Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/02396

 

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2019/02396

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ОМ ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 475.000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан хохиролд 1.557.870 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  хороолол барилгын материалын төвд лангуу түрээслэдэг байсан. 2018 оны сүүлээр Хороолол барилгын материалын төвийг Номин холдинг худалдаж авахаар боллоо гэсэн яриа гарсан. Хороолол барилгын материалын төвийн түрээслэгч нар замын эсрэг талд байрлах Арвидах худалдааны төвд лангуу түрээсэлнэ гэсэн зар сонссон. Түрээслэгч нар бүгдээрээ Арвидах худалдааны төвд лангуу түрээслэхээр удирдлагуудтай нь уулзсан. Тухайн үед Арвидах худалдааны төвөөс манайх В1 давхар буюу подвольд хүнсний худалдаа эрхэлдэг. Мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэдэг. Иймээс худалдааны чиглэлээ өөрчилж, барилгын материал зарна гэсэн. 2019 оны 02 сарын 13-ны өдөр Д.ЦАрвидах худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, В1 давхрын В8 талбайг түрээсэлж авахаар болсон. 2019 оны 02 сарын 13-ны өдөр талууд түрээсийн гэрээ байгуулж, Д.Ц ОМ ХХК-ийн кассанд түрээсийн төлбөр 225.000 төгрөг, барьцаа 250.000 төгрөг, нийт 475.000 төгрөг тушаасан. ОМ ХХК-иас Д.Цд барилгын схем зураг үзүүлж, түрээсийн талбайн хийц өөрчилж, завсар хийнэ. Та хэдхэн хоног хүлээчих тэгээд түрээсийн талбайд оруулъя гэсэн. Гэрээ байгуулснаас хойш сарын дараа ОМ ХХК-иас засварын ажил хийгээгүй, Д.Цг түрээсийн талбайд оруулаагүй. 2018 оны 03 сарын 15-ны өдөр Д.Ц ОМ ХХК-д түрээсийн гэрээ цуцалж байгааг мэдэгдсэн. 2019 оны 02 сарын 13-ны өдөр талуудын байгуулсан гэрээ хэрэгжээгүй, хариуцагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр, барьцааны төлбөрт төлсөн 475.000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ОМ ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Манай компани байгуулагдаад 3 жил болсон. Мэргэжлийн хяналтын газраас олгосон тусгай зөвшөөрөл хүчинтэй хэвээр байгаа. 2019 оны 03 сарын 15-ны өдөр Д.Цкомпанид гэрээ цуцлахаар хандаагүй, 2019 оны 05 сарын 14-ний өдөр хүртэл нэг ч түрээслэгч ирээгүй. Манай компани байгуулсан гэрээний дагуу ажилласан. 2019 оны 04 сард тохирсон ёсоор ОМ ХХК-иас түрээслэгч нарыг талбайд үйл ажиллагаа явуулаарай гэхэд 2019 оны 05 сард түрээслэх боломжгүй болсон гэдгээ хэлсэн. Хэрэв манайх буруу зүйл хийсэн бол бурууг нь хэлээд өгөөч. Түрээслэгч нар надад талбайг 10 жилээс доошгүй хугацаанд түрээсэлнэ гэсэн болохоор Ноц цонх ХХК-иар 20,000,000 төгрөгийн өртөгтэй вакум хаалт хийлгэсэн. Байгуулсан гэрээ хүчин төгөлдөр. Нэхэмжлэгч гэрээний 2.4, 4.2, 4.5, 7.1-д заасныг биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ОМ ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 сарын 01-ний өдрийн байдлаар ОМ ХХК-д өмнөх түрээслэгчийн 3 сарын төлбөр 540.000 төгрөг, дулааны зардал 216.720 төгрөг, хана нурааж, барилгын хийц өөрчилсөн ажлын хөлс 300.000 төгрөг, вакум хаалга, хаалтын 501.150 төгрөг, нийт 1.557.870 төгрөгийн хохирол учирсан байх тул уг мөнгийг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОМ ХХК-ийн нэхэмжлэгчээс өмнөх түрээслэгчийн түрээсийн төлбөр 540.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өмнөх түрээслэгчээс түрээсийн төлбөр авсан, аваагүй нь компанийн дотоод асуудал, нэхэмжлэгчид хамааралгүй. Д.ЦАрвидах худалдааны төвд нэг цаг, нэг өдөр ч ажиллаагүй. Цахилгаан, дулаан хэрэглээгүй тул дулааны 216.720 төгрөг төлөх үндэслэл байхгүй. Ямар хана нураасан нь тодорхойгүй. Хана нураасан, нураагүй нь компанийн дотоод асуудал, нэхэмжлэгчид хамааралгүй. Д.Цтүрээсийн талбайд ОМ ХХК-иар вакум хаалга, хаалт хийлгэхээр гэрээ байгуулаагүй. Талбайд түрээсийн үйл ажиллагаа явуулахад бэлдэх нь ОМ ХХК-ийн үүрэг тул вакум хаалт, цонхны 501.150 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад,              

           

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Цнь хариуцагч ОМ ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзсан тул түрээсийн төлбөр, барьцааны хамт 475.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гэрээнээс үндэслэлгүй татгалзсан хохиролд 1.557.870 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

Шүүх Д.Цгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 250.000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 225.000 төгрөгт холбогдох шаардлага болон хариуцагч ОМ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Д.Ц, хариуцагч ОМ ХХК нарын хооронд 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арвидах худалдааны төвийн В1 давхарт байрлах В8 тоот павилоныг барилгын материалын худалдааны зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээг бичгээр байгуулжээ.

Талууд дээрх гэрээгээр Арвидах худалдааны төвийг бүхэлд нь бус, харин тус төвийн В1 давхрын В8 тоот павилоныг түрээслэхээр тохирсон байх тул Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд, шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн түрээсийн гэрээний зохицуулалтыг баримтлах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Хариуцагч ОМ ХХК нэг гишүүнтэй бөгөөд, тус компанийн захирал Л.Батбаатар нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамжинд байрлах Арвидах худалдааны төвийн В1 давхрын В8 тоот павилоныг нэхэмжлэгч Д.Цд түрээслүүлэхээр тохиролцсон байх бөгөөд зохигчид түрээсийн зүйлийн өмчлөгч, тухайн талбайг түрээслүүлэхээр захиран зарцуулах эрхийн талаар хэн аль нь маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь энэхүү гэрээний 4.1-д Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний 1.1-д заасан талбайг хүлээлгэн өгөх, хүлээн авах актаар түрээслэгчид шилжүүлэн өгнө гэсэн үүргээ биелүүлээгүй, түрээсийн талбайг хүлээлгэн өгөөгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилж төлсөн 1 сарын түрээсийн төлбөр 225.000 төгрөг, барьцаанд байршуулсан 250.000 төгрөг, нийт 475.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

            Хариуцагч нь түрээсийн зүйл павилоныг шинээр хийсэн бөгөөд 4 дүгээр сарын 15-наас ажиллуулахаар тохиролцож, бэлэн болгосон, хүлээн авч, ашиглах талаар удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч өөрөө хүлээн авч ашиглаагүй, мөн гэрээ цуцалбал төлбөрийг буцаан олгохгүй гэж тохиролцсон гэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

ОМ ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2/5 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт түрээслэгчдэд хандан, талбайг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болгох, талбайн төлөвлөлт зохион байгуулалт, павилоны хаалт хуваалт хийхэд 19.400.000 төгрөгийн төсөв гарах, мөн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс хойш гэрээ цуцалсан тохиолдолд төлөгдсөн барьцаа болон түрээсийн төлбөр буцаан олгогдохгүй болохыг нэхэмжлэгч Д.Цд мэдэгдэж, тэрээр уг мэдэгдэлтэй танилцаж, хүлээн зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Өөрөөр хэлбэл түрээсийн гэрээний зүйл болох талбайг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн ашиглахаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д.Цнь хариуцагч ОМ ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу түрээслүүлэгчид 4 дүгээр сарын түрээсийн төлбөр 10% хөнгөлөлттэйгөөр буюу 225.000 төгрөг, мөн барьцаа 250.000 төгрөг, нийт 475.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар болон 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын ордер зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Түрээсийн гэрээний дагуу түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлэхэд нь нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, улмаар нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа ОМ ХХК-д бичгээр мэдэгджээ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн түрээсийн талбайг актаар хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэл нь түрээсийн талбайгаа ашиглаж эхлэх талаар ОМ ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн мэдэгдэл, нэхэмжлэгч нь түрээсийн талбайг хүлээлгэж өгөхийн шаардаж байгаагүй гэх тайлбар, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр түрээслэгчдийн гаргасан өргөдөл зэргээр үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь тухайн түрээсийн зүйлийг ашиглах хэрэгцээ шаардлагагүй болсон нь гэрээнээс татгалзах гол нөхцөл болсон байх бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн журмын дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах боломжтой байжээ.

            Гэвч нэхэмжлэгч нь үүргийн зөрчил байсан гэж татгалзсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар үүргийн зөрчилтэй байсныг нотлож, хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй болно. Дээрх нөхцөл байдлаас гэрээнээс татгалзахад хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т зааснаар хариуцагч нь хохирол, зардлыг хариуцахгүй юм.

            Иймд түрээсийн талбайг өөрөө хүлээн аваагүй, гэрээний хугацаа эхэлснээс хойш татгалзсан байх тул тухайн сарын түрээсийн төлбөрөөс нэхэмжлэгч нь чөлөөлөгдөхгүй ба түрээсийн төлбөрт төлсөн 225.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэн, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Түрээсийн гэрээний 3.15 дахь хэсэгт ...хэрэв түрээслэгч тал хугацаанаас өмнө түрээсийн гэрээг цуцлах тохиолдолд барьцаа мөнгийг олгохгүй гэж заасан хэдий ч уг гэрээ биелэгдээгүй, тухайн гэрээний 3.13 дахь хэсэгт заасан барьцааны мөнгөнөөс хохирол суутгах үндсэн нөхцөл нь уг гэрээ хэрэгжсэнээр бий болох тул гэрээ биелэгдээгүй буюу цуцлагдсан үед барьцаа мөнгийг нэхэмжлэгч Д.Цшаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас барьцаанд байршуулсан 250.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

            Хариуцагч ОМ ХХК нь нэхэмжлэгч Д.Ц гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсаны улмаас учирсан хохиролд В8 тоот павилоныг 2019 оны 2, 3, 4 дүгээр сард бусдад түрээслүүлэн олох байсан орлого 540.000 төгрөг, уг талбайн цахилгаан, дулааны 2, 3, 4 дүгээр сарын зардал 216.720 төгрөг, талбай гаргахын тулд хана нураасан зардал 300.000 төгрөг, вакум хаалт, хаалганы зардал 501.150 төгрөг, нийт 1.557.870 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Ц сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ... түрээсийн зүйлийг ашиглаагүй учир ашиглалтын зардал болон өмнөх түрээслэгчийн түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй, вакум хаалга, хаалтыг хийгээгүй, зардлыг хариуцахгүй... хэмээн тайлбарлаж маргав.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь гэрээний нөгөө тал үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагыг шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгчтэй Д.Цтэй байгуулсан гэрээ 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх байтал үүнээс өмнөх хугацааны буюу 2019 оны 2, 3, 4 дүгээр сарын цахилгаан, дулааны зардал шаардаж буй нь үндэслэлгүй байна.

            Түүнчлэн, хариуцагчийн зүгээс маргааны зүйл болох павилоныг сургалтын төвийн зориулалтаар бусдад нэг сарын 180.000 төгрөгөөр түрээслүүлж байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сараас хойш түрээсийн төлбөр аваагүй, уг талбайг түрээслэснээс олох байсан орлогыг 2019 оны 2, 3, 4 дүгээр сараар тооцон 540.000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, Ш.Жтай байгуулсан түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.

            Гэвч сургалтын төвийн зориулалтаар түрээслүүлж байсан талбай нь нэхэмжлэгчийн гэрээгээр тохиролцсон талбай мөн болох нь тогтоогдохгүй байна.

Улмаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 4 дүгээр сарын түрээсийн төлбөрийг урьдчилж авсан тул ийм хэмжээний орлого олж чадаагүй, хохирол хүлээсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчид түрээслүүлэхийн тулд вакум хаалт, хаалга хийлгэсэн гэж ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримт гаргасан боловч түрээсийн зүйл нь ашиг орлого олоход зориулагдсан, шууд ашиглах боломжтой байх ёстой. Энэ шаардлагыг хангахаар хийсэн вакум хаалт, хаалга нь нэхэмжлэгчид өөрт нь үлдсэн байх бөгөөд гэрээнд зориулж хийсэн ажлын хөлсийг хохирол гэж дүгнэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох үүргээ хангалттай биелүүлээгүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

                                                                                                           

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 292 дугаар зүйлийн 292.4, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг баримтлан хариуцагч ОМ ХХК-иас 250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Цд олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225.00 төгрөг гаргуулах хэсэг, нэхэмжлэгч Д.Цгээс хохиролд 1.557.870 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч ОМ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.900 төгрөг, хариуцагч ОМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.875 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8.050 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ