Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,

Улсын яллагч М.Мөнхтайван,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт ******* ******* холбогдох 2326000000089 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежмент мэргэжилтэй, Өмнөговь аймагт уурхайд автомашины жолооч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар баг 8-7 тоотод оршин суух хаягтай, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Тайж овогт ******* ******* /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж буюу шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хамран тус газарт нэг удаа толгойгоороо мөргөж эсэргүүцсэн,

Мөн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт томилгоот өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч эрхэлж буй албан тушаалын байдалтай нь холбогдуулж буюу хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн гараараа шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хамран тус газарт нэг удаа толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруулын дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

         

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт“...2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр хөдөө адуугаа харчихаад ахындаа очсон. Цагаан сар хуучраагүй байсан болохоор тэнд архи уусан. Тэгээд тэрнээс хойшхи болсон үйл явдлыг санахгүй байгаа” гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар баг хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар баг Уртын хороолол гэх газраас цагдаагийн кабон байрны зүүн талд байрлах 8 айлын орон сууц руу ******* ******* улсын дугааргүй крос маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явж байсан. Би мотоциклтой эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад *******ыг зогсоож шалгахад ******* би архи уусан гэр лүүгээ орох гээд явж байна гэхээр нь би та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна кабон байр орж үлээлгэж шалгана гэхэд шаардлага эсэргүүцэж зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл 8 айлын орон сууцнаас Н.Дүйнхэрдаваа гарч ирээд манай ах байгаа юмаа, би дагуулаад орчъё гэхээр нь наад хүнийг чинь хэн гэдэг юм бэ гэхэд ******* чам шиг чацага яах гээд байгаа юм бэ ална шүү гэхэд Дүйнхэрдаваа дагуулаад байр луу орсон. Тэгтэл удалгүй байрнаас гарч ирээд чамайг ална чам шиг чацага юу юм бэ чамаас цаадах нь надад юм хэлдэггүй юм гэж хэлэхээр нь бариад авахад миний хамар хэсэг рүү мөргөсөн. Та яаж байгаа юм бэ гэхэд мөргөж байна чамайг ална тэр эрүүлжүүлэхдээ аваачиж хий. Би зөндөө орж байсан гээд дайраад байсан. Тэгээд аймгийн цагдаагийн газрын 7032102 дугаарын тусгай утас руу залгаж гомдол мэдээлэл өгсөн. Уг иргэний хийсэн үйлдлүүдийг энгэрийн камераар бэхжүүлэн авч бичлэг хийсэн байгаа. Би энэ сумын хэсгийн цагдаа 24 цагаар тогтмол албан үүргээ гүйцэтгэж байдаг. Та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байна ажил руу орж согтолтын зэргийг нь шалгана гэж шаардлага тавьсан. Миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон, хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн миний дээд уруулын дотор хэсэгт язарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед би гэртээ цонхоор харж байхад ******* мотоциклоор гэртээ ирж байгаа бололтой ирээд зогсоход нь манай сумын цагдаа Алтанбагана очоод юм ярьж байсан. Намайг харахад ******* согтуу байна гэж бодож байсан. Би гэрээсээ гараад тэр 2 дээр очоод сумын цагдаад гэр нь энд байдаг юм, манай ах байгаа юм оруулаад унтуулчихъя гэж хэлэхэд Алтанбагана цагдаа тэгвэл оруулаад амраачих битгий гадуур явуулаарай гэж хэлэхээр нь би гэртээ дагуулаад орсон. ******* ахыг хоол ид гэхэд ах нь гарчихаад ирье удахгүй гэхээр нь би гараад хэрэггүй гэхэд, надаас зөрсөөр байгаад гараад явсан. Тэгээд удалгүй цонхоор харахад сумын цагдаа ******* 2 маргалдаж байсан. Би хоолоо аягалчхаад эргээд цонхоор харахад Алтанбагана дээшээ хараад нэг гараараа хамраа дараад ухраад байсан ******* ах өөдөөс нь алхаад байсан. Тэгээд удалгүй манайд орж ирээд ахыгаа оруулаад өг гэхээр нь гэрт нь оруулж унтуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

        Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

 

        Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

         Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 189 дугаартай “Үзүүлэгч биед тархи доргилт, дээд уруулын дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. Тархи доргилт, дээд уруулын дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/,

 

Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/ зэрэг болно.

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “Та нар барахгүй шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, түүнчлэн биед нь хүч хэрэглэж буюу шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хамран тус газарт нэг удаа толгойгоороо мөргөж эсэргүүцсэн. Мөн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян- Улаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт томилгоот өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч эрхэлж буй албан тушаалын байдалтай холбогдуулж буюу хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн гараараа шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хамран тус газарт нэг удаа толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруулын дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч А.Алтанбаганы мэдүүлэг, гэрч Дүйнхэрдаваагийн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 180 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч нь Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай шилжүүлэн томилох тушаалаар тус аймгийн сумын цагдаагаар томилогдсон ба тэрээр 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хариуцсан нутаг дэвсгэртээ албан үүргээ гүйцэтгэж явсан байна. Иймд шүүгдэгч *******ыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрийн гэм буруугийн талаар: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Д.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан  хүч хэрэглэхээр заналхийлж, түүнчлэн биед нь хүч хэрэглэж буюу шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хамран тус газарт нэг удаа толгойгоороо мөргөж эсэргүүцсэн,

Мөн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт томилгоот өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч, цагдаагийн дэд ахлагч А.Алтанбаганыг эрхэлж буй албан тушаалын байдалтай холбогдуулж буюу хууль ёсны шаардлага тавьсныг эсэргүүцэн гараараа шанаан тус газарт нь гараараа нэг удаа цохиж, хамран тус газарт нэг удаа толгойгоороо мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруулын дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

 

Шүүгдэгч Тайж овогт ******* ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч А.Алтанбаганы “...2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар баг хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж явж байхад Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар баг уртын хороолол гэх газраас цагдаагийн кабон байрны зүүн талд байрлах 8 айлын орон сууц руу ******* ******* улсын дугааргүй крос маркийн тээврийн хэрэгслийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явж байсан тул би мотоциклтой эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад *******ыг зогсоож шалгахад ******* би архи уусан гэр лүүгээ орох гээд явж байна гэхээр нь би та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна кабон байр орж үлээлгэж шалгана гэхэд шаардлага эсэргүүцэж зүүн гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл 8 айлын орон сууцнаас Дүйнхэрдаваа гарч ирээд манай ах байгаа юмаа би дагуулаад орчъё гэхээр нь наад хүнийг чинь хэн гэдэг юм бэ гэхэд ******* чам шиг чацага яах гээд байгаа юм бэ ална шүү гэхэд Дүйнхэрдаваа дагуулаад байр луу орсон. Тэгтэл удалгүй байрнаас гарч ирээд чамайг ална чам шиг чацага юу юм бэ чамаас цаадах нь надад юм хэлдэггүй юм гэж хэлэхээр нь бариад авахад миний хамар хэсэг рүү мөргөсөн. Та яаж байгаа юм бэ гэхэд мөргөж байна чамайг ална тэр эрүүлжүүлэх дээ аваачиж хий би зөндөө орж байсан гээд дайраад байсан. Тэгээд аймгийн цагдаагийн газрын 7032102 дугаарын тусгай утас руу залгаж гомдол мэдээлэл өгсөн. Уг иргэний хийсэн үйлдлүүдийг энгэрийн камераар бэхжүүлэн авч бичлэг хийсэн байгаа. Би энэ сумын хэсгийн цагдаа 24 цагаар тогтмол албан үүргээ гүйцэтгэж байдаг. Та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байна ажил руу орж согтолтын зэргийг нь шалгана гэж шаардлага тавьсан. Миний баруун шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон, хамар хэсэг рүү нэг удаа мөргөсөн миний дээд уруулны дотор хэсэгт язарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,  гэрч “...2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед би гэртээ цонхоор харж байхад ******* мотоциклоор гэртээ ирж байгаа бололтой ирээд зогсоход нь манай сумын цагдаа Алтанбагана очоод юм ярьж байсан. Намайг харахад ******* согтуу байна гэж бодож байсан би гэрээсээ гараад тэр 2 дээр очоод сумын цагдаад гэр нь энд байдаг юм. Манай ах байгаа юм оруулаад унтуулчихъя гэж хэлэхэд Алтанбагана цагдаа за тэгвэл оруулаад амраачих битгий гадуур явуулаарай гэж хэлэхээр нь би гэртээ дагуулаад орсон. ******* ахыг хоол ид гэхэд ах нь гарчихаад ирье удахгүй гэхээр нь би гараад хэрэггүй гэхэд надаас зөрсөөр байгаад гараад явсан. Тэгээд удалгүй цонхоор харахад сумын цагдаа ******* 2 маргалдаж байсан. Би хоолоо аягалчихаад эргээд цонхоор харахад Алтанбагана дээшээ хараад нэг гараараа хамраа дараад ухраад байсан ******* ах өөдөөс нь алхаад байсан тэгээд удалгүй манайд орж ирээд ахыгаа оруулаад өг гэхээр нь гэрт нь оруулж унтуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,  Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/, хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №189 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

 Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Д.******* холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр  нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

 

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй. Шүүгдэгч нь ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Д.******* гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулий тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоох. ...Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг дурдаж, хэрэгт хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Би өөрөө урд ажил хийдэг болохоор ажлаа хийж чадахгүй болно. Тийм учраас энэ байдлыг харгалзан үзэж торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

 

            Шүүгдэгч Д.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан гурван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

 

   Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Тайж овогт ******* *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Тайж овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван  мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* оногдуулсан гурван мянга зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,600,000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР