Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 18

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч С.Болорчулуун

Хохирогч Ж.Ганчимэг

Шүүгдэгч С.Чингисбал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Буянт-Уул овогт Санжмятавын Чингисбалд холбогдох эрүүгийн 201710010013 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 46 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймаг Замын-Үүд сум 5-р баг Хөгжлийн 1-1 тоотод оршин суух,

-2001 оны 01 сарын 26-нд Дорноговь аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн тэнсэн,

-2004 оны 12 сарын 27-ны Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 105 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2005 оны 12 сарын 05-нд хугацаа дуусч суллагдсан,

- 2007 оны 03 сарын 19-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 2-р шүүхийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 450 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн,

-2008 оны 01 сарын 10-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж 2008 оны 05 сарын 10-нд хугацаа дуусч суллагдсан,

-2009 оны 06 сарын 24-ны өдрийн Дорноговь аймгийн Сум дундын 2-р шүүийн 74 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 2010 оны 10 сарын 06-нд хугацаа дуусч суллагдсан, Буянт-Уул овогт Санжмятавын Чингисбал /РД: ЕЮ71020138/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч С.Чингисбал нь 2017 оны 01 сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Замын-Үүд сум 5-р баг Хөгжлийн 1-ийн 1 тоотод архидан согтуурсан үедээ Ж.Ганчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар Ж.Ганчимэгийг цохиж зодон бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Чингисбалын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 03-ны орой 17 цагийн орчимд Ганаа миний гар утас руу залгаж хаана байна гэж асуусан. Тэр үед чи өөрөө хаана байгаа юм бэ гэхэд Усны гудамжинд байна гэж хэлсэн. Чи урагшаа төв рүү орох үедээ над руу залгачихаарай гэж би түүнд хэлсэн юм. Тэгээд би 20 цагийн үед гэртээ ирээд түүний дугаар руу залгаж ярихад Өндөр худгийн урд талд дүүгийндээ байна хүрээд ир гэхээр нь би түүнийг ирж авсан юм. Тэгээд би түүнтэй хамт дэлгүүр орж нэг шил 750 гр Улаанбаатар архи, нэг ундаа авч гэрт очсон. Тэгээд уг архиа бид 2 хувааж уусан. Гэрт бид хоёроос гадна Норов ах, Баярцэнгэл хоёр байсан. Энэ 2 архи дарс уугаагүй юм. Би түүнтэй ярилцаж сууж байгаад архиа ууж дуусгасан байх нэг мэдэхэд согтсон байсан ба Ганчимэгийг зодож гар хүрсэн байсан. Маргааш нь Норов ахаас юу болсон талаар асуухад Ганчимэг утсаар ярих шиг болсон гэтэл чи уурлаж түүнийг зодсон гэж хэлсэн. Бид хоёрыг барилцаж орон дээр зууралдаж ноцолдсон, чи түүнийг гараараа нэг удаа цохисон гэж хэлж байсан.        

-Хохирогч Ж.Ганчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: 2017 оны 01 сарын 03-ны өдөр 18 цагийн орчимд Чингисбал миний гар утас руу залгаж уулзъя гэж утсаар ярьсан. Би дүүгийнд байна хүрээд ир гэж хэлэхэд удалгүй дахин залгаж дүүгийн чинь гадаа ирчихлээ гэж ярихаар нь би түүнтэй гарч уулзсан. Тэр нэг залуу хамт ирсэн байсан. Тэгээд ганц нэг юм ярьж сууя гэж хэлсэн ба дэлгүүр орж чамд төрсөн өдрийн бэлэг авч өгье гэж хэлэхээр нь ганц нэг чихэр аваад өгчих гэж хэлсэн. Тэр надад чихэр авч өгсөн мөн нэг шил Улаанбаатар нэртэй архи авсан ба Чингисбал манай гэрт очъё Норов ах байгаа гэж хэлсэн. Тэгээд бид 3 Чингисбалын гэрт очсон. Тэгээд тэнд очоод ойр зуурын юм ярилцаж суусан. Төрсөн өдөр гээд архинаас өгсөн учир уг архийг хувааж уусан юм. Ууж сууж байхдаа Чингисбал нэг хүн рүү залгаж тамхи авчруулсан. Ууж сууж байхдаа Чингисбал би чамд их сайн байдаг, чи намайг ойлгодоггүй гэж хэлсэн ба би чамтай амьдармаар байна гэх зэргээр элдвийн зүйл яриад байхаар нь би явлаа гэж цүнхээ авч босох үед чи сууж бай гээд хувцаснаас татаж суулгасан, тэр түүнээс хойш надад уурлаж агсарч эхэлсэн. Миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа алгадсан тэр үед нь явлаа гэхэд тэр уурлаад чи ямар сэхлүүн зантай юм гэх зэргээр хараасан. Түүнийг агсараад байхад орж ирсэн 2 залуу гараад явчихсан юм. Тэгээд би тэдний гэрээс гарч явах санаатай гартал хойноос гарч ирж намайг үсдэж гэр лүүгээ оруулж дахин гар хүрч зодсон. Гараараа миний толгой нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тэр үед Норов ах надад хандаж наадахтайгаа үлдсэн архиа хувааж уугаад тайвшруулаад гарчих гэж хэлсэн. Тэгээд би ууж байсан архинаас нь түүнд жижиг хундагаар 3 удаа өгч уулгасан. Тэр нэлээд согтоод унтчихаар нь би гэрээс нь гарч эмнэлэгт очиж үзүүлэн энэ талаар цагдаагийн байгууллагад хандсан юм. 2016 оны 12 сарын эхээр түүнтэй танилцаж байсан ба тэдний гэрт нь очиж байсан юм. Түүнээс хойш тэр миний утас руу байнга залгаж утсаар ярьдаг байсан юм. Түүнд цохиулсны улмаас хөмсөгний хэсэгт язарсан шарх, уруул язарч гэмтсэн шарх, гар хөл, нуруу хэсэгт хөхөрсөн гэмтэл шарх үүссэн байсан. Хөмсөгний хэсэгт үүссэн шарханд 2 оёдол, уруулын хэсэгт үүссэн шарханд 5 оёдол тавиулсан ба толгой хөндүүрлэж өвдөж байна. Надад эмчилгээний зардалд 400.000 төгрөг гарсан. Чингисбал надад увуулж цувуулан 80.000 төгрөг өгсөн өөр мөнгө төгрөг өгөөгүй. Энэ хүнд зодуулж гэмтсэндээ гомдолтой байна гэжээ. /хх-ийн 19-20/

-Хохирогч Ж.Ганчимэг шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгт: Чингисбалаас хохирол гэж 580.000 төгрөг авсан одоо санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид гарах эмчилгээний зардал дээр туслан гэж хэлсэн гэв.

-Гэрч С.Энх-Амгалангийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: ...Чингисбал ах нөгөө танихгүй эмэгтэйгийн хамт баруун орон дээр суучихсан хоорондоо маргалдаад сууж байсан. Тэр эмэгтэй нь чи намайг зодлоо гээд маргалдаад байсан. Би Норов ахын гэрт 30-40 минут орчим болсон ба унтахаар хэвтсэн гэтэл Чингисбал ах тэр эмэгтэйтэй дахин маргалдсан Чингисбал ах тэр эмэгтэйг алгадсан гэтэл тэр эмэгтэй чи яагаад намайг зодож байгаа юм гэж түүнийг нүүр хэсэгт нь маажиж байгаа харагдсан. Би тэр үед нь хэрүүлтэй газар унтаж амарч чадахгүй юм байна явлаа гэж хэлэхэд Дамба ах би чамайг хүргээд өгье, тэгээд ах нь ч харилаа гээд бид хоёр гарсан юм. Дамба ах бид хоёрыг Норов ахын гэрт очих үед Чингисбал ах тэр эмэгтэйтэй маргалдаж байсан ба тэр эмэгтэйгийн уруул хэсгээс цус гарсан харагдсан өөр гэмтэл шарх байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр өглөө 8 цагийн үед Норов ахын гэрт очиход Норов ах ганцаараа байсан ба чамайг явснаас хойш нөгөө хоёр чинь дахин маргалдаж нөгөө эмэгтэйг цохиж зодсон байх цагдаагаас хүмүүс ирж ахыг чинь аваад явсан гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 21-22/         

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Шинжээчийн 35 дугаартай дүгнэлт. 1.Ж.Ганчимэгийн зүүн хөмсөгний сүүл хэсэгт болон дээд уруулын дотор талд язарсан шарх, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтлүүдийн зүүн хөмсөгний сүүл хэсэгт болон дээд уруулын дотор талд язарсан шарх, тархи доргилт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг, зүүн хацарт цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 24/

-Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

-Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 37/

-Шийтгэх тогтоолууд /хх-ийн 42-52/

-Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 67-68/

-Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 70/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэг С.Чингисбал нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Замын-Үүд сум 5-р баг Хөгжлийн 1-ийн 1 тоотод архидан согтуурсан үедээ Ж.Ганчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар цохиж зодон зүүн хөмсөгний сүүл хэсэгт болон дээд уруулын дотор талд язарсан шарх, тархи доргилт, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Чингисбал, хохирогч Ж.Ганчимэг нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Ганчимэгийн “...Миний зүүн талын хацар хэсэгт нэг удаа алгадсан тэр үед нь явлаа гэхэд тэр уурлаад чи ямар сэхлүүн зантай юм гэх зэргээр хараасан. Түүнийг агсараад байхад орж ирсэн 2 залуу гараад явчихсан юм. Тэгээд би тэдний гэрээс гарч явах санаатай гартал хойноос гарч ирж намайг үсдэж гэр лүүгээ оруулж дахин гар хүрч зодсон. Гараараа миний толгой нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг, гэрч С.Энх-Амгаланийн “...Чингисбал ах тэр эмэгтэйтэй маргалдаж байсан ба тэр эмэгтэйгийн уруул хэсгээс цус гарсан харагдсан” гэх мэдүүлэг, шинжээчийн 35 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Чингисбал нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч Ж.Ганчимэг нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх мэдүүлгийг өгсөн боловч шүүгдэгч С.Чингисбал нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр батлагдаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч С.Чингисбалд ял шийтгэл оногдуулахдаа хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг оногдуулсан болно.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Буянт-Уул овогт Санжмятавын Чингисбалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Санжмятавын Чингисбалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Чингисбал нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чингисбал урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.       

6. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ   Э.БОЛОРМАА