Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2019/03352

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 29 өдөр          Дугаар 101/ШШ2019/03352          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух,  А/РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух,  Н /РД:*******/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Х/РД:*******/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч П.А*******,

Хариуцагч Л.Н,

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа /ШТ№3070/,

Гэрч Д.Бямбахишиг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Аби Л.Н,  түүний хүү Э.Хнарт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 8.500.000 төгрөгийг 9 удаагийн шилжүүлгээр 8 хувийн хүүтэй төлөх талаар амаар ярилцаад зээлдүүлсэн.  Мөнгө шаардлагатай гэх үед нь шилжүүлдэг байсан, ажлаа бүтэхээр нь буцаагаад хүүгийн хамт төлнө гэдэг байсан.

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш тохиролцсон ёсоор хүү өгөөгүй болно. Хүү гээд 40.000, 60.000, 80.000 төгрөг гээд шилжүүлдэг байсан.  

Миний бие өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй, нөхрийнхөө цалинг ахиулах санаатай цалинг нь хуримтлуулж байгаад эдгээр хүмүүст шаардлагатай үед нь байгаа хэмжээгээр нь зээлдүүлсэн, би өөрийгөө хууль бус зүйл хийсэн гэж үзэхгүй байна. Л.Н, Э.Хнарт хэрэгцээтэй үед нь тусалсан байтал одоо ийм муухай авир гаргаж байгаад гайхаж байна. Л.Н эгчийн дүү нар, ээжийг нь таньдаг, өөрийнхөө боломжоороо тэдэнд ч гэсэн тусалдаг.

 Л.Н нараас мөнгөө өгөхийг шаардаж 2 талдаа 45 км зайтай газарт нөхрийн хамт 2 удаа очиж уулзаж байсан.

Бидэнд бичгээр гэрээ хийсэн зүйл байхгүй, Л.Н нь гэрээ хийе гэж хэлж байгаагүй. Харин ч Л.Нгийн өөрийнх нь хүү төлнө гэж бичиж өгсөн баримтыг шүүхэд өгсөн. Мөнгөний оронд янз бүрийн зүйл ярьдаг боловч өгөөгүй.   

Л.Н, Э.Хнараас үндсэн зээл 8.500.000 төгрөг, 2019 оны хүү болох 6.920.000 төгрөг, нийт 15.420.000 төгрөг нэхэмжилсэн.

Гэтэл хариуцагч нар зээлийн хүү тогтоосон гэрээг бичгээр хийгээгүй гээд байхаар нь 2019 оны хүүд нэхэмжилсэн 6.920.000 төгрөгөөс татгалзаж байна.

Э.Хнь өөрийнхөө дансаар 5.325.800 төгрөг шилжүүлсэн нь үнэн, харин Л.Нгийн 540.000 төгрөг бол өөрийнх нь өмнө авсан зээлийн эргэн төлөлт учир 8.500.000 төгрөгөөс хасч тооцохгүй. 

Иймд Л.Н, Э.Хнараас үндсэн зээл 8.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Н, Э.Хнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч Л.Н нь өмгөөлөгч О.Бэлгүүнзаяагийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Н болон Э.Хбид 2 П.А*******аас нийт 8.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн, дээрх зээлийг авахдаа П.Абидний хооронд хүү төлөхөөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй.

Бид түүнээс авсан 8.500.000 төгрөгөөс Э.Хүрэлбаатарын ХААН банкны ******* тоот данснаас 39 удаагийн гүйлгээгээр буюу 2017.10.16-ны өдөр 160.000 төгрөг,2017.11.16-нд 80.000 төгрөг, 2017.11.18-нд 80.000 төгрөг, 2017.12.16-нд 160.000 төгрөг, 2017.12.16-нд 40.000 төгрөг,  2017.12.23-нд 80.000 төгрөг, 2018.01.15-нд 80.000 төгрөг, 2018.01.18-нд 80.000 төгрөг, 2018.01.23-нд 80.000 төгрөг, 2018.02.16-нд 80.000 төгрөг, 2018.02.18-нд 80.000 төгрөг, 2018.02.27-нд 80.000 төгрөг, 2018.03.05-нд 80.000 төгрөг, 2018.03.15-нд 245.800 төгрөг, 2018.06.23-нд 160.000 төгрөг, 2018.07.11-нд 80.000 төгрөг, 2018.07.15-нд 80.000 төгрөг, 2018.07.20-нд 160.000 төгрөг, 2018.07.29-нд 120.000 төгрөг, 2018.08.02-нд 40.000 төгрөг, 2018.08.11-нд 80.000 төгрөг, 2018.08.15-нд 80.000 төгрөг, 2018.08.21-нд 160.000 төгрөг, 2018.08.29-нд 120.000 төгрөг, 2018.09.02-нд 40.000 төгрөг, 2018.09.11-нд 80.000 төгрөг, 2018.09.14-нд 80.000 төгрөг, 2018.09.20-нд 160.000 төгрөг, 2018.09.29-нд 120.000 төгрөг, 2018.10.03-нд 40.000 төгрөг, 2018.10.20-нд 360.000 төгрөг, 2018.10.29-нд 120.000 төгрөг, 2018.11.07-нд 40.000 төгрөг, 2018.11.11-нд 100.000 төгрөг, 2018.11.12-нд 20.000 төгрөг, 2018.12.10-нд 320.000 төгрөг, 2018.12.13-нд 200.000 төгрөг, 2018.12.20-нд 160.000 төгрөг, 2019.10.25-нд 1.000.000 төгрөг, нийт 5.325.800 төгрөгийг П.А*******д төлсөн.

Л.Нгийн ХААН банкны ******* тоот данснаас 2017.10.23-нд 40.000 төгрөг, 2017.11.15-нд 500.000 төгрөг, нийт 540.000 төгрөгийг П.А*******д шилжүүлсэн. Үүнийг өмнөх зээлийн эргэн төлөлт гэдгийг зөвшөөрч байна. 

Бидний хооронд хүү төлөхөөр тохиролцсон  зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлийн хүү төлөх үүрэггүй гэж үзэж байна.

Өмнө нь П.А*******аас мөнгө зээлж аваад хүүтэй нь буцаан төлж байсан бөгөөд сүүлийн үед хайгуулын ажил зогссоноос болоод төлөлт хийж чадахгүй болчихсон. Түүнээс биш энэ хүнийг луйвардах санаа бол байгаагүй.

П.Ашууд гэрт ирээд мөнгөө нэхээд дарамтлаад байсан учир 2019.07.21-ний өдрийн бичгийг бичиж өгсөн болохоос анхнаасаа хүү төлөхөөр тохиролцсон зүйл биш юм. Түүнийг хүүгээ төл гээд дарамтлаад байхаар нь зээлийн гэрээгээ бичгээр хийе гэхэд тэрээр өөрөө хийгээгүй юм. Уг мөнгөө төлөхийн тулд газар, машин, гар утасны дугаар зэргийг санал болгосон боловч авахыг зөвшөөрөөгүй. 

Иймд П.А*******ын үндсэн зээл 8.500.000 төгрөгөөс 5.325.800 төгрөгийг төлсөн тул үлдэх 3.174.200 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ань хариуцагч Л.Н, Э.Хнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.500.000 төгрөг, хүү 6.920.000 төгрөг, нийт  15.420.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь үндсэн зээл 8.500.000 төгрөгийг дэмжиж, хүүд нэхэмжилсэн 6.920.000 төгрөгөөс татгалзсан тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч П.Ань 8.500.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр хариуцагч Л.Н, Э.Хнартай амаар тохиролцсон, үүний дагуу тэдний өмчлөлд 8.500.000 төгрөг шилжүүлсэн, зээлдэгч нарын төлсөн гэх 5.325.800 төгрөгийг хүүд тооцох үндэслэлтэй тул үндсэн зээл 8.500.000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Ань 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Л.Нгийн ХААН банкны ******* тоот дансанд 3.500.000 төгрөг, хариуцагч Э.Хүрэлбаатарын ХААН банкны ******* тоот дансанд 5.000.000 төгрөг, нийт 8.500.000 төгрөгийг, 

Хариуцагч Л.Хнь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч П.А*******ын ХААН банкны 5023232633 тоот дансанд 5.325.800 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

/хх-ийн 5-13, 28-46 тал/

 

Хариуцагч Л.Нгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 40.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 500.000 төгрөг, нийт 540.000 төгрөг нэхэмжлэгч П.А*******д шилжүүлснийг энэ зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй гэдэгт зохигч маргаагүй.

 

Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Хариуцагч Л.Н, Э.Хнар 8.500.000 төгрөгийг хүлээн авсан боловч талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй тул 5.325.800 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасч тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас 3.174.200 төгрөгийг  зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заажээ.

Нэхэмжлэгч П.Ань талуудын хооронд 8.500.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Гэрч Д.Бямбахишигийн мэдүүлэг болон хариуцагч Л.Нгийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бичсэн баримтаар талууд 8.500.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүү төлөх талаар дээр дурдсан хуульд заасан шаардлага хангасан зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 8.500.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэйгээр хариуцагч Л.Н, Э.Хнарт зээлдүүлсэн, зээлдэгч нар зээлийг, хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа  нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй. 

Дээр дурдсан байдлаас үзэхэд талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Хүрэлбаатараас зээлийн гэрээний үүрэгт 5.325.800 төгрөгийг нэхэмжлэгч П.А*******д буцаан өгснийг зээлийн хүүд тооцох үндэслэл болохгүй тул үүнийг үндсэн зээл 8.500.000 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Л.Н, Э.Хнараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3.174.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.А*******д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.325.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т  тус тус зааснаар хариуцагч Л.Н, Э.Хнараас 3.174.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.325.800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.     

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Л.Н, Э.Хнараас улсын тэмдэгтийн хураамжид 65.737 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.А*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ЦОЛМОНГЭРЭЛ