Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2019/02502

 

2019 оны 09 сарын 23 өдөр                   Дугаар 102/ШШ2019/02502                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Т,

Нэхэмжлэгч: Ц.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Г,

 

Хариуцагч: Г.С нарт холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэл: Түрээсийн орлогоос ногдох хэсэгт Д.Тд 38.568.192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөр 7.000.000 төгрөг гаргуулах, Ц.Цнь 30.000.000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38.568.192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

  

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Д.Тд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, 1.110.237 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх 2014 оны 4 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Түүнээс хойш нэлээн олон удаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2019 оны 6 сард нэхэмжлэлийн шаардлагаа сүүлийн байдлаар тодорхойлсон. Маргаан бүхий байрыг манай гэр бүлийн хөрөнгөөр худалдаж авсан. Манай аав Д.Д, ээж Ц.Цнар 9 хүүхэдтэй. Би 7 дахь хүүхэд. 1993 онд аав, ээж минь хүүхдүүдийн хамт гэр бүлийн Өвлөх урлахуй хувиараа эрхлэх аж ахуйг байгуулсан. Бага оврын гурилын цех, барааны савангийн үйлдвэрлэл зэргээс Өвлөх урлахуй ХХК-ийн хөрөнгө болгосон. 2001 онд жолооны курс ажиллуулах зөвшөөрөл авч, Архангай аймгийн Жант суманд курс нээж ажиллуулсан. 2002 онд Дундговь аймгийн Адаацаг суманд жолооны курсын 2 төгсөлт хийсэн. Маргааны бүхий байрны ихэнх төлбөрийг жолооны курсээс олж, үлдсэн төлбөрийг Номин юнайн ББСБ ХХК-иас зээлж, төлсөн. 2004, 2005 он хүртэл жолооны курс ажиллаж, сүүлдээ зардал нь ихсэж, ашиг нь багассан. Би 2005 онд маргаан бүхий байранд өргөтгөл барьсан. Энэ байдлыг хариуцагч Л.Г, Г.Снар зөвшөөрсөн. Тухайн үеийн сарын дундаж цалин 80.000-100.000 төгрөг байсан. Би аавтай тохирч, жолооны курсэд дүрэм, жолоо заадаг байсан. Жолооны курсэд аав, төрсөн ах Д.Туул, 2 хүргэн ах нар багшаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс дром дээр багшилж, би хотын жолоонд бүх сонсогчийг авч явдаг. Нэлээн өндөр ачаалалтай ажилладаг байсан. Мөн курсэд ашиглах машинуудыг өөрийн хөдөлмөрөөр бий болгож, нэмсэн. Тухайн үед талийгаач эгч Хадгаламж зээлийн хоршоонд байр барьцаалж 5.000.000 төгрөг авч, н.Дондов, н.Энхтуяа гэх хүмүүст алдсан. Эгчийг нас барах үед байрны гэрчилгээ Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан. н.Дондов, н.Энхтуяа нарт холбогдох 20 гаруй хохирогчтой Эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдсэний дараа байр чөлөөлүүлж авна гэж ойлгож байсан. Сүүлд Л.Г надтай, ээжтэй тохирч, байрыг баараар ажиллуулъя. н.Баатархүүд газар авч, нэг өрөө байр авахаар болсон. Байраа чамд өгье. Ээжид 30.000.000 төгрөг өгье, өмчлөх эрхээсээ татгалзаач гэсэн. Л.Г дээрх тохиролцоог биелүүлнэ гэж явсаар 2014 он хүргэсэн. 2014 оны сүүлээр би амласан зүйлээ өгч чадахгүй, асуудлыг шүүхээр шийдүүл гэснээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Л.Гийг шүүхээр асуудлыг шийдүүлье гэж хэлэх хүртэл тэвчээртэй хүлээсэн. Энэ хугацаанд Л.Г маргаан бүхий байрыг бусдад түрээслэх, цэцэрлэгчийн үйл ажиллагаа явуулах зэргээр нэлээн ашиг олсон. Би Л.Гөөс байрны ашгаас нэг ч төгрөг аваагүй. Хамтран өвчлөгч намайг эсэргүүцсээр байтал одоо хүртэл байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Миний өмчлөх эрх өнөөдрийг хүртэл хөндөгдөж байна. Л.Г Мэргэжлийн хяналтад ажиллаж байхдаа дарга н.Жыг зодож, н.Ж өш санаж, Өвлөх урлахуй ХХК-иар оролдсон. Үнэмлэхээ хүлээж байсан хүмүүсийн үнэмлэхийг гаргахгүй жил шахам болж, шалгалт өгөхөөр төлбөр тушаасан хүмүүсийн шалгалтыг өгүүлэхгүй дарамталсан. Энэ асуудлаас болж олон хүмүүсийн төлсөн сургалтын төлбөрийг буцааж өгч байсан. Эгч 2005 оны 12 сарын 14-ны өдөр нас барсан. 2006 оноос 2011 он хүртэл Өвлөх урлахуй ХХК-ийн жолооны курсыг дунд эгч Д.Тажиллуулсан. Манай гэр бүлийнхэн ээлжилж байр хардаг байсан. Анх байр, өргөтгөлийг жолооны курсын сургалтын танхимаар тохижуулсан. 2006 оны 5, 6 сараас баарны зориулалтаар өөрчилж засварласан. Аавын УАЗ-469 машиныг 4.500.000 төгрөгөөр зарж, эгч Д.Тунамалаас 2.500.000 төгрөг авч нийт 7.000.000 төгрөгөөр тохижилт, засварын ажил хийсэн. Миний 4, 5 сар зарцуулж, 7.000.000 төгрөгөөр хийсэн тохижилт, засварыг Л.Г, Ж.М нар зөвшөөрөөлгүй өөрчилж, цэцэрлэг болгосон. 2007 онд Л.Г надад маргаан бүхий байрыг баар, рестораны чиглэлээр ажиллуулъя. Би н.Баатархүү гэх хүнд газар өгсөн. 25 дугаар эмийн сангийн ойролцоо 5 давхар байр баригдаж байгаа. Тэндээс чамд нэг өрөө байр өгье гэж хэлсэн. Л.Г намайг цалингүй ажиллаж байсан, өргөтгөл барьсныг мэдэж байгаа. Тухайн үед н.Баатархүү байраа өгөхгүй байна. Хэсэг хугацаанд хүлээгээч гэсээр 2009 оны 2 сар хүрсэн. 2009 онд өв нээлгэж, Л.Гийн хамт нотариат орж, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт мэдүүлэг бөглөж, 4 хүний нэр дээр гэрчилгээ гарсан. Надад тухайн үед хуулийн мэдлэг байгаагүй, нотариатчийн хэлсэн бичиг баримтыг бүрдүүлж, Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар очсон. Улсын бүртгэлээс бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангаж байна гэсэн. Тухайн үед нотариат, улсын бүртгэлийн газарт Л.Гийн хамт очиж, гэрчилгээнд нэрээ оруулсан. 2007 оны 11 сард Л.Г ээжид 30.000.000 төгрөг өгнө гэж амласан ч өгөхгүй болохоор нь 2008 онд хэлцлийг нотариатаар баталгаажуулсан. Манай аав, ээж 2 талийгаач эгчийн хууль ёсны 1 дүгээр үеийн өв залгамжлагч нар. Би 2 дугаар үеийн өв залгамжлагч. Маргаан бүхий 60 дугаар байрыг бий болгоход миний маш их хөдөлмөр орсон. Би байгаагүй бол 60 дугаар байрыг худалдаж авах боломж байгаагүй. Өглөө 3, 4 машины сонсогч нарыг ээлжээр авч, шөнө дунд хүртэл хотын жолоонд дадлага хийлгэдэг байсан. Орой 17-20 цаг хүртэл өдөр бүр дүрэм заадаг байсан. Жил гаран хугацаанд ингэж ажиллаад ядаргаанд орж, сувилалд хэвтэж байсан. Гэтэл Л.Г ганц ч тоосго нэмэрлээгүй. Би гэр бүлийн бизнест гүйцэтгэх ажил хийдэг. Талийгаач эгч н.Тунгалаг, эгч н.Тунамал нар урдаас хэд хэдэн удаа барилгын материал зөөсөн. Ганц нэг удаад Л.Г хань болж явсан байх. Урдаас материал авахад гарсан зардлыг жолооны курсын орлогоос гаргаж байсан. 2007 оны 11 сард Л.Г надад нэг өрөө байр өгнө гэсэн учраас би маргаан бүхий байрыг хүлээлгэж өгсөн. Байраа өгөхгүй 2009 оны 02 сард хүртэл явсан. Эхлээд юу юугүй байр шилжүүлж авах гэж байна гэсэн. Дараа нь н.Баатархүү олдохоо больчихлоо, шүүхээр эрэн сурвалжлуулж шийдвэр гаргуулсан гэсэн. Байр өгнө тохиролцоо бүтэхгүй болохоор хэн хэн нь зөвшөөрч би гэрчилгээнд нэрээ оруулсан. Л.Г миний оролцоог мэдэх учраас надад нэг өрөө байр өгнө гэсэн. Байрны асуудал бүтэхгүй болохоор миний нэрийг үл хөдлөхийн гэрчилгээнд оруулсан. Ээжид 30.000.000 төгрөг өгнө гэсэн. Чамд нэг өрөө байр өгөх учраас аавыг өвлөх эрхээс татгалзуулж өгөөч гэсэн. Би аавд энэ талаар хэлж өвлөх эрхээс нь татгалзуулсан. Л.Г ч гэсэн аавтай уулзаж тохиролцож байсан. 2011 оны 08 сарын 05-ны өдөр манай аав өвчний улмаас нас барсан. Аавыг нас барах хүртэл Л.Г цагаан сараар очиж золгодог байсан. 2009 онд Гүнтэд байшингийн торх байсныг буулгахад Л.Г аавтай хамт явсан. Өмнөх хурал дээр Л.Г аавыг 2008 онд нас барсан, 2011 онд нас бараагүй гэж худал мэдүүлсэн. Л.Г улаан цагаан худал ярьж, гүтгэж байна. Холбогдох газруудын зөвшөөрлийн дагуу өргөтгөл баригдсан. 2009 оны 02 сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд байрнаас өөрт ногдох үр шим, олох байсан түрээсийн орлого 18.187.000 төгрөгийн 1/5 хувь 3.637.400 төгрөг, 2013 оны 08 сараас цэцэрлэг ажилласан. Цэцэрлэгийн сарын түрээсийн дундаж орлого 2.392.520 төгрөгийг 73 сард үргэлжлүүлж 174.653.960 төгрөг болно. Уг мөнгийн 1/5 хувь 34.930.792 төгрөг, нийт 38.568.192 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 60 дугаар байрны 111 тоотод 2 өрөө орон сууц, өргөтгөлийн хууль ёсны өмчлөгчөөр Ц.Ц, Д.Т нарыг тогтоох. Хууль ёсны өмчлөгч Д.Т миний зөвшөөрөлгүй маргаан бүхий орон сууц, өргөтгөлд хариуцагч Л.Г өнөөдрийг хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан тул хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэх. 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ц.Цөвлөгчөөс татгалзсаны хариу төлбөрт Л.Гөөс 30.000.000 төгрөгөөр авахаар тохирч, хэлцэл байгуулж, нотариатаар батлуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Л.Г хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул н.Цэвэлсүрэнгийн өмчлөх эрхийг сэргээлгэх. 2009 оны 2 сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Цд маргаан бүхий байр, өргөтгөлөөс өөрт ногдох үр шим, бусдад түрээслүүлсэн орлого болох 18.187.000 төгрөгийн 1/5 хувь болох 3.637.400 төгрөг, 2014 оны 08 сараас өнөөдрийг хүртэл 73 сар, сарын 2.392.520 төгрөг, нийт хугацаагаар үржүүлж 174.653.960 төгрөгийн 1/5 хувь болох 34.930.792 төгрөг, нийт 38.568.192 төгрөгийг хариуцагч Л.Гөөс гаргуулж өгнө үү. 6 дахь шаардлага нэхэмжлэгч Д.Т миний зөвшөөрөлгүй, гуравдагч этгээд Ж.М цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулсан. Би 2007 онд 7.000.000 төгрөг гаргаж кафе, баарны зориулалтаар тохижуулсныг надад хэлэхгүйгээр өөрчилсөн тул 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: 2007 оны 11 сард би Л.Гт байр хүлээлгэж өгсөн. 2007 оны 11 сарын сүүлээр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас манайх руу Талийгаачийн аав, ээж хоёр маргаан бүхий байрны хууль ёсны өвлөгч нар юм байна. Байрны өвлөх эрхийн гэрчилгээнд нэрээ оруулахгүй татгалзсан юм уу гэж утсаар асуухад Бид нар өвлөх эрхээсээ татгалзаагүй гэж хэлсэн. Биднийг Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас ирж уулз гэсэн. 2007 оны 12 сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар албан бичиг өгсөн нь шүүхэд нотлох баримтаар авагдсан. Л.Г бид нарт мэдэгдэхгүйгээр Эрүүгийн хэргийн асуудал дуусаагүй байхад Хадгаламж зээлийн хоршоонд 3.000.000 төгрөг өгч, үл хөдлөхийн гэрчилгээ авсан байсан. Л.Г гэрлэлтийн гэрчилгээ, үл хөдлөхийн гэрчилгээ зэргээр Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газраас үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахаар хандахад Үл хөдлөхөөс талийгаачийн аав, ээж нар байдаг юм байна гээд манай руу утсаар холбогдсон байсан. Аав, ээж өвлөгч нар гэснээр Л.Гт тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гараагүй. 3 хүний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гарсныг би мэдээгүй. Харилцан тохиролцож, 2009 оны 02 сард нотариат дээр очиж, өвлөх эрхийн гэрчилгээ батлуулсан. Нотариатаас Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газарт очиж, 4 хүний нэр дээр гарах гэрчилгээний материал өгсөн. Тухайн үед Үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан бүрдүүлсэн материал хуулийн шаардлага хангасан байна гээд авсан. Нарлаг 60 СӨХ-ны нягтлан бодогч н.Баярмаа гэх хүний 2 охин манайд 2007 оны 11 сар хүртэл бармен, зөөгчөөр ажиллаж байсан. Намайг тооцоо хийхэд СӨХ-оос ээж орж ирээд СӨХ-ны мөнгө авсан гээд баримтыг нь өгч байсан. Орон сууцны контороос дулаан, ус, цахилгааны мөнгө нэхэж ирэхээр нь өгсөн гэдэг байсан. Ашиглалтын зардал төлж байсан талаарх баримт гаргуулахаар СӨХ, Орон сууцны конторт хандахад өр, төлбөргүй гэсэн хариу өгдөг. Гэхдээ миний болон н.Баяраа гэх хүний охины тушаасан гарын үсэгтэй баримтууд архивлагдаагүй, алга болчихсон байсан. Л.Гийн оролцоотой миний ашиглалтын зардал төлсөн баримтыг авсан гэж би хардаж байгаа. Намайг 2007 оны 11 сард Л.Гт байр хүлээлгэж өгөхөд ямар ч өр төлбөр байгаагүй. 2008 оны 02 сараас хойш Нарлаг 60 СӨХ үйл ажиллагаа явуулахаа больсон байсан. 2007 онд Л.Г надаас байр аваад бусдад түрээслүүлсэн байсан. Тэр хугацааны төлөгдөөгүй төлбөрийг надаас нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий байр талийгаач Д.Тунгалагийн нэр дээр байсан. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаачийн хууль ёсны өв залгамжлагч нөхөр Л.Г, түүний 2 хүүхэд, эцэг, эх Д.Д, Ц.Цнар юм. 2005 онд талийгаачийг нас барах хүртэл маргаан бүхий байранд Өвлөх урлахуй гэр бүлийн бизнесийн жолооны курс үйл ажиллагаа явуулж байсан. 2006 оны 06 сараас эхлэн Д.Т байранд кафе, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар засварын ажил хийсэн. Талийгаачийг амьд сэрүүн байхад байр Хадгаламж зээлийн хоршооны барьцаанд байсан. Хэдийгээр талийгаач нас барсны дараа эцэг, эх нь өв залгамжлах хүсэлт гаргаагүй ч тухайн үед байранд үйл ажиллагаа явуулж байсан. Мөн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас талийгаачийн аав, ээж хууль ёсны өвлөгч нар болох нь нотлогдож байна. Л.Г амаар Д.Дыг өвлөх эрхээс татгалзуулж, оронд нь Д.Тийг өвлөх эрхийн гэрчилгээнд оруулсан. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 43 дугаар зүйлийн 43.3-д тус тус зааснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан. Иймд Д.Т үл хөдлөхийн хууль ёсны өмчлөгч юм. Л.Г н.Цэвэлсүрэнг хууль ёсны өвлөгчөөс татгалзуулж, 30.000.000 төгрөг өгөхөөр тохирч, хэлцлийг нотариатаар батлуулсан. Л.Г 30.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд өгөөгүй. 2011 онд талийгаачийн аав Д.Д нас барах хүртэл Л.Г 30.000.000 төгрөг өгнө гэсэн байр суурьтай байсан ч өөрчлөгдөж мөнгө өгөхгүй гэснээр нэхэмжлэгч 2014 онд шүүхэд хандсан. Иймд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хууль ёсны өмчлөгч Ц.Цгийн өмчлөх эрхийг сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. 2009 оны 02 сарын 12-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар өмчлөгч нарт үл хөдлөхөөс үр шим хүртэх эрх үүснэ. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар үл хөдлөхөөс олсон үр шимийг өмчлөгч нар тэнцүү хэмжээгээр хүртэхийг заасан. Хариуцагч тал үл хөдлөхийн гэрчилгээ гарснаас хойш байрыг бусдад түрээсэлж, орлого олдог байсан. Бид хариуцагч талаас гаргасан түрээсийн гэрээнд үндэслэж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар нэхэмжлэлийн 1, 5 дугаар шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч тал 2013 оноос өнөөдрийг хүртэл маргаан бүхий байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж, ашиг олсон. Нэхэмжлэгч байрыг бусдад цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлсэн бол хэдэн төгрөг олох талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хариуцагч тал 118 м.кв талбай бүхий байрыг цэцэрлэгийн зориулалтаар бусдад түрээсэлсэн бол ямар хэмжээний ашиг олох байсныг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д зааснаар нэхэмжилсэн. Л.Г Ц.Цтэй байгуулсан 30.000.000 төгрөг өгөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, цаашид ч биелүүлэх сонирхолгүй байх тул маргаан бүхий байрны хууль ёсны өвлөгчийн эрхээ сэргээлгэх нь зүйтэй гэж үзсэн. Дээрх шаардлагын дагуу Ц.Цүл хөдлөхөөс өөрт ногдох үр шимийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн 3 дахь шаардлагын тухайд эрх бүхий байгууллагаас маргаан бүхий байранд нэг дор эсвэл байрны өргөтгөлд бие даасан гэрчилгээ гаргах боломжтой гэсэн хариу өгсөн. Бидний зүгээс Ц.Ц, Д.Т нарыг өргөтгөлийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. 4 дэх шаардлагын тухайд хариуцагч нараас өргөтгөлийг чөлөөлүүлснээр нэхэмжлэгч нарын үйл ажиллагаа явуулах эрх нээгдэнэ гэж үзэж байна. Д.Т өргөтгөлийг ганцаараа барьсан тул нэхэмжлэгч нарын нэр дээр өмчлөх эрх тогтоож, чөлөөлүүлэх нь зүйтэй гэж үзэж байх тул нэхэмжлэлийн 4, 5 дахь шаардлагаа дэмжиж байна. 6 дахь шаардлагын тухайд Д.Т байрыг 7.000.000 төгрөгөөр паб, кафен зориулалтаар тохижуулсныг Л.Г өөрчилж цэцэрлэг болгож, өмнөх тохижилтыг Д.Тт хүлээлгэж өгөөгүй тул 7.000.000 төгрөгийг хариуцагч Л.Гөөс гаргуулж өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн тухайд хариуцагч Л.Г Д.Тийн нэрийг өвлөх эрхийн гэрчилгээнд өөрөө зөвшөөрч, хадам аавтайгаа амаар хийсэн хэлцлийн биелэлт болгож нэмсэн. Талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан тул Д.Тийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс хасуулах үндэслэл алга. Хэрэгт хариуцагч талыг Д.Тийн төлөөгүй ашиглалтын зардал төлсөн гэсэн баримт байхгүй. Д.Т төлбөр төлж байсан талаар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй тайлбар гаргаж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч үндсэн нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: Талийгаач эхнэр Д.Тунгалаг бид хоёр 1996 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2 хүүхэд төрсөн. 2005 онд эхнэр нас барсан. Д.Тийн гэр бүлийн бизнес гэж нэрлэн өөртөө тохож байгаа бизнесийн анхны хөрөнгө оруулагч би. Эхнэрийн талынхан олуулаа, эрхэлсэн ажилгүй байсан учраас жолооны курс нээж ажиллуулахаар болсон. Тухайн үед би жолооны курсэд 4 машин авч өгсөн. Би хөрөнгө оруулалт хийсэн учраас жолооны курсээс ашгаа авахаар тохирч, курсыг талийгаач хадам аавын нэр дээр нээж, ерөнхий менежерээр манай талийгаач эхнэр ажилласан. Жолооны курсын ашгаар маргаан бүхий байрыг авсан. Нэхэмжлэгч нарын бизнес байсан бол тэд өөрсдийнхөө нэр дээр байрны гэрчилгээ гаргуулах байсан. Тухайн үед нэхэмжлэгч нар манай гэр бүлийн бизнест цалинтай ажиллаж байсан. Маргаан бүхий орон сууц манай гэр бүлийн өмч учраас талийгаач эхнэрийн нэр дээр байрны гэрчилгээ гарсан. Нэхэмжлэгч нар эхнэрийг нас барснаас хойш 49 хоногийн дараа маргаанаа эхэлж, намайг гүтгэж шоронд оруулсан. Эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж, намайг буруугүй гэдгийг тогтоосон. Нэхэмжлэгч нар төдийгөөс өдий хүртэл байрыг өөрсдийн өмчлөлд авах гэж улайран зүтгэж ирсэн. Талийгаач эхнэрийн аавыг нас барах хүртэл эд нар юу ч хэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл талийгаач хадам аав курсын ажлыг гардан явуулдаг, хэн хэн жолооны курсэд ямар хөрөнгө оруулалт хийсэн, ямар оролцоотой ажиллаж байгааг мэддэг байсан. Тэр хүнийг амьд байхад эд нар юу ч дуугарч чаддаггүй нас барснаас нь хойш намайг дарамталж эхэлсэн. Тухайн үед манайд хадам ээж, Д.Т, хадам ах нар орж ирж мөнгө өг эсвэл байраа өг гэж удаа дараа намайг дарамталдаг байсан. Дарамталсаар байгаад хүчээр 30.000.000 төгрөг өгнө гэсэн хэлцэл хийлгэж, нотариатаар батлуулсан. Д.Т манай ажил дээр ирээд заамдаж, хүчээр өөрийнхөө нэрийг байрны гэрчилгээнд хууль бусаар оруулсан. Эхнэрийг өнгөрснөөс хойш жилийн дараа би хүсэлт гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл нэхэмжлэгч нар хууль бусаар нэг сар, өдөртэй нэг нь 3 хүнтэй, нэг нь 4 хүнтэй үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулсан. Д.Т шууд өв залгамжлах эрхтэй этгээд биш. Би 2 хүүхдийнхээ хамт шууд өв залгамжлагч нар юм. Талийгаач эхнэрийн эцэг, эх хоёр жилийн дотор өв нээлгэх хүсэлт гаргах байсан ч гаргаагүй тул өвлөх эрхээ алдсан байна. Талийгаач эхнэр амьд байхдаа байрыг баарны зориулалтаар тохижуулж ажиллуулж байсан. Тухайн үед Д.Т цалин авч, ажил хийснийг үгүйсгэхгүй. Цалингийн асуудлыг би мэдэхгүй, жолооны курсын захирал мэднэ. Д.Тийн нэхэмжилсэн засварын 7.000.000 төгрөг үндэслэлгүй байна. Мөн өндөр дүнтэй мөнгөн төлбөрийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 12 сарын 11-ний өдөр Л.Г 2 хүүхдийн хамт өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Гэтэл 2007 оны 12 сарын 11-ний өдөр олгосон гэрчилгээг өөрчлөхгүйгээр 2009 онд 4 хүний нэр дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нотариатчийг гэрчээр оролцуулсан ч тодорхой тайлбар хэлж чадаагүй. Иймд сүүлд гарсан өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах. 2006 оноос 2008 оны 03 сар хүртэл Д.Т маргаан бүхий байранд үйл ажиллагааг явуулж байхдаа ашиглалтын зардал 1.110.237 төгрөг төлөөгүй. Уг мөнгийг Д.Таас нэхэмжилсэн гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд нэг өрөө байр өгөхөөр тохирсон хэлцэл бичгээр байгуулагдсан байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийг нэг өрөө байр өгнө гэж амаар тохирсон гэх хэлцэл хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна. 3 хүний нэр дээр гарсан өвлөх эрхийн гэрчилгээ Баянгол гэсэн бичигтэй, сүүлд 4 хүний нэр дээр гарсан өвлөх эрхийн гэрчилгээ БГ гэсэн товчилсон бичигтэй байна. 4 хүний нэр дээр гарсан өвлөх эрхийн гэрчилгээ Үл хөдлөх хөрөнгийн эрхийн тухай, Нотариатын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн тул хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан. Ц.Цг хууль ёсны өвлөгч гэдгийг зөвшөөрч, 30.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. Уг мөнгийг өгч чадаагүй учраас Д.Тийг өмчлөгчөөр нэмсэн. Ц.Цөвлөх эрхийн гэрчилгээнд ороогүй, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч биш мөртлөө 38 сая гаруй төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Д.Тийг байранд 7.000.000 төгрөгийн засвар хийсэн гэдгийг нотолсон баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .Тумбаашийн байр ашигласан хугацааны ашиглалтын зардлыг бид нар төлж, өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Эцэг, эхийнх нь өмч хөрөнгө 2 хүүхдэд нь үлдэх ёстой гэж бодож байна. Байрнаас олсон орлого 2 хүүхдийн сургалт, хүмүүжилд зарцуулагддаг. Иймд байр 2 хүүхдийн өмч хэвээр үлдэж, хүүхдүүдийн ирээдүйд зарцуулагдаасай гэж хүсэж байна гэв.

 

   Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Цнь хариуцагч Л.Г нарт холбогдуулан 30.000.000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түүний өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38.568.192 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх,

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Л.Г нарт холбогдуулан түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38.568.192 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын төлбөр 7.000.000 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Л.Г нь Д.Тд холбогдуулан Д.Тд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, СӨХ, орон сууцны төлбөр зэрэг ашиглалтын зардалд 1.110.237 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Шүүхээс нэхэмжлэгч Д.Тийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2002 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Д.Тунгалаг бүртгэгджээ.

Улмаар тус байранд өргөтгөл хийж, үйлчилгээний зориулалтаар буюу жолооны курс, кафе баар жиллуулж байсан болох нь зохигчдын тайлбар, Улаанбаатар хотын Захирагчийн албанаас олгож байсан согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Д.Тунгалаг 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нас барсан байх ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт заасан нас барагчийн нөхөр Л.Г, төрүүлсэн хүүхэд Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, нас барагчийн төрсөн эцэг Д.Доржсүрэн, төрсөн эх Ц.Цнар нь түүний хууль ёсны өвлөгчид болох бөгөөд өвийг хүлээн авах эрхтэй байжээ.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар нас барагчтай хамт амьдарч байсан өвлөгч нар болох Л.Г, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нар нь өв нээгдсэн өдрөөс хойш 3 сарын дотор авах хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй, өвийг хүлээн авсан байна. Бусад өвлөгч болох Ц.Цнь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч, эрхлэн удирдсан болох нь зохигчдын тайлбараар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна.

Харин өвлөгч Д.Доржсүрэн нь өвийг хүлээн авах талаар нотариатад хандаагүй, өвлөгдөх эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдсан байдал нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч Д.Тийн аавыг өвлөгчөөс татгалзвал надад байр өгнө гэсэн учраас аавыг татгалзуулж, оронд нь би өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх тайлбар нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь заалттай нийцэхгүй байх тул өвлөгч Д.Доржсүрэнг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өв хүлээн авахаас татгалзсан байна гэж дүгнэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэг. Ц.Цгийн нэхэмжлэлийн шаардлага: 30.000.000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох, түүний өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38.568.192 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай.

 

1.1 Ц.Ц, хариуцагч Л.Г нар нь 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр дундын эзэмшилд өв залгамжлалаар шилжин ирсэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот, 2 өрөө орон сууцны үнийн тодорхой хувь болох 30.000.000 төгрөгийг бэлнээр Ц.Цд төлөхөөр хэлцэл байгуулж, нотариатаар баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч дээрх 30.000.000 төгрөгийг төлөөгүй тул уг хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэхээр шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь 30.000.000 төгрөг авахаа болиод хүү Д.Тийг өмчлөгчөөр оролцуулахаар тохиролцож, энэ тохиролцооны дагуу Д.Т өмчлөгчөөр бүртгэгдсэн буюу хэлцэл хэрэгжиж дууссан гэж татгалзлаа тус тус тайлбарлаж байна.

Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар дээр дүгнэлт хийгээд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өвлөгчөөр Л.Г, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарыг бүртгэж, 25 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг 62 тэмдэгийн дугаартай нотариатч Х.Болормаа үйлдэж, олгожээ. Энэхүү өв залгамжлах эрхийн гэрчилгээний дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргасан байх бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 12-ы өдөр нь Ц.Ц, Д.Т нар нь уг байрны өмчлөлийн маргаантай тул өмчлөх эрх шилжүүлэхгүй байх талаар мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт өргөдөл гаргасан байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны өв залгамжлалын талаар маргаантай бол шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгч, өмчлөх эрхийг бүртгээгүй байна.

Ийнхүү 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр тохиролцоонд хүрч, Л.Гөөс өвлөгч Ц.Цд өвлөгдөх хөрөнгийн ногдох хэсэгт 30.000.000 төгрөг бэлнээр өгөхөөр тохиролцож хэлцэл хийжээ.

Гэвч хэлцлийн дагуу мөнгийг өгөөгүй байх ба 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Эд хөрөнгийн Эрхийн улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар өргөдөл гаргаж өргөдөлдөө 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 тоот өв залгамжлах эрхийн гэрчилгээг хавсаргаж өгсөн байх ба уг гэрчилгээнд Д.Тийн нэрийг нэмж бичсэн, өргөдөлд мөн хамтран өмчлөгчөөр Д.Тийг бүртгүүлэхээр хүсэлт гаргаснаар 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Л.Г, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Д.Т нарын 4 хүний өмчлөх эрхийг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ.

Эндээс шүүх Ц.Цд Л.Г нь 2008 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн хэлцлээр 30.000.000 төгрөг өгөөгүй байтал 1 жил гаруйн дараа хууль ёсны өвлөгч биш Д.Тийг өв залгамжлах эрхийн гэрчилгээнд нэмж оруулж, улмаар үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн, үүнд нь Ц.Цмаргаагүй явдал нь тэрээр 30.000.000 төгрөг авахаа больж, өөрт ногдох хэсгээ Д.Тд шилжүүлсэн буюу Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасан ажиллагаа явагдсан байна гэж дүгнэх үндэслэл болж байна.

Өөрөөр хэлбэл, өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсэгт 30.000.000 төгрөг авах тохиролцоогоо өөрчилж, хүү Д.Тдаа шилжүүлснээр хэлцэл бүрэн хэрэгжиж дууссан буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан нөхцөл бүрдсэн байна.

Иймд нэгэнт биелэгдэж, дуусгавар болсон хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

 

1.2. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өргөтгөлийн барилгад өмчлөх эрх үүсээгүй болох нь зохигчдын тайлбар, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирсэн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Өмчлөх эрх үүсээгүй хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг шүүх нь хариуцагчид холбогдуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өргөтгөлийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

1.3 Түүнчлэн өмчлөгч биш этгээд нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах, 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар түрээсийн орлогоос тэнцүү хувь хэмжээгээр хуваан авахаар шаардахгүй эрхгүй тул түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38.568.192 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Д.Тийн нэхэмжлэлийн шаардлага:

 

2.1 Түрээсийн орлогоос ногдох хэсэгт 38.568.192 төгрөг гаргуулах тухай

 

Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Л.Г, Г.Соёл-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Д.Т нарын 4 хүний өмч гэж улсын бүртгэлд бүртгэгдсэнээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар нэр бүхий 4 хүний дундаа хамтран өмчлөх дундын өмч болжээ.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж заасан.

Иймд тухайн дундын өмчийг ашигласнаас олсон үр шимийг өмчлөгчид тэнцүү хувь хэмжээгээр хуваахаар шаардах эрхтэй.

Маргаан бүхий орон сууцанд 2013 оны 8 дугаар сараас эхлэн хариуцагч Л.Гийн үүсгэн байгуулсан Бяцхан эрдэмтэн цэцэрлэг ажиллаж байгаа болох нь зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, санхүүгийн тайлан зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Т нь дундын өмчийг ашигласнаас олсон үр шимийг 2009 оны 2 дугаар сараас 2013 оны 8 дугаар сар хүртэл бусдад түрээслүүлж, 18.187.000 төгрөгийн ашиг олсон тул өөрт ногдох хэсэгт 3.637.400 төгрөг, 2013 оны 8 дугаар сараас 2019 оны 6 дугаар сар дуустал цэцэрлэг ажиллуулж байгаа тул түрээслэсэн бол 174.653.960 төгрөгийн ашиг олох байсан тул үүнээс өөрт ногдох хэсэгт 34.930.792 төгрөг, нийт 38.568.192 төгрөгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар шаарджээ.

Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.2 дахь хэсэгт Эрхийг зориулалтын дагуу ашигласнаас бий болсон орлогыг тухайн эрхийн үр шим гэнэ гэж тодорхойлсон. Иймд дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шим гэдэгт хөрөнгийг бусдад түрээсийн гэрээний дагуу түрээслэж, түрээсийн орлого орж ирснээр дундын өмчийн зүйлийг ашигласны үр шим бий болно.

Хэрэгт авагдсан, хариуцагч талаас гаргаж өгсөн 2009 оны 9 дүгээр сарын 27-ны гэрээгээр 3.600.000 төгрөг, 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр 3.600.000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр 4.200.000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн гэрээгээр 2.160.000 төгрөг, 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээгээр 668.000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн гэрээгээр 800.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр 5.000.000 төгрөг, нийт 7 түрээсийн гэрээгээр 20.028.000 төгрөгийн орлого олжээ.

Энэхүү орлогыг дундын өмчийн ашиглалтаас бий болсон үр шимд тооцох бөгөөд нэхэмжлэгч нь үүнээс өөрт ногдох хэсэгт 5.007.000 төгрөгийг шаардах эрхтэй боловч энэ хүртэл хугацааны үр шимийн хэмжээг 18.187.000 төгрөг тооцон шаардаж байх тул түүний шаардсан хэмжээнээс хэсгээр тооцож, 4.546.750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий хөрөнгийг хариуцагч тал 2013 оны 8 дугаар сараас 78 сарын хугацаанд цэцэрлэгийн зориулалтаар ажиллуулж байгаа тул түрээслэсэн бол олох байсан орлогыг жишиг үнээр тооцон шаардаж байна. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт заасан үр шимийг хуваах нь бодитоор бий болсон байхыг шаардах бөгөөд олох байсан орлогыг үр шимд тооцохгүй ба хариуцагч нар нь 174.653.960 төгрөгийн үр шим олсон болох нь тогтоогдохгүй байх тул ногдох хэсэгт 34.930.792 төгрөг гаргуулахаар шаардаж байгааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.2 Өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох тухай

 

Маргаан бүхий Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өргөтгөлийн барилгад өмчлөх эрх үүсээгүй байх тул хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх шаардлагыг шүүхээс хариуцагчид холбогдуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өргөтгөлийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2.3 Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн тохижилтын зардал 7.000.000 төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг кафе, баарны зориулалтаар тохижуулахад хувиасаа 7.000.000 төгрөг зарцуулсан бөгөөд үүнийг хариуцагч тал устгаж, үгүй болгосон байх энэхүү өөрөөс гарсан зардлыг гаргуулахаар шаардаж байна гэж, хариуцагч нь кафе баарны зориулалтаар тохижуулсан зардлыг нэхэмжлэгч биш, талийгаач, хариуцагч 2 өөрсдөө гаргасан, харин нэхэмжлэгч нь туслалцаа үзүүлсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Гэвч нэхэмжлэгч нь кафе, баарны ориулалтаар тохижуулсан тохижилтод юу хамаарч байгаа, тухайн хөрөнгө нь салгаж болох хөрөнгө мөн байсан эсэхийг баримтаар, эд хөрөнгийн жагсаалтаар нотолж чадаагүй тул шүүхээс дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах буюу ашиглуулахтай холбоотой зардалд 7.000.000 төгрөг зарцуулагдсан, түүнийг нэхэмжлэгч дангаар гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар шаардаж байгааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.4 Орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч нарт холбогдуулан өмчлөгч болох өөрийнх нь зөвшөөрөлгүй, эсэргүүцсээр байхад цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байгаа тул өмчөө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч нар нь эд хөрөнгийг дангаар ашиглаж байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй хэдий ч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар ч гэсэн тухайн дундын хөрөнгийн хамтран өмчлөгчид байна.

Иймд нэхэмжлэгч Д.Т нь орон сууцыг хариуцагч нарын эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин орон сууцны өргөтгөлийн өмчлөгчийн асуудал шийдвэрлэгдээгүй тул нэхэмжлэгч өмчлөгчийн адилаар шаардах эрхгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

3.1 Д.Тд олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Д.Тд холбогдуулан өвлөгч биш этгээд өв залгамжлах эрхийн гэрчилгээнд нэрээ оруулсан нь хуульд нийцэхгүй тул Д.Тийн нэртэй өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардаж байна гэж тайлбарлав.

 

Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Нотариатын үйл ажиллагааг нотариатч болон энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатчийн үүрэг гүйцэтгэгч эрхлэн явуулна, 4.2 дахь хэсэгт Нотариатчийн чиг үүргийг зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн гүйцэтгэж, нотариатын үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллаж байгаа иргэнийг нотариатч гэнэ, 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх хэсэгт өвлөх эрхийн гэрчилгээ олгох нь нотариатын хийх үйлдэл гэж тодорхойлсон.

Д.Тийг өвлөгчдийн нэгээр бүртгэсэн өв залгамжлах эрхийн гэрчилгээг Д.Т үйлдээгүй, нотариатч үйлдсэн болох нь улсын бүртгэлд хандсан өргөдөл, өргөдөлд хавсаргасан баримт, нотариатчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул харуицагчийн сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцвал зохих этгээд нь Д.Т биш байх тул өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3.2 СӨХ, орон сууцны төлбөр зэрэг ашиглалтын зардалд 1.110.237 төгрөгийг гаргуулах тухай

 

Д.Т нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2006 оноос 2008 оны 3 дугаар сар хүртэл ажиллуулахдаа СӨХ-ны зардал 198.900 төгрөг, конторт 556.670 төгрөг 38 мөнгө, цахилгааны төлбөр 354.664 төгрөг буюу ашиглалтын зардалд нийт 1.110.237 төгрөгийг төлөөгүй байсан бөгөөд хариуцагч түүнийг төлсөн тул гаргуулахаар шаардаж байна гэж, нэхэмжлэгч нь ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүйгээр шилжүүлж өгсөн гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд 1.110.237 төгрөгийн төлбөрийг хариуцан төлсөн болохоо нотолж чадаагүй тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.5, 106 дугаар зүйлийн 106.2, 528 дугаар зүйлийн 528.5 дахь заалтыг баримтлан хариуцагч Л.Г, Г.Снараас 4.546.750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тд олгож, Д.Тийн нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн орлогод 34.021.442 төгрөг гаргуулах, өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, гарсан зардал 7.000.000 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх хэсгийг, Ц.Цгийн 30.000.000 төгрөгийн хэлцлээс татгалзаж, өвлөх эрхээ сэргээлгэх, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60 дугаар байрны, 111 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015018 дугаартай, 35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны болон өргөтгөлийн өмчлөгчөөр тогтоолгох, түрээсийн орлогоос 38.568.192 төгрөг гаргуулах, орон сууц болон өргөтгөлийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч Л.Гийн Д.Тд холбогдох, өв залгамжлах эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, 1.110.237 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 819.900 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 358.565 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 87.698 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.МӨНХЦЭЦЭГ