| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2019/02337/И |
| Дугаар | 3071 |
| Огноо | 2019-11-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 3071
2019 оны 11 сарын 14 өдөр Дугаар102/ШШ2019/03071 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 0 гудамжны 0 дүгээр байранд байрлах Ж байгууллагын нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 0 дугаар хороолол, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоотод оршин суух Л.Ө
Хариуцагч Сэлэнгэ аймаг, “Баянгол” 0 дүгээр баг, 0 хэсэгт оршин суух Л.З нарт холбогдох гэрээний үүргийн биелэлт 61.724.645 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, хариуцагч Л.Ө, Л.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Ө, Л.Знар манай сантай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2017/3-191 дугаартай “Зээлийн болон Барьцааны гэрээ” байгуулж, 60.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Малын гаралтай хаягдал дахин боловсруулах төслийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Л.Ө-гийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн 000 дугаартай, 56 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
Зээлдэгч нар гэрээнд заасны дагуу зээлийн хүүгийн төлбөрт 1.404.660 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 653 хоног хугацаа хэтэрч, хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 60.000.000 төгрөг, хүүд 1.682.586 төгрөг, алданги 32.559 төгрөг, нотариатын зардал 9.500 төгрөг, нийт 61.724.645 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцоно. Хариуцагч нар сантай гэрээ байгуулан, 60.000.000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Хэргийг хянан хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагч нар нийт 5.000.000 төгрөг төлснийг хасаж тооцоод, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад, одоо 56.724.645 төгрөгийг нэхэмжилж, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Л.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид зээлийн гэрээ байгуулсан. Мөн зээлийн хуваарийг зөрчсөн асуудал ч байдаг. Тус байгууллагад удаа дараа хандсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж өгөөч гэж. Бидний үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Улирлын чанартай байдаг. Мөн эднийхээс хариуцаж, хяналт тавьж байсан н.А гэдэг мэргэжилтэн ирж уулзаад, дүгнээд, хяналт сайн тавьдаг байсан.
Зээлийн гэрээнд зааснаар эхний жилийн зээлийн хүүг төлсөн. Үндсэн зээлийг жилийн дараагаас эхлэж төлөх байсан боловч төлж чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг зөвшөөрнө. Төлөхөд хугацаа олгож, хуваарь гаргаж өгч болдоггүй юмуу. Нэхэмжлэгч тал анх зээл өгөхдөө жилийн дараа өгсөн.
Хугацаандаа төлөх ёстой зүйлээ төлнө. График дээр алдаа гаргасан. Ямар нэгэн байдлаар бидэнд хариу өгөхгүйгээр, мэдэгдэхгүйгээр шүүхэд хандсан байгаад гомдолтой байна.
Улс эх орондоо үйлвэрлэл хийж байна. Манай ажил эрсдэлтэй. Шинжилгээ, судалгаа их гаргадаг. Манай нөхцөл байдлын талаар юу ч мэдэхгүй байна.
Нэхэмжлэгч алдангиа тооцоод авсан байсан. Одоо үндсэн зээл үлдсэн гэж надад хэлсэн. Манайх хүүгийн төлбөрт сардаа 150.000 төгрөг төлдөг. Тэрнээс биш миний авсан 60.000.000 төгрөгнөөс болж нэхэмжлэгч тал хэцүү нөхцөл байдалд орсон зүйл байхгүй байх. Бид аль болох төлөөд явж байгаа. Шахаад төлчихвөл болчихмоор байна. Нэхэмжлэгчийн багасгаад нэхэж байгаа мөнгийг зөвшөөрнө, гэжээ.
Хариуцагч Л.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд зээл аваагүй. Зээлд эрсдэл үүсэх тохиолдолд батлан даагч байх ёстой гэсэн болохоор зээлэн дээр гарын үсэг зурсан, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж байгууллага, хариуцагч Л.Ө, Л.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд 61.724.645 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар зээл авсан болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасаныг хүлээн зөвшөөрч, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулж, сард 3.000.000 төгрөг төлөхөөр эвлэрэх санал тавьсаныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
Хариуцагч Л.Ө, Л.З нар Ж байгууллагагаас малын гаралтай хаягдал дахин боловсруулах төслөөр, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 2017/3-191, 2017/Б-191 дугаартай, “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, 60.000.000 төгрөгийг, жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн 0000 дугаартай, 56 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулахаар барьцаалсан болох нь гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид гэрээг байгуулахдаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баримтлан байгуулсан боловч тус хуулиудад зээлийн хэлбэр хэмжээ, хүү, алдангийг төлүүлэх талаар тодорхойлоогүй байгаа тул Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах, хүү, алданги тооцох зохицуулалтаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээнүүд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги нэхэмжлэх эрхтэй.
Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар сангаас 60.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, зээл төлөлтийн хуваарийг зөрчсөн болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилсэн 56.724.645 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар маргахгүй байна.
Тиймээс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар, хариуцагч нар зээлээ төлөх үүрэгтэй ба зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэрээний салшгүй хэсэг болох зээл эргэн төлөх хуваарийг зөрчиж, 2017-2018 онд гэрээний дагуу төлөх 3 хувийн хүү 1.404.660 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, харин 2 дахь жилээс үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй ба 2019 оны 6 дугаар сарын 07, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн нийт 5.000.000 төгрөгийг хасаж тооцоод, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 56.724.645 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй байх тул хангаж, төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 56.724.645 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 441.573 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Ө, Л.З нараас 56.724.645 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж байгууллагад олгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны 0 тоот хаягт байрлах Улсын бүртгэлийн 0000 дугаартай, 56 метр квадрат талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 441.573 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА