Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 831

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00134 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У ТӨХК-д холбогдох

"У" ТӨХК-иас дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал, халуун усны хэрэглээний зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт 116 673 957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, түүний өмгөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр 1966 оноос хойш Хан-Уул дүүрэг, 3 хороо, Ажилчны өргөн чөлөө хаягт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа ба "У" ТӨХК-ийн Баруун түгээх төвтэй хөрш залгаа байрладаг. Манай компани нь дулаан хангамжийг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор халаалтын цогц /Ялтсан бойлерийн систем/ төхөөрөмжийг угсарч тоноглон 2006 онд ашиглалтад оруулж өнөөдрийг хүртэл хөрш зэргэлдээ байрлах "У" ТӨХК-ийн салбар Баруун түгээх төвийн халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэсээр ирсэн. Энэ халаалтын цогц төхөөрөмж нь цахилаан, эрчим хүчээр ажилдаг ба жил бүр 10 сарын 01-ээс дараа оны 05 сарын 01 хүртэл 7 сар тасралтгүй ажиллуулдаг. Уг төхөөрөмжийг цахилгаанаар ажиллуулахад тогтмол гардаг "У" ТӨХК-ийн салбар Баруун түгээх төвийн эрчим хүч ашигласны төлбөрийг манай компани өнөөдрийг хүртэл сар бүр давхар төлсөөр ирсэн. Түүнчлэн энэ хугацаанд уг байгууламжтай холбоотой ашиглалтын болон урсгал зардлууд болох трансформаторын алдагдал, дулааны ялтсан бойлерын засвар үйлчилгээ, цахилгаан ашигласан төлбөр, дулааны шугам хоолойн засвар үйлчилгээг зөвхөн манайх дангаараа хариуцан өөрөөсөө гаргаж ирсэн. Бидний зүгээс энэ хугацаанд "У" ТӨХК болон түүний салбар Баруун түгээх төвд олон удаа эрчим хүч ашигласны төлбөрөө төлөх, уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал, хүсэлт илгээж, шаардаж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Энэхүү төлөлт болон уг байгууламжтай холбоотой ашиглалтын болон урсгал зардлуудыг дангаараа төлж ирснээс болж манайх эрчим хүч ашигласны төлбөрөө төлж чадахгүйд хүрч, эдийн засгийн хүнд нөхцөл байдалд ороод байна. Манай компани холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч, өөрийн хөрөнгөөр 800 метр урттай 150 мм-ийн диаметр бүхий ширмэн трубатай бохирын шугамыг "Говь" үйлдвэрийн урдуур явах бохирын төв шугам хүртэл хийж ашиглалтад оруулж өнөөдрийг хүртэл засвар үйлчилгээ, ашиглалтыг хариуцаж байна. Харин "У" ТӨХК-ийн салбар Баруун түгээх төв нь 1998 оноос хойш манай бохирын шугамыг ашиглан бохироо зайлуулж ирсэн ба талуудын хооронд байгуулсан "Бохир усны шугам ашиглалтын гэрээ"-ний дагуу бохир усны шугамын ашиглалт, засвар үйлчилгээ, бохир ус зайлуулахтай холбогдон гардаг гэрээнд заасан 220.000 төгрөгийн төлбөрөө 2007 оны 08 сарын 01-ний өдрөөс өнөөдрийт хүртэл төлөөгүй ба төлбөрөө төлөхийг удаа дараа албан бичгээр шаардаж ирсэн. "УБЦТС" ТӨХК, түүний салбар Баруун түгээх төвийн эдгээр үйлдэл нь манай компаний эдийн засагт ноцтой хохирол учруулсан төдийгүй цаашид энэ байдал үргэлжлэх юм бол улам хүнд байдалд оруулахаар байна. Иймд Иргэний хуулийн 135.3, 140.2, 106.2-т тус тус заасны дагуу "У” ТӨХК болон Баруун түгээх төвөөс дулаан дамжуулах бойлерийг ашиглан халаалт. дулааны асуудлаа шийдвэрлэж ирсэнтэй холбоотой гарсан цахилгаан, эрчим хүчний зардал, бохир ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт элэгдлийн зардал 16 839 020 төгрөг гарснаас У ТӨХК-ийн Баруун түгээх төвөөс гарах зардал 8 419 510 төгрөг, засвар үйлчилгээний зардал 47 433 964 төгрөгийн тал хувь 23 716 982 төгрөг, төлбөр хураамж 4 393 777 төгрөгийн тал 2 196 889 төгрөг, ялтсан бойлерийн системийг ажиллуулахад гарсан цахилгааны зардал 79 896 643 төгрөгийн тал зардал 39 948 321 төгрөг, халуун усны хэрэглээний зардал 51 184 511 төгрегийн тал нь 25 592 256 төгрөг, бохирын шугам ашиглсны зардал 16 800 000 төгрөг, нийт 116 673 957 төгрөгийг У ТӨХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх уг конторын барилгыг анх 1997 онд хүлээн авснаас хойш енөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч байгууллагатай хөрш зэргэлдээ үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд манайх өөрийн хэрэглэсэн цахилгаан. дулаан, ус \бохир цэвэр ус\ зэрэг бүх зардлуудыг зохих байгууллагуудад нь цаг хугацаанд нь төлж байгаа. Өөрөөр хэлбэл 2007 оноос 2017 оны хооронд ус хэрзглэсний 16 762 751 төгрөг, дулааны зардал 86 369 106 төгрөг, цахилгааны зардал 61 017 815 төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжпэгч цахилгаан зардал, бохир ус татан зайлуулах шугам ашигласны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч дулаан ашиглахтай холбоотой гарсан зардлаа 2 байгууллагад тэнцүү хэмжээгээр хувааж нэхэмжилж байгаа ба 2 байгууллагын хэрэглээг авч үзвэл маш зөрүүтэй. өөрөөр хэлбэл манай байгууллага бол 'згбай бүхий 3 давхар барилгыг халаадаг хариь нэхэмжлэгч 3 давхар барилгаас гадна олон том үйлдвэр, обьектуудтай учир 2 байгууллагын хэрэглээний 10 хувьд ч хүрэхгүй хэмжээний дулаан хэрэглэдэг. Манай дулааны 2007-2017 оны хооронд дулааны төлбөр төлсөн баримтаас тодорхой байгаа бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ч гэсэн дулааны төлбөрийн баримтаас дулааны хэрэглээ нь харагдах юм. Гэхдээ ялтсан бойллероор дамжиж буй дулааны хэдэн хувийг нэхэмжлэгч, хэдийг хариуцагч ашиглаж байгааг шууд хэлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч шаардлагадаа ялтсан бойлерийг ажилуулахад гарч буй цахилгааны төлбөрт жилд 10 787 832 төгрөг нэхэмжилснийг дулаамаар хангах сар-буюу 7 сард хуваахад 1 сард 1 541 118 төгрөг буюу өөрөөр хэлбэл ялтсан бойллерийг ажиллуулахад сард ийм-цахилгааны зардал гардаг гэж үзсэн байна. Тэгвэл нэхэмжлэгчийн 2016 оны 1 сараас 2017 оны 9 сар хүртэл хугацаано: цахилгааны хэрэглээг үзэхэд дулаан хэрэглэж буй сарын цахилгааны төлбөр дулаан хэрэглэдэггүй сарын цахилгааны төлбөрийн хооронд нэг их зөрүү гарахгүй байна. Тэгэхээр ялтсан бойлерийг ажиллуулахад 1,541,118 төгрөгийн цахилгааны төлбөр гардаг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь ялтсан бойлер ажиллуулахад гарсан зардал гэх элэгдлийн үйлчилгээний зардал, төлбөр хураамж, цахилгааны зэрэг зардлынхаа 50 хувийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 135.3-т заасан заалт нь нэхэмжлэлийн үндэслэл, маргаанд хамааралгүй зохицуулалт байна. Учир нь нөгөө талын эрхийг зөрчсөн барилга байгууламж манайх бариагүй, барилгууд ханаар тусгаарлагдсан тул 140.2 хамаарахгүй, зардал гаргуулах маргаанд 106.2 үйлчлэхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 140 дүгээр зүйлийн 140.2, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан "У" ТӨХК-иас дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт 116 673 957 төгрөг гаргуулахыг хүссэн "Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 739 170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь "У" ТӨХК-ийн Баруун түгээх төвд холбогдох шаардлагаасаан татгалзсаныг баталж, Хариуцагчаас дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг нзхэмжлэгч нь өөр үндэслэлээр гаргахад энэхүү шийдвэр нь саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Шүүхийн шийдвэр ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасны хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд хэргийн талаар ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан ба ингэхдээ уг хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т "Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана" гэж заасны дагуу шийдвэрээ гаргах хуультай. Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаар хэлэлцсэн ямарч нотлох баримтанд үндэслээгүй. Нэхэмжлэгч нь өөрийн болон У ТӨХК-ийн Баруун түгээх төвийн халаалт, дулааны асуудлыг шийдвэрлэхэд ажиллуулж ирсэн халаалтын ялтсан бойлерийн системийг ажиллуулахтай холбоотойгоор гардаг ашиглалтын зардлуудын тал хувийг, нэхэмжлэгчийн эзэмшлийн тоолуур дээр гардаг, нэхэмжлэгч дангаараа төлж ирсэн хоёр байгууллагын халуун усны хэрэглээний зардлын тал хувь, талуудын хооронд байгуулсан “бохир усны шугам ашиглалтын гэрээ"-ний дагуу бохир усны шугамын ашиглалт, засвар үйлчилгээ, бохир ус зайлуулахтай холбогдон гардаг гэрээнд заасан зардлыг 2007-2017 оны хооронд тооцож нийт 116 673 957 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл Анхан шатны шүүх нь шийдвэртээ: "... У ТӨХК-иас дулаан дамжуулах бойлер ашиглалтын зардал болон бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөрт 116 673 957 төгрөгийг гаргуулахыг хүссэн ЭХБУТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж нэхэмжлэлийн шаардлагын хоёр асуудлыг шийдвэрлэсэн байдлаар шийдвэр гаргаж халуун усны хэрэглээний зардлыг гаргуулах шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх дээрх шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ "нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна ... нэхэмжлэлийг өөр үндэслэлээр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зуйтэй..." гэж ИХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болжээ.

Иймд ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн зэргээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “У” ТӨХК-д холбогдуулж тус 2 компанийн хамтран ашигладаг гэх дулаан хангамжийн тоног төхөөрөмж /ялтсан бойлер/ ашиглалтын зардлын 50 хувь 39 948 321 төгрөг,  халуун усны хэрэглээний зардлын 50 хувь 25 592 256 төгрөг,  бохирын ус татан зайлуулах шугам ашигласны төлбөр16 800 000 төгрөг, нийт 116 673 957 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Нэхэмжлэгчийн үндэслэлд заагдаж буй Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3, 140 дүгээр зүйлийн 140.2, 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт тус тус заасан зохицуулалт маргаанд хамааралгүй  гэж үзэж байгаа тохиолдолд шүүх тухайн харилцааны төрлийг буюу маргааны зүйлийг тодорхойлж, уг харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу маргааныг хянан шийдвэрлэх учиртай.

 

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн үндэслэлдээ заасан  Иргэний хуулийн дээрх зохицуулалтууд нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй байгаа учраас дахин нэхэмжлэлээ өөр үндэслэлээр гаргахад энэ шийдвэр саад болохгүй гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор маргааныг шийдвэрлэхээс зайлсхийсэн, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг зөрчсөн  гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхой бус ойлгомжгүй байгаа нь шүүх зохих журмын дагуу маргааны  зүйлийг тодруулаагүйтэй холбоотойгоос гадна, нэхэмжлэгч  шаардлагын үндэслэлээ  тодорхой  гаргах  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс  шалтгаалсныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагууд хөрш зэргэлдээ оршин үйл ажиллагаа явуулдаг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө нэг шугамаар дулааны эрчим хүчийг ашигладаг байсан, бохирын ус татан зайлуулах нэг шугам ашигладаг зэрэг үйл баримт тогтоогдож, хариуцагч энэ талаар маргаагүй, харин ялтсан бойлер ашиглалтын /цахилгааны/ зардал бодитой эсэх талаар маргаж, улмаар шинжээч томилж уг зардлын хэмжээг бодитой тогтоолгохыг  хүсчээ. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүйгээс “... хариуцагчийн татгалзлын үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хариуцагчийн төлөөлөгчийн шинжээч томилуулах, туршилт хийлгэх хүсэлтийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт гаргах хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ. /хх-ийн 45, 61, 79/

 

Нөгөө талаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон захирамж хэрэгт авагдаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр “хэрэгт авагдсан ямарч нотлох баримтыг үнэлээгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, улмаар хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрлэх боломжгүй, шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.4, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 741 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

  ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Н.БАТЗОРИГ