Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0222

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

        Ц.Э, Н.Н нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгч: Ц.Э, Н.Н

Хариуцагч: Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал

Хэргийн индекс: 158/2021/0025/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр:

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 33 дугаар зүйлийн 33.1.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.3, 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус үндэслэн иргэн Ц.Э, Н.Н нарын “Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/52 дугаар захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

            2. Давж заалдах гомдлын агуулга: “Эрүүгийн хэргийн шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т зааснаар дахин нотлох хэрэггүй. Харин Эрүүгийн хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Б.З, П.Х нарыг ... бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогчийн эд хөрөнгийн эрхийг хуулийн этгээдийн нэр дээр шилжүүлснийг холбогдох нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэн, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д “... захиргааны акт гаргуулахдаа хууран мэхлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн ...” гэж заасныг баримтлан улмаар Рашаант сумын Засаг даргын 2015.04.30-ны өдрийн 64 дүгээр захирамжийн нэхэмжлэгчдэд хамаарах хэсгийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох хууль, эрх зүйн бүрэн үндэслэлтэй.

            Засаг даргын 64 дүгээр захирамжийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Үүний дараа “С” ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрч 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээг баталгаажуулж Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн 16 дугаартай захирамж гарсан. Энэ 16 дугаар захирамжийг үндэслэн Рашаант сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б/52 дугаар захирамж гаргаж, “С” ХХК-д 2070 га газар эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч тал энэхүү Б/52 дугаар захирамжийн холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасны дагуу хууль бус захиргааны акт байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэл нь дараах байдлаар тодорхойлогдоно. Ц.Э, Н.Н нарын давуу эрхээр газар эзэмших эрхийг “С” ХХК-д шилжүүлсэн 64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Ц.Э, Н.Н нар гаргаагүй боловч Засаг дарга өөрийн санаачилгаар 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/36 дугаар захирамжаар уг 64 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон. Энэхүү А/36 дугаар захирамжийг үгүйсгэж хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй. Харин хүчингүй болгосон 64 дүгээр захирамжийн эрх зүйн үр дагавар нь Б/52 дугаар захирамжид шууд тусгагдаж үйлчилсэн. Иймээс 106.3.3-т заасан тухайн актыг хүчингүй болгосон байх хууль зүйн урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэж болно.

            Засаг дарга 64 дүгээр захирамжийг хүчингүй болгосны дараа “С” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд эвлэрсний улмаас шүүгчийн 2017.05.30-ны өдрийн 16 дугаар захирамжийг үндэслэн “С” ХХК-д, өмнө нь 64 дүгээр захирамжийн дагуу эзэмшиж байсан газрын 90% буюу 2070 га газар эзэмшүүлэхээр Засаг дарга 2017.06.15-ны өдөр Б/52 дугаар захирамжийг гаргасан. Уг Б/52 захирамж гарснаар Засаг даргын А/36 дугаар захирамжийн үйлчлэл зогсож, нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг хязгаарлан хориглосон 64 дүгээр захирамжийн эрх зүйн үйлчлэл Б/52 дугаар захирамжид шууд шилжсэн. Б/52 дугаар захирамжийн энэхүү үйлчлэл нь захирамж гарсан үеэс хойш хэрэгжсэн хэвээр байгаа. Захиргааны актын үйлчлэлд нэхэмжлэл гаргаж байгаа этгээдэд чиглэсэн буюу түүний эрх зүйн байдлыг хөндсөн үр дагаварт хүргэхүйц хориглосон эсхүл зөвшөөрсөн нөхцөлүүд багтах учир 106.3.3-т заасан захиргааны акт бусад байдлаар хэрэгжих тухай нөхцөл хангагдаж байна. Засаг даргын 64 дүгээр захирамжаар Ц.Э, Н.Н нарын тус бүр 100 га газар давуу эрхээр эзэмших эрх хязгаарлагдаж хасагдсан. Ингэснээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 болон Монгол улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Тариалангийн газар давуу эрхээр эзэмших журам”-д заасан газар тариалангийн салбарт олон жил ажилласан нэхэмжлэгчдийн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар давуу эрхээр газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхол нь Засаг даргын 64 ба Б/52 дугаар захирамжуудаар шууд болон шууд бусаар зөрчигдсөн учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-т заасан нэхэмжлэгчийн ашиг сонирхол байх хуулийн нөхцөл хангагдаж байна.

            Дээр дурдсан үйл баримт, үндэслэлийн дагуу Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар захирамж буюу маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоох хууль, эрх зүйн үндэслэлтэй.

            Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжаар тариалангийн газар давуу эрхээр эзэмших эрхтэй болсон иргэд Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгээр захирамж гарсан тухай 2017 оны 5 дугаар сард Рашаант суманд зохион байгуулагдсан тариаланчдын уулзалтын үед олж мэдсэн байдаг. Ингээд уг 64 дүгээр захирамжтай шууд холбоотой өргөдөл, гомдлыг Булган аймгийн засаг захиргаа болон хууль хяналтын байгууллагад олон удаа гаргасан. Эдгээр өргөдөл, гомдол нь 2017 оны 6 дугаар сараас эхлэн Булган аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж эхэлсэн бөгөөд энэ эрүүгийн хэрэг сунжирч явсаар 7 жилийн дараа 2024 оны 8-р сард эцэслэн шийдвэрлэгдэж дууссан.

            Засаг даргын өөрийн санаачилгаар бүхэлд нь хүчингүй болгосон 64 дүгээр захирамжид Ц.Э, Н.Н нарын нэр, тэдний эзэмшил газрын нэгж талбарын дугаар, газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар зэрэг тодорхой орсон байсан. Харин Б\52 дугаар захирамжид нэхэмжлэгч нартай холбогдох дээрх мэдээллүүд тусгагдаж, уг захиргааны акт Ц.Э, Н.Н нарт хаяглагдаагүй боловч Б\52 дугаар захирамжаар “С” ХХК-д эзэмшүүлсэн 2070 га газарт нэхэмжлэгч тус бүрийн 100 га газар хамтдаа байгааг хэргийн хариуцагч, гуравдагч этгээд нар хүлээн зөвшөөрч байна. Иймээс нэхэмжлэгч нарт хаяглагдаагүй Б\52 дугаар захирамжийг дангаар нь хууль бус байсныг тогтоох нь ӨРӨӨСГӨЛ болох учир Засаг даргын 2015 оны 04 сарын 30-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай 64 дүгээр захирамжийн 1 дэх хэсэгт Ц.Эд олгосон 6307001683 нэгж талбарын дугаартай 100 га газар эзэмших эрхийн 000558433 дугаартай гэрчилгээ, Н.Над олгосон 6307001668 нэгж талбарын дугаартай 100 га газар эзэмших эрхийн 000558429 дугаартай гэрчилгээ болон холбогдох газар эзэмших гэрээг тус тус хүчингүй болгож. дээрх нэгж талбарын дугааруудтай газар эзэмших эрхийг уг захирамжийн 2 дахь хэсэгт “С” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр захирамжилсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчдийн тариалангийн газар давуу эрхээр эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож, 64 дүгээр захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь эрх зүйн үндэслэл, ач холбогдолтой.

            Дээрх үндэслэлээр Засаг даргын 64 дүгээр захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 заалтыг баримтлан Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2017.06.15-ны өдрийн Б\52 дугаар захирамж буюу маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосноор шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль, эрх зүйн шаардлагад бүрэн нийцнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг хэргийн хамгийн чухал нотлох баримт буюу нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.01,04-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол\ЗХ-124-134х\-ыг буруу үнэлсэн. Иймд давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 заалтыг тус тус баримтлан, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 158/ШШ2024/0028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1. Нэхэмжлэгч Ц.Э, Н.Н нараас Булган аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан “Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/52 дугаар захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

            2. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга нь 2015 оны 64 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нарт давуу эрхээр олгосон газар эзэмших эрхийг “С” ХХК-д шилжүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, ... “С” ХХК-ийг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хуулийн этгээд нэрийн дор олон удаа бусдад дамжуулагдан хууль бусаар худалдсанаар бизнес эрхлэгчид хууль бус ашиг орлого олох арга хэрэгсэл болгож, тариаланч иргэд хохирч, давуу эрхээр газар эзэмших эрхийг зөрчиж байна” гэж тайлбарлан маргаж байна.

            Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:

            3. “Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

          3.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж тодорхойлж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байх, уг хууль ёсны эрхийг зөрчсөн гэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа хууль бус байх тохиолдолд шүүх эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлж зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох үүрэгтэй.

          3.3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 38.2.1-т “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.3-д “Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасан.

            3.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Булган аймгийн Рашаант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Тариалангийн газрыг эзэмшүүлэх тухай” 12 дугаар тогтоолоор[1] газар тариалангийн салбарт он удаан жил тасралтгүй ажиллаж, түүний ургацын борлуулалтаас орлогоо олж байсан 46 иргэнд давуу эрхээр олгох газрын байршил, зориулалт, хэмжээ нэрсийг баталсны дагуу хавсралтын 11-д Н.Н, 26-д Ц.Э нар тус тус бичигдсэн байна.

            3.5. Тус тогтоолыг үндэслэн Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаартай захирамжаар[2] “сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх” үндэслэлээр нэхэмжлэгч Н.Над А гэх газарт, Ц.Эд Хө гэх газарт Үр тариа, төмс хүнсний ногооны зориулалтаар 100 га газрыг тус тус 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож, Ц.Эд газар эзэмших эрхийн 000558433 дугаар гэрчилгээ[3], Н.Над газар эзэмших эрхийн 000558429 дугаар гэрчилгээ[4] тус тус олгогдсон байна.

            3.6. Мөн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нүүдээр[5] нэхэмжлэгч Н.Н, Ц.Э нараас өөрийн эзэмшлийн 100 га талбай бүхий газрыг өөрийн хүсэлтээр “үйл ажиллагаа хамтран явуулахаар тохиролцсон” гэсэн үндэслэлээр  гуравдагч этгээд “С” ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байна.

            3.7. Улмаар сумын Засаг даргын маргаан бүхий 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дүгээр захирамжаар[6] нэхэмжлэгч нартай байгуулсан газар эзэмших гэрээ, гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, “С” ХХК-ийн нэр дээр шинээр гэрээ байгуулан, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг газрын даамалд даалгаж шийдвэрлэсний дагуу газар эзэмших эрхийн 0294877, 0294778, 0294879, 0294888 дугаар гэрчилгээнүүдийг олгосон байна.

            3.8. Нэхэмжлэгч нараас ийнхүү өөрсдийн эзэмшлийн газрыг “С” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуульд заасан журмын дагуу холбогдох шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээг өгсөн байх бөгөөд хариуцагч Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга нь энэхүү гэрээг үндэслэн “С” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

            3.9. Түүнчлэн аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Захирамж хүчингүй болгуулах тухай” А/36 дугаар захирамжаар дээрх маргаан бүхий 64 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. Гуравдагч этгээд “С” ХХК-аас тус захирамжийг эс зөвшөөрч Булган аймгийн Рашаант сумын Засаг даргад холбогдуулан “аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Захирамж хүчингүй болгуулах тухай” А/36 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан байх бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрлийн гэрээ байгуулж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 16 дугаартай захирамжаар эвлэрлийг баталсан байна.

            3.10. Ийнхүү Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар захирамжийг үндэслэн

Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын маргаан бүхий 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” Б/52 дугаар захирамжаар Үр тарианы зориулалтаар 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хө Г-н 52,53,55 тоот тариалангийн талбайд 2070 га газрыг “С” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 00321115, 000321117, 000321116 дугаарын гэрчилгээг тус тус олгосон үйл баримтууд тогтоогдож байна.

            3.11. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д “анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана”, 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заасан.

            3.12. Нэхэмжлэгчийн зүгээс “Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тус нэхэмжлэлд тавигдах тусгай шаардлага нь маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу дуусаагүй захиргааны акт байх ёстой. Шүүхээс эрх зүйн үйлчлэлтэй актыг л хүчингүй болгохоос бус эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон актыг хүчингүй болгох боломжгүй.

            3.13. Энэ тохиолдолд маргаан бүхий Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 64 дүгээр захирамжийг Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Захирамж хүчингүй болгуулах тухай” А/36 дугаар захирамжаар хүчингүй болгосон байх тул 64 дүгээр захирамжийн эрх зүйн үйлчлэл нь нэгэнт дуусгавар болсон бөгөөд шүүхээс энэхүү шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн зохицуулалт байхгүй.

            3.14. Иймд энэ талаарх анхан шатны шүүхийн “... тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай захирамжаар дээрх эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга нь 2017оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг гаргаж дээрх шүүгчийн захирамжийг биелүүлсэн үйл баримт тогтоогдсон. Тодруулбал: Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй Рашаант сумын Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 64 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж нь 2017 оны А/36 дугаартай захирамжаар хүчингүй болсон байх тул түүнийг дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            4. Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар захирамжийн Ц.Э, Н.Н нарт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий, хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын маргаан бүхий 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” Б/52 дугаар захирамжаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар захирамжийг үндэслэн Үр тарианы зориулалтаар 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хө Г-н 52,53,55 тоот тариалангийн талбайд 2070 га газрыг “С” ХХК-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн 00321115, 000321117, 000321116 дугаарын гэрчилгээг тус тус олгосон.

            4.2. Дээрх Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын маргаан бүхий 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар захирамж нь Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 тоот захирамжийг үндэслэж гаргасан болох нь тогтоогдсон байна.

            4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус маргаан бүхий захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох”-оор маргаж байх бөгөөд   Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар захирамжийг “хүчингүй болгуулах” шаардлага гаргаагүй, мөн тус захирамжийн эрх зүйн үйлчлэл дуусгавар болоогүй байх бөгөөд шүүгчийн захирамжийг биелүүлэх хүрээнд гаргасан Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын маргаан бүхий 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/52 дугаар захирамжийг шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар маргаан бүхий, хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоох үндэслэлгүй байна.

            4.4. Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор “...   Шүүгдэгч Б овогт Б-н З-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж хохирогчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,   Шүүгдэгч П.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Ц.С-д нарт холбогдох эрүүгийн 201706000170 дугаартай хэргээс Ц.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.З, П.Х нараас 11000000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Ц.Э-д 5.500.000 төгрөг, Н.Н-д 5.500.000 төгрөгийг олгож” шийдвэрлэснийг аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ДШМ/15 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолын шийдлийг хэвээр үлдээсэн байна

4.5. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Н.Н, Ц.Э нар нь гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмнөх удирдлага болох П.Х, Б.З нарыг бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, тэдний эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцсон эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдсон байх бөгөөд тус Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2024/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд Н.Н, Ц.Э нарт тус тус 5.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн олгуулахаар шийдвэрлэсэн байна.

4.6. Анхан шатны шүүхээс “... Б/52 дугаар захирамж нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаартай захирамжийг биелүүлж гаргасан захиргааны акт байна, ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсгүүдэд зааснаар захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол дээрх шаардлагыг гаргахаар заажээ. Тодруулбал: Дээрх зохицуулалт нь -  эхлээд нэхэмжлэгч Засаг даргын 2017 оны Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг шүүхэд гаргасан байх, -  хоёрдугаарт хариуцагчаас уг захирамжийг хүчингүй болгосон, эсхүл цуцалсан шийдвэр гаргасан, эсхүл бусад байдлаар тухайн Б/52 дугаар захирамжийг хэрэгжүүлснээр тус захирамжийн хууль зүйн үйлчлэл зогссон байхыг шаардаж байх ба -  эцэст нь нэхэмжлэгч тус Б/52 дугаартай захирамжийг хүчингүй болгох гэх шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчлөн маргаанаа үргэлжлүүлэн шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг олгосон зохицуулалт, ... Булган аймгийн Рашаант сумын Засаг даргын 2017 оны Б/52 дугаартай захирамж нь өнөөдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй байгаа, нэхэмжлэгч нар болон тэдгээрийн төлөөлөгчөөс түүнийг хүчингүй болгуулах шаардлагыг гаргаагүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

            Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн  120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

   ШҮҮГЧ                                                                   Ц.САЙХАНТУЯА

   ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 2 дахь хавтас, 99 дэх тал

[2] Хэргийн 2 дахь хавтас, 9 дэх тал

[3] Хэргийн 2 дахь хавтас, 166 дахь тал

[4] Хэргийн 2 дахь хавтас, 141 дэх тал

[5] Хэргийн 2 дахь хавтас, 145, 170 дахь талууд

[6] Хэргийн 2 дахь хавтас, 106 дахь тал