| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2017/0039/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2017-01-17 |
| Зүйл хэсэг | 145.2., 261.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2017/0039/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа, Н.Төгсбаяр
Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт ***, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хэрэгт ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000544 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *** өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ял эдлэхээс өмнө *** тоотод оршин сууж байсан, 1990 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар 2 жил хорих ял, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ял, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11-р сарын 03-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 10 сар хорих ял, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 6-р сарын 03-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 20000 төгрөгийг хураан улсын орлогод оруулж, 10 жил 9 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ***, /РД: ***/.
2. Монгол Улсын иргэн, ***ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолын дагуу Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Хорих 445 дугаар ангид ял эдэлж байхдаа буюу харуул хамгаалалтгүй хорих ангийн өвөлжөөний сахиулын ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр оргосон, улмаар оргон зугтааж явахдаа яллагдагч ***тэй бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Баян-Уулын энгэр гэх газарт оршин суух иргэн ***ын гэрт нэвтрэн орж 40 инчийн LCD телевизор хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ны өдөр шилжих шөнө хорих ангийн манай сахиул хийж байсан өвөлжөөний хажуу талд байдаг *** гэх өвгөн мотоцикльтойгоо 24 цагийн орчим манай байшинд ирээд хоёулаа ширээ нуруу ороод ирье гэхээр нь би хувцсаа өмсөөд мотоциклийн ард сууж ширээ нуруу орж нэг дэлгүүрээс 2 шил архи аваад буцаж тэр өвгөний хадлангийн гэрт очиж бид хоёр хувааж уусан. Мөн Дархан сумын вокзал дээр ирж 1 шил 0,75 литрийн архийг *** аваад, төмөр замын хажууд байрлах 5 давхар байрны хажууд ууж дуусгасан. *** дахин 2 шил архи аваад ногооны талбайруугаа явж ***ын гэрт архиа уугаад нилээд согтоод явах гэсэн чинь *** нохойд уруулна гэхээр нь би мотоциклийг нь унаад явахдаа салхинд цохиулсан юм уу нэг мэдэхэд Орхон сумын гэр хороолол дунд жимсний модны хажуугаар явж байсан. Би үүнээс цааш мэдүүлэг өгмөөргүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-142 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***ын мотоциклийг нь гуйж унасан. Орхон Жимс ногоо руу явж байхад *** гэх бүсгүйтэй тааралдсан. Гудамжинд явж байхад хүн дуудах шиг болохоор нь эргээд харахад *** замын хажууд сууж байсан. Тэгээд над руу гараараа далласан учраас би зогссон. Тэгсэн *** нь босож ирээд “чи хаачих гэж байгаа юм бэ” гэж надаас асуухаар нь “би гол орж нүүрээ угаачхаад Дархан руу буцна” гэхэд *** нь “чи намайг айлд хүргээд өгөөч” гэж хэлсэн. Тухайн үед би архи уусан байсан бөгөөд ***ийг мотоциклийнхоо ард суулгаад явахад *** нь нэг айлын гадаа очсон. Би ямар айлд очиж байгаагаа ч мэдээгүй. *** нь тэр айлын хашаанд байж байгаад гарч ирэхдээ нэг зурагт бариад гарч ирсэн. Тэгээд ***ийг гарч ирэхэд нь хаашаа явах юм бэ гэсэн “ийшээ” гээд зүг хэлэхээр нь бид хоёр мотоциклтой явж байтал би замдаа явах тэнхэлгүй болоод ерөөсөө цаашаа явж чадахгүй юм байна, би эндээ унтаж байгаад буцлаа, чи явбал яв гэж хэлсэн. Тэгтэл *** нь яваагүй, тэгээд бид хоёр хээр зам дээр унтаж байхад гэрийн эзэн араас ирээд бид хоёрыг барьж авсан. Бид хоёрыг унтаж байхад машинтай хүмүүс ирээд гэрээс зурагт хулгайлсан байна гэж хэлээд, бид хоёр баригдаад буцаж тэр айлын гадаа ирсэн, ...Би хорих ял эдэлж байсан учраас цагдаа нар ирэхэд баригдах байх гэж айгаад мод руу ороод зугтаасан. Модон дотор хоёр хоноод мотоциклоо авч чадаагүй, мотоциклийг аваад явчихсан байсан. Одоо хорих анги дээрээ очихоор асуудал үүсэх учраас Улаанбаатар хот орж ерөнхий газартаа баригдъя гэж бодоод Улаанбаатар хот руу вагоноор явсан. Улаанбаатар хотод очоод 3 хоног орц, гудамжинд хоносон. Тэгж явж байгаад 2016.10.10-ны өдөр Нарантуул зах дээрээс би баригдсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр Орхон суманд явж байтал цагаан өнгийн мотоцикльтой залуу ирээд манай ахынд очоод зурагт аваад Шаамар сум аваачиж өгөөд ирье гэхээр нь би ард нь суугаад сумын төвөөс цааш явж байгаад нэг байшинтай айлын гадна очоод тэр хүн айл руу ороод зурагт барьж гарч ирэхэд нь би тэр зурагтыг нь бариад нилээн явж байгаад голын хажуугаар мотоциклоосоо бууж амраад нөгөө залуу унтаж байтал зурагтны эзэн гэх залуу ирээд бид хоёрыг хулгайч гээд барьж портер машины ард суулгаад гэртээ авч ирээд байж байтал цагдаа ирэх хооронд надтай хамт явсан залуу зугтаасан. Би танихгүй, нэрийг нь мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...энэ залуутай хамт ах гээд байсан айлд очсон чинь ахынх нь биш байсан байна лээ. Тэр айлын гадаа ирээд *** намайг “чи гадаа байж бай, би энэ айл руу ороод юм аваад ирье” гэж хэлээд тэр айлаас гарч ирэхдээ зурагт авч гарч ирсэн. Тэр зурагтаа намайг бариад миний мотоциклийн ард суучих гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гэж хэлээд бид хоёр мотоциклтой гол дээр очсон. Тэгээд гол дээр очоод байж байтал *** нь “би жаахан амраадахъя, миний нойр хүрээд байна” гэж хэлсэн. Тухайн үед *** архи уусан байсан. *** нь хоёулаа жаахан унтаж байгаад энэ зурагтыг манай найзынд хүргэж өгөөд ирье гэж хэлж байсан. Тэгтэл удалгүй гэрийн эзэд ирээд зурагтаа аваад, бид хоёрыг гэр руугаа авч явсан. Гэрийнх нь гаднаас *** зугтаасан” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17-18 цагийн орчим би гэрээ цоожлоод гэрийн урд 200 метр зайд байрлах аав ***гийн гэрт байж байтал манай гэрийн хаалганы цоожны цүүгээр гэр онгойлгоод гэрээс цагаан өнгийн мотоцикльтой эрэгтэй, эмэгтэй 2 хүн 40 инчийн хар өнгийн зурагтыг хулгайлаад явсан байсан. Зурагт хулгайлж байхыг нь миний төрсөн хүү *** хараад надад хэлсэн, …Би өөрийн машинаар хүүтэйгээ хамт мотоциклийн замыг нь мөшгөөд араас нь явж байтал миний машины бензин дуусч өөрийн төрсөн дүү ***ийг дуудахад портер машинтайгаа ирэхээр нь ***ийн хамтаар портер машинтай нь нөгөө мотоциклийн араас замыг нь мөшгиж явж байтал жиптэй хүмүүс таарахад тэр хүмүүс “мотоцикльтой 2 хүн дундаа зурагт барьчихсан явж байна” гэдгийг хэлсэн. Мөн цаад талд машин нь эвдэрсэн хүмүүс байсан. Тэр хүмүүс “саяхан мотоцикльтой 2 хүн явсан” гэдгийг хэлсэн. Цаашаа явж байтал бургасан дотор мотоцикльтой эрэгтэй, эмэгтэй 2 байсан. Эрэгтэй нь газар унтаж байсан, эмэгтэй нь зурагтны хажууд сууж байсан. Зурагт хулгайлаад араас нь машинтай хөөсөн бензиний 120,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-99 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... манай Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа хорих 445 дугаар ангиас 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өглөө ялтан *** нь оргосон. Уг ялтныг эрэн сурвалжлахаар давхардсан тоогоор нийт 60 орчим хүн, 10 орчим тээврийн хэрэгсэл ажилласан. Эдгээр алба хаагчдаас манай хорих 445 дугаар ангиас гадна 435 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагч нар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай бүлгийн алба хаагч нар ажилласан. Ингээд ялтан ***г 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баривчлах хүртэл нийт шатахууны зардалд 1.461.976 төгрөг, хоолны зардалд 529.250 төгрөг, Хорих 435 дугаар ангиас шатахууны зардал 300.000 төгрөг, 219.600 төгрөг, нийт 2.510.826 төгрөгийг ялтан ***гоос нэхэмжилж байгаа юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...ялтан *** овогтой *** хорих ангийн малын өвөлжөөн дээр сахиулын заалттай байсан. ...тухайн үед хадлан дээр үүрэг гүйцэтгэж байсан хянагч *** бид 2 ерөнхийдөө хариуцаж байсан. Яг ялтан ***г бол харж байсан харуул хамгаалалтгүй байсан. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө худгаас ус авах гээд хянагч *** очиход ялтан *** байгаагүй гэсэн. Надаас танайд очсон уу гэж асуухад би “ирээгүй” гэдгийг хэлээд тухайн орчмоор хайхад байгаагүй тул ангийн жижүүр болон удирдлагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Гэрч Т.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө 9 цаг 30 минутанд өвөлжөөний хажууд байх худгаас ус авах гээд ирсэн чинь ялтан *** байхгүй байсан. Тухайн орчмоор хайсан чинь олдоогүй. Ингээд би ангийн жижүүр болон удирдлагад мэдэгдсэн. Манай өвөлжөөний хажууд хадлан хадаж байгаа талбайд нэг өвгөн байсан бөгөөд тэр өвгөн ялтан ***г миний мотоциклийг унаад явчихсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
Гэрч Г.***ын мөрдөн бацйаалтын шатанд өгсөн “...*** 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өглөө миний мотоциклийг гуйж аваад явсан юм. Тэгээд оргосон байна лээ. Тэр хүн надаас мотоциклийг гуйж явахдаа манай охин ойрхон зам дээр ирчихсэн байна. Тосоод уулзаадахъя гэхээр нь миний мотоцикль бензин байхгүй гэсэн чинь өөрийнхөө өвөлжөөн дээр асаадаг моторноосоо бензин хийгээд яваад ирье гэхээр нь өгөөд явуулсан чинь алга болсон. Тэгээд би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангид нь хэлсэн, ... 2016 оны 9 дүгээр сарын 28-ны орой би ***той архи уусан. Ширээ нурууны дэлгүүрээс 1 шил аваад ***гийн гэрт нь уусан. Би сайн санахгүй байна. Намайг согтуу байхад мотоцикль аваад явсан байсан. Надаас гуйж авсан юм шиг санагдаад байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Р.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 9 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн орчим гэрийн гадна машин дээрээсээ өвс буулгаж байтал миний төрсөн ах *** утсаар яриад “манай гэрийн зурагтыг хулгайлаад явсан араас нь хөөж байна” гэж ярьсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ах дахин яриад “би хулгай хийсэн хүмүүсийн араас явж байтал машины бензин дуусчихлаа, хурдан хүрээд ир гэхээр нь ахын араас яваад очиход Ерөө голын наана ахын машин зогссон байсан. Би хамт ахтай мөрийг нь дагаж явсаар байгаад нөгөө мотоцикльтой 2 хүнийг бургасан дотор байхад барьж авсан. Бид нарыг яваад очиход эрэгтэй нь газар унтаж байсан, эмэгтэй нь утсаар яриад сууж байсан. Тэгээд тэр эрэгтэй, эмэгтэй хоёрыг аваад ахын гэрийн гадна ирээд портер дээр бууц ачуулаад байж байтал цагдаа ирэх хооронд эрэгтэй нь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/,
Гэрч Ч.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байхад манай хүү *** гаднаас орж ирээд гэрээс зурагт аваад явчихсан байна гэсэн юм. Тэгэхээр нь би хүүхдүүддээ мөр гаргаж өгөөд гэрийн гаднаас нь хөдлөөд явсан. Мотоцикпийн мөрийг дагаад яв гэж хэлээд өөрөө гэртээ үлдсэн юм. Тэгээд манай хүүхдүүд мотоциклийн мөр дагаж явсаар байгаад төмөр замын зүүн талын булангийн битүү модон дотроос олж авлаа гээд машины тэвшин дээр 2 танихгүй эрэгтэй, эмэгтэй хүнийг авчирч гэрийн гадаа буулгаад 30-аад минутын дараа хэсгийн цагдаа ирээд авч явах гэсэн чинь нөгөө 2 хүний эрэгтэй нь алга болоод зугтаах үед нь бид нар гэрийнхээ ойролцоо 2 машинтай гэрэл тусгаж хайгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч С.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай гэрийн урдаас мотоциклтой 2 хүн хойд зүгийг чиглээд явсан. Би гэртээ ортол зочны ороонд байсан зурагт байхгүй байсан. Би тэр даруй аавдаа очиж энэ талаар хэлсэн. Аав бид хоёр машинтай араас нь явахад бензин нь дуусч намайг үлдээгээд өөрөө алхаад явсан” / хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,
2016 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн “... зах зээлийн үнэ цэнэ 450,000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108 дугаар хуудас/,
Шүүгдэгч ***гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/,
Ялтан ***г оргосон тухай акт /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/,
***г эрэн сурвалжлах справка /хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас/,
***г баривчилсан тухай акт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 81-83 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 89 дүгээр хуудас/,
Дархан-Уул аймаг дахь ШШГА-ны хорих ангиас оргон зайлсан ***г эрэн сурважлахад гарсан зардлын тооцоо, зарлагын баримтууд /хавтаст хэргийн 157-184 дүгээр хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч *** нь 2009 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 20,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж Дархан-Уул аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Хорих 445 дугаар ангид ял эдэлж байхдаа буюу хорих ангийн өвөлжөөний сахиулын ажил үүрэг гүйцэтгэж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр оргосон болох нь шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, ялтан оргосон тухай акт /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, эрэн сурважилсан болон баривчилсан акт, иргэний нэхэмжлэгчийн болон гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөн ***, *** нар бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр машин механизм хэрэглэж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт 1 дүгээр баг, Баян-Уулын энгэр гэх газарт оршин суух иргэн ***ын гэрт нэвтрэн орж 40 инчийн LCD телевизор хулгайлж 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч ***, гэрч Р.***, насанд хүрээгүй гэрч С.*** нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч ***, *** нар “хулгайн хэрэг үйлдэгдэж байгааг мэдээгүй, би аваагүй, *** зурагтыг авсан, *** зурагтыг авсан” гэж мэдүүлж байх боловч насанд хүрээгүй гэрч С.***ийн ...манай гэрийн урдаас мотоцикльтой 2 хүн хойд зүгийг чиглээд явсан. Би гэртээ ортол зочны өрөөнд байсан зурагт байхгүй байсан гэх мэдүүлэг, гэрч Р.***ийн “бид нарыг яваад очиход эрэгтэй нь газар унтаж байсан, эмэгтэй нь утсаар яриад сууж байсан. Тэгээд тэр эрэгтэй, эмэгтэй хоёрыг аваад ахын гэрийн гадна ирээд портер дээр бууц ачуулаад байж байтал цагдаа ирэх хооронд эрэгтэй нь алга болсон” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн “...цоожны цүү хаалганы онгойх хэсэгтээ сэтэрсэн, цоож нь хаалганы рамны цүүнд цоожтой байв” гэх тэмдэглэл зэрэг болон бусад баримтуудаар хулгайн хэрэг үйлдэгдэж байгааг хэн аль нь лавтай сайн мэдэж, уг хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд ***г хорих ангиас оргосон, оргож явах хугацаандаа бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, ***ийг бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь ялтан ***г эрэн сурвалжлахад гарсан зардалд 2,510,826 төгрөг нэхэмжилсэн байх ба холбогдох баримт ирүүлсэн, уг баримтуудаар дээрхи хэмжээний зардал гарсан болох нь тогтоогдож байх тул ***гоос 2,510,826 төгрөг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч *** “бензиний 120,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх боловч тухайн үед дээрхи хэмжээний зардал гарсан гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул түүний 120,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч ***т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ***г согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч *** нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 6-р сарын 3-ны өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 20,000 төгрөгийг хураан улсын орлогод оруулж, 10 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, биеэр 7 жил 7 сар 16 хоног, шагналын 7 сар 16 хоног, нийт 8 жил 3 сар 02 хоногийн ял эдлээд 2016 оны 9-р сарын 29-ний өдөр оргож 2016 оны 10-р сарын 10-ны өдөр баривчлагдан мөн өдрөөс 10-р сарын 28-ны өдөр хүртэл 17 хоног хорих ангийн сахилгын байранд байж байгаад 2016 оны 10-р сарын 28-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
*** нь 10 жил, 9 сар хорих ялаас 8 жил, 3 сар, 19 хоног хорих ял эдэлсэн, 2 жил 8 сар 11 хоног хорих ял эдлээгүй үлдсэн байна.
2016 оны 10-р сарын 28-ны өдрөөс хойш цагдан хоригдсон хугацааг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял эдэлсэн хугацаанд оруулан, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
*** нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн боловч ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт ***гийн ***г хорих ангиас оргосон, бусадтай бүлэглэн машин механизм ашиглан орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***ийг бүлэглэн, машин механизм ашиглан, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 11 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, ***д энэ тогтоолоор оногдуулах хорих ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, ***д өмнөх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 6-р сарын 3-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жил, 9 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 11 хоног хорих ялын зарим болох 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж ***гийн биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 5 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***гоос 2,510,826 /хоёр сая таван зуун арван мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд олгож, хохирогч ***ын 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч ***гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 80 хоног /ная/-ийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар энэ шийтгэх тогтоолоор ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил /нэг/-ийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг ***т мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***д авсан цагдан хорих, шүүгдэгч ***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД