| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 110/2024/0077/З |
| Дугаар | 221/МА2025/0227 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0227
О.Х-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд
Нэхэмжлэгч: О.Х
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Х.Б
Гуравдагч этгээд Б.Х
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0006
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээд Б.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 110/2024/0077/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.Х-аас Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Х.Б-д холбогдуулан “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох”, “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааны даргалагч Х.Б-д даалгаж, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон саналын хуудсыг хүчингүйд тооцож, саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х-ыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0006 дугаар шийдвэрээр:
“Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааны даргалагч Х.Б-д даалгаж, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон саналын хуудсыг хүчингүйд тооцож, саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Хыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд МАН ба АН-ын төлөөлөл 21 төлөөлөгч байсан ба Монгол улсын засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.5 дугаар зүйлд зааснаар анхдугаар хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч удирдан явуулах ёстой учраас сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Б нь хамгийн ахмад настай төлөөлөгч тул сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг удирдан явуулсан.
Сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Б нь Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг нээж, хэлэлцэх асуудлыг төлөөлөгчдөд танилцуулан улмаар сумын ИТХ-ын 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоолын' төсөл, сумын ИТХ-ын анхдугаар хуралдааны дотоод журмын төслийг тус тус батлуулсан. Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд сумын МАН-ын бүлгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ба.Х, сумын АН-ын бүлгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч О.Х нарын нэрийг дэвшүүлсэн. Хурлын даргыг сонгох санал хураалт явуулахаас өмнө ажлын хэсэг саналын хуудасны өмнөх тоог дугуйлна, үүнээс өөр байдлаар тэмдэг, тэмдэглээ хийх юм бол уг саналын хуудсыг хүчингүйд тооцно гэж нийт төлөөлөгчид хооронд тохиролцсон байна. Сумын ИТХ-ын даргыг сонгох санал хураах ажиллагааг зохион байгуулж дүнг гаргах тооллогын комисс байгуулан нууцаар санал хураалт явуулахад Ба.Х 10 төлөөлөгчийн, О.Х 11 төлөөлөгчийн саналыг авсан. Ингээд Б сумын ИТХ-ын даргыг сонгосон тогтоолын төслийг батлуулахаар санал хураах үед сумын МАН-ын бүлгээс завсарлага авахыг хүссэн учраас Х.Б нь анхдугаар хуралдаан даргалагчийн хувьд завсарлага өгсөн. Сумын МАН-ын бүлгээс нэгэнт завсарлага авсан тул сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан түр завсарласан байна.
Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан нь 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цагийн орчимд дахин эхэлж үргэлжилсэн. Хуралдааны үргэлжлэл эхэлмэгц Б сумын МАН-ын нэр бүхий 11 төлөөлөгч сумын ИТХ-ын анхдугаар хуралдааныг даргалагч Х.Бд хаягласан дараах утгатай хүсэлтийн бичгийг гардуулсан. Уг хүсэлтэд: “2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 12 цагаас хуралдсан Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар сумын ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Гэтэл хурлын даргыг сонгох саналын хуудсанд АН-аас нэр дэвшсэн Хамитын овгийг Хорынхан гэж буруу бичигджээ. Хорынхан гэдэг нэр нь одоогийн ИТХ-ын дарга Аманхажын эцгийн нэр юм. Бодит байдалд Х-н овог нь О-н юм. Ер нь хурлын даргыг сонгох хариуцлагатай ажил буюу саналын хуудсанд хүний овог, нэрийг зөв бичих ёстой. Мөн саналын хуудсанд зарим төлөөлөгчдийн хийсэн тэмдэглэгээ эргэлзээтэй байна.
Иймд Б сумын ИТХ-ын даргыг сонгосон санал хураалтын ажиллагааг хүчингүйд тооцож, саналын хуудсанд АН-аас нэр дэвшигч Хамитын овгийг зөвөөр бичиж дахин санал хураалт явуулж өгөхийг хүсье. Хүсэлт гаргасан 1. Ба.Х, 2. З.Х, З.Х.Ө, 4. Л.Б.Ж, 5. Б.Н, 6. Х.Е, 7. А.Ж, 8. О.Т, 9. Бо.Х, 10. Г.Т, 11. Х.Ө" гэж нэр бүхий төлөөлөгчид гарын үсэг зуржээ.
Хуралдаан даргалагч Х.Б нь нэр бүхий 11 төлөөлөгчийн хүсэлтийг нийт төлөөлөгчдөд танилцуулан уг хүсэлтийг хэлэлцэх эсэх талаар санал хураан явуулахад нийт төлөөлөгчдийн 12 нь дэмжиж, Ардчилсан намын 9 төлөөлөгч дэмжээгүй санал өгсөн. Энэ үед сумын ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ш.Д-д 30 минутын завсарлага хүссэн учраас Х.Б нь хуралдаан даргалагчийн хувьд АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгсөн. Гэтэл АН-ын бүлгийн төлөөлөгчид 30 минутын хугацаанд орж ирээгүй. Энэ үед АН-ын төлөөлөгчдөд хуралдаанд оролцох тухай Х.Б-ээс утсаар удаа дараа мэдэгдэж байсан.
Ингээд сумын ИТХ дахь АН-ын бүлгийн төлөөлөгчид анхдугаар хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын даргыг сонгосон саналын хуудаснуудыг хүчингүйд тооцож “ саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай” тогтоолын төслийг танхимд сууж байсан төлөөлүүлэгчдээр хэлэлцүүлэн хуралдаанд оролцсон 12 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан. Үүний дараа анхдугаар хуралдааны эхэнд байгуулсан тооллогын комиссын зарим гишүүд хуралдааныг орхин гарсан тул “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоолоор санал хураалтыг зохион байгуулах тооллогын комиссын даргаар, сумын ИТХ-ын төлөөлөгч Х.Е, гишүүдээс сумын иргэдийн Хурлын төлөөлөгчид Б.Н-н, Б.Ж-т нарыг батлах тухай” тогтоолын төслийг хуралдаанд оролцсон" төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан. Үүний дараа сумын ИТХ-ын даргад нэр дэвшигчид Ба.Х, О.Х нарыг сумын ИТХ-ын даргаар сонгох саналын хуудсыг шинээр зөвтгөн хэвлэж, хурлын даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулсан. Уг санал хураалтад нийт төлөөлөгчдийн 14 нь оролцож, Ба.Х-н төлөө 14 төлөөлөгч санал өгсөн ба харин О.Х-ын төлөө санал өгсөн төлөөлөгч байгаагүй. Ингээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар Ба.Х-ыг сонгох тухай тогтоолын төслийг анхдугаар хуралдаанд оролцсон 14 төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталсан. Сумын ИТХ-ын төлөөлөгч Ба.Х-г сумын ИТХ-ын даргаар сонгосон тогтоолд тамга даруулъя гэхэд үргэлжилсэн хурлын эхэнд АН-ын төлөөлөгчид завсарлага авах үед сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, төрийн жинхэнэ албан хаагч Х.Ж нь тэднийг дагаад танхимаас гараад явсан байсан. Тэгээд Х.Б-ээс утсаар Х.Ж-тэй ярьж Хурлын даргыг сонгосон тогтоолд тамга дарж өгөхийг хүссэн. Мөн зарим төлөөлөгчид ч Х.Ж рүү утсаар ярьж учир байдлыг ярьсан боловч тэрээр тамга дарахгүй гэж хариу өгсөн. Түүнчлэн Х.Ж нь тогтоолуудад дугаар өгөхөөс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл X.Ж нь хуралдаан даргалагч Х.Б-ий гарын үсэг зурж баталгаажуулсан тогтоолуудад сумын ИТХ-ын тамгыг дарж өгөхөөс татгалзсан байна. Сумын ИТХ-ын даргаар Ба.Х-т сонгогдсон тул Х.Б нь анхдугаар хуралдааныг удирдах эрх, үүрэг дуусгавар болсон.
Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын даргаар сонгогдсон Ба.Х төлөөлөгчид баяр хүргэж, улмаар төлөөлөгчдөд үнэмлэх, энгэрийн тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Дараа нь сумын ИТХ-ын даргаар сонгогдсон Ба.Х нь сумын Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргасан. Энэ үед сумын ИТХ дахь МАН-ын бүлгээс анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулж өгөх тухай хүсэлт гаргасныг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хүлээж авсан үйл баримт захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон саналыг хуудсыг хүчингүйд тооцож, саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай” “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х-ыг сонгох тухай” тогтоолуудыг сумын ИТХ-ын төлөөлөгчдийн олонх буюу 11-ээс доошгүй төлөөлөгч дэмжиж уг тогтоолуудад анхдугаар хуралдаан даргалагч Х.Б нь гарын үсэг зурж баталгаажуулсан нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэх асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, ... олонхын саналаар батална", 48.2. Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, ... Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна’1 гэж заасантай нийцэж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй гэж үзэж байна.
Баян-Өлгий аймгийн Б сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Хурлын даргаар О.Х нь сонгогдсон гэх боловч уг түүнийг Хурлын даргаар сонгосон гэх тогтоолыг сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батлаагүй, хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулаагүй, саналын хуудсанд Оринханы Хамитын эцгийн нэрийг Хорынхан гэж буруу бичигдсэн, хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс “Хурлын даргад нэр дэвшигч О.Хад санал өгснөөр тооцсон саналын хуудаснуудын 2 ширхэг саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан тэмдэглэгээний хэлбэр нь зууван биш тул хүчингүй саналын хуудаст тооцно” гэж санал гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Анхан шатны шүүх хуралдаан даргалагч Х.Б-ийг сумын ИТХ-ын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батлаагүй тогтоолд заавал гарын үсэг зурах ёстой гэж буруутгаж байгааг ойлгохгүй байна. Хуралдаан даргалагч Х.Б-ий хувьд тухайн хуралдааныг удирдан явуулах эрхтэй ба хуралдаанаар хэлэлцүүлэх аливаа асуудалд санал хураалт явуулж, олонхын санал авсан тогтоолуудыг баталгаажуулах ёстой гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 .Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимтай нийцэхгүй байна.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийп 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 110\ШШ2025\0008 дугаартай шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжпэгч О.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, давж заалдах гомдлыг хүлээн авахыг хүсье.
4. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. Энэхүү захиргааны хэргийн маргааны зүйл нь нэгдүгээрт сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох саналын хуудсанд нэр дэвшигч О.Х-д санал өгсөн 2 саналын хуудсанд зууван хэлбэрээс өөрөөр тэмдэглэсэн, хоёрдугаарт саналын хуудсанд нэр дэвшигч О.Х- овог нэрийг “О” гэж бичих ёстой байхад “Х” гэж буруу бичсэн явдал байгаа.
4.2. Б сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хуралдааны үлгэрчилсэн дэг бий.Дээрх дэг хэрэгт нотлох баримтаар авагдсан.Тухайн дэгийн 5.7-д “Санал хураалт дээр өөр тэмдэг, тэмдэглэгээ хийсэн, бусдад харуулсан тохиолдолд тухайн төлөөлөгчийн санал хүчингүй болно” гэж зааж өгсөн.
Мөн санал хураалт явуулахаас өмнө сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Х.Ж энэ талаар хэлж анхааруулсан нь хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан.Мөн Х.Ж, хурлын ажилтан А.Г нар гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ талаар тодорхой мэдүүлсэн байна.Үүнээс дүгнэж үзэхэд О.Х-д санал өгсөн хоёр саналын хуудас хүчингүй болох ёстой.
Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх “...дээрх үйл баримтуудаас дүгнэхэд Хурлын даргыг сонгон саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан тэмдэглэгээний хэлбэрээс /зууван биш өөр хэлбэртэй болсон, зууван хэлбэрийн дүрс дотор зураастай байна гэх мэт/ шалтгаалан уг саналын хуудаснуудыг хүчингүйд тооцох үндэслэлгүй юм.Тодруулбал, тухайн саналын хуудаснуудыг үзэхэд нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан тэмдэглэгээтэй буюу 2 нэр дэвшигчийн хэнд нь санал өгсөн нь тодорхой байгаа, харин нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн, ямар нэгэн нэмэлт тэмдэглэгээтэй буюу хэнд санал өгсөн нь ойлгомжгүй, тодорхой бус гэж үзэхээр саналын хуудас байхгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийх ёстой болохоос “2 нэр дэвшигчийн хэнд нь санал өгсөн нь тодорхой байгаа, харин нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлахаас өөр тэмдэглэгээ хийсэн, ямар нэгэн нэмэлт тэмдэглэгээтэй буюу хэнд санал өгсөн нь ойлгомжгүй, тодорхой бус гэж үзэхээр саналын хуудас байхгүй байна” гэж хийсвэр дүгнэлт хийх ёсгүй. Ер нь аливаа баримт бичигт тухайн хүний овог, нэрийг хууль ёсны хүчин төгөлдөр байгаа иргэний баримтад бичигдсэн овог, нэрээр нь бичих ёстой.
Анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ “...Мөн Хурлын даргад нэр дэвшигч О-ны Х-н эцгийн нэрийг 21 саналын хуудаст Х-н гэж бичсэн нь саналын хуудсыг хүчингүй тооцох үндэслэл болохгүй гэж үзлээ....Тухайн санал хураалтын явцад төлөөлөгчдөөс саналын хуудаст нэр дэвшигч Х-н эцгийн нэр нь буруу бичигдсэний улмаас андуурч, эсхүл буруу тэмдэглэгээ хийсэн гэж дахин санал өгөх талаар санал, хүсэлт гаргаагүй болох нь тус тус тогтоогдсон...” зөвтгөсөн нь үндэслэлгүй. Сумын ИТХ-ын даргыг сонгох санал хураалтын ажиллагааг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, хурлын ажилтан хоёр зохион байгуулж, намын бүлэг тус бүрээс нэг төлөөлөгчийг ажиглагчаар оролцуулсан гэх байдлаар тайлбарлаж байгаа. Санал хураалтын дүнг дээрх бүрэлдэхүүнтэй байгуулсан гэх боловч хуралдаанаас энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаж баталгаажуулаагүй. Энэ асуудлаар төлөөлөгчдийн хооронд маргаантай асуудал үүсээд байхад ажлын хэсэг санал хураалтын ажиллагаа хэрхэн явагдсан, санал хураалтын явцад ямар нэгэн санал хүсэлт гарч байсан эсэх, саналын дүнг хэрхэн тоолж гаргасан, энэ явцад оролцогчдоос ямар нэгэн санал, хүсэлт гарсан эсэх талаар ямар нэгэн тэмдэглэл үйлдээгүй, шүүхэд энэ талаарх ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй. Дээрх үйл баримтууд нь саналын хуудсыг хүчингүй болгох үндэслэл болох ёстой. Сумын ИТХ дахь намын бүлэг нь шаардлагатай тохиолдолд хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар завсарлагаа авах эрхтэй.Завсарлагаа авна гэдэг нь энгийнээр тайлбарлавал эргэлзээтэй, шийдвэрлэхэд хүндрэлтэй асуудал үүссэн үед тухайн асуудлыг шийдвэрлэхийн өмнө тодорхой хугацаатай завсарлагаа авч хоорондоо саналаа нэгтгэх, тухайн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцах үйл явц байгаа. Тэгэхээр сумын ИТХ дахь МАН-ын бүлгийн зүгээс санал хураалтын дүнтэй холбоотой асуудлаар завсарлагаа авсныг буруутгах үндэслэлгүй.
МАН-ын бүлгийн гишүүд завсарлагаанаас орж ирээд хуралдаан даргалагчид өөрсдийн гарын үсэг бүхий хүсэлтээ гардуулж өгсөн.Хуралдаан даргалагч хүсэлтийг хүлээн авч төлөөлөгчдөд танилцуулаад санал хураалт явуулахад 12 төлөөлөгч дэмжиж, 9 төлөөлөгч татгалзсанаар өмнөх санал хураалт хүчингүй болсон.Нэгэнт олонхын саналаар өмнөх санал хураалтыг хүчингүй болгосон учир үүнийг мөн адил буруутгах үндэслэлгүй. Үүнээс өмнө О.Х-ыг сумын ИТХ-ын даргад сонгох тухай тогтоолын төслийг төлөөлөгч нарт танилцуулаагүй, тухайн тогтоолыг батлах талаар ямар нэгэн санал хураалт явагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Сумын ИТХ-ын хуралдааныг хэрхэн хуралдуулж, асуудлыг хэрхэн хэлэлцэн шийдвэрлэх нь тухайн хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал байдаг. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудалд хурлын ажлын албаны дарга, мэргэжилтэн нар хөндлөнгөөр оролцож эрхийг нь зөрчсөн үйл баримт тогтоогддог.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн болон гэрч Х.Ж, А.Г нарын гэрчийн мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэргээс үзэхэд энэхүү хуралдааныг дотоод журмын дагуу явуулсан, үүнийг төлөөлөгчдийн олонхын саналаар баталсан гэж байгаа. Энэ талаарх харилцааг зохицуулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хуралдааныг дотоод журмын дагуу зохион байгуулах тухай ямар ч зохицуулалт байхгүй. Харин дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д ИТХ-ын хуралдааны дэгийг тухайн хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална гэж хуульчилсан. Мөн Б сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хуралдааны үлгэрчилсэн дэгийн 7.1.4-д анхдугаар хуралдаанаар хурлын дэг батлах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тодорхой зааж өгсөн.Гэтэл энэ асуудлыг анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулаагүй. Сумын ИТХ-д МАН-аас сонгогдсон төлөөлөгч Х.Ө-с хуралдааны эхэнд энэ талаар санал гаргаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах талаар санал гаргахад сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Ж сумын ИТХ-ын дарга энэ асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэх санал гаргасан учир оруулаагүй гэж тайлбарласан. Өмнөх ИТХ-ын дарга нь хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах эрх бүхий албан тушаалтан биш.Түүний саналаар хууль, дэг зөрчиж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулахгүй байх эрх хэнд ч байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д ИТХ ажлын албатай байна гэж хуульчилсан.Ажлын алба нь ИТХ-ын өдөр тутмын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх алба болохоос биш хуралдааны үйл ажиллагаанд шууд оролцох, төлөөлөгчдийн эрхийг эдлэх ёсгүй. Б сумын ИТХ-ын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хуралдааны үлгэрчилсэн дэгийн 12.7-д хуралдааны явцад хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр хууль зүйн болон бусад шаардлагатай тайлбарыг асуудал танилцуулж байгаа албан тушаалтан болон хурлын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтан өгч болно гэж заасан.Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга хуралдааныг удирдаж явсан гэж үзэхээр үйл баримтууд тогтоогддог.
Мөн дээрх дэгийн 5.3-д санал хураалтын хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн тооллогын комисс байгуулан санал хураалт явуулж дүнг танилцуулна гэж тодорхой зааж өгсөн.
Гэтэл сумын ИТХ-ын даргыг сонгох санал хураалтыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, хурлын ажилтан хоёр зохион байгуулж, намын бүлэг тус бүрээс нэг төлөөлөгчийг ажиглагчаар оролцуулсан нь төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдсан, дэгийг зөрчсөн үйл ажиллагаа болсон. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь сумын ИТХ-ын даргад нэр дэвшсэн гуравдагч этгээд миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн, шударга ёсонд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 110/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлага болох “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааны даргалагч Х.Б-д даалгаж, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон саналын хуудсыг хүчингүйд тооцож, саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х-г сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
3. Дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Үүнд:
3. Нэхэмжлэлийн “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж, баталгаажуулахыг анхдугаар хуралдааны даргалагч Х.Б-д даалгах”, “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгосон саналын хуудсыг хүчингүйд тооцож, саналын хуудсыг зөвтгөн, дахин санал хураалт явуулах тухай”, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар Б.Х-ыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлагуудын тухайд:
3.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно”, 53.5-д “Хурлын төлөөлөгчид санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө санал өгөх бөгөөд нэр дэвшигч өөрөө санал хураалтад оролцох эрхтэй” гэж заасан.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Б сумын сонгуулийн хорооны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагт хуралдуулахаар товлож, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цаг 10 минутад сумын Засаг даргын Тамгын газрын байранд нийт 21 төлөөлөгчийн буюу 100 хувийн ирцтэйгээр эхэлж, анхдугаар хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч Х.Б даргалж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг баталсан байна.
3.3. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу Монгол ардын намаас Б.Х-н, Ардчилсан намаас О.Х-н нэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус дэвшүүлж, саналын хуудаст саналаа хэрхэн тэмдэглэх талаар нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог зууван хэлбэртэй дугуйлна, ямар нэгэн илүү тэмдэглэгээ хийсэн бол саналын хуудас хүчингүй болно гэж Хурлын даргыг сонгох санал хураалт эхлэхээс өмнө төлөөлөгчид тохиролцож шийдвэрлэсэн байна.
3.4. Нууц санал хураалтаар нийт 21 төлөөлөгчөөс нэр дэвшигч О.Х 11 төлөөлөгч, Б. Х 10 төлөөлөгчийн санал авсан дүн гарсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хийсэн үзлэгээр тооллогын комиссын 2 хүн гарын үсэг зурж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамга дарсан нийт 21 саналын хуудас байгаагаас 11 нь нэр дэвшигч Хамитын нэрийн өмнөх 2 гэсэн тоог дугуйлсан, 10 нь нэр дэвшигч Хн нэрийн өмнөх 1 гэсэн тоог дугуйлсан тэмдэглэгээтэй, мөн уг 21 саналын хуудаст нэр дэвшигч Х-н эцгийн нэрийг Х гэж бичсэн байна.
3.5. Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд санал хураалтын явцад төлөөлөгч М.Е саналын хуудаст нэр дэвшигч Х-н эцгийн нэрийг Х-н гэж бичсэнийг хэлсэн байх бөгөөд энэ талаар “... саналын хуудаст нэр дэвшигчдийн өөрсдийнх нь нэр нь зөв бичигдсэн, овгийн нэг үсэг гайгүй байх, мөн төлөөлөгчдийн олонх нь саналаа өгчихсөн, дахиж хэвлэж, шинээр эхлэхээр бол цаг хугацаа авч, төлөөлөгчдийн дургүйцлийг хүргэнэ, тиймээс санал хураалтыг үргэлжлүүлье” гэсэн саналыг ажлын хэсгийн үйл ажиллагаанд хяналт тавихаар намын бүлгүүдээс ажиглагчаар оролцуулсан төлөөлөгч Б.Н, Б.С нар дэмжсэнээр санал хураалтыг үргэлжлүүлэн явуулсан байна.
3.6. Дээрх үйл баримтуудаас үзэхэд Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар нь Хурлын даргад нэр дэвшсэн О.Х-н овгийг саналын хуудаст буруу бичсэн болохыг санал хураалт дуусахаас өмнө мэдсэн хэдий ч үргэлжлүүлэн санал хураалтыг явуулсан. Ийнхүү санал хураалтыг явуулснаар төлөөлөгч нар нь төөрөгдөлд орсон, санал будилсан гэж үзэхээргүй байх бөгөөд нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлсан нь саналын хуудаст өөр тэмдэглээ хийсэн, ямар нэгэн нэмэлт тэмдэглэгээтэй гэж үзэх, хэнд санал өгсөн нь ойлгомжгүй, тодорхой бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн байна.
3.7. Иймд хариуцагч болон гуравдагч этгээд нарын “... нэр дэвшигчийн овгийн эхний үсгийг буруу бичсэн, ... хурлын даргад нэр дэвшигч О.Х-д санал өгснөөр тооцсон саналын хуудаснуудын 2 ширхэг саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийн өмнөх тоог дугуйлсан тэмдэглэгээний хэлбэр нь зууван биш тул хүчингүй саналын хуудаст тооцно ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3.8. Түүнчлэн Хурлын даргыг сонгох нууц санал хураалт явагдаж, санал хураалтын дүнгээр олонхын санал авсан О.Х-г Хурлын даргаар сонгох тухай тогтоолын төслийг хуралдаан даргалагчаас уншиж танилцуулсан буюу 13 цаг өнгөрч байх үед Монгол Ардын намын бүлгийн Б.Н нарын 9 төлөөлөгч хуралдааны танхимаас гарч явсан, улмаар уг төлөөлөгчдийн зарим нь хуралдааны танхимд буцаж ороод хуралдаан даргалагч Х.Б болон төлөөлөгч З.Х, Х.Е нарыг авч гарсан, Монгол Ардын намаас нэр дэвшиж сонгогдсон 14 төлөөлөгчийн 12 нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг орхин гарсан, мөн завсарлага аваагүй болох нь гэрч нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
3.9. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан СД бичлэг болон, хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Монгол Ардын намын бүлгийн төлөөлөгчид анхдугаар хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарч, 6 цагийн дараа буцан ирж, Хурлын даргыг сонгосон санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулах тухай саналыг гаргаж, хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй тухайн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлээгүй байх үед Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдөөс завсарлага авах хүсэлт гаргасан байхад хуралдаан даргалагч хариуцагч Х.Б бус өөр бусад этгээдээс хуралдааныг удирдаж санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах асуудлаар санал хураалт явуулсан, улмаар завсарлага авсан Ардчилсан намын төлөөлөгчдийг оролцуулахгүйгээр Хурлын даргыг сонгох санал хураалтыг дахин явуулсан болох нь тогтоогдож байна.
3.10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг мөрдөхийн зэрэгцээ доор дурдсан зарчмыг баримтална”, 12.1.8-д “асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна”, 39.1.1-д “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох”, 39.1.3-д “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна”, 39.1.3-д “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах”, 39.1.4-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах”, 46 дугаар зүйлийн 46.5-д “Ээлжит сонгуулийн дүнг өргөн мэдүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн шатны сонгуулийн хороо иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулна. Анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргална”, 46.7-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно”, 46.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан.
3.11. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах бөгөөд Хурлын төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах эрх хэмжээтэй байх бөгөөд анхдугаар хуралдааныг хуралдаанд хүрэлцэн ирсэн насаар хамгийн ахмад төлөөлөгч даргалж, Хурлын төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцохгүй байх болон хуралдааныг орхиж гарахыг хуулиар хориглосон байна.
3.12. Энэ тохиолдолд Монгол Ардын намын бүлгийн иргэдийн Хурлын төлөөлөгч нар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д заасны дагуу хуралдааныг орхиж гарахыг хориглосон байхад хуралдааны танхимыг орхин гарсан нь хууль бус бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлахаар хуульд тусгайлан заасан байхад Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч нарыг оролцуулалгүй, хуулиар олгогдсон асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, асуулт асууж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаагүй байхын зэрэгцээ хуралдаан даргалагчаар хамгийн ахмад төлөөлөгч болох Х.Б даргалахаар байхад бусад төлөөлөгч нар хуралдааныг даргалсан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй, хууль бус байна.
3.13. Энэ талаар анхан шатны шүүх “... Иймээс санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулах, дахин санал хураалтын дүнг үндэслэн Хурлын даргаар Б.Х-ыг сонгох тухай шийдвэрүүд нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1,39 дүгээр зүйлийн 39.1.1,39.1.3,46 дугаар зүйлийн 46.5, 46.8-д тус тус заасан Хурлын төлөөлөгчийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах зэрэг хуульд заасан бүрэн эрхийг зөрчсөн, мөн хуралдаан даргалагчаас хуралдааныг удирдах, төлөөлөгчийн хуралдаанд оролцох талаарх хуулийн зохицуулалтууд, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх болон асуудлыг хамтын зарчмыг баримтлан шийдвэрлэх зарчмуудтай тус тус нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3.14. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
3.15. Мөн хуулийн 53 дугаар зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох гэж нарийвчлан зохицуулсан байх бөгөөд 53 дугаар зүйлийн 53.3-д “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж заасны дагуу Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулсны үндсэн дээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцохоор хуульд тусгайлан заасан байна.
3.16. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох санал хураалтаар нийт 21 төлөөлөгчийн 11 төлөөлөгчийн саналыг авсан нэхэмжлэгч О.Х нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Хурлын даргаар сонгогдсонд тооцогдохоор байна. Гэтэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдааныг даргалагч Х.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаартай тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулах байтал гарын үсэг зурж баталгаажуулаагүйг хууль бус гэж үзнэ.
3.17. Энэ талаарх анхан шатны шүүхийн “... Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т “Хурлын даргыг сонгох асуудлаар нууц санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Хурлын даргаар сонгогдсонд тооцно” гэж зохицуулсан тул нууц санал хураалтын дүнгээр Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн анхдугаар хуралдаанд оролцсон 21 төлөөлөгчийн олонхын санал авсан О.Х-г Хурлын даргаар сонгогдсонд тооцох буюу сонгох тухай тогтоолыг баталсанд тооцох үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт нь Хурал хэлэлцсэн аливаа асуудлыг олонхын саналаар шийдвэрлэх тухай зохицуулалт бөгөөд Хурлын даргыг сонгох нууц саналын хураалтын дүнгээр хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын санал авснаар Хурлын даргыг сонгох тухай асуудал нь олонхын саналаар шийдвэрлэгдсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн олонхын санал авсан нэр дэвшигчийг Хурлын даргаар сонгох тухай тогтоолын талаар хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс дахин санал хураах нь Хурлын даргыг нууц санал хураалт явуулж сонгох үндсэн зохицуулалттай нийцэхгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн “О.Х-г сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад сонгох тухай тогтоолын төслийг төлөөлөгч нарт танилцуулаагүй, тухайн тогтоолыг батлах талаар ямар нэгэн санал хураалт явуулаагүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4. “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Бий гарын үсэг зурсан “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.
4.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох ажиллагааг зохион байгуулах тооллогын комиссын даргаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Е, гишүүдээр сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Н, Б.Ж нарыг оруулж, хурлын даргыг сонгох ажлыг зохион байгуулсан дүнг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд танилцуулахыг тооллогын комиссын ахлагч Х.Е-д үүрэг болгосон байна.
4.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан бөгөөд “Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох ажиллагааг зохион байгуулах тооллогын комиссын дарга болон гишүүдийг томилсон нь дээрх хуульд заасан захиргааны актын шинжүүдийг агуулаагүй байх төдийгүй ийнхүү шийдвэрлэсэн нь нэхэмжлэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэхээргүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.
4.4. Учир нь, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой, дугааргүй, Х.Б-ий гарын үсэг зурсан “Тооллогын комисс байгуулах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох ажиллагааг зохион байгуулах тооллогын комиссын дарга болон гишүүдийг баталсан байх ба уг тогтоолын үйлчлэл нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гарсан байх тул захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй.
4.5. Энэ талаар анхан шатны шүүх “... тооллогын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тогтоол нь захиргааны актын шинжийг агуулаагүй бөгөөд энэ нь зөвхөн “шийдвэр гаргах ажиллагааны процесс” нь юм. Тодруулбал, тооллогын комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нь дангаараа нэхэмжлэгчийн хувьд үр дагавар үүсгэхгүй, гадагшаа чиглээгүй” гэсэн үндэслэлээр уг тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ