| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2022/0192/Э |
| Дугаар | 2022/ШЦТ210 |
| Огноо | 2022-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Баатарсүх |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва,
Улсын яллагч С.Баатарсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Тайж овогт Цияны *******ад холбогдох 2226000000194 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн ******* сумын 09 дүгээр баг 06-05 тоотод оршин суух хаягтай,
Урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,
- Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Тайж овогт Цияны ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Хүнс бараан захын ард байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарт байрлах иргэн ******* үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 450.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-12 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ******* гэж хүнтэй уулзаад 1 шил архи хувааж уусан. Тэгээд хамт гарсан. ******* өөр нэг утастай байсан утсаар ярьж байгаад өрөөгөө цоожлоод түлхүүрээ надад бариулсан байсан. Би түлхүүрийг нь өгөлгүй аваад явсан. Сүүлд нь мөнгөгүй болохоороо өрөөнд нь орж утсыг нь аваад архи авч уусан” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Лаки” гэх дэлгүүрээс би 0,75 литрийн хэмжээтэй хараа архи аваад явж байтал зүс таних ******* гэх залуутай таарсан юм. Тухайн үед манай ажлын байр болох хүнс барааны захын ард “Дэлгэр” төвийн 1 давхарт байрлах ажлын байр луугаа тухайн хүнийг дагуулж орсон юм. Манай ажлын өрөөний нэг цонх нь түгжээ нь эвдэрсэн байсан юм. Тэгээд ******* гэх хүнээр янзлуулсан юм. Би тухайн үед ажлаасаа гараад явахдаа А12 загварын гар утсаа ширээн дээр орхиод явсан юм. Тэгээд маргааш нь би өөрийн хүүхэд Энх-Учралыг ажил руу яваад ээжийнхээ утсыг аваад ир гэж хэлээд цүнхнээсээ түлхүүрээ гаргах гэтэл алга байсан юм. Урд орой нь хамт архи уусан Бямбасүрэнгээс ажлын 3 салаа түлхүүрээ асуутал ******* таны түлхүүрийг барьчихсан явж байна лээ. Танд түлхүүрийг чинь хүргэж өгнө гээд өглөө эрт гараад явсан гэж ярьсан. Тухайн утсыг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай хүүхдүүд надад авч өгч байсан юм. Би хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар сайн мэдэхгүй байна. Тухайн утас нь цэнхэр өнгийн А12 маркийн улаан өнгийн хамеран гэртэй утас байсан юм. Манай ажлын өрөөний түлхүүр надаас өөр хүнд байдаггүй, би тухайн үед цонхоо, хаачихаад алдсан гэх гар утсаа ширээн дээрээ тавиад, ажлынхаа өрөөг цоожлоод, шалгаад гарсан юм. Би утасныхаа үнэлгээг мэргэжлийн байгууллагаар үнэлгээг тогтоолгож байж л мэдэх байх. Би тухайн ******* гэх залууг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын төв бараан захад байрлах “Арвин” худалдааны төвийн хажуу талд алхаад явж байтал зүс таних ******* гэх залуу “сайн уу” гээд хүрээд ирсэн. Тэгээд надад “Очирхурд” гэх газар гар утас авдаг гэсэн. Би утсаа зараатхъя хамт оръё гээд, бид хоёр хамт орж хамгийн урд талын лангуун дээр суух Гүнсээ гэх залууд 150.000 төгрөгөөр тухайн утсыг өгсөн юм. Би өмнө нь тухайн залуутай ганц хоёр удаа л таарч байсан юм. Тухайн гар утас нь цэнхэр өнгөтэй 4 камертай шинэвтэр утас байсан. *******аас би тухайн утсыг зарж болж байгаа юм уу?, хэний утас юм гэж асуухад, миний утас байгаа юм. Би хөдөө очоод 2 хонь гаргаад дахиад шинэ утас авчихна. Би өнөөдөр Богд сум руу явна гэж ярьж байсан. Тухайн утсыг 150.000 төгрөгөөр зарсан, надад хоолонд орж, нэгж хийгээрэй гээд 30.000 төгрөг өгсөн. Тэгээд өөрөө захын баруун талын хаалган дээр байх “Ууган” гэх дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи 1 ширхэг, 1 ширхэг гаазтай ундаа аваад гараад ирсэн. Би тухайн үед дотор муухайраад бөөлжөөд байсан болохоор архи ууж чадаагүй юм. ******* ах дээр Очироо гэх залуутай архиа хувааж уучихаад 16 цагийн үед би Богд сум руу явлаа гэж хэлээд явсан. Тэрнээс хойш *******тай таараагүй. ******* төмөр түлхүүр барьсан зүйл байгаагүй. ******* дээлтэй, түрүүтэй гуталтай, эрүүтэй малгай өмссөн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлын байрандаа байж байхад нэг залуу орж ирээд, утсаа аваад 4-5 сард болж байгаа юм. Утсаа зарах гэсэн юм, Богд сум явах гэсэн чинь мөнгө төгрөг хэрэг болоод байна гэж хэлсэн. Би тухайн цэнхэр өнгийн А12 загварын утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ” 1 ширхэг самсунг “А-12” маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 34-37 хуудас/,
2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч хохирогч *******аар алдагдсан гэх самсунг А12 маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50 дүгээр хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “... Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын 5 дугаар багийн Хүнс барааны захын ард байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарт байрлах иргэн ******* үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 450.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-12 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ******* мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч мэдүүлэг /хх-ийн 31/, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч хохирогч *******аар алдагдсан гэх самсунг А-12 маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-16/, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 27/, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-37/, яллагдагч *******ын мэдүүлэг /48-49/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******ыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******ын хувьд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдох боломжтой байна. Өөрөөр хэлбэл хохирогч ******* зөвшөөрөлгүйгээр буюу эд хөрөнгө өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр ажлын байранд нэвтэрч гар утсыг авсан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд мөн шүүгдэгчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд прокурорын зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргаагүй. Шүүгдэгчийн хувьд Даваадулам түлхүүрээ өгөөд мартаад явсан байхад нь маргааш өглөө нь нэвтэрч орж гар утсыг нь авсан гэдгээ мэдүүлгээрээ давхар нотолж гэм буруугаа хүлээж байгаа. Мөн шүүгдэгч нь бусдад учирсан хохирол болох гар утсыг хохирогч *******д биетээр нь хүлээлгэж өгсөн. *******ын хувьд иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэнд 150,000 төгрөгийг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Хүнс бараан захын ард байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарт байрлах иргэн ******* үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 450.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-12 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч ******* “...2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Лаки” гэх дэлгүүрээс би 0,75 литрийн хэмжээтэй “Хараа” архи аваад явж байтал зүс таних ******* гэх залуутай таарсан юм. Тухайн үед манай ажлын байр болох хүнс барааны захын ард “Дэлгэр” төвийн 1 давхарт байрлах ажлын байр луугаа тухайн хүнийг дагуулж орсон юм. Манай ажлын өрөөний нэг цонх нь түгжээ нь эвдэрсэн байсан юм. Тэгээд ******* гэх хүнээр янзлуулсан юм. Би тухайн үед ажлаасаа гараад явахдаа А12 загварын гар утсаа ширээн дээр орхиод явсан юм. Маргааш нь би өөрийн хүүхэд Энх-Учралыг ажил руу яваад ээжийнхээ утсыг аваад ир гэж хэлээд цүнхнээсээ түлхүүрээ гаргах гэтэл алга байсан юм. Тэгээд би урд орой нь хамт архи уусан Бямбасүрэнгээс ажлын 3 салаа түлхүүрээ асуутал ******* таны түлхүүрийг барьчихсан явж байна лээ. Танд түлхүүрийг чинь хүргэж өгнө гээд өглөө эрт гараад явсан гэж ярьсан. ...Манай ажлын өрөөний түлхүүр надаас өөр хүнд байдаггүй, би тухайн үед цонхоо, хаачихаад алдсан гэх гар утсаа ширээн дээрээ тавиад, ажлынхаа өрөөг цоожлоод, шалгаад гарсан юм. ...Би тухайн ******* гэх залууг сэжиглэж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч “...Би 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын төв барааны захад байрлах “Арвин” худалдааны төвийн хажуу талд алхаад явж байтал зүс таних ******* гэх залуу сайн уу гээд хүрээд ирсэн. Тэгээд надад “Очир хурд” гэх газар гар утас авдаг гэсэн. Би утсаа зараатхъя хамт оръё гээд, бид хоёр хамт орж хамгийн урд талын лангуун дээр суух Гүнсээ гэх залууд 150.000 төгрөгөөр тухайн утсыг өгсөн юм. ...Тухайн гар утас нь цэнхэр өнгөтэй 4 камертай шинэвтэр утас байсан. *******аас би тухайн утсыг зарж болж байгаа юм уу?, хэний утас юм гэж асуухад, миний утас байгаа юм. Би хөдөө очоод 2 хонь гаргаад дахиад шинэ утас авчихна. Би өнөөдөр Богд сум руу явна гэж ярьж байсан. ******* зах дээр Очироо гэх залуутай архиа хувааж уучихаад 16 цагийн үед Богд сум руу явлаа гэж хэлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч “...Намайг 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлын байрандаа байж байхад нэг залуу орж ирээд, утсаа аваад 4-5 сард болж байгаа юм. Утсаа зарах гэсэн юм, Богд сум явах гэсэн чинь мөнгө төгрөг хэрэг болоод байна гэж хэлсэн. Би тухайн цэнхэр өнгийн А12 загварын утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ” 1 ширхэг самсунг “А-12” маркийн гар утсыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 34-37 хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч хохирогч *******аар алдагдсан гэх самсунг А12 маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Ж.Дорж, иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэн нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээ төслийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-37 дугаар хуудас/, 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тус аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч хохирогч *******аар алдагдсан гэх самсунг А12 маркийн гар утсыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах болон үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.
Хэргийн нөхцөлд шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Хүнс бараан захын ард байрлах “Дэлгэр” төвийн 1 давхарт байрлах иргэн ******* үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 450.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А-12 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч ******* 450.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт шинжээчээр ажилласан, Хөрөнгийн үнэлгээ 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-37 хуудас/, хохирогч *******, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй болно.
Хохирогч ******* нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд хохирогч нь хулгайд алдагдсан эд зүйлээ тоо ёсоор бүрэн бүтэн хүлээн авсан болох нь хохирогч ******* мэдүүлэг, мөн хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүй “иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэн худалдаж авсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Дорж, иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэн нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэн нь 150.000 төгрөгөө авсан болох нь түүний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна.
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******ыг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон шийдвэр гарч байна. Иймд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй дэглэмтэй хорих ангид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч *******ад 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нөхцөл байдлуудыг мөн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харж үзэхийг хүсэж байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу 2-8 жилийн хорих ялтай гэм буруутай, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа, учруулсан хохирол уршгийг нөхөн төлсөн гэдэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. ******* нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй зэргийг шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хх-ийн 50,/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-61/ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан ба “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” талаар мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан тул шүүгдэгч *******ын урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүх, шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ад нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт Цияны *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Тайж овогт Цияны *******ыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч А.Гүнсэнсүрэн нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай,
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С *******ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР