170 см өндөртэй, жижгэвтэр сахалтай, хар ноосон малгайтай, дээгүүрээ хар хүрэм өмссөн байсан. Настай хүний эд зүйлийг булааж авсан гомдолтой байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ............-ын өгсөн: “... Тэгтэл ............ “тэр эрэгтэйгийн малгайг шүүрээд авчихъя” гэж хэлснээ хойноос нь гүйж очоод тухайн эрэгтэйгийн малгайг шүүрч аваад зугтаачихсан. Тэгэхээр нь би 16-н автобусны буудал дээр очтол ............малгайг дотуураа хийчихсэн зогсож байсан. Хог түүх гээд явж байтал цагдаагийн албан хаагч нар малгайгаа алдсан эрэгтэй хүний хамт гарч ирээд намайг авч явсан. Тэр үед ............ тэр настай хүний малгайг “хүнд зарчихсан” гэж хэлсэн. Тухайн өдөр малгайг ............ өөрөө аваад явсан. Хэрэв би авсан бол малгай намайг баригдах үед байх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч ............-ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн: “...............-ийн ............-тай уулзаж ярилцахад “Надтай хамт явсан ............ буюу бэбэ гэх хочтой залуу тухайн хүний булган малгайг шүүрч явсан, улмаар надаас салаад хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна, явахдаа тухайн хүний малгайг аваад явсан”...” гэх тэмдэглэл /хх-ийн 15/,
“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн БЗДЗ-22-47 дугаартай: “...Эд зүйлийн үнэлгээ 150.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 43-44/,
Мөрдөн шалгах ажиллагаанд ............-ий яллагдагчаар өгсөн: “... Би хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, дахиж гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14/,
Шүүгдэгч ............-ний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 / зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Эрх зүйн дүгнэлт
Улсын яллагч “Шүүгдэгч ............нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ...... дугаар хороо, ............-н гүнийн худгийн орчимд хохирогч ............-ийн 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тус гэмт хэргийн улмаас 150.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд дээрэмдэх гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул учирсан хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ............-ний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч ............-ний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн...... дугаар хороо, ............-н гүнийн худгийн орчимд хохирогч ............-ийн 150.000 төгрөгийн үнэлгээ бүхий булган малгайг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ............-д 150.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ............-ээс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч ............-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч ............-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ............-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч ............-н нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1387 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж энэ хэрэгтээ 19 хоног цагдан хоригдсон ба уг ялыг эдлээгүй талаар болох нь нотлогдон тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “ ...нийтэд тустай ажил хийгэх ялын найман цагийг...” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1387 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор дүйцүүлэн тооцож 31 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 31 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч ............-нд оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч ............ нь энэ хэрэгтээ 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 20 хоног цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............овогт ............-ын ............-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ............-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ............-нд өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1387 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 248 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор дүйцүүлэн тооцож 31 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ............-нд энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/1387 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 248 цаг хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор дүйцүүлэн тооцож 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 31 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ............-ий цагдан хоригдсон 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож нийт эдлэх түүний биечлэн ялын хугацааг 1 жил 11 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............-нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............-ээс 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч ............-д олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба............-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл ............-нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС