| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 128/2024/0479/З |
| Дугаар | 221/МА2025/0228 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2025/0228
С.М-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1027 дугаар шийдвэртэй
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0479/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.М-аас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдуулан ““Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас Г.З-д холбогдуулан олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд “Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэмэлт оруулахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1027 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ““Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас Г.З-д холбогдуулан олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд “Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэмэлт оруулахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д даалгаж шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. “Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 330 дугаартай тогтоолыг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, тухайн шийдвэр гаргах үндэслэл болсон эд хөрөнгө Б.О-н өмчлөлд байхгүй болж, шинээр баригдсан тул уг хөрөнгийн өмчлөгчийн хувьд үүрэг хүлээсэн Б.О-н хувьд тухайн шүүхийн шийдвэрт заасан тодорхой үйлдэл үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон үндэслэлээр эрх бүхий этгээдээс Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байдаг. Энэ талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “Нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан юм. Иймд нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй гэж шүүхээс дүгнэсэн эд хөрөнгө байхгүй болсон тул Иргэний хуулийн 119, 120 дугаар зүйлд засан сайжруулалт хийсэн тохиолдолд хэн өмчлөгч болох талаар болон 121.1-т “...119, 120 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх шилжсэн бол бусад этгээдийн тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.М-н тус дэд өртөөг эзэмших эрх мөн адил дуусгавар болсон болно.
Ийнхүү дэд өртөөнд засан сайжруулалт хийгээд тухайн эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигчийн эрх байсан бол тэр нь дуусгавар болсон гэхээр нэхэмжлэгч маргаж байгаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээс тодорхой харагддаг бөгөөд энэ талаараа ч шүүх хуралдааны үед тайлбарласан нь хурлын тэмдэглэлд бий. Хэдий аливаа эд хөрөнгө дэх эзэмшлийн асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш боловч нэхэмжлэгч маргаж байгаа бол өмнөх дэд өртөө болон одоогийн дэд өртөөний ялгаатай байдлыг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргахад шүүхээс мөн л татгалздаг. Шүүх ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой энэхүү нөхцөл байдлыг тогтоохгүйгээр, зөвхөн өөрийн үзэмжээр гуравдагч этгээд Г.З-н дэд өртөөнд нэхэмжлэгч С.М-н эзэмшил байгаа, нэг хөрөнгө мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Үүнээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн шаардлагын нэг болох нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх шаардлага хангагдаагүй нь тодорхой харагддаг.
Эрчим хүчний тухай хуулийн “Хэрэглэгчийн эрх, үүрэг” гэсэн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг шийдвэрийн үндэслэл болгосон байдаг нь ойлгомжгүй байна. Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгч бус түгээх зохицуулалттай тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу эрчим хүчээр хангагч юм юм. Эрчим хүчээр хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн 17.2.1-т заасны дагуу “тусгай зөвшөөрөлд заасан нутаг дэвсгэрийн хэрэглэгчийг цахилгаанаар хангах” үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ дагуу нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн буюу хилийн цэс доторх дэд өртөө, шугам тоноглолоос цахилгаанаар хангаж өгөх талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан баримт бий. Гэтэл анхан шатны шүүхээс Эрчим хүчний тухай хуулийн 30.1.10 дахь цахилгаан хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн тоног, төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбох тохиолдолд эрчим хүчээр хангагчаас зөвшөөрөл авах үүргийг хариуцагчийн үүрэг мэтээр тайлбарлаж буй нь хуульд нийцэхгүй. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Цахилгаан эрчим хүчээр хангагдах эрх бол хүний жам ёсны эрхтэй холбоотой анхан шатны зайлшгүй хэрэгцээ юм” гэсэн байдаг. Шүүхийн үндэслээд буй нэхэмжлэгчийн энэхүү хэрэгцээ нь заавал гуравдагч этгээд Г.З-н өмчлөлийн дэд өртөөнөөс нэхэмжлэгч цахилгаанаар хангагдаж байж хангагдах эсэх нь тодорхойгүй бөгөөд энэ хэрэгцээг иргэн Г.З нэхэмжлэгчид хангаж өгөх үүрэгтэй мэтээр шүүх шийдвэр гаргаж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Иймд дээр дурдсан үндэслэлүүдэд дурдсаны дагуу хариуцагчид нэхэмжлэгчийн өргөдөл, гомдолтой холбоотойгоор хуулиар хүлээсэн үүрэг байгаагүй бөгөөд эдгээрт тухай бүр хариу өгч байсан тул хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байхад нэхэмжлэлийг хангаж хууль ёсны бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
3.2. Нэхэмжлэгчийн “...Г.З-д олгосон техникийн нөхцөлд ... “Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах” үүргийг нэмж оруулан шинэ техникийн нөхцөл олгохыг даалгах” гэж тодорхойлсон шаардлагыг захиргааны байгууллагаас гүйцэтгэх боломжгүй. Г.З нь маргаан бүхий Техникийн нөхцөлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчаас авсан бөгөөд “Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний холболтын журам”- ын 2.12-т заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн нөхцөлийг 1-3 жилийн хугацаатай олгодог. Г.З нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс олгосон техникийн нөхцөлд заасан нөхцөл, хугацааны дагуу дэд өртөөгөө барьж, босгоод цахилгаан сүлжээнд холбогдсон. Гэтэл нэхэмжлэгчийн маргаад буйгаар хэрэгжээд дууссан захиргааны актыг хууль бус болохыг тогтоох боломжгүйгээс гадна хариуцагчид Г.З-д шинэ техникийн нөхцөл олгохыг даалгах ч хууль зүйн боломжгүй. Учир нь шинээр техникийн нөхцөл авахтай холбоотой асуудал нь зөвхөн тухайн хэрэглэгчийн буюу Г.З-н үүнтэй холбоотой хүсэлтээс хамаардаг буюу дахин техникийн нөхцөл авах эсэх нь хэрэглэгч Г.З-н өөрийн мэдлийн асуудал бөгөөд үүнийг захиргааны байгууллагаас албадах боломжгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй, ойлгомжгүй байгаатай холбоотойгоор гуравдагч этгээд Г.З-н зүгээс үндэслэл, шаардлага тодруулах талаарх хүсэлтийг шүүхэд хандаж гаргасан боловч шүүхээс мөн л хүсэлтийг хангаагүй болно. Ийнхүү анхан шатны шүүхээс хэрэгжих боломжгүй буюу үр дагаваргүй шаардлагыг шийдвэрлэсэн байдаг.
3.3. Хуульд заасан шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн тухай: Нэхэмжлэгч нь хариуцагчийн гуравдагч этгээд Г.З-д 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр олгосон “Техникийн нөхцөл”-тэй холбоотойгоор хариуцагчийн дээд шатны захиргааны байгууллага болох Эрчим хүчний зохицуулах хорооноос хамгийн сүүлийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр хариу авсан байдаг. Иймд нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж хуульчилсны дагуу 30 хоногийн дотор шүүхэд хандах хуулийн хугацааг баримтлах ёстой. Гэтэл нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд яагаад тухайн хугацаанд шүүхэд хандаж байгаагаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах тухай албан бичигтээ: “...утсаар хэд хэдэн удаа тодруулахад өмнөх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгч байсан бичгээс ахин дахин өгч, эс үйлдэхүй гаргаж байсан” , “2023 оны 11, 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн прокурорын архивын газар хандсан”, “Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны засаг даргад хандаж, Г.З-н оршин суугаа хаяг тодруулах ажиллагаа хийсэн”, “2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарласныг шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж үзэн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн дурдаад буй дээрх үйл баримтуудтай холбоотой ямар ч нотлох баримт хэргийн материалд байхгүй бөгөөд энэ талаар нотлох баримт гаргуулахыг хүссэн гуравдагч этгээдийн хүсэлтийг шүүхээс хангаагүй байдгаас гадна Сүхбаатар дүүргийн прокурорын газар болон Чингэлтэй дүүргийн 6-р хорооны засаг дарга зэрэг нь хариуцагчийн дээд шатны албан тушаалтан биш, тэдгээрт хандсан ажиллагаа нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай аливаа холбоо хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.Э-ээр дамжуулан Иргэний хэргийн шүүхэд харьяалал андуурч нэхэмжлэл гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 14.1-т заасан хугацааг хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах асуудлыг бүрэн тодруулаагүй, хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч С.М-аас “... “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас Г.З-д холбогдуулан олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд “Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэмэлт оруулахыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдуулан гаргажээ.
2.1. Нэхэмжлэгчээс “... хариуцагч нь Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00330 дугаартай тогтоолыг эс биелүүлж хууль бус захиргааны акт гаргасан, ... хариуцагчаас Г.З-д Б.О-н цахилгааны дэд өртөөг шилжүүлэн өгөх техникийн нөхцөл шинээр олгохдоо Улсын Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох тусгай шаардлагыг оруулаагүйгээс иргэн С.М-н хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдөөд байна ...” гэсэн үндэслэлээр маргасан байх боловч хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох талаарх хууль зүйн үндэслэлийг дурдаагүй, тус нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх эсэх нь тодорхой бус байна.
Өөрөөр хэлбэл, өмнөх хэрэглэгч нарыг холбох тухай заалтыг техникийн нөхцөлд тусгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэх эсэх нь тодорхойгүй буюу шүүх тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгч шууд цахилгаанаар хангагдах боломжтой эсэх, хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй буюу техникийн нөхцөлд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлыг тусгах үүрэгтэй гэх хууль зүйн үндэслэл тодорхойлогдоогүй байхад эдгээрийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна:, 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 53 дугаар зүйлийн 53.3-т “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтооно” гэж заасантай нийцээгүй байна.
2.2. Хариуцагчаас “... Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй”, 30.1.10-д “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэж заасны дагуу иргэн Г.З нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах хүсэлтийг манай компанид гаргасан тохиолдолд С.М-н хүсэлтийг хангах боломжтой ...” гэж, гуравдагч этгээдээс “... маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ... Дэд станцтай холбоотой Б.О-тэй холбоотой асуудалд Г.З-д үргэлжлүүлэн шүүхийн шийдвэрийг биелүүл гэж болохгүй, ... Г.З дэд станцаас цахилгаан холбох эсэх асуудал нь эзэмшигчийн буюу өөрийнх нь эрх, ... хариуцагч ямар хууль бус татгалзал гаргасан нь тодорхойгүй. Хариуцагч өөр дэд станцаас цахилгаанаар хангаж өгөхөөр нэхэмжлэгчид санал болгосон боловч нэхэмжлэгчээс татгалзсан. Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй ... нэхэмжлэгчийг тус дэд станцтай холбох боломж байхгүй буюу ачаалал хэтэрсэн ...” гэж тус тус тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.М болон иргэн Л.М, Л.М нараас “Д***” ХХК, Б.О нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Б-н зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгч, цахилгаанаар таслахгүй байхыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02210 дугаар шийдвэрээр[1] “Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Б-н зусланд байршилтай цахилгааны дэд станцын хамтран өмчлөгчөөр тогтоол” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Д***” ХХК, Б.О нарт С.М, Л.М, Л.М нарыг цахилгаанаар таслахгүй байхыг даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02309 дугаар магадлал[2], Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00330 дугаар тогтоолоор[3] “... 2015 онд трансформаторыг шинэчлэхэд техникийн нөхцөл Д*** ХХК-ийн захирал иргэн Б.О-н нэр дээр олгогдсон ба трансформаторыг шинэчлэх зардлыг тэрээр гаргасан боловч хангагч байгууллагаас цахилгаанаар хангагдах хэрэглэгч нарын эрхийг хязгаарлах үндэслэлгүй, ... Б.О нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цахилгааныг дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг этгээд биш, өөрөө хэрэглэгч байна, ... 2015 онд Б.О-н нэр дээр 0632/2015 тоот техникийн нөхцөл олгохдоо трансформаторыг шинэчлэхдээ өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох үүрэгтэйг заасан байхад хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Л.М, С.М, Л.М нарын цахилгааны холболтыг тасалсан нь хууль бус үйлдэл болно, ... нэхэмжлэгч нар трансформаторт холбогдож Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулж цахилгаанаар хангагдаж байсан нь тэднийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт гуравдагч этгээд Г.З-н өмнөх эзэмшигч Б.О-н нэр дээр трансформатор шинэчлэх техникийн нөхцөл олгогдсон талаар болон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цахилгааныг дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг этгээд биш өөрөө хэрэглэгч байна ...” гэж дүгнэгдсэн байна.
2.4. Мөн иргэн Б.Оээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 19/214 дугаар албан бичгээр[4] “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д техникийн нөхцөл хүсэх хүсэлт гаргаж, хариуцагч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15/05814/19 дугаар техникийн нөхцөлийг[5] Б.О-д олгосны дараа 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Трансформатор эзэмших эрх шилжүүлэх гэрээ[6]-гээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Б зуслангийн эхний салаа замын бэлчирт байгаа 13** тоот трансформаторыг Г.З-д шилжүүлж, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаар техникийн нөхцөл[7] олгогдсон байна.
2.5. Тус техникийн нөхцөл олгогдсонтой холбоотойгоор нэхэмжлэгч С.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эээс Эрчим хүчний зохицуулах хороонд хүсэлт гаргасны дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/951 дугаар албан бичгийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хүргүүлж, тус газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/1727 дугаар албан бичгээр “... иргэн Г.З нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах зөвшөөрлийн бичгээ өгсөн тохиолдолд хүсэлтийг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй байна. Мөн Б-н аманд байрлах иргэн С.М-н байршилд ойр байрлах УБЦТС ТӨХК-ийн эзэмшлийн дэд станц, шугам тоноглолоос холбогдох боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна ...” гэх хариуг Эрчим хүчний зохицуулах хороонд, хувийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эд тус тус хүргүүлж байжээ.
2.6. Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Цахилгаан, дулаан дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь эрх, үүрэгтэй”, 14.2.1-д “цахилгаан, дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэвийн үйл ажиллагааг болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны хэрэглээг найдвартай хангах, дамжуулах сүлжээг ашиглах, засвар үйлчилгээ хийх, өргөтгөх үйл ажиллагаа эрхлэх;”, 14.4-т “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна”, 30 дугаар зүйлийн 30.1-д “Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй”, 30.1.10-т “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэж тус тус заасан байна.
2.7. Нэхэмжлэгчийн маргаж буй техникийн нөхцөл өөрөө заавал биелэгдэх шинжтэй захиргааны акт мөн эсэх, уг техникийн нөхцөлд хариуцагчаас хэрэглэгчийг холбох талаар заалт тусгагдсаны үндсэн дээр бусад хэрэглэгч нар холбогдох боломжтой болж, цахилгаанаар хангагдах боломж нээгдэх эсэх, эсхүл цахилгаан дамжуулах обьект нь өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан этгээдийн өмчлөлийн зүйл нь болж, улмаар бусад хэрэглэгч нарыг цахилгаанд холбох тохиолдолд гэрээ байгуулах замаар уг станцыг барьж байгуулахад гарсан зардлаа нөхөх боломжтой байдлаар дэд станц барьж байгуулсан этгээд цахилгаан хэрэглэгчийн хоорондын зөвшилцлийн үндсэн дээр бусад хэрэглэгч нар цахилгаанаар хангагдах хууль зүйн үндэслэлтэй эсэх нь тодорхой бус байна.
2.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд тодорхойлж буй “өмнөх хэрэглэгчийг холбох талаар техникийн нөхцөлд тусгаагүйгээс эрх зөрчигдөж байна” гэж маргасан нь үндэслэлтэй эсэх буюу хариуцагчаас техникийн нөхцөлд энэ талаар заалт тусгагдсанаар нэхэмжлэгчийн эрх бүрэн дүүрэн сэргэж, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой эсэх, эсхүл хэрэглэгч /нэхэмжлэгч/ дамжуулах станц /трансформатор/ эзэмшигч /гуравдагч этгээд/ нарын хоорондын иргэний эрх зүйн харилцаанаас үүдэлтэй маргаан эсэхийг тодорхойлсны үндсэн дээр шүүх хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.9. Мөн анхан шатны шүүх гуравдагч этгээдийн “ ... хариуцагч өөр дэд станцаас цахилгаанаар хангаж өгөхөөр нэхэмжлэгчид санал болгосон боловч нэхэмжлэгчээс татгалзсан ... нэхэмжлэгчийг дэд станцтай холбох боломж байхгүй буюу ачаалал хэтэрсэн” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлтэй эсэх, тус дэд станц хэдий хэмжээний хүчин чадалтай болох, хэчнээн хэрэглэгч холбогдсон болон цаашид нэмж хэрэглэгч холбох техникийн нөөц боломж байгаа эсэх, дэд станц гуравдагч этгээдийн өмчлөлийн зүйл мөн эсэх, тус дэд станцад өмнөх хэрэглэгч нар бүгд холбогдсон эсэх зэрэг нь тодорхой бус энэ талаар хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой баримт нотолгоо бүрэн авагдаагүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
2.10. Энэ талаарх болон дээр дурдсан маргааны үйл баримт тодорхой бус анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй энэ тохиолдолд эдгээрийг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцээж, маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
2.11. Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... өмнө нь Б.Од техникийн нөхцөл олгохдоо өмнөх хэрэглэгч нарыг холбоно гэсэн заалт байсан боловч техникийн нөхцөл гаргасан ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж энэхүү заалт хасагдсан ...” гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий техникийн нөхцөлд өмнөх хэрэглэгч холбох заалт ямар шалтгаанаар хасагдсан нь тодорхой бус, анхан шатны шүүх энэ талаар тодруулаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу болохыг нэмж тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ