Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ггийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Д, И.Б, Б.Г болон НЗДд тус тус холбогдох

 

2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 523 тоот захирамж гарахаас өмнө хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах бүх аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх тухай маргаантай хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Г болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.Г нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 45 дугаар гудамжны ..........тоот газрын хамтран өмчлөгч байсан бөгөөд амьдралын шаардлагаар 2007 онд Солонгос Улс руу яваад 2008 онд ирэхэд эзгүй хойгуур нь төрсөн дүү Б.Г нь И.Б гэдэг хүнд газрынхаа талыг нь худалдсан болохыг олж мэдсэн байдаг. Ингээд өөрийн эд хөрөнгөө буцаан авахаар цагдаа, шүүхийн байгууллагаар олон жил хөөцөлдөж хамгийн сүүлд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улсын ерөнхий прокуророос “өмчлөлөө иргэний шүүхээр тогтоолго” гэсэн хариу авсан. Үүнээс өмнө Захиргааны хэргийн шүүхээр 4 жил хөөцөлдөөд хамгийн сүүлд Гомбодоржийг өмчлөгч биш гэсэн шийдвэр гарсан бөгөөд Цагдаагийн байгууллагаар яваад Гомбодоржийн өмчийг бусдад зөвшөөрөлгүй худалдсан асуудлыг шалгахад бас л “өмчлөлөө тогтоолго” гэсэн. Уг газрын бичиг баримт нь нэхэмжлэгчид байсан бөгөөд тэрээр өөрөө гадаадад байсан учир заавал өмчлөлөө тогтоолгох шаардлагагүй гэж бодоод хөөцөлдөхөд эрх мэдэлтэй хүний хамаатан болох И.Б гэгч хүний танил талын нөлөөллөөс болж нэхэмжлэгч нь өөрийнхөө өмчийг өмчилж байсан болохоо тогтоолгох шаардлага үүслээ. Б.Г, И.Б, П.Д нар нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл болох газрыг худалдахдаа амаар тохироод дараа нь мөнгө хүлээлцсэн хэлцэл хийсэн байдаг. НЗД 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамж гаргахдаа 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хэлцэл хийгдсэн байхад газрын албаны ажилтан Ш.Мааний гэдэг хүний хууль бус баримтыг үндэслэн газар өмчлөх эрхийг хариуцагч И.Б, П.Д нарын нэр дээр хууль бусаар гаргасан байдаг. Иймд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 тоот захирамж гарахаас өмнө 10 дугаар сард хийгдсэн газар худалдах, худалдан авах харилцаатай холбогдон хийгдсэн аман болон бусад хэлбэрээр Б.Г, И.Б, П.Д нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах бүх хэлцлийг хүчингүйд тооцож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Б.Г 2007 оны намар иргэн И.Бод өөрийнхөө хашааны хагас газрыг 2 давхар байшингийн хамт 3 700 000 төгрөгөөр үнэ тохирч зарахаар болсон бөгөөд тухайн үед 1 000 000 төгрөгийг урьдчилан авсан байсан. Биднийг наймаа хийх үед ах Б.Г БНСУ-д ажиллаад эзгүй, ээж Лхагва 11 дүгээр хороололд бие нь муу бусдын асрамжид байсан. Тэд хашаа байшин зарахыг зөвшөөрдөггүй байсан. Ингээд Чингэлтэй дүүргийн газрын албаны Загдсамбар гэдэг хүн дээр очиход хамтран өмчлөгч нар зөвшөөрсөн тохиолдолд бусдад шилжүүлдэг түүнээс бусад тохиолдолд болохгүй гэсэн. Би хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлгүй болохоор болохгүй юм байна гэдгийг нь мэдээд “газраа зарахаа болилоо” гэхэд Баттогтох нь манай хамаатан газрын албанд ажиллаж байгаа гээд “газрын албан дээр очье” гэсэн. Тэгэхэд Мааний гэдэг хүн “чи хүүхдийн мөнгө авчихаад юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний бичиг баримтыг аваад сейфэндээ хийчихсэн. Тэгээд газрын гэрчилгээгээ хаячихсан гэж бичүүлж авсан бөгөөд би И.Бын зааварласнаар газрын гэрчилгээг хаяж гээгдүүлсэн гэж хэлээд шинээр гаргуулсан. Үүнээс хойш удалгүй И.Б надтай тааралдаад хашааг 2 хуваагаад нэг нь над дээр нөгөө нь таны нэр дээр гарчихсан байна. Мааний ахаас “хашааныхаа бичгийг аваарай гэсэн, бичиг баримт гаргахад 100 000 төгрөг ордог юм байна би тэр мөнгийг чинь Мааний ахад өгчихсөн шүү” гэсэн. Хэд хоногийн дараа Мааний гуайтай уулзахад “одоохондоо бичиг баримт чинь гараагүй байна хэд хоногийн дараа гарчихнаа тэгээд аваарай” гэсэн. 2-3 хоногийн дараа очиход Мааний гуай надад газрын гэрчилгээ өгсөн. Дараа нь И.Б надад Мааний ах 100 000 төгрөг авчихсан үлдсэн нь энэ гээд 2 600 000 төгрөг өгсөн. Тэгээд бид мөнгө хүлээлцсэн хэлцэл хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна ...” гэжээ.

 

Хариуцагч И.Б, П.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Б.Г нь П.Д, И.Б, Б.Г нарт холбогдуулан 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах аман гэрээг хүчингүйд тооцуулан, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 10 дугаар сард хийгдсэн бүх аман хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байдаг. Хариуцагч П.Д нь нөхөр И.Бын хамт 2007 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамжны ......... тоот хашааны газрыг хэсэгчлэн 3 600 000 төгрөгөөр худалдан авч, Б.Гид уг мөнгийг хүлээлгэн өгсөн байдаг. Иргэн Б.Г нь дээрх хашааны газрыг хэсэгчлэн худалдан авсан хэлцлийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Чингэлтэй дүүргийн, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамж, 527 тоот хашааны газрыг хэсэгчлэн иргэн П.Д /И.Б/-д худалдсанаар өмчлөх эрх нь зөрчигдсөн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгч Б.Г нь тухайн газрын өмчлөгч мөн эсэх, өмчлөх эрх нь хууль ёсны дагуу үүссэн эсэхийг тогтоох нь зайлшгүй юм. Иргэн Б.Г нь Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн И.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Лхагва, Б.Г нарын газар өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдөр шүүх хянан хэлэлцэж, 180 дугаар шийдвэрээр иргэн Б.Г С.Лхагва, Б.Гид Чингэлтэй дүүргийн, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамжны .......... тоот хашааны газрыг өмчлөх эрх үүсээгүй болохыг тоггоосон байна. Энэхүү шийдвэрээр иргэн Б.Г, С.Лхагва нь Нийслэлийн газрын албанд хандан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр авсан боловч Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан. Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасны дагуу Б.Г, С.Лхагва, Б.Г нар нь газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүйгээс тухайн иргэдэд өмчлөх эрх үүсээгүй байсан нь тогтоогдож байна хэмээн дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны 111 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны 169 дүгээр тогтоолуудаар тус тус эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн иргэн Б.Г нь 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч Ч.Батбилэгт хандан, өвлөх эрхийн гэрчилгээг 700 м.кв газрын 33.3 хувь дээр гаргуулсан байсан тул иргэн П.Д нь уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2094 дугаар шийдвэрээр нотариатч Ч.Батбилэгийн Б.Гд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 005 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Уг Б.Гд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл, 005 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэлцлийн дагуу газрын өмчлөгчөөс Б.Г, С.Лхагва нар хасагдаж, Б.Г Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47-527 тоот хаягт 387 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, И.Б Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47-527А тоот 403 м.кв газрыг өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 10 дугаар сарын 08-ны өдөр авсан, П.Д нь И.Боос газрыг шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр авсан болох нь гэрчилгээнүүдээр тогтоогдож байна гэж дүгнэсэн байдаг. Б.Г, Б.Г нар нь уг хашааны газрыг бусад худалдахаар эртнээс тохиролцож зар тавьсан гэж түүний ах Б.Г нь тухайн үедээ П.Д, И.Б нарт ярьж байсан бөгөөд Б.Г ч БНСУ-аас ирсэн даруйдаа хашааныхаа газрыг хэмжин хувааж, хашаа барих газрыг тэдэнд зааж өгч бариулсан байдаг. Ийнхүү нэхэмжлэгч Б.Г нь худалдах, худалдан авах хэлцлийг хожим дэмжин зөвшөөрч хашааны газраас өөрт ноогдох хэсгийг нэр дээрээ шилжүүлэн авч, бусдад худалдсан болох нь дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд: Иргэн Б.Г, И.Б нарт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар газрыг хуваан өмчлүүлсэн шийдвэр болон 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгогдсон 000040403 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг зөвшөөрсний үндсэн дээр 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б.Г, С.Лхагва нарыг хамтран өмчлөгчөөс хасуулах хэлцэл үйлдэн хашааны үлдсэн газар болох 387 м.кв газрыг Б.Г нь өөрийн нэр дээр шилжүүлэн авч 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 000041885 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байдаг. Нэхэмжлэгч Б.Г нь өөрийн шилжүүлэн авсан хашааны газрын урд хэсэгт байрлах байшингийн сууриар буюу 78 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хүсч Чингэлтэй дүүргийн газрын албанд 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл гарган газар эзэмших эрхийн 0251560 дугаар гэрчилгээг 2009 оны 7 дугаар сарын 02-ны өдөр гаргуулан авсан байна. Б.Гоос шилжүүлэн авсан хашааны газар болон байшингаа 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсны дараа 9,500,000 төгрөгөөр БНСУ-ын “Гууд нэйборс” ТББ-д худалдсан байдаг. Иргэн Б.Ггийн хашааны газраас хэсэгчлэн П.Д, И.Б нарт худалдсан болохыг мэдэж хүлээн зөвшөөрсөн тухайд Захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 180 дугаар шийдвэрт Б.Г нь 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргаас Согоотын 47-527Б тоотод ам бүл 1 оршин суудаг гэсэн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн газрын албанд миний бие Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47- 527Б тоотод 8x8 метрийн харьцаатай байшинд амьдардаг юм. Байшингийн суурийн 78 м.кв газарт газар эзэмших гэрчилгээ олгож өгнө үү гэж 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргасан өргөдөл, 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн 18640316995623 дугаартай кадастрын зураг зэрэг баримтаас үзвэл маргаан бүхий газар нь 527 тоот хаягтай байсан нь 527А, 527Б гэсэн хаяг бүхий 2 тусдаа хашаа болсныг хүлээн зөвшөөрч дээрх үйлдлүүдээр хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлалд: "... хэдийгээр хамтран өмчлөгч нарын зөвшөөрлийг бичгээр аваагүй боловч хамтран өмчлөгч нар нь өөрсдийн газрыг бусдад шилжүүлсэн болохыг мэдсэн хирнээ энэ асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргаж байгаагүй байна. Хашаа нь 2 хуваагдаж 527А, 527Б гэж 2 өөр тусдаа хаяг бүхий хашаа болж, 2007 оноос хойш И.Б маргаан бүхий хашаанд амьдарч байгааг мэдэж байсан болох нь 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Чингэлтэй дүүргийн газрын албанд газар эзэмших гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл мөн 2009 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийлгэсэн кадастрын зураг, 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна гэсэн байдаг. Мөн Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2011 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоолд: “...Б.Г 2008 оны 5 дугаар сард БНСУ-аас ирээд өөрийн өмчлөлийн газраа бусдад зарагдсан болохыг мэдсэн гэх боловч зөрчигдсөн эрхийг хамгаалуулах талаар хуульд заасан хугацаанд эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, өөрийн байшингийн сууриар буюу 78 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар захирамжийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 1251560 дугаар гэрчилгээ авч, үлдэх газрыг төрийн бус байгууллагад эзэмшүүлсэн, Согоотын 47 дугаар гудамжны ....... тоот хашааны газар нь 527А, 527Б гэсэн 2 өөр хаяг бүхий хашаа болж хуваагдсан, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Ггийн 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр мөн дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл зэргээс үзэхэд хамтран өмчлөгч нар Б.Гийн бусдад газар эзэмшүүлэх тухай хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн шинжтэй байна гээд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэслэлтэй дүгнэлтийг хийсэн байна ...” гэж дурдсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж зааснаар иргэн Б.Г нь Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамжны ...... тоот газраас өөрт ноогдох газрын өмчлөх эрхээ “Гүүд нейборс” гэх ТББ-д худалдсан, эх С.Лхагва нь нас барсан, ах Б.Г нь худалдсан газрын хувьд маргаагүй байх тул хашааны газраас өөрт ноогдох хэсгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч захиран зарцуулсан Б.Ггийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө хийгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах бүх аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэнэ гэж тодруулсан учраас хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд нэхэмжлэгч Б.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “... Маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Согоотын 47 дугаар гудамжны 527 тоот хаягт байрлах 700 м.кв хэмжээтэй газрыг иргэн Б.Гид Нийслэлийн Засаг даргын 2004 оны 522 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлсэн бөгөөд хамтран өмчлөгчөөр Б.Г, С.Лхагва нар бүртгэгдсэн байна. Б.Г өөрийн өмчийн газраас иргэн И.Бод зарим хэсгийг шилжүүлэн өгөхөөр иргэний хэлцэл хийсэн материалыг үндэслэн 2007 оны 523 дугаар захирамжаар уг газрыг 527Б, 527А гэсэн хаягтай хоёр газар болгон хувааж 527А хэсгийг иргэн И.Батгогтоход өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэн Б.Г, С.Лхагва нар нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн иргэн И.Бод холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Улмаар 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 180 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоолуудаар тус тус эцэслэн шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын захирамж хууль зөрчсөн эсэх талаар маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байх тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж буй иргэн Б.Ггийн нэхэмжпэлтэй Б.Г, И.Б, П.Д, НЗД нарт холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн Засаг даргын үйлдэл, эс үйлдэхгүйтэй холбоотой маргаан хэлэлцэхгүй. Энэ маргаан нь иргэд хоорондын хэлцэл хийсэнтэй холбоотой маргаан бөгөөд уг маргааны оролцогч нь НЗД биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Г, П.Д, И.Б, НЗД нарт холбогдох 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн захирамж гарахаас өмнөх үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах аман бүх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэхийг хүссэн Б.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 182/ШШ2018/00060 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Шүүхийн шийдвэрийн 10-р хуудсанд шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 79-р зүйлд заасны дагуу тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй” гээд хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Гомбосүрэн 2008 оны 5 дугаар сарын 30-нд Солонгосоос ирсэн МХГ-т 2010 оны 11 дүгээр сард гомдол гаргасан. МХГ-аас 2011 оны 1 дүгээр сарын 11-нд хариу өгсөн. Захиргааны шүүхэд 2011 оны 1 дүгээр сарын 13-нд нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 180 дугаар шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 111 дүгээр магадлал, Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 169 дүгээр тогтоол, Иргэний шүүхэд 2011 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан. Улсын Дээд шүүхийн иргэний танхимын тогтоол 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 228 тоот тогтоол гарсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19522 тогтоол, 2015 оны 12 дугаар сарын 14-нд цагдаад гомдол гаргасан, 2017 оны 5 дугаар сарын 8-нд цагдаад гаргасан гомдлын хариуг прокуророос өгсөн. 2017 оны 5 дугаар 15-нд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Дээрх гомдол, нэхэмжлэл гаргаж байсан хугацаанд хэзээ, хаана нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад байгааг ойлгохгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ...” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч П.Д, И.Б, Б.Г болон НЗДд холбогдуулан 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 523 тоот захирамж гарахаас өмнө хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах бүх аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

 Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 47 дугаар гудамж ........ тоотод байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар Б.Г, Б.Г, С.Лхагва нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Уг газраас 403 м.кв талбайтай газрыг хариуцагч Б.Г нь 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч П.Д, И.Б нарт худалдах, худалдан авах гэрээгээр худалдаж, худалдан авагч нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

 Нэхэмжлэгч нь өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... уг 403 м.кв бүхий газрыг бусдад худалдахдаа хамтран өмчлөгч болох миний зөвшөөрлийг аваагүй” гэж тайлбарласан нь Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгээр тогтоогдож байна. Гэвч хариуцагч буюу маргаан бүхий газрыг худалдан авагч П.Д, И.Б нар нь 403 м.кв бүхий газрыг өмчлөх эрхийн зөрчилтэй байсан буюу хамтран өмчлөгчөөр Б.Г бүртгэлтэй байсан гэх нөхцөл байдлыг мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэлгүй юм.  Учир нь хариуцагч Б.Г нь маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээг үрэгдүүлсэн үндэслэлээр дахин гэрчилгээ авахдаа газраа 2 хувааж гэрчилгээ гаргуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч П.Д, И.Б нар нь 2 хуваагдсан буюу Б.Гийн өмчлөлийн 403 м.кв газрыг тухайн өмчлөгчөөс нь худалдан авсан байна.

 

            Иймд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй талаар Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч нараас газар өмчлөх эрхээ сэргээлгэхийг шаардах эрхгүй болно.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой гаргах үүрэгтэй. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 тоот захирамж гарахаас өмнө хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах бүх аман гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, ямар хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас ямар үр дагавар үүсгэх гэж буй нь тодорхой бус байна. Иймд анхан шатны шүүх НЗДд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөвтгөн өөрчлөв.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 182/ШШ2018/00060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.2, 243 дугаар зүйлийн 243.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 93 дугаар зүйлийн 93.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ           

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ